
Монголчуудын цээрлэх ёс нь Монгол туургатан үүсч бүрдсэн эрт дээр цагаас улбаатай бөгөөд нүүдэлчин ард түмэн ертөнцийг танин мэдэж ухаарч ирсэн үзэл бодол, итгэл бишрэл, аж төрөх хэв ёс, язгуур зан заншил, түүнчлэн Монгол хүн, Эцэг тэнгэр, Эх дэлхий буюу сав шим ертөнц хийгээд өвөг дээдэс, ахас ихэс, ахан дүүс анд нөхдөө хайрлан хүндэлдэг хүмүүнлэг сэтгэл нэвт шингэсэн нэгэн ёсны бичигдээгүй хууль юм.
Монголчуудын цээрлэх ёсноос та бүхэнд цувралаар хүргэж байна:
Аав ээж, ахмад эгчмэд болон үеийн үл таних хүнийг чи хэмээн хэлэхийг цээрлэх бөгөөд заавал та хэмээн дуудна. Үл хэрэгсвээс хүндлэх дээдлэх ёс мэдэхгүй Монголоо байсан болхи толхи нэгэн хэмээн үл ойшоогдож, зэмлүүлнэ.
Айлын голомт, тоононы голоос дээш суухыг цээрлэнэ. Хүндлэхийн учир тэр болой. Урьж залвал сууж болно.
Айлын гадаа очоод гэрт орохоос өмнө бие хөнгөлөхийг цээрлэнэ. Морь харах. Хэрэв үл цээрлэн тийн үйлдвээс дээрэлхэн доромжилсон гэж үзнэ.
Айлд гадаанаас чимээ аниргүй орохыг цээрлэнэ. Монгол хүн заавал айлын гадаа очмогц хоолой засаж чимээ дохио өгөөд гэрт ордог нь тагнан туршаагүй, муу санаа өвөрлөөгүйн тэмдэг юм.
Айлд энгэр задгай орохыг цээрлэнэ. Хань ижлээ алдсан хүн бэлбэсрэлийн хугацаанд энгэрээ товчилдоггүй учир жирийн цагт цээрлэдэг ажээ.
Айлын бурхан шүтээн, хоймрын авдрын өмнүүр эс бөгөөс зуух тулгын галын эхээр баруунаас зүүн тийш тойрч гарахыг цээрлэнэ. Хүндлэхийн учир тийн ажээ.
Монголчуудын цээрлэх ёс | ||
Үзсэн: 27463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.