Шууд Chart

УИХ: Төсвийн тодотголын төслийг Ерөнхий сайд танилцууллаа

2023-06-10 09:18:13

УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг танилцуулах илтгэлийг Ерөнхий сайд, төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулав.

2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарчээ. Эдийн засгийн нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг аж. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдав.  

Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давсан байна.  

Хэдийгээр ил тод байдлын ачаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл болон бусад эрсдэл байгааг тэрбээр илтгэлдээ дурдсан юм.

Төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Давж биелж буй 1.7 их наяд төгрөгийн төсвийн орлогыг нийслэлийн түгжрэлийг шийдэх “Холбоос зам”-ын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын асуудлыг энэхүү тодотголоор шийдвэрлэж, Сэлбэ болон Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжийг нийслэл Улаанбаатар хотод олгож байгаа гэв. Мөн энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмэгддэг байх асуудлыг тусгажээ. Улсын Их Хурал хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагын албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлтэй санал солилцож, суурь реформын үзэл санааг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Түүнчлэн тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцын түвшинтэй уялдуулан нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийг 325 мянган төгрөг болгож, асаргаа шаардлагатай хүүхэд, насанд хүрсэн хүнийг асарч байгаа иргэн, эцэг эхэд нь олгодог тэтгэмжийг 255 мянган төгрөг болгон 2-3 дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгажээ. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгохоор төсвийн тодотголын төсөлд тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголын төслийн талаарх илтгэлдээ онцолсон. (бүрэн эхээр эндээс)

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2023 оны зургадугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн аудитын байгууллагаас дүгнэлт гаргасныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байгаа гэлээ. Мөн Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2023 онд 65 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан гэлээ. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зардалд нийт зарлагын дийлэнхийг төлөвлөж байгаа нь иргэдийн амьжиргааг дэмжих эерэг талтай байгаа ч 2023 оны батлагдсан төсвийг алдагдалгүй байлгах боломж буйг, мөн нэмэгдэж буй энэ зарлага нь байнга гарах зардал бөгөөд үүнийг санхүүжүүлж буй эх үүсвэр, төсвийн орлого нь тасралтгүй байх боломж буй эсэхэд эрсдэл өндөр байгааг анхаарч үзэх, мөн Төсвийн тухай хуульд төсвийн тодотгол хийх зохицуулалтыг илүү тодорхой, нарийвчлан зохицуулах зэрэг анхаарах асуудлууд байгааг аудитын дүгнэлтэд дурдлаа.

Гишүүд энэ хуулийн төсвийн төслийн талаарх илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, хүүхдийн байгууллагын бие даасан байдлыг эрхзүйн хувьд хангаж, хүүхдийн оролцооны байгууллагуудыг Засгийн газар бодлогоор дэмжиж байгаад талархал илэрхийлсэн. Тэрбээр хүүхдийн байгууллагыг мэргэшсэн, хараат бус хүний нөөцтэй байлгах чиглэлд онцгой анхаарал хандуулахыг хүсэв. Төсвийн тодотголын төсөлд эрүүл мэндийн салбарын санхүүжилт 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг Ж.Чинбүрэн гишүүн тодотгоод, үүнд алслагдсан, хүн ам цөөтэй сум, суурин газрын эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг нэмэгдүүлэх тооцоолол туссан эсэхийг тодруулав. Төсвийн тодотгол хийж буйтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад олгож байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаар олгож байгаа тарифт өөрчлөлт орно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэллээ. Хэд хэдэн асуудал шийдэгдэх бөгөөд үүний дунд алслагдсан, хүн ам цөөтэй суман дахь эрүүл мэндийн байгууллагад олгох гүйцэтгэлийн санхүүжилтийн тарифт өөрчлөлт орж байгаа, ирэх сарын 01-ний өдрөөс хэрэгжилт эхэлнэ гэв. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтнуудын цалингийн нэмэгдлийн талаар лавлаж асуусан. Энэ удаа төсөвт 1 их наяд 896.1 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэж байгааг Сангийн сайд онцлон тэмдэглэв. Үүний тэн хагас буюу 994,6 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулагдах аж. Төрийн албан хаагчдын суурь цалин нь 1 сая орчим төгрөгт дундажлагдах, соёл, спортын салбарын төрийн албан хаагчдын цалин 40 хувь нэмэгдэж байгаа аж. Төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувь, нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 30-40 хувь нэмэгдэхээр хамгийн багадаа 750 мянган төгрөг болох аж.  Энэ бүх цалингийн өөрчлөлтүүд бол долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Тэтгэврийн хувьд, олон жил яригдаад шийдэж чадахгүй байсан асуудал шийдэгдсэн гэдгийг Б.Жавхлан сайд хэлэв. Жишээлбэл, ижил мэргэжилтэй хоёр хүний нэг нь 1990 онд тэтгэвэр гаргахдаа тухайн үеийн дундаж цалин 500 төгрөгөөс тэтгэврээ тооцуулдаг. Ижил мэргэжилтэй нөгөө хүн 2022 онд 1-1.1 сая төгрөгийн цалингаас тэтгэврээ тооцуулсан. Тэгвэл итгэлцүүрээр тооцож, тэтгэврээ тооцуулах боломжтой болох юм гэдгийг хэллээ. Энэ удаагийн тэтгэврийн өөрчлөлтөөр тэтгэвэр авдаг хүн нэг бүрийн тэтгэвэр зохих хэмжээгээр нэмэгдэж байгаа гэдгийг Б.Жавхлан сайд хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсвийн алдагдлын тооцоолол, төлөвлөлтийн талаар тодруулсан бол С.Ганбаатар гишүүн амьжиргааны өртөгтэй уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэн нэмэгдүүлэх, аймгуудын төсвийн татаасын ялгааны талаар тодруулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Т.Энхтүвшин нар тэтгэврийн зөрүүг цэгцлэх, инфляцыг тогтоох чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар лавласан бол Д.Сарангэрэл гишүүн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн авлигалын эсрэг арга хэмжээ үр дүнд хүрснээр хагас жилд 1.7 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буйг тодотгоод, тэтгэврийн зөрүүг арилгах талаар тодруулж, хариулт авсан.

Төсвийн тодотголын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр завсарлуулав.


УИХ: Төсвийн тодотголын төслийг Ерөнхий сайд танилцууллаа  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй