Шууд Chart

“Олддоггүй хүн”

2017-01-18 10:33:14

“Тархан суурьшсан Монголчууд” ТББ Монголын их хаадын бүтээн байгуулалтуудыг  гэрчлэх бас нэг  томоохон бүтээлээ хэвлүүлээд байна. Энэ тухай саяхан Цэрэндоржийн Санчир нүүр номондоо “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд"-д Ираны 80 гаруй хот суурин, Иракийн Мосул, Басра, Багдад хот, Турк, Турменистан, Азербайжан, Армени зэрэг улсаас олдсон Монгол хаадын бүтээн байгуулалтын баримт болох 57 нэрийн 200 гаруй дурсгалыг дөрвөн бичиг, гурван хэл дээр тайлбарлан бичиж оруулснаа өгүүлэв. Бүс нутгийн болон ОУ-ын “Ил хаад судлал”, түүх соёл, эрдэм шинжилгээний таван байгууллага, Англи, Австралийн хэвлэлийн зөвлөх хийгээд редакторуудын бүтэн жилийн ажлын үр дүнд энэ бүтээл амилжээ.

Энэ сайхан мэдээг сонсоод Монголын эзэнт гүрний түүхийн жимээр хийх Цэрэндоржийн Санчирын эрэл хайгуул, аяллын зарим дүр зургыг сонсогчдодоо “Олддоггүй хүн” радио хөргөөр өгүүлье гэж бодлоо. 


“Олддоггүй хүн”

/Радио хөрөг/

Сэтгүүлч бидэнд олдох хүн ер нь ховор доо. Ярих сонинтой, дэлгэх үнэнтэй ч ажил, бүтээлээ урьтал болгосон эрхэм, эсвэл гэмтэй, балагтай гэгдэх нь бүр ч олдохгүй. Ийм л хүмүүс сэтгүүлчийн эрэл нь байдаг юм хойно.

Миний зорилго, үр бүтээл чухал болохоос би чухал биш” хэмээн сэтгүүлчдээс дайж дөлдөг хүнийг ББС агентлагийн баримтат киноныхон ч хайж л байсан. Учир нь түүний явсан газар нь 450 000 км-ыг гурвантаа өсгөж, очсон орон нь 40 хол давж, хөл тавьсан хот нь хагас мянгад хүрсэн гээд эрэл хайгуулын хэмжээс нь урт. 

Телевизийн 20 гаруй баримтат цуврал, таван төрлийн ном хэвлэл гаргаж, 20-иод үзэсгэлэнг гадаад, дотоодод дэлгэсэн гээд "Олддоггүй хүн"-ий бүтээл ч арвин.   

                      “...Тэнгэр одоороо зүүж бичүүлсэн

                     Тэмдэгт газрын цээл чулуугаараа тэрлэж шадласан

                     Морины амгай шигширэгтэйн хэлж учирласан

                     Монголын төлөөх зүрх бүхэнд өгүүлсүй...”

Ц.Санчир:

Монгол хүн бүр, Монголчууд бид бүгд нэг л зүйлээр бахархдаг, нэг зүйл дээр нэгддэг. Эзэнт гүрэн, хаан Чингис, баатарлаг түүх,  хүчирхэг  Монгол, дэлхийн талыг эзэгнэсэн гээд монгол цустай хүн бүр ингэж  ярьдаг. Гэтэл түүнийг бахархаж ярих баримт нотолгоо хаана байна. Эзэнт гүрний дараа хүмүүс үлдсэн л байж таараа. Хаан түүх гэж ярьдаг юм бол тэр түүхийн тасархай, ул мөр хаана байна. Яагаад бид үүнийг баримтаар илэрхийлж болохгүй гэж...

- * -

Ийм л бодол санаагаар Цэрэндоржийн Санчир 15 жилийн өмнө ганцаараа аян замд гарч, хэн хүнд олдохоо байж  эхлэв. Монголын эзэнт гүрний  байлдан дагуулалтын үеэс тархан суурьшсан монголчууд, тэдний өв соёл, бүтээж байгуулсан гавьяа, дурсгалуудыг судлан сурвалжилжээ.

Ц.Санчир Алтай Хянган, өргөн Сибирийг туулж, Альп, Кавказыг давж, Зүүн гар, Гансу, Кызылкумын цөлийг гэтлэн Хөх тэнгис, Шар мөрөн, Хазарын тэнгисийг гаталж, Япон тэнгис, Энэтхэгийн далайд хүрэхдээ судалж, сурвалжилж, асууж шалгааж, ярилцаж хуучилсан бүхнээ дуу, дүрсний хальсанд буулгажээ. Энэ ажлын үр дүнд “Бидний өвөг дээдсийн үр сад газар бүр, орон болгонд амьдардаг юм байна, биднийг харуулдан хүлээдэг юм байна” гэдгийг эх нутагтаа амьдарч байгаа монголчууд та бид мэддэг болсон.  

Тэдний төлөөлөл Хазар монголчуудын тухай нэг хэсэгтээ л сэтгэл өвдөн ярьцгаасан даа бид.

Төвдийн өндөрлөгөөс Улаанбаатарт ирээд төөрсөн Монгол “Би Дээд монгол байна, Та туслаач, төөрчихлөө” гэхэд нь бидний нэг нь “Би тэгээд доод монгол болж байна уу” гэчихээд явчихаж. Харин хэдхэн жилийн дараа “Дээд монгол” хэмээсэн гадны харьяат монгол зүст хүн утсаар яриулж өгөхийг гуйхад нь “цагаан” утасны эзэн “Би та нарыг мэднэ. ТВ-ээр харсан. Бидний ах дүүс” хэмээн  хариу нэхэлгүй тус хүргэсэн гэж байгаа.  

Цус, удам нэгтнээ танихын гавьяаг Цэрэндоржийн Санчирын ажил үйлстэй холбох хүн олон. Учир нь түүнээс өмнө Монголын эзэнт гүрний түүхийн жимээр хэдэнтээ бүтэн тойрч, үзсэн, судласан бүхнээ баримтжуулан биетээр хүргэсэн судлаач ховор л болов уу. Дунсиан монголчуудын тухай  баримтат кино хийхийн тулд “Олддоггүй бүсгүй” маань Төвдийн өндөрлөгт 35 удаа очиж байснаа ийн дурссан юм.  

Ц.Санчир:

Яагаад гэвэл бид судлаачид. Нэг удаа очоод үүх түүхээ судалж амжихгүй. Судлаач бид Хөх нуур, Төвдийн өндөрлөг дэх, эсвэл Иран дахь Монголын дурсгалууд, Афганистан дахь Хазарын баярын тухай зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнөөр, эсвэл зүгээр л иш татаж ярих эрхгүй улсууд.  Судалгаа, зураг авалт, хээрийн шинжилгээний  ажлын үр дүн хэрэгтэй. Учир нь 800 жилийн тэртээ монгол хаадын тугаа мандуулж,  монгол морьдын туурайгаар тамгалагдаж байсан тэр газрыг нэг удаа очоод таних боломжгүй. Ганц өвөл очоод цастай газар байдаг юм байна, нэг зун оччихоод сайхан байцтай дэлгэр газар байдаг юм байна, эсвэл хуримын найр,  оршуулгын зан үйл дээр нь  очоод ийм тийм гэж дүгнэж болохгүй. Олон удаа очиж, тал талаас нь судалж байж 1227 онд Чингис хааны сүүлчийн байлдан дагуулалтын үеэр үлдсэн монголчуудыг өнөөдөр бид олон нийтэд илэрхийлэн харуулах боломжтой болдог. Зарим газарт бид 40 удаа очиж байж таньж мэддэг. Яагаад гэвэл сүүлийн 750 жилийн турш тэр газар монголчууд очоогүй. 

- * -

Хаалттай гэгдэх исламын шашинтай улс орнуудад Эзэнт гүрний монголчуудын бүтээн босгосон хот, хэрэм, хааны ордон “ТАСАМ” Санчирын сонирхлыг бүр их татсан гэдэг.

Исламын БН Афганистан, Иран, Ирак улсад түүнийг 2006 онд очих хүртэл монгол хүн өвөг дээдсийнхээ бүтээлийг судлах гэж эдгээр улсад зочилсон нь ховор болохоор тэр биз. Тэрбээр Их хаан Мөнхийн дүү Хүлэгүгийн үндэслэсэн Ил хаадын язгуур, түүний бүрэлдэхүүнд байсан Иран, Ирак, Афганистан, Туркменистан зэрэг улсад сүүлийн 10-аад жилд түлхүү ажиллажээ.

Ингэж явахдаа Ирак дахь дэлбэрэлтийн үеэр бэртэж, гэмтсэнээ олонд ярих дургүй нь ажиглагдсан юм. Гэсэн ч тэр “Дахиж Ирак руу битгий  яваарай” гэсэн ээжийнхээ захиасыг зөрчин байж судалгаагаа үргэлжлүүлсээр л      

“Ажил маань бүхэлдээ эрэл хайгуул. Түүхийн ном сурвалжид төдийлөн тэмдэглэгдээгүй, эзэнт гүрний монголчуудаас хойш Монгол хүн очиж байгаагүй тийм л эрлийн үзүүрээр туулж яваа аян замын ганзага үргэлж дүүрэн байдаг” хэмээн Цэрэндоржийн Санчир ярина билээ.                                             

Ц.Санчир:

Анх бид Исламын Бүгд найрамдах Ирак улсыг зорихдоо нилээн хугацаагаар бэлдсэн. Мөргөлдөөнгүй цаг үед орох ёстой болохоор цаг хугацааг ч тооцно. Орохоосоо өмнө жаахан шийрэгнэдэг. Энэ бол мэдээж үнэн. Орсныхоо дараа айгаад, ичээд эргэж буцах аргагүй шүү дээ. Ингээд Иракийн  хил дээр очоод шалгуулах үед бидний паспортыг үзчихээд “Монголстон”, Монголчууд уу гэж асуудаг юм байна. Бид дотроо гайхаад “Тийм байна” гэхэд  гаалийн ажилтан нь цаашаа яваад өглөө дөө. Яагаад яваад өгөв, юу болов гээд бид ч айсан л даа. Түгшсэн. Тэр үед Иракийн хилээр орж гарч байгаа гадаадын иргэд ч байхгүй. Удалгүй 20-иод залуу ирсэн. Бүгд  эрчүүд. Мэдээж Исламын улс учраас дандаа эрэгтэй хүмүүс ажилладаг.

Тэгээд ахлагч нь “Хараач, монголчууд ирж байна. Тавтай морил. Ирак хэцүү ч гэсэн очсон газар бүртээ хэцүү байдал үүсвэл монгол гэдгээ хэлээрэй. Монгол эрдэмтэд 700, 800 жилийн өмнөх үеийг судлаад явж байгаагаа хэлээрэй. Аюулгүй. Тавтай морил. Гэхдээ бидэнд нэг асуулт үлдлээ. Ирак бол хүн төрөлхтний асар их түүхийг тээсэн улс. Дэлхийн байлдан дагуулагчдаас Юлий Цезарь, Македоны Александр, Чингис хаан гэсэн гурван их байлдан дагуулагчид Иракийн газар нутгийг эзлэн түрэмгийлж байсан. Харин өнөөдөр бид Чингис хааны үр садыг анх удаа Иракийн хил дээр харж байна. Ийм жижигхэн хүмүүст эзлүүлчихсэн юм уу бид. Монголчууд ийм жижигхэн, бага биетэй юм уу” гэж асууж байсан. 

“Үгүй ээ. Бид л ийм бага биетэй. Монголчууд том биетэй. Бид бол судалгааны ажлаар ирж байгаа улсууд л даа” гэж танилцуулаад хил нэвтэрч байсан. 

- * -

Амралт гэдгийг мартаад 15 жил болжээ. Аав маань ажил эхэлсэн бол ард нь гарч, амжилтаар дуусгадаг цэргийн хүн байсан“ гэж Цэрэндоржийн Санчир  хуучилсан байсан. Эцгээс өвлөсөн махруу, шазруун, дайчин, эх оронч зан түүнийг цаашид ч хөтөлсөөр л байх болов уу. 

Түүний ажлын амжилт, олз омог Монголчуудад хэдийнэ амтагдаж эхэлжээ.

Хамгийн сүүлд  энэ оны  дөрөв, тавдугаар сард Исламын шашинтай улсуудад дахин судалгаа хийгээд ирэхдээ монгол өвөг дээдсийнхээ бүтээсэн түүх, соёлын дурсгалыг монголчууд өөрсдөө судалж, ОУ-ын судалгааны эргэлтэд оруулах албан ёсны эрхийг авсандаа ихэд олзуурхана билээ                    

Ц.Санчир:

Монгол хаадын зарлигаар, монгол мэргэн ухаанаар, монгол хэв маяг, хийцтэй таван төрлийн 191 соёлын дурсгалыг 760 жилийн дараа монгол судлаачид д өөрсдөө ОУ-ын судалгааны эргэлтэд оруулж, перс, англи, монгол хэл, перс англи, кирилл, монгол бичиг гээд гурван хэл, дөрвөн бичиг дээр дэлхий дахинд харуулж, толилуулах албан ёсны эрхийг авсан. Үүнд би маш их баяртай байгаа. Энэ ажлыг дэлхий дахинд харууулна гэдэг бол бахархал. Бид өнөөдөр зүгээр л домгийн шинжтэй зүйл яриад, зүгээр л монголчууд эрэлхэг байсан, бахархалтай байсан, 40 улсыг захирсан, эзэнт гүрнийг байгуулсан гэж ярихдаа биш. Харин хүн төрөлхтний гар урлалын, шинжлэх ухааны, одон орны, зоосон болоод цаасан мөнгөний түүхэнд ямар том хувь нэмэр оруулсан гэдгийг харуулахаар ажиллаж байна. Яг хоёр сарын хугацаа бий. Бичгийн ажлаа хийж байна.

- * -

Цэрэндоржийн Санчир өөрийн үүсгэн байгуулсан "Тархан суурьшсан монголчууд" ТББ, "ТАСАМ" төслийн гишүүдийнхээ хамт өнгөрсөн 15 жилийн  ажлын үр, ургацаар  “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-ио бүтээхээр ажиллаж байна. Олдохгүй байгаа шалтгаанаа ч ийм учиртай гэж саяхан хэвлэлийнхэнд тайлбарласан байна лээ.

Тэрбээр энэ бүтээлээ Монголчуудын өв уламжлал, дэлхийн түүхэнд бүтээсэн уран барилга, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, төр нийгмийн нээлтүүдийн цогц мэдээлэлтэй ОУ-ын анхны иж бүрэн том бүтээл болно хэмээн танилцуулсан. Манай бийлэгжүү эрхмийн Ц.Санчирт зүйрлэн хэлсэнчлэн “Хоёрхон жип машины мөнгөөр босох” ч “хосгүй түүхэн” бүтээлийг хандивлагч ганц, нэгхэн хүнээр овогломооргүй  байгаа далд санаа  үгнээс нь  анзаарагдав.

Ц.Санчир:

Эзэнт гүрний нэвтэрхий толь”-ийн тухайд яривал хүн төрөлхтний хувьд өнөөдөр ч тухайн улсын судлаачид нь, ялангуяа төр засгийнхаа дэмжлэггүйгээр судалгааны бүрэн дүүрэн ажлаараа дэлхийн 40 улсад очоод бүх баримт сэлтийг мэргэжлийн түвшинд аваад, бүх материалууд нь албан ёсны зөвшөөрөлтэй хэвлэгдсэн нэвтэрхий толь байхгүй. Шууд ОУ-ын судалгааны эргэлтэд орж байгаа энэ бүтээл. Өмнө нь бид баримт киноны үзэсгэлэн, хөтөлбөрийн ажлаар тухайлсан хээрийн шинжилгээнүүд хийж байсан. Энэ удаагийнх бол бичгийн бүтээл. Ялангуяа ОУ-д гарах ишлэл зүй, индексүүд нь албан ёсных. Бүх зураг хөрөг нь мэргэжлийн түвшинд хийгдсэн. Энэ гүйцэтгэлийн шатны ажил бол ганц ТББ-ын хувьд арал дутаж байна. Санхүүгийн дэмжлэг маш хомс байна. Тархан суурьшсан монголчууд ТББ-ын дэргэд  “Тасам карапт” арьсан эдлэлийн урлан байдаг. Үүний дэмжлэгээр, ашиг орлогоор, нийгмийн сүлжээний 150 мянган дэмжигчдээс яг манай ажил үйлсийг бодитоор дэмжигч 50 орчим дэмжигч байдаг. Тэдний дэмжлэгээр ямар ч байсан ажил маань урагшилж байна. Гэхдээ цаг хугацаа тулсан энэ үед гоомой, ялангуяа 15 жилийн ажлаа  хугацаанд баригдаж  тулгаж зүгээр л нэг хэвлэл болгож гаргамааргүй байна.

- * -

Халшрах үе байлгүй яахав”... Цэрэндоржийн Санчирыг ингэж хэлэхэд нь “Аргагүй биз, эмэгтэй хүн. Ганцаараа шахуу хэл, соёл өөр өөр улс орноор явж, түүх соёл судлана гэдэг бэрх” гэсэн бодол шууд л орж ирэв. Гэвч тэр холын аян, хүний нутаг, цаг хугацаатай уралдсан эрэл хайгуул, хаалттай гэгдэх бүс нутгаас халшраагүй байх нь.  

Эзэнт гүрнийхээ түүхийг судалж, монголчууддаа, дэлхий нийтэд бодитоор хүргэх ажлыг дан ганц дэмжигч нөхдийн хандив, өөрийн гар урлангийн   орлогоор давж дийлэхгүй нь гэдгийг мэдэх тусам халширдаг байх нь. Гэхдээ нэрэлхүү биш бардам зангаасаа болж Ц.Санчир төрөөс дэмжлэг хүсч,  гуйж гүйсэнгүй.

Ямар сайндаа найз нөхөд нь “ашиг олж, байр унаатай болох гэж зээл авдаг болохоос чам шиг судалгаа хийх гэж зээл авдаг хүн байх уу” гэж  загнах вэ. 

- * -

 Өнгөрсөн түүхийн сайныг шагшин  алдаршуулж, саарыг жигшин суралцаж байж бид ирээдүйдээ илүү гэгээлэг түүхийг үлдээнэ”.  

Соёл судлаач Цэрэндоржийн Санчирын хэлэх дуртай үг нь энэ. Түүний судалгаа бүтээлийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Түдэв "Монголын түүхийн тасарсныг залгаж, танихгүйг танилцуулж байгаа шинэ байлдан дагуулагч” хэмээн үнэлсэн бол ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Энхтүвшин “Монголын түүхэнд шинэ хуудас нэмж буй эрдэмтэн” гэж үнэлсэн байдаг. Эзэнт гүрний монголчуудын түүх, соёлыг сэтгүүл зүйн төрөл хэлбэрээр олон нийтэд хүргэснийг МСЭ үнэлж, “Монголын сэтгүүл зүйн түүхэнд шинэ хуудас нээсэн”-ийг эрхгүй хүлээн зөвшөөрсөн байна.   

Өөрийнх нь хэлснээр цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч буй бүсгүйд өнөөдөр эцэг, эхийнх нь орон зай, ирээдүйн нөхрийнх нь байр суурийг махруу зүтгэл, уйгагүй хөдөлмөр, туурвисан бүтээл, ирээдүйн хүсэл тэмүүлэл, дотны найз нөхөд нь орлож явна.

Олддоггүй хүний олзтой, омогшилтой 15 жил ийм буюу...

Ц.Санчир:

Монгол Улс мянга мянганы түүхтэй, мянга мянганы соёлтой хүн төрөлхтний түүхийг бичилцсэн тусгаар улс. Өнөөдөр ч гэсэн гүрэн улс хэвээрээ байгаа. Гэвч ганцхан ТББ судалгааны энэ ажлыг хийгээд явж байгаад би заримдаа жаахан бухимддаг. Улс төр ард түмнийг талцуулдаг. Харин түүх соёл нэгтгэдэг гэдэг.

Монгол хүний зүрх, тархинд байх ёстой зүйл бол өнө эртний түүх, өвөг дээсийн туулсан зам, гаргаж өгсөн тэр жим. Олон газар эх орноо гээд хавчигдаж, дарамтлагдаж байгаа Монголчууд маань өнөөдөр ч гэсэн Монгол төрийн далбаагаа хаа нэг газраа нуусан байдаг... /Ц.Санчирын хоолой нь зангирч, нулимс хурав/

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь эндээс сонсоно уу.

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Олддоггүй хүн”  
Үзсэн: 6414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
дэмжигч [127.0.0.xxx] 2020-02-25 10:07
үнэхээр мундаг бүсгүй маш их сэтгэл хөдөлгөсөн сайхан нэвтрүүлгүүд хамтран ажиллах юмсан
зочин [127.0.0.xxx] 2019-11-27 10:39
Монголын бахармаар дууриамаар ззалуучуудын нэг зорилоготой бүтээлтэй Санчир охиноор бахархана.Түүхээ мэдэхгүй хүн юутай адилхан шэдэг билээ...Саяхан их Д Моононцагааны англи хэлнээс орчуулсан Их Моголчуудын товч түүхийг уншаад Оюутан үедээ Самарканд Бухар очихгүй яав даа гэж бодож байлаа.Заавал очно.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-19 12:25
"Монголын түүхийн тасарсныг залгаж, танихгүйг танилцуулж байгаа шинэ байлдан дагуулагч” Бахархамаар бүсгүй юмаа
zochin [66.181.161.xxx] 2018-02-07 15:59
Ene mundag sudlach~g sayhan l tor~n soerhol hurtehed n sonind ogson yriltslaga~g n unshad l medsen.Odii boltol bi tuuhee sain medehgui uvj baigasa ihed ichsen.Inged er n mongol~n nuuts tovchog~unshij sudalj ehelsen shu tsashid danda tuuh~e sudlah bolno Ts.Sanchir~ta amjilt husie Tasam~d negdej baga ch gesen handiv orgoj baimar bn mon Ezent gurni nevterhi toli hurdan hevlegdesei gej erooy bayrllaa
Зочин [78.180.87.xxx] 2017-01-24 03:08
Mundag shvv dee ene Tasam Sanchir ! Tur zasag xeregtei zvildee hurungu oruulj ene xvnee denjix xeregtei shal demii xeregvi zvild l tusubiin mungu garzadaad baix ym
Зочин [202.21.106.xxx] 2017-01-20 19:21
Mash mundag daichin emegtei mash ih baharhdag shuu
Зочин [182.160.33.xxx] 2017-01-18 20:57
Үнэхээр бахархмаар судлаач байна лээ. Бүтээлээс нь заавал олж авна гэцэн байгаа
Зочин [119.40.99.xxx] 2017-01-18 11:30
энэ бахархалт монгол бүсгүй...

Бидэнтэй нэгдээрэй