![](/uploads/201710/news/thumb/7cb18f1208c62a4ca3b4872e8d5695dc_x3.jpg)
Есдүгээр сарын 22-нд Монголын үндэсний радиогийн “Асуулт байна” нэвтрүүлгийн зочноор Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Лувсангийн Эрдэнэчулууныг урьж, Монгол Улсын гадаад харилцаа, бодлоготой холбоотой олны анхаарал татсан асуудлаар ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р чуулганд оролцоогүй. Энэ шалтгаанаа “НҮБ-ын чуулганд заавал оролцох шаардлага байхгүй. Энэ чуулганд Ерөнхийлөгч оролцоогүйгээрээ Монгол Улс, НҮБ хоёрын харилцаа муудахгүй гэж тайлбарласан. Үүнийг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Мэргэжлийн дипломатч хүний хувьд та юу гэж бодож байна?
-Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга зөв хэлсэн. Учир нь жил бүр болдог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд гол төлөв Гадаад хэргийн сайд нар нь оролцож гадаад бодлогын гол гол асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Төр засгийн тэргүүнүүд бүгд жил бүр очдог гэвэл үнэнд нийцэхгүй. Би НҮБ-ын чуулганд бараг 28 жил дараалан оролцож байсан хүн. Гол нь тухайн орны нийгэм, эдийн засийн чухал үе байгаа бол улсынхаа байдлын талаар мэдээлэл өгдөг тал бий. Мөн тэгш тоотой чуулгандаа НҮБ нь төр засгийн тэргүүнүүдийг урьдаг. Тэр хурлаас ямар нэгэн баримт бичиж баталдаг. Ийм нөхцөлд л төр засгийн тэргүүнүүд оролцдог.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тасралтгүй 7 жил НҮБ-ын чуулганд оролцож байсан гэж би сонслоо. Би их гайхаж байна. Тэгэх ёсгүй л дээ. Би ганц жишээ хэлье. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 онд НҮБ-д очиж үг хэлсэн. Тэр үед би НҮБ-д байнгын төлөөлөгчөөр сууж байсан. Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын индэр дээрээс гадаад бодлоготой холбоотой чухал санал дэвшүүлсэн. Манай улс ардчиллын замаар замнаад дөнгөж хоёр жил болж байсан. Энэ тухайгаа юуны өмнө мэдээлэх хэрэг гарсан. Хоёрдугаарт, Монголын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс болгож зарласан. Ийм мэдэгдлийг мэдээж Ерөнхийлөгч, эсвэл Засгийн газрын тэргүүний түвшинд хийх нь зүйтэй. Төрийн тэргүүн нь жил бүр НҮБ-ын чуулганд оролцох нь харин ч сөрөг үр дагавартай байхыг би үгүйсгэхгүй. Яагаад тэнд байнга очоод байна вэ гэдэг өнцгөөс нь бусад улс орон бараг харах байх шүү.
-Нэгэнтээ бид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал ярьж байгаа учраас бас нэг зүйлийг асуумаар байна. Саяхан ОХУ-д болсон Дорнын эдийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс нүүрсээ "Восточный" боомтоор гуравдагч зах зээлд гаргах гэрээ хэлэлцээр эхэлснийг мэдэгдсэн. Харин Монголд энэ тал дээр эмзэг хандах хүн цөөнгүй байгааг “Coal Mongolia- 2017” чуулганаас анзаарсан. Дөрөв дахин урт замаар, биднээс том экспортлогчтой өрсөлдөн гуравдагч зах зээлд гарах нь тун хүнд гэж үзэж байна. Та чухам ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивостокийн хуралд орсныг их зүйтэй гэж бодож байна. Учир нь яг энэ нэг хэсэг газар чинь манай Монголтой хөрш зэргэлдээ. Бид маргаашаа, 10, 20 жилийн цааших бодлогоо харах хэрэгтэй. Манай гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцана гээд тодорхой заачихсан. Өнөөдөр энэ тэнцвэр байна уу. Манай гадаад худалдааны дийлэнх хувь нь БНХАУ-аас хамаарч байна. Энэ нь цаанаа улс төрийн сөрөг талтай байхыг үгүйсгэхгүй. Намайг Гадаад хэргийн сайд байх үед Хятадын тал өмнөд хилийг 48 цагаар хааж байсан. Үүнийгээ тэд “техникийн саатал” гэж албан ёсоор тайлбарлаж байсан ч бид Далай ламтай холбоотой гэж ойлгосон. Энэ чинь Монголчуудад өгч байгаа дохио. Хятадтай харилцаа муудлаа гэхэд бид өөр нэг гарцтай байх ёстой. Үнэтэй ч гэсэн өөр гарц бидэнд хэрэгтэй. Тиймээс 3000 км туулаад ч болсон гуравдагч хөрштэй холбогдох энэ гарцыг зөвхөн нүүрсээр, өнөө, маргаашийн үнэ өртгөөр хэмжих хэрэггүй. Мэдлэг дээр суурилсан эдийн засаг руу шилжихэд ийм гарц, боомт хэрэгтэй. Ноос ноолуур, махаа боловсруулж гаргана шүү дээ. Гуравдагч хөрш гэж яриад байгаа чинь энэ.
Иймд бид ОХУ-тай харилцаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх ажлыг бодлогоор хийх ёстой гэж би хэлэх гээд байна. Өнөөдөр ОХУ, манай хоёрын дунд тулгамдсан 10 гаруй асуудал бий. Энэ тал дээр шийдэлд хүрэхийн төлөө хойд хөрштэй яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Гэсэн ч ийм яриа хэлэлцээ хийж байгаа нь надад бараг харагдахгүй байна.
-Эдэлж, хэрэглэж байгаагаа эс тооцоход хил давж сурч, ажиллаж, аялах гээд монголчуудын гадаад харилцаан дахь шууд оролцоо их. Саяхан нэг судлаачтай уулзаж байхад манайхны зарим нь гадны улсын, иргэдийнх нь талаар хувийнхаа байр суурийг тун эвгүй илэрхийлдэг болсон. Энэ хэрээр бусдын анхааралд өртөж, улсынхаа хөгжлийг хойш татаж байна гэж сануулж байсан. Танд энэ байдал хэр анзаарагдаж байна?
-Энэ анхаарах ёстой асуудал. Нийгмийн сүлжээгээр зарим иргэн өөрсдийн үзэл бодлоо тун эвгүй илэрхийлж байна. Хүн уншмааргүй болтол юм бичиж байна. Хувийн бодлоо илэрхийлэх гэж байгаа бол ёс зүйтэй, ёс суртахуунтай байх ёстой. Хятад хүнийг “хужаа” ч гэж байх шиг. Хятад улс бидэнд “Та нар биднийг доромжилж байна” гээд асуудал тавих юм бол бид яах вэ, юу гэж хэлэх вэ. Манайхан чинь “Ардын дипломат” гэж ярих дуртай. Энэ нь хэн ч байсан гадаадад явж улсаа сурталчлахыг хэлж байгаа хэрэг. Бид өөрсдөө ийм байдлаар гадныханд хандах юм бол тэд яаж биднийг дэмжиж, биднийг хүлээн зөвшөөрөх юм бэ. Нэг жишээ хэлэхэд, Францын Гадаад хэргийн сайд хүндэтгэлийн зоогонд ирээд, өөрийнхөө суудлыг харчихаад урьсан хүндээ “Би хувь хүнийхээ хувьд танай ширээний хаана нь ч сууж болно. Харин би Францын Гадаад хэргийн сайдын хувиар энэ суудал дээр суух ёсгүй гэж өөрийгөө үзэж байна” гэж л дээ. Урьж байгаа хүн суудлын эрэмбийг нь алдаад доор суудал зассан байгаа юм. Францын Гадаад хэргийн сайд гэдэг чинь их гүрний том хүн байхгүй юу. Дипломат ёс дэг гэж ийм нарийн.
-Энэ алдаа төрийн өндөр дээд түвшинд цөөнгүй гараад байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийг Дорнын чуулганд оролцохоор ОХУ-д зочлох үеэр охин нь ёс алдсан тухай олон нийт шүүмжилж байгааг та харсан л болов уу?
-Тийм. Гэхдээ би охиныг буруутгахгүй. Тэнд явж байсан манай гадаад яамны нөхдүүд юугаа хийж байсан юм бэ. Энэ ажилд Гадаад хэргийн дэд сайд оролцсон гэж ойлгож байна. Дээр нь Москвад суугаа Монгол Улсын Элчин сайд байна. Хувцасны тухайд тэр охин уранхай жинстэй явж болохгүй л дээ. Зөв хувцаслах ёстой байсан. Энэ бол яавч болохгүй зүйл. Гадаад яам чинь бүр ёслолын хэлтэстэй. Дээр нь Төрийн ёслолын алба гэж бий. Энэ хүмүүс юу хийж суудгийг би мэдэхгүй байна.
-Монгол Улсын гадаад бодлого намын бодлогоос шалтгаалж байн байн өөрчлөгдөж байгааг, нэг цонхоор хэрэгжихгүй байгааг зарим нь шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ер нь манай гадаад бодлогод гурван өндөрлөг ч бай, хэн ч бай бүгд нэг амаар л ярих ёстой.
-Нэг амаар яриад байгаа юм биш үү?
-Үгүй. Би тэгж хэлж чадахгүй. Гадаад бодлогын залгамж чанар гэж байдаг. Гадаад бодлогыг дотоод бодлого шиг дураараа өөрчилж болдоггүй. Үүнийг хэн ч бай хатуу баримтлах ёстой. Манай нэг Ерөнхий сайд гадаад яаман дээр оччихоод “Та нар гадаад бодлогын залгамж чанар гэж яриад байх юм. Ийм юм ярихаа одоо боль” гэж хэлсэн шахуу юм би олж сонссон. Өнөөдөр Засгийн газрын тэргүүн нь ийм юм ярьж байна гэдэг чинь Монгол Улс чинь хаашаа явж байна вэ гэж бодоход хүргэж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Тогтсон ном гэж бий. Жишээ нь, Японд Ерөнхий сайдын алба нь өөрийн гадаад яамны зөвшөөрөлгүй ямар ч санаачилга гаргах эрх байдаггүй. Хятадад албан ёсны айлчлал хийх үед тэдний төр засгийн тэргүүнүүд намайг хүлээж авч байсан. Бүгд нэг л юм ярьдаг. Ямар ч улсад ийм л байх ёстой. Гадаад яам нь УИХ-ын гишүүд, сайд нараа чиглүүлж байх ёстой. Нарийн ярих юм бол гадаад яамны зөвшөөрөлгүйгээр мэдэгдэл хийж болдоггүй. Дэлхийн жишиг ийм. Гадаад бодлогоор санал боловсруулдаг, хэрэгжүүлдэг газар нь Гадаад яам. Тиймээс ч “Гадагшаа харсан Засгийн газар” гэж хэлдэг. Үүнийг маш хатуу ойлгох ёстой. Алдаж болдоггүй аюултай салбар нь энэ. Эс бөгөөс бид чинь байр суурьгүй, хүндэтгэлгүй орон болж хувирна. Зөв ярьж, зөв арга хэмжээ авч байх ёстой.
-Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Элбэгдорж НҮБ-ын бас нэг чуулганд оролцох үеэрээ Сиритэй холбоотой АНУ-ын байр суурийг 100 хувь дэмжсэн үг хэллээ гэж тухайн үед та шүүмжилж байсан. Энэ ямар учиртай байсан юм бэ?
-Би яг тэр хэлсэн үгийг нь англиар уншсан. АНУ-ын байр суурийг тэр чигээр нь хэлчихсэн юм байна даа гэж надад ойлгогдсон. Манай гадаад яам Сирийн талаарх бодлогын аль нь зөв вэ, хэнийг нь дэмжих вэ, манай Засгийн газар Сирийн асуудлаар өөрийн байр сууриа яаж илэрхийлэх вэ гээд маш нарийн судлах ёстой байсан болов уу. Би үүн дээр алдаа гаргасан гэж бодож байгаа. Энэ байдал манай төрийн алба доройтолд орчихсоныг л харуулж байгаа хэрэг. Манайд хууль дүрэм нь бий. Түүнийгээ яагаад хэрэгжүүлж болдоггүй юм.
-Монгол Улс, НҮБ-ын индэр дээрээс дэлхий дахинаа цөмийн зэвсэггүй бүс болгохоо 25 жилийн өмнө буюу 1992 оны 09-р сарын 25-нд зарлаж байсан. 2012 онд дэлхийн 5 их гүрэн энэ статусыг хүндэтгэж улс төрийн баталгаа өгсөн байдаг. Тэгвэл энэ чиглэлд одоо Монгол Улсын дараагийн алхам нь юу байх ёстой вэ?
-1992 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай үүнийг албан ёсоор зарласан. Дараа нь Монгол Улс 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх хуулиа баталсан. Хуулиараа энэ зарласан мэдэгдлээ баталгаажуулсан. Яг тэр үед би НҮБ-д байнгын төлөөлөгч байсан. Дараа нь манай дипломатууд их сайн ажилласан. Миний онцлон хэлэх хүн бол элчин сайд Ж.Энхсайхан. Тэр тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, НҮБ-д элчин сайдаар ажиллаж байлаа. Энэ асуудлыг их тууштай авч явсан хүн. Монгол Улсын хувьд нэгд дэлхийн улс орнуудаар дэмжүүлэх ажил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор биелсэн. Одоо харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн цөмийн зэвсэгтэй таван гүрэн манай орны зарласан мэдэгдлийг ОУ-ын хуулиар баталгаажуулж өгөх хэрэгтэй байна. Ийм тохиолдолд дээд зэргийн баталгаа гэж үзэх ёстой. Үүний төлөө явж байна гэсэн үг. 2012 онд Цөмийн зэвсэгтэй таван их гүрэн цөмийн зэвсгээс ангид статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй байхаа мэдэгдсэн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь улс төрийн баталгаа болсон. Энэ нь яг хууль эрх зүйн баримт бичиг биш л дээ.
-Монгол Улс "цөмийн зэвсэггүй бүс нутаг”-аа хүлээн зөвшөөрүүлж чадсан үйл хэргийн ач холбогдлыг товч хэлвэл?
-Бид дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний дунд оршиж байна. Хоёулаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон. Хоёулаа дэлхийн хамгийн их зэвсэгтэй улсуудын тоонд ордог. Тийм учраас ямар нэгэн байдал үүсэхэд өөрийнхөө нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулах, цөмийн зэвсгийг орон нутгаараа дамжуулах зэргийг хориглосон хуультай. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд Хятад ч бай, Орос ч бай манай газар нутгийг ашиглаж чадахгүй гэсэн үг. Энэ их чухал. Дээр нь цөмийн хаягдлыг манай газар нутагт булшлахыг тус хуулиар хориглосон.
-Цөмийн хаягдлыг булшлах гэж байна гээд Иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилж эсэргүүцдэг шүү дээ?
-Энэ бол мэдээж их хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой. Цаана нь хэдэн тэрбум доллар манайд орж ирэх гээд байгаа юм. Тэгэхээр манайхан хэдэн төгрөгийн төлөө үндсэндээ хуулиа зөрчих гээд байна. Миний өөрийн хувийн бодол ямар ч мөнгөөр Монгол Улсыг цөмийн зэвсгийн хаягдал булшлах газар болгох ёсгүй гэж үздэг. Ийм хууль байгаа.
-Та ингэж яриа сөхөхийг бодоход ийм яриа хэлэлцээг сонсож байжээ дээ тухайн үед?
-Үгүй л дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л нэг тийм яриа явж байсан санагдаж байна. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө.
-Ийм бодлоготой, хуультай байж манай улс, тодруулбал, ГХЯ бас л алдаа гаргасан тухай та өмнө нь бас цухас шүүмжилж байсан?
-НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн долоодугаар сард цөмийн зэвсгийг хориглох гэрээ баталсан юм билээ. Нэлээн сайн боловсруулсан гэрээ байна лээ. Харамсалтай нь энэ гэрээг боловсруулахад цөмийн зэвсэгтэй гүрнүүд бүгд оролцоогүй. Энэ гэрээний улс төрийн ач холбогдол маш их. Дэлхий дээр өнөөдөр 10-аад улс цөмийн зэвсэгтэй болчихлоо. Жишээ нь, энэ цөмийн зэвсэг ямар нэгэн байдлаар алан хядагч, террористуудын гарт орчихвол яах вэ. Ийм бодит аюул бий. Би өөрөө НҮБ-ын нэгдүгээр хороонд орж бараг 28 жил ажиллахдаа цөмийн зэвсэг хураах асуудлыг ч хамаарч байсан. Энэ асуудлаар манай улс үргэлж нэг байр суурьтай байдаг.
Тэгсэн их эвгүй асуудал үүссэн. Цөмийн зэвсгийг хориглох гэрээг Ерөнхий ассамблейн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад манайх оролцоогүй байсан. Харин ашгүй НҮБ-д суугаа гадаадын элчин манай Ж.Энхсайхан элчин сайдыг сайн таньдаг нөхөр утасдаж асуусан байсан. “Танай байр сууринд өөрчлөлт гарч байгаа юм уу” гэж асуусан гэсэн. Тэгээд Ж.Энхсайхан гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд захидал бичсэн байсан. Би тэр захидлыг нь ч уншсан. Ингээд яг гэрээг батлахад нь манай Засгийн газар оролцож дэмжсэн. Тэнд сууж байгаа байнгын төлөөлөгч, элчин сайд хүн нь ер нь юу хийж байдаг хүн бэ гэж асуумаар байна. Эсвэл АНУ эсрэг санал өгсөн учраас бид дэмжих ёсгүй гээд зугтаагаад алга болчихсон уу. Энэ тухайгаа ийм асуудал хэлэлцэх гэж байна гээд Засгийн газраасаа заавал нэг чиг удирдамж авч байх ёстой шүү дээ. Гадаад хэргийн яам нь юу хийгээд сууж байсан юм. Өөрөөр хэлбэл, яам нь байнгын төлөөлөгчийн газраасаа ямар ч мэдээлэл аваагүй, юу ч мэдээгүй сууж байсан юм байлгүй дээ. Ийм хариуцлагагүй байж даанч болохгүй.
-Монгол Улс төвийг сахих бодлого баримтлахын эсрэг байдаг хүний нэг нь та. Таны байр суурь хэвээрээ юу?
-Би энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Тухайн үедээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ бол бидний өөрсдийн шийдэх асуудал” гэж ярьж байсан. Хэнээс ч асуухгүйгээр шийдлээ гэж бодъё. Энэ чинь гадаад бодлогын асуудал учраас гадаад орнууд ялангуяа манай хоёр хөрш энэ санаачилгад хэрхэн хандаж байгааг бид тандаж үзэх ёстой. Эс бөгөөс хоёр улстай бидний хамтын ажиллагаа цаашаа явахгүй.
Яагаад гэвэл нэгдүгээрт, бид хэнээс айгаад байгаа юм бэ. ОХУ бидэнд аюул занал учруулж байна уу, БНХАУ Монгол Улсад ямар нэгэн байдлаар эсрэг үйлдэл хийх гэж байна уу... Тийм юм байхгүй ш дээ. Огт байхгүй. Өнөөдөр улс төрийн байдал ийм л байна. Аль алинтай нь Монгол Улс стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа өргөжүүлээд явж байна. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийнхөө хувиар Хятадад айлчилж байх үеэр Хятадын нэг судлаач телевизээр ярьж байхыг нь би сонссон. Тэр хүн “Ийм санал гаргаж ирж байгаад би ойлгохгүй байна. Хэрэвзээ БНХАУ, ОХУ-ын хооронд байдал маш хурцдаад дайнд хүргэх тийм байдал үүссэн нөхцөлд Монгол Улс төвийг сахих бодлого барих нь ойлгомжтой. Гэтэл ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаа маш өндөр түвшинд байна. Манай харилцаа хэзээ ч муудахгүй” гэж байсан.
Дээр нь ОХУ мөн адил “Та нар яах гэж ийм санал гаргаж ирж байгаа юм бэ. Бид ойлгохгүй байна” гэж асуусан гэсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр тус улсын гадаад яамнаас нь манай төлөөлөгчдөд хоёр хуудас бичиг өгсөн байсан. Түүн дээрээ “Хэрвээ та нар энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар тогтоол батлуулах гээд ороод ирэх юм бол бид хатуу байр суурьтай байна шүү” гэж бичсэн байсан. Би өөрөө нүдээрээ харсан. Тэгэхээр төвийг сахих байр суурийг дэмжихгүй байгаа нь харагдаж байгаа биз дээ. Дээр нь нэг жишээ нэмээд хэлэхэд, манай өмнөх Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хамтарсан албан мэдээнд төвийг сахих асуудлаар өгүүлбэр оруулах гээд чадаагүй шүү дээ. БНХАУ-ын тал оруулаагүй. Мөн тухайн үед Франц улсад Монголын Ерөнхийлөгч очсон. Хоёр тал албан мэдээ гаргасан. Тэгсэн монгол орчуулга нь буруу гарчихсан байсан. “Монголын төвийг сахих асуудлаар гаргасан энэ саналыг анхааралдаа авлаа” гээд франц, англи хэл дээр бичсэн байсныг манайхан эх хэл дээрээ “Монголын саналыг хүлээн авлаа” гээд бичсэн байсан. Хүлээн авлаа гэдэг чинь хүлээн зөвшөөрлөө, дэмжлээ гэсэн үг шүү дээ. Албан мэдээг хоёр тал зөвшилцөж байж гаргадаг юм шүү дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Оросын бизнес форумын үйл ажиллагаан дээр хэлсэн үгийг орчуулж чадаагүй нь үнэн байсан. Синхрон орчуулгыг нь сонсож үзлээ. Гол хэлэх үг, мессэжээ тэнд байгаа гадаадын зочид төлөөлөгчдөд хүргэж чадаагүй гэсэн үг. Ийм өндөр хэмжээний чухал ажилд ГХЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар сайн бэлтгэх ёстой. Гадаад харилцааны яам 100 хувь хариуцлагаа хүлээж, энэ алдаагаа хурдхан засах ёстой. Оролцсон бүх төлөөлөгчдөд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг орчуулж тарааж өгөх хэрэгтэй. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХ-ийн дэд сайд өөрөө явж байгаа биз дээ. Би өөрөө орос хэлийг орос хүн шиг мэднэ. Насан туршдаа англи, орос хэлээр орчуулж байгаа хүн. НҮБ-д нэг хуудсыг 3 минутад уншдаг бичигдээгүй хууль бий. Орчуулж байгаа хүнд боломж олгодог. Мөн үг хэлж байгаа хүн нь яаж орчуулж байна, хаана нь явж байна гэдийг давхар сонсдог. Өөрөө өөртөө уншиж байгаа юм шиг байдал гаргах нь бүдүүлэг хэрэг л дээ. Бас л яамны л бэлтгэл ажил.
Ингэж гадаад бодлогоор тоглож болдоггүй юм. Дараа нь Монгол Улсыг гадныхан юу гэж үзэх юм бэ. Ийм зарчимгүй, хариуцлагагүй юм хийчихээд манай нэр хүнд өсөж байна гэж ярих хэрэггүй. Үүнээс чинь болоод харин ч манай нэр хүнд буурч байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Эрдэнэчулуун: ГХЯ хариуцлагаа хүлээж, энэ алдаагаа засах ёстой | ||
Үзсэн: 3446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.