![](/uploads/201404/news/thumb/b39d004c43f1f51f8240340820816b24_x3.jpg)
Улсын Их Хурлын өнөөдрийн ээлжит чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавсан асуулгын хариуг сонслоо.
Гишүүний асуулгад Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өгсөн хариулт өгсөн юм. Тэрээр өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран Нарийн сухайт, Бороо, Төмөртэй ордуудыг тогтвортой байдлын гэрээгээр, Оюутолгойн ордыг хөрөнгө оруулалтын гэрээгээр тус тус ашиглаж байна. Харин газрын тосны салбарт нийт 21 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас нэг нь дуусгавар болж, 21 нь хүчин төгөлдөр байгааг дурдав.
Гишүүний асуулгад сайдын өгсөн хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Д.Ганбат, С.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.
Мөн түүнчлэн далд уурхайн санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой асуудлын тухайд Засгийн газрын зүгээс анх тохирсон өгөөжийн харьцааг аль болох эвдэхгүй, өөрчлөхгүй байх шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьж байгаа талаар сайд хэлсэн юм. Уул уурхайн яамны зүгээс шинэчилсэн ТЭЗҮ-г удаа дараа шаардсаар ирсэн боловч Оюутолгой ХХК өнөөг хүртэл эцсийн албан хувилбараа ирүүлэхгүй хугацаа алдаж байна. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг 15 банкнаас нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг авах хүсэлтээ хөрөнгө оруулагчид Засгийн газарт тавьсан. Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн хурал нь энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг сайд дурьдсан юм.
Гишүүд санал бодлоо хэлж ярилцсаны дараа асуулга тавьсан гишүүн Д.Ганбат үг хэлэв. Тэрээр "Уг нь Оюутолгой төсөл нь манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын түүчээ байх учиртай. Энэ төсөл амжилттай болсноор хөрөнгө оруулалтыг татах чухал нөхцөл, хөшүүрэг бүрдэх юм. Гэтэл төслийн эхний шат ашиглалтад ороод нэлээд хугацаа өнгөрч байгаа ч үр өгөөж нь ард түмэнд мэдрэгдэхгүй байна. Улс орны хөгжилд чухал ач холбогдолтой энэ төсөл хэдийд үр ашигтай ажиллах, өгөөж шим нь хэр байхыг ард түмэн мэдэх эрхтэй. Иймээс төслийн талаарх асуудлыг байнга анхааралдаа байлгаж, асууж лавлаж байх болно" гэлээ.
Оюутолгойн асуудлаар хариулт авлаа | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.