Шууд Chart

Хэрэгцээ, хэрэглээ байвч томордоггүй, торойдоггүй салбар буюу гутал үйлдвэрлэл

2017-03-30 11:18:45

“Дарханаас ирсэн найз бүсгүй утасдав. “Охиндоо гутал авмаар байна. Ус чийг татахгүй, хүүхдийн хөлийн ая даачих гутал хаагуур байгаа бол” гээд ханьсахыг гуйлаа. Ижил насны хүүхэдтэй, төсвийн цалинтай бид үнэ өндөргүй ч, өнгө загвараас хоцрохгүйг хичээж охидын хамт гутлын эрэлд гарав. Хүүхдийнхээ эрүүл мэнд, барааны эдэлгээ  энэ тэрийг бодоод дотоодын үйлдвэрийн гутал авчих санаа ч ээжүүд бидэнд байв. Гэвч томоохон худалдааны захуудад нүдэнд торж, сонголт хийчих монгол үйлдвэрийн гутал тун ховор. Харин “Монголд үйлдвэрлэв”, “Нарантуул” захуудад бий ч ихэнх нь 20 жилийн өмнөх шиг хэлбэр, хийцтэй болохоор өнгө, загварыг урьтал болгосон охидод маань даанч таалагдсангүй.  Ингээд сэтгүүлч миний бие Монголын шинэ үеийн гутлын эрэлд мордов.  

Монголчууд  жилд  4 сая гаруй гутал өмсдөг

ОУ-ын тооцооллоор нэг хүн жилд дунджаар 1.5 ширхэг гутал өмсдөг гэвэл 3 саяулаа бид жилд 4 сая 500 мянган гутал өмсөх нь. Магадгүй жилийн 4 улиралтай оронд үүнээс ч олон гутлын хэрэгцээ байж болох юм. Манай мэргэжлийн байгууллага импортын гутлын дундаж үнийг 30 америк доллараар тооцсон байна лээ.  Ингээд бодоход бид жилд 135 сая америк доллар буюу 324 тэрбум орчим төгрөгийг зөвхөн гутлаа авах гэж гадагш урсгадаг байна.

   

Хоёр жилийн өмнөх ханшаар тооцвол, жилд 290 орчим дунд сургууль, 400 орчим цэцэрлэг барих мөнгийг бид зөвхөн гутлаараа дамжуулан гадагш гаргаж байна. Саяхан зээлээр дарсан 580 сая  долларын бондын өрийн дөрөвний нэг нь гэсэн үг. Тэгвэл энэ мөнгөний тодорхой хувийг дотоодын үйлдвэрээр дамжуулан эх орондоо үлдээх ямар боломж байдаг юм бол...

Нөгөө талд хөнгөн үйлдвэр хүнд үйлдвэрлэлээс  илүү ажлын байр гаргадгаараа давуу талтайг эдийн засагчид онцолдог. Манайд өнөөдөр 40 хүнтэй гутлын цех жилд дунджаар хоёр мянган гутал үйлдвэрлэж байна. Ингээд бодохоор бидний хичнээн нь зөвхөн энэ салбараас ажил амьдралаа залгуулах боломжтойг бодож болох юм. 1990-ээд онд Монгол Улс 4 сая 500 мянга шахам гутал үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангадаг байсан туршлага, үйлдвэрлэлийн бааз суурь бас бий.  Өдгөө энэ үйлдвэрлэлийг хувийн 30 гаруй үйлдвэр, цех авч явж байна.

*******************                  

Хөршүүд Монголоос, монголчууд хөршөөсөө хайв

1996 оноос ажиллаж байгаа“Эл дэ лидэр” гутлын цех өдөр тутмын өвлийн гутал үйлдвэрлэж, хааяа ОХУ-д гаргадаг байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэж хүүхдийн гутал хийж туршаад эрэлт байгааг ойлгожээ. Монголчуудын гадны барааг шүтэх сэтгэхүй үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд гол тээг болж байна” гэж “Эл де лидэр” үйлдвэрийн захирал Лхасүрэн ярилаа. 

Манайхан дотоодынх муу, гадных гоё, сайхан гээд бодчихдог. Бид захиалагчийн хүссэнээр цэвэр арьсан гутал хийх бүрэн боломжтой. Харин гялгар цялгар өнгө үзэмжтэй хийхэд арьс нь ховор байдаг” 

Голдуу ажлын, өвлийн гутал хийдэг “Цагаан нуур” үйлдвэр хоёр жилийн өмнөөс  пүүз, сандаал, эмэгтэйчүүдийн гоёлын гутал үйлдвэрлэж  эхэлжээ. Үйлдвэрийн  захирал  н.Магсармав:  

“Манай үйлдвэрийн пүүзийг Хятадууд л сайн авдаг. Импортийн пүүз хямд болохоор дотооддоо бага сага л зарагдана. Үйлдвэрээ сурталчлах тал дээр бидэнд бас дутагдал байна.

-Өнөөдөр танай үйлдвэр 40 хүнтэй ажиллаж байна. Цаашид үйлдвэрлэлээ томруулъя гэхэд ямар бэрхшээл тулгарч байна?

“Банкны барьцаанд хамаг юмаа тавьчихсан. Өнөөдөр би гэхэд сарын 2,3 хувийн хүүтэй зээлээр үйлдвэрлэлээ эрхэлж байна.  Ийм байдлаар цааш явахгүй юм байна.  Нөгөө талд  яг үнэндээ манай арьс гоёмсог талаасаа ч тэр, чанарын талаасаа ч тэр шаардлага хангахгүй байна. Тиймээс ч заримдаа Хятадын Гуанжуо, Оросоос арьс авчирч хийдэг. Манайд арьсны боловсруулалт нь сайн  ч цоорхойноос  болж их гологддог. Малын арьс гологдол ихтэй. Малчид малаа тарилга туулганд сайн оруулж баймаар байна”.      

*******************

Хоёр хөрш импортын  бараанаасаа 40 хүртэл хувийн татвар, хураамж авдаг.  Харин  манай зах зээл ийм хамгаалалтгүй    

2015 оны гаалийн мэдээгээр улсын хилээр орж ирсэн нийт гуталны 189 мянгаас нь л импортын татвар авчээ. Гэтэл бид дунджаар 4 сая гаруй гутал  хэрэглэсэн байгаа юм. Дотоодын бүтээгдэхүүн, хуучин гутлыг  /”комиссын” гэх/ хасч тооцвол манай улс гаднаас орж ирж байгаа нийт гутлын 10 хүрэхгүй хувьд татвар ногдуулав. Тиймээс ч “татваргүй бараа хөнгөн үйлдвэрлэлийн  хөгжлийн хамгийн гол чөдөр” гэж үйлдвэрлэгчид үзэж  байна. Монголын арьс ширэн үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх  захирал Т. Баярсайхан:

“Худалдаалж байгаа гутландаа татвар төлсөн эсэхийг шалгадаг байгууллага өнөөдөр Монголд алга. Хэн "Нарантуул", "Дүнжингарав"-ын гутлын лангуу, дэлгүүрүүдээр  явж  шалгаж байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, Монголд дотоодын зах зээлийг хамгаалсан хууль байхгүй болохоор хэн дуртай нь юу дуртайгаа хаа ч зарж болж байна. Гэтэл үйлдвэрлэгчид ХАОАТ, аюулгүй ажиллагааны зардал, нийгмийн даатгал гээд олон татвар, хураамж төлдөг.   

Нөгөө талд манай хэрэглэгчдэд арьс биш гутлыг арьс гээд зарчихаж байна. Энэ бол манай үндэсний үйлдвэрлэлийн  бас нэг  тээг. Арьсан гутлыг яагаад ч 100 мянган төгрөгөөс доош үнээр хийх боломжгүй. Бээжингээс арьсан гутал авахад 500-700 юань буюу 200 гаруй мянган төгрөг болдог. Гэтэл яагаад манай зах зээлд 100 мянган төгрөг хүрэхгүй үнээр арьсан гутал зарагдаад байгаа юм бэ. Арьс биш шүү дээ. Дэлхий дээр жилд 25 тэрбум орчим гутал үйлдвэрлэгддэг.  Түүний 50 хувь нь Хятад улсынх. Урд хөрш нийт гутлынхаа 10-хан хувийг л арьсаар хийдэг. Түүнийгээ Монголын зах зээлд нийлүүлэх үү... Үгүй ш дээ. Европ, Япон, Солонгос, Америкийн зах зээлд л худалдаална.”

ОХУ, БНХАУ-д гаалийн татвар нь 20 хүртэл хувь, дээр нь НӨАТ, бусад татварыг нэмээд  импортын барааны  татвар хураамж  40 хувь болдог байна. “Ийм татвар төлж экспорт хийдэг жишиг дэлхийд ховор байх. Тиймээс ч бид цөөхөн хэдэн гутлаа нууж хааж байж гадагш зардаг” гэж үйлдвэрлэгчид ярилаа. Хоёр хөршид гутлаа нууж оруулдаг болохоор гаалийн бодит мэдээлэл байдаггүй тухай ч тэд хэлж байсан юм.  “Баянцагаан нуур” үйлдвэрийн захирал  н.Магсаржав: 

“Манайх үйлдвэрлэсэн гутлынхаа 10 гаруй хувийг экспортод гаргадаг. ОХУ, Казахстан, Хятадын гаалийнхан бидний гутлыг нэвтрүүлдэггүй.  Тиймээс дандаа хүнд мөнгө өгч нууж гаргадаг. Урагшаа нэг гутлан дээр 20 юань, Орос руу 10 мянган төгрөг өгч хил нэвтрүүлдэг. Хөрш улсууд үйлдвэрлэгчээ ингэж л хамгаалж байна.  Гэтэл манайх хамгаалахгүй ш дээ.  Ихэнх  гутал нууцаар орж ирнэ. Татвараа бүгд аргалаад  л оруулж ирдэг”  

Өнгөрсөн онд манайд гутлын 3  том үйлдвэр, 30 гаруй цех, жижиг үйлдвэр нийлээд 600 мянган гутал үйлдвэрлэжээ. Ямар ч байсан цэрэг, цагдаа, барилгын салбарныхны, мөн малчдын дөрөө даах гутлыг бүрэн хангадаг болж. Тэгвэл өдөр тутмын, гоёлын, спорт, аяллын зэрэг ахуйн хэрэглээний  гутлууд  өнгө үзэмж, хийцээрээ яагаад гологдоод байна вэ.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан:   

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр гэхээсээ илүү том үйлдвэр хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Жижиг үйлдвэрт дизейнер,  маркетинг,  загварын алба байна уу. Жижиг үйлдвэрүүд загварын чиг хандлага хаашаа явж байгааг тодорхойлж чадахгүй, зүгээр л дуурайлгаад хийгээд байгаа  учраас бүтээгдэхүүнүүд нь загвар дизейн талаасаа гологдоод байна”.          

*******************

“Судалж байна. Ажиллаж байна

Үйлдвэрлэгчдийн тавьж, дэвшүүлж  буй асуудлыг шийдэх боломж, нөхцлийн талаар бид ХХААХҮЯ-наас лавлаж “судалж, ажиллаж байна” гэсэн хариулт авлаа.  Тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Б.Батхүү:  

“Зөвхөн гутал ч биш олон төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн мэдүүлэггүй орж ирж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах тал дээр судалж байна. Сайн судалж шийдвэр гаргахгүй бол хөнгөн хуймгай хандаж болохгүй. Бүтээгдэхүүний дизайн, өнгө хийц дээр манайхан алдаж байгаа нь үнэн. Энэ бол боловсон хүчний чадвартай холбоотой. Өнөөдөр аль ч салбарт ийм бэрхшээл бий. Бид “мэргэжилтэй ажилтан” хөтөлбөр боловсруулж ажиллана.

-Хөрш орнуудтай худалдааг хөнгөвчлөх, гаалийн татварыг бууруулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Хөрш орнуудын импорт, экспортын тал дээр асуудал нилээн бий. Бид татварыг зохицуулах гэж төлөвлөж байна. Гэхдээ хоёр хөрш энэ чиглэлд нилээд хатуу байр суурьтай байдаг. Манай үйлдвэрлэгчдийн хувьд Япон, Европын зах зээлд бараагаа татварын хөнгөлөлттэй борлуулах боломж бүрэн бий. Гол нь тэдний стандартад нийцсэн гутал үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас энэ зах зээлд гарахгүй байна”

Сэтгүүлч миний Монголын шинэ үеийн гутлын эрэл энэ хүрээд өндөрлөв. Монголчууд бид уул уурхайгаас өөр баялгийн эх үүсвэр үгүй мэт сэтгэж,  нүүрс, зэсний хоосон ашгаар цээжний хонжоо хийсээр багагүй цагийг авав. Энэ хооронд хэрэгцээ, хэрэглээгээр дамжсан зуу, зуун сая доллар гадагшаа урссаар. Үүнийг жилд гутал  худалдан авах гэж 320 гаруй тэрбум  төгрөг гадагш гаргаж буй жишээгээр төлөөлүүлж болох юм. 

Ганцаас газар дүүрдэг болохоор та, би, бид нэг л монгол барааг хэрэглэхэд нилээн хэдийгээ ажилтай, орлоготой болгож, импортын зарлагаа бууруулах юм.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Хэрэгцээ, хэрэглээ байвч томордоггүй, торойдоггүй салбар буюу гутал үйлдвэрлэл   
Үзсэн: 6662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2017-03-30 22:10
Өнгө үзэмж хийцээрээ гологдохгүй үйлдвэр бас байгаа л даа

Бидэнтэй нэгдээрэй