![](/uploads/201509/news/thumb/03f2e18a4531f6f1fe6f67997744ca08_x3.jpg)
Дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниудын тэргүүн эгнээнд багтдаг БНСУ-ын “POSCO”, “Hyundai” группийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү хоёр үйлдвэрээс хийсэн сурвалжлагыг цувралаар хүргэх бөгөөд эхний ээлжинд БНСУ-ын Похан хотод байрлах “POSCO” группийн гангийн үйлдвэрээс хийсэн сурвалжлагыг хүргэж байна.
Хэн дуртай нь нэвтрээд байдаггүй үйлдвэрийн төв хаалганы дээд талд “Байгалийн баялаг хязгаартай ч хүний бүтээл хязгааргүй” гэж бичжээ. Энэ бол тус үйлдвэрийн уриа. Үйлдвэртэй танилцуулах аяллын хөтөч бүсгүй “Та бүхний зүүн гар талд харагдаж буй нисдэг тэргүүд бол манай удирдлагуудынх. Тэд Сөүлд байрлах группийн төв байр болон бусад үйлдвэрүүд рүүгээ явахдаа энэ нисдэг тэргээр зорчдог юм” гэх “онгироо” тайлбараар аяллаа эхлүүллээ. Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай анх танилцаж буй бидний хувьд л энэ тайлбар “онгироо” санагдаж байлаа. Үнэндээ өдөрт 10 мянган автомашины төмөртэй дүйцэхүйц төмөр үйлдвэрлэдэг группийн удирдлагууд үйлдвэрийнхээ хашаанд хэд хэдэн нисдэг тэрэг сойх нь энүүхэнд юм байна. Дотроо 320 км хатуу хучилттай авто замтай гэхээр хэчнээн том үйлдвэр болох нь төсөөлөгдөж байгаа байх.
“POSCO” группийн гангийн үйлдвэрийн үүх түүхээс дурдвал 1968 онд 39 ажилтантайгаар байгуулагдаж байжээ. Харин одоо зөвхөн Похан дахь үйлдвэрт л гэхэд 8500 гаруй хүн ажиллаж байна. Анх байгуулагдахдаа зөвхөн дотоодын хэрэгцээг хангах зорилго тавин ажиллаж байсан бол өнөөдөр дэвшилт технологи ашигласан дэлхийн шилдэг төмөрлөгийн үйлдвэр болтлоо өргөжжээ. Ингэхийн тулд төмрийн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ үйлдвэрээ өргөтгөх ажлыг хамт хийснээр 1983 онд дөрөв дэх өргөтгөлөө барьж дуусгажээ. Мөн үйлдвэрлэлийг өргөжүүлэх бодлогоо улам боловсронгуй болгосноор 1985 онд Гванжу хотод дахин нэг үйлдвэрийн шав тавьж 1992 он ашиглалтад оруулжээ. Монголтой харьцуулахад өргөн уудам бус хэдэн талаараа далайгаар хүрээлэгдсэн улсын хувьд томоохон үйлдвэр байгуулахад газрын хүрэлцээ хомс аж. “Поско” групп Похан дахь үйлдвэрээ тариалангийн талбайн зориулалтаар ашиглагдаж байсан газар байгуулсан бол Гванжу дахь үйлдвэрийнхээ шавыг “усан дээр” тавьж байжээ. “Усан дээр” гэхийн учир нь, далай руу түрж орсон хоёр хошууны дунд шороо асгасаар үйлдвэр барих тайлбайгаа бий болгосон байна. Ийм учраас тус групп газар, байгалийн баялгийг хамгийн үнэ цэнтэй хайрлаж хамгаалах зүйл гэж үздэг ажээ. Энэ ч утгаараа Похан дахь үйлдвэрийнх нь талбайн гуравны нэгийг ногоон байгууламж эзэлдэг бөгөөд үүгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсдаг гэдгийг аяллын хөтөч хэлж байв.
Улсынхаа төмрийн хэрэгцээг хангах зорилголтой “POSCO” группийн гангийн үйлдвэрүүд одоогийн байдлаар дотоодынхоо хэрэглээний 55 хувийг дангаараа хангаж байна. Энэ нь “POSCO” группийн үйлдвэрлэсэн төмрийн 50 хувьтай тэнцэх юм. Өөрөөр хэлбэл, тус групп үйлдвэрлэсэн төмрийнхөө 50 хувийг экспортолж үлдсэн 50 хувийг нь дотоодынхоо хэрэгцээнд нийлүүлдэг гэсэн үг. Хоёр үйлдвэр нь хоёулаа далайн эрэг дээр байрладаг учраас түүхий эдээ авах, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад хялбар юм. Гол түүхий эд болох төмрийн хүдрээ Австралиас авдаг бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хамгийн дээд тал нь 25 мянган тоннын даацтай хөлөг онгоцуудад ачин олон орон руу экспортод гаргадаг юм байна.
БНСУ төдийгүй дэлхийн тоомохон үйлдвэрийн нэг “POSCO” гурпп улсдаа их хэмжээний татвар төлдөг бөгөөд 2014 онд л гэхэд 30 тэрбум вонын татвар төлжээ. Түүнчлэн дэргэдээ “POSCO TJ PARK” сан ажиллуулдаг бөгөөд тус сан нь шинэ санаа болон авьяасыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байна. “POSCO TJ PARK” сан жил бүр шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн хөгжил гэсэн гурван чиглэлээр бүтээл шалгаруулан 200 сая вонын шагнал олгодог уламжлалтай болжээ. Мөн шинжлэх ухааны салбарын 30 судлаач эрдэмтэнд тэтгэлэг олгодог юм байна. Зөвхөн дотоодынхоо эрдэмтэн судлаачидад тэтгэлэг олгохоос гадна гадаадын оюутнуудад ч тэтгэлэг олгодог уламжлалтай бөгөөд 2006 оноос хойш манай улсын 190 гаруй оюутанд тэтгэлэг олгожээ. Энэ жил л гэхэд долоон оюутныг шинээр тэтгэлэгт хамруулсан байна.
“POSCO” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх ажлуудыг жил бүр хийхээс гадна Похан хотын Шинжлэх ухаан техникийн их сургуулийг байгуулж байжээ. Энэ сургууль нь технологийн дэвшилийг бий болгох, сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг юм байна. Үүнийхээ хүрээнд эрчим хүч хэмнэх зорилгоор төмрийн боловсруулалтад ашигладаг тосны хэрэглээг 50 литрээс таван литр хүртэл бууруулсан нь томоохон өрсөлдөгчид тооцогддог Японы төмөрлөгийн салбарынхныг гайхшралд оруулжээ.
Үйлдвэрийнх нь үйл ажиллагаатай танилцахад л шинэ болохоос “POSCO” гэдэг нэр бол монголчуудын хуучин танил. Учир нь, манай улс коксжих нүүрс олборлож эхэлсэн цагаасаа хойш өмнөд хөршөөрөө дамжуулан Солонгос, Японы төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлж болох талаар ярьж эхэлсэн. Тэдгээр үйлдвэрийн жагсаалтад БНСУ-ын “POSCO” гангийн үйлдвэр нэр дурдагдан хэвлэлийн хуудаснаа бичигдсээр ирсэн. Мөн тавдугаар цахилгаан станцыг барих тендерт шалгарсан консерциумд “POSCO” групп багтаж байгаа юм. Ийнхүү монголчуудад аль хэдийнэ нэр нь танил болсон “POSCO” группийн гангийн үйлдвэртай танилцаа. Дараагийн дугаартаа монголчууд “Excel”-ээс эхлээд бараг бүх машиныг нь хэрэглэж эртний танил болсон “Hyundai” группийн Улсан хот дахь үйлдвэрээс хийсэн сурвалжлагаа хүргэх болно.
“Усан дээр” үйлдвэрээ барьсан “POSCO” групп | ||
Үзсэн: 2443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.