
Монголын шашин,соёлын нэрт зүтгэлтэн, Эрдэнэбандида хутагт, Хамба номунхан, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь-2019” наадам өчигдөр болж өнгөрлөө.
30 дахь удаагийн энэхүү наадмыг Баянхонгор аймгийн ЗДТГ, Зохиолчдын холбоо, Нийтийн номын сан хамтран зохион байгуулсан юм.
Наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 40 найрагч Баянхонгор аймагт очиж шүлгэн хүлгээ уралдуулснаас МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт, яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл түрүүлж, цомын эзэн болжээ.
Түүний найргийн наадмын сүүлчийн даваанд уншсан шүлгүүдийг хүргэж байна.
Тэнгэрт өргөх шүлэг
Цайзандаа бүгсэн амиа хоохойлогч шиг
Цээжиндээ дүрэлзсэн үгээ хэлэлгүй
Цаазын илд шиг зоримогхон амьдраагүй
Цагийн боол хөвгүүнээ гэсгээ, Тэнгэр минь!
Оргилуун дарс шиг ялдам шөнөөр
Оддын доор хамтдаа алхсан ч
Орчлонгийн цэнхэр хавар шиг жавхалзсан
Охидыг чинь би ханатлаа үнсээгүй.
Уяхан хийл шиг Загийнхаа хөвөөнд
Туяхан бүсгүйн хархан нүднээс
Уянгалаг мөрөөдлийн аялгууг сонссон
Тунгалаг үдшээ дурсаж дуусдаггүй ээ.
Үймээнт хотын самуунт гудамжаар
Үлэмжийн чанараа аялан явавч
Өвсний нь шүүдэр зүүдэнд мэлтэгнэсэн
Өвгөдийн нутгаа мартсан нүгэлгүй ээ.
Дорнын ялдам цавьдар нарнаа
Дотны үрээ ерөөх ээжийгээ
Долоон бурхан одыг чинь харахаар
Доголон нулимстай саналаа, Тэнгэр ээ!
Алтан нарны чагтаганд зэллэх
Амраг навчин халиун нулимстай ч
Намилзан бөхөлздөггүй тэнгэр заяатай
Найрагч нэгэн бодь мод доо, би!
Цайзандаа бүгсэн амиа хоохойлогч нарт
Цээжиндээ дүрэлзсэн үгээ хэлж
Цаазын илднээс ч зоримог амьдрах
Цагийн бошго хөвүүнээ өршөө, Тэнгэр минь!
НАРМАЙ МОНГОЛЫН ОМОГОРХОЛ
/Монголын үе үеийн эх орончдод зориулав/
Дэлхийн дээвэр дээр эх орон минь оршдог
Дэлүүн болдог өргөөндөө эзэн Чингэс минь нойрсдог.
Зуугуул гүйгүүл салхин алтан гэрэгэтэй аялж
Зуун зууны түүх нь амин зүрхэнд минь гэрэлтдэг.
Согтуу Равжаа найрагч хувилгаан шүлгээ хайлахад
Сондуул бутгүй цөлд ч хурмастын цэцэг дэлгэрдэг.
Аянгын гилбэлгээн-илдээ Галдан бошигт чичихэд
Аймхай Манжийн хаад өлмийд нь сөгдөж чичирдэг.
Их найрагч Нацагдорж “Миний нутаг”-аараа бахдахад
Эх нутгийн минь тэнгэр Москва, Бээжинг дээвэрлэдэг.
Есөн зоосны нүхээр цувиулж нөгчсөн Чингүнжав
Ергөх түмэн Хотгойдынхоо магнайн сүлдэнд шүхэрлэдэг.
Хайртай агийнхаа тэргүүнээр таваг чимүүлсэн Ханд ван
Халхын талдаа ирж нулимс бөмбөрүүлж тайтгардаг.
Хар хятадын шаахайг эх нутагтаа гишгүүлэхгүй гэж
Ханан цагаан хэрмийг тасам үсэртэл тангарагладаг.
Модон илжгэнд хадуулсан Амбагай сэцэн өвөг
Монголын цусан өшөөг Алтан улсаас нэхдэг.
Хүүхэн хонгор амрагаа ч харьд бэлэглэсэн Модунь
Хүн-гүрнийхээ газраас сөөмийг ч алдахгүйг андгайлдаг.
Дөрвөн Ойрадаа өмгөөлсөн Амарсанаа баатар
Дөрөөн тавагаа элэгдтэл атаатнаас нутгаа хамгаалдаг.
Есөн эрүү тулгуулсан ардын хөвгүүн Аюуш
Ертөнцөд хамгийн үнэтэй эрх чөлөөгөө хайрладаг.
Арван буман гаминг талын нэг тарааж
Ар Хиагтыг чөлөөлсөн Сүх жанжин минь үхээгүй.
Алс Ховдын хязгаарт цагаантан дээрэмчдийг айлгасан
Аймшиггүй чин зоригт Хатанбаатар мөхөөгүй.
Ембүү зоосонд худалдагдсан урваач шарваачдын хуйвалдаан
Тэмбүү санаатны гянданд Манлай ван минь сөхрөөгүй.
Таарч ирсэн самурайн гавлыг бөндийтөл цавчсан
Гарамгай баатар Дандарын алаг морь цуцаагүй.
Халуун голомтоо өмгөөлж Халуут эгчээ санагалзсан
Халхын Цогт хунтайжийн хатан зориг мохоогүй.
Долоон голоо тасартал энэ л нутагтаа мэндлэх
Догшин сахиуст Дашбалбарын тэмцэл өнөө ч зогсоогүй.
Шороон түмэн зовлон өлмий доороос дэгдлээ ч
Шорон гянданд хоригдож өвдөг бохирон сөгдлөө ч
Шоргоолжин чинээ амь минь эх Монголынхоо төлөө
Шорлог мянган жадны ирийг эмтэлж өөдөө!
Дэлхийн дээвэр дээр Их Монгол минь оршдог
Тэнгэрийн саран өргөөндөө Эзэн богдос минь нойрсдог.
Зуун зууны түүх минь ариун шастираас амилдаг.
Зусарч үггүй элч минь алтан гэрэгэтэй аялдаг.
ГЭРЭЛТ ХАЙРЫН ДУРСАМЖ
Г.Оюунбилэгт
Сурагч цагаан даашинз зүүдний салхинд намилзаж
Сугаавидын орны сэмбэрүү зүрхэн тольтод дэлгэрнэ.
Энхрий чамайг дурсах бүр хавар зүрхэнд айлчилж
Эргэх цагийн шувууд хачин гунигтай гунганана.
Дурсах бүр энхрийхнээр хаврыг зүрхэнд шимшрүүлж
Дурсгалын нимгэн дэвтрээс уруулын хээ чинь тодорно.
Арван жилийн тэртээг нэхэн бодлогошрох хөвгүүн
Ангийнхаа хаалгаар чамайг орж ирэхийг хүлээнэ.
Бэхэн цэнхэр ширээнээ хөх яргуй шиг ижилдсэн
Бидэн хоёрын үерхэл нялх улирлын анхил байж
Хүзүүг нь зөрүүлж зурсан хос цагаахан хун
Хуучин захидлын булангаас амилан нисэх нь амьдрал байж.
Тормон хар нүдний урьхан харцанд уярч
Торгон долгио гүелзэхэд тогонд цохиулж мэнэрдэг байлаа, би
Тормос зөөлөн мишээл хацарт нь туяарч гэрэлтээд
Том болохоороо, хоёулаа гэхэд тун чиг итгэдэг байлаа, би.
Сайхан тохойн намраар өдөржин төмс хурааж
Саран тэргэл шөнөөр үнсэхийн эрдэм суралцаж
Хиргэстийн амны дэнж дээр үдэшжин гитар хөглөж
Хиргэсүүр чулууг уяртал дуулж л явсан даа, бид хоёр.
Усны яруухан биелгээнд эрдэнийн чулуу солонгорох шиг
Уяхан лавай бэлхүүс даашинз нэвт гэрэлтэхэд
Булбарай цагаахан мөөм нь, цэнгэг цөөрмийн уснаа
Булхан умбан наадах алтан загас шиг бөмбөлздөг сөн.
Дүрлэн алаг нүдтэй эрх хонгор чиний
Дүүмэд танхил ааль өнгөрснийг ч эргүүлэх идтэй.
Гар ч хүргэмгүй ариухан гандирсын хотын цэцэгхэн
Ганцхан удаа үнсэхэд үхлийг ч мартуулах шидтэй.
Сурагч цагаан даашиз зүүдний салхинд намилзаж
Сугаавидын орны сэмбэрүү зүрхэн тольтод дэлгэрнэ
Энхрий чамайг дурсах бүр хавар зүрхэнд айлчилж
Эргэх цагийн шувууд хачин гунигтай гунганадаг шүү.
“Хүрэн морь” найргийн наадамд Л.Батцэнгэл түрүүлжээ | ||
Үзсэн: 886 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.