![](/uploads/201404/news/thumb/39485d2c3c09fcb107668da3349bb1f9_x3.jpg)
Өнөөдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн сайдыг огцрохыг шаардсан үндэслэлүүдээ танилцууллаа.
О.Баасанхүү гишүүн үндсэн гурван үндэслэлээр Хууль зүйн сайдыг огцруулахыг шаарджээ.
Нэгдүгээр үндэслэл: Х.Тэмүүжин нь төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж энэ шийдвэрээ баталгаажуулахдаа УИХ-ын бүрэн эрхэнд халдан 2012.11.03-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан. Уг шийдвэр нь төсвийн тухай хуулийн 6,10,16,16.5,41,42.7 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн 72-т энэ хуулийн 42.7 -д заасныг зөрчсөн тохиолдолд томилсон эрх бүхий байгууллагаас албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж байдаг. Түүнчлэн Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдуулан тухайн барилга болон түүний доторх тоног төхөөрөмжийг хууль зүйн сайдын зүгээс хариуцан ажиллах үүрэгтэй байсан. Гэтэл хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оын нэгдүгээр сарын наймны өдөр доод шатны албан тушаалтнууд хариуцлага алдаж 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмрай аппарат эвдэрч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэжээ.
Энэ үндэслэлд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тус шийдвэрийг Засгийн газраас гаргадаг гээд энд Төсвийн тухай хуулийг зөрчиж, УИх-ын бүрэн эрхэд халдсан зүйл байхгүй гэдгийг хэлсэн юм. Тэрээр хэрэв шаардлагатай гэвэл энэ талаар Аудитын байгууллагаас дүгнэлт гаргуулж болно гэлээ.
Түүнчлэн 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмрай аппарат эвдэрсэн гэдэг бол ташаа мэдээлэл. Тус аппаратыг нийлүүлсэн байгууллага нь барилгын ажил дуусахаас өмнө суурилуулж ажиллуулж өгсөн. Нэгэнт барилгын ажил дуусаагүй байхад аппаратаар ямар нэг үзлэг оношлогоо хийгдэхгүй учраас урсгал зардлаа хэмнэж түр унтраасан. Одоо уг аппарат зүгээр ажиллаж байгаа гэлээ.
Хоёрдугаар үндэслэл: Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариуцсан салбараа удирдах чадваргүй. Тэрээр гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа зохион байгуулж чадахгүй байгаа. 2011 онд 19197 хэрэг улсын хэмжээнд бүртгэгдсэн бол 2012 онд 22089, 2013 онд 25362 болсон гэж байна. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайд болсноос гэмт хэргийн гаралт 6165 хэргээр огцом өссөн гэжээ. Нөхцөл байдлыг зөвхөн нэг сараар нь харьцуулж үзвэл улсын хэмжээнд 2327 гэмт хэрэг 4295 болж 84.5 хувь нэмэгдсэн гэсэн байна. Нас барсан хүний тоо 134 байснаа 326 болж 2.4 дахин нэмэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1657 байсан бол 3047 болж 1.8 дахин өссөн байна. УИХ – ын хүний эрхийн дэд хороо , хүний эрхийн комиссийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай удаа дараа танилцсан. Зөрчил дутагдалыг засах үүрэг даалгавар өгсөн. Мөн хууль зүйн байнгын хорооноос Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг цагдаагийн байгууллагын хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчил дутагдалыг зогсоох үүрэг даалгавар өгч байхад өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байна гэжээ. Монгол улсын ерөнхий сайд нь тагнуулын ерөнхий газрын дэд дарга, зарим засаг даргыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилж ажлаас чөлөөлсөн захирамжууд нь үндэслэл муутай болж өөрчлөгдөн залруулж байгаа. Энэ нь хууль зүйн сайд засгийн газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээнэ, төрийн тусгай байгууллагын хууль зүйн үндэслэлд хяналт тавина гэсэн чиг үүргүүдээ биелүүлээгүйтэй шууд холбоотой хэмээсэн юм.
Энэ үндэслэлд Х.Тэмүүжин сайд гэмт хэргийн тоо өссөн нь манай улсын нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой. Нөгөө талаас Цагдаагийн байгууллагууд иргэдээс ирсэн гомдол бүрийг тэмдэглэж авдаг болсон учраас ийм өссөн тоон үзүүлэлт гарсан. Ингэж тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа байдлыг үзэгдлээ илүү олж харж байна гэж үзэх хэрэгтэй, нэг ёсондоо агуулгын шинэчлэл хийгдэж байна гэсэн юм.
Гуравдугаар үндэслэл: Х.Тэмүүжин нь Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй байна гэсэн байна. Тухайлбал, “Үндэсний шуудан” сонины 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дугаарт гарсан “Хар тамхины хэрэг хааш нь хөдлөв” гэсэн гарчиг бүхий нийтлэлд Хууль зүйн сайдтай холбоотой нилээд ноцтой үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гэтэл сайд Х.Тэмүүжингийн зүгээс гуравдугаар сарын 24-нд өөрийн твиттер хуудаснаа "цагдаагийн байгууллагын ийм арчаагүй арга барилыг өөрчлөх гэж шинэчлэл хийж байгаа, мөн хүүхдүүдийн маань цүнхэнд хар тамхи хийж гүтгэж чадах хүмүүс" гэх зэрэг байр сууриа илэрхийлсэн байдлаас үзэхэд өөрийн шууд харьяалалт байгууллага болох цагдаагийн байгууллагадаа итгэдэггүй. Өөртэй нь холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалт явуулах шаардлага гарвал сайдын зүгээс албан тушаалаа ашиглан шууд болон шууд бусаар саад учруулахаар харагдаж байна. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг сайдын албан тушаалаас нэн даруй огцруулж нэр төр нь үнэхээр цэвэр байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.
Дээрх үндэслэлд сайд тайлбар хийсэнгүй.
О.Баасанхүү гишүүний Хууль зүйн сайдыг огцруулах гурван үндэслэл | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.