Өнөөдөр "Зууны мэдээ" хэвлэлийн төвд "Чингис" бонд болон бусад зээлийн мөнгийг БНХАУ-ын болон гадаадын, бүртгэлгүй байж мэдэх аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлж өгсөн талаар иргэн Г.Өнөрбаяр, Д.Хосбаяр нар мэдээлэл хийлээ.
"Чингис" бондын нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.5 орчим их наяд төгрөгийг зам гүүр, "Гудамж" төсөл гэх мэт дэд бүтцийн эргэн төлөгдөхгүй төслүүдэд зарцуулсан. Энэхүү замын ажлуудын нэлээдийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлснийг ил болгов. Энэ талаар иргэн Г.Өнөрбаяр ярихдаа "Бусад улс орнууд зээлийн мөнгөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөх бодлого баримталдаг. Ингэснээр Үндэсний аж ахуйн нэгжүүд томорч, ажлын байр бий болж, татварын зөв тогтолцоо бүрдүүлдэг. Гэтэл монголчууд зээлсэн мөнгөнийхөө нэлээдийг БНХАУ-ын болон Турк компаниудад өгч байна. Бас манай улсад бүртгэлгүй байж болох аж ахуйн нэгжүүдэд ч өгсөн байх магадлалтай байна. Эдгээрийг холбогдох байгууллага шалгаж нягтлах байх. Хамгийн гол нь БНХАУ-ын компаниудаар зам бариулахдаа тендер зарласан эсэх нь эргэлзээтэй. Энэ чиглэлийн мэдээлэл олдохгүй хаагдмал байгаа. УИХ-аас гарсан "Чингис", "Самурай" бондын болон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк сонгон шалгаруулалтгүй шууд гэрээ хийдэг гэсэн дүгнэлт орсон"-ыг онцолж Хятадын компаниудыг шууд сонгон шалгаруулсан байх магадлалтай гэж хардаж байгаагаа тайлбарлав. Мэдээлэл хийсэн иргэдийн тооцоогоор бол "Чингис" бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс 500 орчим тэрбум төгрөгийг Хятадын компаниудаар ажил гүйцэтгээд өгсөн гэж онцлов. Энэ нь "Самурай" бондын мөнгөн дүнтэй дүйж очно гэж тайлбарлав. Хятадын аж ахуйн нэгжүүдэд ийм их хэмжээний зээлийн мөнгө өгч байхад үндэсний аж ахуйн нэгжүүд ажил олж чадахгүй байгаа нь шударга бус байна. Тухайлбал, 888 төслийн хүрээнд зээл өгөхдөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд ихэнхдээ 20-100 орчим сая төгрөгийн зээл олгосон. Тиймээс Засгийн газар зээлийн мөнгөөр үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой юу. Хятадын компаниудыг тэтгэх бодлоготой юу гэдгээ тайлбарлах ёстойг онцолсон.
Иргэн Г.Өнөрбаярын тайлбараар бол 1 км авто замыг 2011 онд 204.5 сая төгрөгөөр барьж байсан. Гэтэл 2015 онд 1 км замыг нэг тэрбум 252.1 сая төгрөгөөр барьдаг болж. Замын төсөвт өртөг дөрвөн жилийн хугацаанд ингэж огцом өссөнд гайхаж байгаа гэнэ. Тиймээс БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд болон бусад аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгэхдээ тендергүйгээр шууд сонгон шалгаруулалт хийсэн, зээлийн ихэнхийг гаднын аж ахуйн нэгжүүдэээр ажил гүйцэтгээд өгсөн зэрэг асуудлыг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагууд анхааралдаа авахыг хүссэн юм.
Мөн иргэн Д.Хосбаяр "2014 онд Хөгжлийн банк "Эрдэнэс Оюутолгой" ХК-д хуулийн зөвлөх үйлчилгээнд 2.0 сая ам.доллар, стратегийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 5.0 сая ам доллар, олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам.доллар буюу нийт 10.0 сая ам.долларыг 2 жилийн хугацаанд олгохоор шийдвэрлэсэн. Энэ бол буруу. Ард түмний нэрээр авсан зээлийг зөвлөх үйлчилгээнд өгөөд байж болохгүй гэж тайлбарлалаа.
"Чингис" бондоос Хятадын компаниудад ихээхэн хэмжээний мөнгө өгсөн гэв | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.