Шууд Chart

Монголчууд Оюутолгойгоос 4-5 хувийн ашиг авч байна гэв

2015-04-20 12:29:15

Өнгөрөгч 2014 онд Оюутолгой нийт 805.7 мянган тонн зэсийн баяжмал ачуулсан бөгөөд үүнээс цэвэр зэс нь 189 мянган тонн байсан байна. Үүнийг өнгөрсөн жилийн зэсийн дундаж ханшаар тооцох юм бол 1.2 тэрбум долларын орлого олжээ. Харин алт нь 19.5 мянган тонн байсан бөгөөд өнгөрсөн оны дундаж үнээр тооцвол 880 сая долларын ашиг олсон байна. Зөвхөн энэ хоёрыг тооцоход хоёр тэрбум ам.доллар буюу 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Харин үүнээс татварт тооцсон хөрөнгө нь 300 тэрбум төгрөг бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 110 тэрбум төгрөг төлсөн байна. Үүнийг доллараар тооцох юм бол 166 сая доллар. Тэгэхээр манайд нийт татварт тооцож байгаа нь 8.3 хувь байгаа юм. Түүнчлэн энэ 166 сая төгрөгийн тодорхой хувийг Оюутолгойн анхны 34 хувийн  өрөндөө авдаг. Тэгэхээр манай улсад Оюутолгойн олж буй ашгийн хоёр тэрбум доллараас 100 сая нь орж ирэхгүй байна. Өөрөөр хэлбэл, тав орчим хувь нь л орж ирж байна гэсэн үг юм. Тиймээс Оюутолгойн хоёр дахь гэрээний асуудлыг сайтар хянаж байж, Монголын ард түмний аж амьдралд нөлөөлөхүйц байдлаар явуулах ёстой гэсэн байр суурийг өнөөдөр УИХ дахь бие даагч гишүүд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Энэ онд Оюутолгой 820 мянган тонн зэсийн баяжмал ачуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цэвэр зэс нь 200 мянган тонн, 18 мянган тонн орчим алт байх юм байна. Нийтдээ 3.7 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Тооцож үзэхээр үүнээс Монгол Улсад нийт борлуулалтынхаа 4-5 хувийг л үлдээхээр байна гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлсэн юм.
 
Тиймээс Оюутолгойг зогсоох талаар огт ярихгүй, хамгийн гол нь бидний хүлээж, тэдний ярьж байсан үр дүн гарахгүй байна. Бид 10 хувийн ашиг авч чадахгүй байна. Оюутолгой том төсөл учраас явах ёстой. Гэхдээ бидэнд үлдэх үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй. Харилцан үр ашигтай болгож байж дөрвөн тэрбум долларын хоёр дахь шатны гэрээг хийх ёстой гэлээ.
 
Анх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа таван тэрбум долларт бүгдийг нь багтаана. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт бол 2.7 тэрбум доллараар хийгдэнэ гэж байсан бол одоо далд уурхайн хөрөнгө оруулалт 4.2 тэрбум доллараар хийгдэхээр Засгийн газар дээр яригдаж байна. Хэрэв үнэхээр ингэж хийх юм бол одоогийн Засгийн газар огцрохоос өөр аргагүй байдалд орно гэдгийг Х.Болорчулуун гишүүн хэлсэн юм. Түүнчлэн энэ маягаар явах юм бол бид 2030 оноос нааш Оуютолгойгоос орох ашгийн талаар бодоод ч хэрэггүй гэлээ.
 
Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэр 18 хувийн рояалти татвар төлж байхад Оюутолгой таван хувийн рояалти татвар төлж байгаа нь шударга бус байдаг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн роялати татварыг бууруулах биш харин Оюутолгойн татварыг нэмэх талаар саналууд их ирдэг ажээ. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнг сайжруулж байж хоёр дахь үе шатны гэрээний талаар ярих ёстой гэдэгт бие даагч гишүүд санал нэгдэж байгаа аж. Түүнчлэн энэ талаар байнгын хороо болон УИХ дээр анхаарч ажиллана гэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголчууд Оюутолгойгоос 4-5 хувийн ашиг авч байна гэв  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй