![](/uploads/201309/news/thumb/458aadafa1bb8ce79a700f65e441ce1d_x3.jpg)
Тэртээ 1920–иод оны эхэн үеэс монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг эмзэглүүлсэн нэгэн бүрхэг үүлсийн нүүдэл нүүж, төр засагтаа гомдох эгэл ардын харууслаар 40 шахам жил үргэлжилсэн түүхийн хар толбо бол хэлмэгдүүлэлт юм.
Монголчууд тэр л цаг үедээ 60 мянга гаруй нэрт сэхээтэн, эрдэмтэн, энгийн олон иргэдээ хэлмэгдүүлэлтийн хар шуурганд алдсан. Тэр л цаг үеийг хурцаар шүүмжилж Г.Аким “МАХН-ын түүх бол Монголын үе үеийнхний шударга эх орончдын цогцсоор махан овоо босгож, цусан далай ургасан түүх” хэмээсэн нь бий. Энэ үгэнд эмзэглэсэн МАХН дээд шүүх хүртэл заргалдсан ч заргаа авч чадаагүй нь түүхийн алдааг хэнд ч өршөөхгүй гэх санааг өгсөн хэрэг.
Энэ цаг үеийн үүднээс харвал хэлмэгдүүлэлтийн гэх тодотголтой “Зохиомол” хэргүүд ар араасаа цуварч, тэр тоолон тухайн үеийн оюунлаг гэгддэг олон арван хүмүүсийн амь нас үгүй болж байсан түүхийн үнэнийг бид мартаж болохгүй мэт.
1922 оны 8-р сард Хувьсгалын эсэргүү хуйвалдаанчид гэсэн улс төрийн гүтгэлэг зохиож, ерөнхий сайд Бодоо, Да лам Пунцагдорж, Чагдаржав нарын 15 хүнийг цаазлан, улмаар алуурчин бүрт 10 янчаан олгосон гэх түүх бий. Тэр үеийн “Онцгой комисс” /МАХН-ын III их хурлаас байгуулагдах шийдвэр гаргасан/ 1937-1939 оны хооронд 51 удаа хуралдаж, 25 мянган хүнийг эчнээгээр яллан, мянга хүртэлх хүнийг нэрсийн жагсаалтаар нэг л өдөр “дуусгаж” байсан түүхийн үнэнг одоо эргээд сануулахад илүүдэхгүй болов уу?
1933 онд Лхүмбийн хэрэг гэгчийг зохион байгуулж, 2140 хүнийг хоморголон хамруулж, 534 хүнийг баривчлан, 312 хүнийг шийтгэсний дотор 251 нь буриадууд байв. Буриадын хэрэг үүгээр дуусахгүй. 1945 онд явуулсан хүн амын тооллогор буриад өрхийн 95 гаруй хувь нь өрхийн тэргүүлэгчгүй бэлэвсэрч хоцорсон эмэгтэйчүүд байсан гэдэг. 1937-1938 онд буриад зоныг хамарсан баривчлах хэргийг “Их хядлага”-ын үе хэмээн түүхчид үздэг.
1937 онд “Японы тагнуул” гэсэн зохиомол хэрэг үүсгэн, Армийн улс төрийн газрын дарга Малж тэрүүтэй 14 хүнийг өршөөн үзэх ямар ч шалтгаангүйгээр Сонгино хайрхан уулын ар хормойд шууд буудан хороосон түүхтэй.
1937 он буюу дээр дурьдснаар, “Их хядлага”-ын гэгдэх хэлмэгдүүлэлтээр 20474 хүнийг буудан хороож, 5 мянга гаруй хүнд хорих ял оноосон байдаг. Энэ тоо баримтыг задлан авч үзвэл тэр үеийн До яамны мэдээллээр “900 шахам феодол тайж, 7000 орчим цагааны оргодол, 9289 худалдаачин мөлжимтгий этгүүдүүд байна” хэмээсэн нь бий.
Яг энэ үеийн “Хувьсгалын эсэргүү дээд лам нарын төв байгууллага” гэгддэг зохиомол хэргийг энд дурьдахгүй орхиж болохгүй. 1937.04.03-нд ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Мириновын Москвад илгээсэн нууц захидалд “1937.03.30-ны байдлаар 10 мянга 728 хүнийг баривчилсны дотор 7812 нь дээд ангийн лам нар байна. Цаашид мөрдөн тагнасаар дээд лам нарын үлдэгдэл, төдийгүй дунд ангийн лам, зөвлөгч, тарнич,төлөгч, зурхайч, бурханч зэрэг 6000 ламыг 1937 онд багтаан баривчлахаар Х.Чойбалсантай зөвлөлдлөө” гэжээ. Тэгэхээр хэрэг явдал цааш яаж өрнөсөн нь тодорхой.
Эцэст нь бас бус тоо баримтыг орхин нэгэн чухаг баримтыг сөхмөөр санагдлаа. Ерөнхий сайд А.Амар “...сая шахам хүнээс 300 мянгыг нь газар хийлээ. Би үүрэг хариуцлагаа алдлаа. Монголын ард түмнийг яргалан залхааж байсны учир би Х.Чойбалсанг үзэн яддаг” гэсэн байхад Х.Чойбалсан “Эсэргүү А.Амарыг барилаа. Одоо даваан дээр гарлаа. Давааны оройгоос уруудахад амархан” гэсэн нь бий. Тухайн үеийн цаг төрийн тэргүүнүүд ийн дотроо харгалдаж, улмаар Ерөнхий сайд А.Амарыг 1941.07.27-нд Москвад буудан хороосноор Х.Чойбалсангийн санаа амарсан түүхийн тайлал харагдана.
Энэ мэтээр “Сэхээтний төөрөгдөл” хэмээн нэрлэгддэг хэлмэгсдийн хэрэг тухайн цаг үедээ энгүүн тайван амьдралтай монгол түмнийг ихээхэн цочролд оруулж, дэргэдэх нэгэндээ ч хамаа бус зүйл ярихаас эмээхээс өгсүүлээд уул овоондоо чулуу нэмэн сүслэн залбирахаас ч айдаг болгосон. Өөрөөр хэлбэл тухайн цаг үеийн хэлмэгдүүлэлтийн шуурга монгол хүн бүрийн зүрхэнд айдас хуруулж, улмаар өдөр тутмын амьдралынх нь хэвшмэл эмээлт болж байв.
Айл хотлоороо битүү, дүмбэ оргиж, “Одоо хэнийг аваад явах бол, эргэж ирэх болов уу” гэсэн айдсын сүүдэр 1960-аад оноос хойш сарнин, монгол түмний сэтгэл бага багаар тэнийж эхлэсэн. Монголын төр 1995 он буюу одоогоос 18 жилийн өмнө жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарласан билээ. Мөн цагаатгах ажлыг улс орон даяар өрнүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Өнгөрсөн оны байдлаар 31 мянга гаруй иргэний хэрэг хилс болох нь тогтоогдож цагаатгагдсан ба 17.500 хүнд 27 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор олгоод байгаа юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдан эл тэмдэглэлт өдрийн хүрээнд хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзах, хэлмэгдэгсдийн хөшөө, булш, суварганд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх, ярилцлага, уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.
Гэсэн хэдий ч хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгсдийн төрөл төрөгсдөд нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олголоо гээд улс төрийн хийрхэл, хөрш гүрний нөлөөн дор явуулсан хэлмэгдүүлэлт уучлагдаж байгаа юм биш. Түүхийг бид өөрсдөө л бүтээдэг. Тиймээс түүхийн алдаа оноо бүр бас л биднийх болж таарна. Монголын төр хэлмэгдүүлэлт гэх их шуурганд өртсөн олон мянган хүмүүн, тэдний гэр бүл, үр хойчийн өмнө үеийн үед буруутай мэт.
Дараа жилийн энэ өдөр дахиад л цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ...
Ариун мөрөөдөл, чин хүсэлтэйгээ хамт цаазлагдсан иргэдийнхээ өмнөөс харуусахын учир | ||
Үзсэн: 3953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.