Шууд Chart

Н.Энхбаяр: Надтай "ноцолдох" тусам миний нэр хүнд өсдөг

2016-02-29 12:07:12

Монголын радиогийн Улс төр хууль зүйн редакцийн “Асуулт байна” нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо. Түүнтэй Намбарын Энхбаяр гэдэг хувь улс төрчөөс эхлээд, нам, улс орны  бодлоготой холбоотой асуудлаар ярилцсан юм.

-Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа.

-Их баярлалаа. Энэ завшааныг ашиглаад Монголын  радиогийн хамт олонд, нийт радио сонсогч, танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

-Ярилцлагаа "Та яагаад Шадар сайд болох ёстой вэ" гэсэн  асуултаар эхлэе. Учир нь  энэ томилгоотой холбоотой  төрийн ажил гацлаа гэсэн шүүмжлэл их гарсан?  

-Тийм. Яагаад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болох гээд байгаа юм, яагаад Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж байгаа юм, яагаад З.Энхболд УИХ-ын дарга болж байгаа юм гэдэгтэй адилхан асуулт ш дээ. Тайлбарлах юм бол, сонгуулийн дараа аль нэг нам олон суудал авбал тэр намын дарга намдаа олдож байгаа хамгийн өндөр, хамгийн хариуцлагатай суудлыг авдаг. Тэгээд ард түмнийхээ өмнө амласныхаа дагуу үйл ажиллагаа явуулж, тэрийгээ Засгийн газар, УИХ-ын  бодлогод шингээн тусгаж ажилладаг. Энэ бол ардчилсан орны л зарчим. Тэгэхээр З.Энхболд гэдэг хүн ард түмнээс шууд УИХ-ын даргаар сонгогдоогүй. Ардчилсан нам сонгосон. Ардчилсан намыг ард түмэн сонгосон. Ардчилсан намын даргын хувьд бол УИХ-ын даргын ажлыг хийж байна.

Үүнтэй адилхан манай намд, манай эвсэлд олдож байгаа хамгийн өндөр албан тушаал бол Шадар сайд. Тэр утгаараа манай намын нөхдүүд "Та манай намд олдож байгаа хамгийн өндөр албан тушаалд очих ёстой. Та энэ ажлыг битгий гол. Өөр янз янзын юм битгий бод. Энэ ажилд очоод эвслээ, намаа удирдаад төр засгийн бодлогод манай намын 2012 оны сонгуульд амласан зүйлийг багтааж шингээгээд, чадвал сайн үр дүн гаргаад, ард түмэнтэйгээ уулзаад 2016 оныхоо сонгуульд намаа, эвслээ авч ялахын төлөө ажилла" гэсэн даалгавар өгсөн байхгүй юу. Тийм учраас  ардчилсан орон л юм бол Шадар сайд байна уу, үгүй  юу манай намд аль нь олдож байгаа юм түүндээ намын дарга нь очих гэж байгаа ийм л ердийн ардчилсан оронд байх ёстой үйл ажиллагаа.

-Мэдээж та өмнө нь хэвлэлээр хариу өгсөн. Гэхдээ бид сонсогч, уншигчиддаа мөн тайлбар хүргэе гэж бодлоо.  Таны хэлдгээр өөрийн чинь “хуурай дүү” Г.Шийлэгдамба сайд их хэмжээний мөнгө ажлын өрөөндөө нууж байсныгаа “Намын дарга намдаа санхүүжилт авахын тулд намайг шахсан” гэж тайлбарласан. Харин та үүнийг “Намайг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн бусад намын шахалт” гэх тайлбарыг өгч байсан?

-Тийм. Одоо бол “хуурай” дүү “нойтон” дүү болсон.  Мэдээжийн хэрэг Г.Шийлэгдамбыг хар багаас нь би мэднэ. Би түүнийг олон албан тушаалд итгэж дэмжиж томилох, даалгавар үүрүүлэх, хариуцлага хүлээлгэх  байдлаар дэмжиж байсан. Сүүлийн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан. Намын дүрэмд, Улс төрийн намын хуульд Ерөнхий нарийн бичгийн дарга намын санхүүжилтийн асуудлыг хариуцдаг. Намын дарга санхүүжилтэд гарын үсэг зурах байдлаар шууд захиран зарцуулах эрх мэдлээр оролцдоггүй. Тийм хуультай, дүрэмтэй. Намын даргын хувьд би санхүүжилтийн асуудлаа сайн хариуцаарай гэж Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд нь Г.Шийлэгдамбад хэлж байсан. Түүний дараа хэн энэ албан тушаалд очно түүнд ч мөн адил хэлнэ. Үүнийг тулган шаардсан гэх маягаар Г.Шийлэгдамба тайлбарлаж байгаа нь өөрийг нь ажлаа мэдэхгүй байгааг нь харуулж байгаа юм. 

Үгүй бол зориуд өөр хүмүүсийн даалгавраар тийм зүйл хэлж байна. Би яагаад “Өөр хүмүүсийн даалгавраар гэж хэлж байна вэ” гэхээр Г.Шийлэгдамба өөрөө мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа хүн. Түүнийг би буруу зүйл хийгээгүй, авлига аваагүй байх  гэж бодсон хэвээрээ байгаа. Авлига авахаар  хүн биш гэж бодсон хэвээр байна. Харамсалтай нь сэтгэл санааны тэнхээ  хээ сул дорой, хувийн жижиг сажиг дутагдалтай учраас хууль хяналтын байгууллагын барьцаанд орж, тэдний заавар зөвлөгөөгөөр над руу, нам руу дайрах зэвсэг болж  ашиглагдаж байгаад нь бид их харамсаж байгаа. Урваж, шарвах явдал нь Монголын түүхэнд дандаа муу муухай юм авчирч байсан.  Г.Шийлэгдамба “Би аавдаа, танд л эрхэлдэг шүү” гэж надад дандаа хэлдэг байсан л даа. Тэгэхээр би хэтэрхий их эрхлүүлсэн байна. Өөрөө хүнд хэцүү байдалд орохоороо нөгөө хүмүүсийн шахалт дарамтад орж,  өөрт нь тусалж дэмжиж явсан намаа, хүнээ, даргаа ийм байдлаар гүжирдэж, гүтгэж байгаа нь  туйлын их харамсал төрүүлж байна.  

Мөрдөн байцаах  шатанд шалгагдаж байгаа хүн хэзээ ч телевизээр гарч юм ярьж, мөрдөн байцаах ажлын нууцыг задруулах эрх байдаггүй. Мөрдөн байцаах ажилд шалгагдаж байгаа хүн  мөрдөн байцаах нууцыг хамгаална, хадгална гэж гарын үсэг зурдаг. Г.Шийлэгдамбаар тэгж гарын үсэг зуруулсан байж л таараа. Угаасаа хуулиар тэгдэг юм чинь. Гэтэл  зориуд “Цензургүй яриа”-аар бүр бэлдээд, хаа байсан 2006 оны Х.Баатарын хэргийг сөхөж  гаргаж ирээд, түүнтэй холбоод мөрдөн байцаах ажлын нууцыг задруулж, худлаа Н.Энхбаяр гэдэг хүнийг гүтгэж, МАХН руу дайруулж байгаа  үйл ажиллагаа нь сонгуульд намайг оруулахгүй, сонгуульд МАХН-ыг оруулахгүй байх гэсэн бусармаг үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэхээс өөр арга байхгүй.

Г.Шийлэгдамба над руу янз янзаар дайрахаас гадна улс төрийн мэдэгдэл хийж байгаа шүү дээ. “Н.Энхбаяр дарга ирээд намын ажил муудлаа” ч гэх шиг. Нөгөө авсан өгсөн гээд байгаа мөнгөнийхөө асуудлыг ярихын оронд тэрийгээ бид нар руу гүжирдэж гүтгэчихээд дээр нь бас намын ажилд дүгнэлт өгөөд сууж байдаг.  Ингээд бодохоор  ерөөсөө улс төрийн үйл ажиллагаа байхгүй юу. Тиймээс энэ мөрдөн байцаах үйл ажиллагаа хүчингүй болсон гэсэн үг. Энэ бол зохиомол хэрэг байсан гэдэг нь дахин батлагдаж байгаа юм.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор танай намын санхүүгийн албаныхныг шалгасан хэвээрээ байгаа юу?  

-Тийм ээ. Г.Шийлэгдамбын, энэ хууль хяналтын байгууллагын дэглэсэн жүжигт тоглосны дагуу, тоглож хэлсэн үгийн дагуу манай намын хүмүүсийг шалгаж байна. Шалгаад зогсохгүй айлган сүрдүүлж, баривчилж, хорьж цагдаж байгаа. Тийм учраас энэ урвалт, шарвалт, хариуцлагагүй, сэтгэлийн хат тэнхээгүй байх нь улс төрийн ийм өндөр алба хашиж байгаа мөртлөө, ийм нялцгай нойтон байх нь эргээд хамт ажиллаж байгаа хүмүүст нь хортой байна. Цаад утгаараа шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж байгаа ард түмэнд хортой байна. Тийм учраас би одоо “хуурай" дүү гэж нэрлэж байснаа “нойтон” дүү гэж нэрлэж болох болов уу гэж бодож байна л даа.

-Ингээд ярихаар өөрийн эрхгүй намын санхүүжилт рүү орчихож байгаа юм. З.Баянсэлэнгэ сайдыг ч мөн  намаа санхүүжүүлэх гэж барилгын салбарынхныг тэмтэрч эхэллээ гэсэн шүүмжлэл гарч байсан. Ер  нь  нам яаж  санхүүжих ёстой юм бэ.  Өнөөдрийг хүртэл улс төрийн намууд, УИХ нэг шийдэлд хүрч чадаагүй байгаа?  

- Намаа санхүүжүүлж байгаа өнөөгийн хэлбэрийг би маш хурцаар шүүмжилдэг юм. Ний нуугүй хэлэхэд заавал энэ нам,  тэр нам гэж  буруу юм хийчихээд бусад руу дайруулж байгаа юм шиг хэлэх хэрэггүй. Гэхдээ яг ний нуугүй хэлэхэд, бид буруу юм хийгээгүй. Бидний намаа санхүүжүүлж байгаа, тав арван төгрөг олж байгаа, урд, хойд хормойгоороо нэг нэгнээ нөхөж байгаа явдлыг хоёр том намтай харьцуулах юм бол хүүхдийн тоглоом. Тэмээ ямаа, тэнгэр газартай  адилхан  тийм  жижигхэн  асуудал.

-Яагаад?

-Хэмжээгээр нь ойлгомжтой ш дээ. Та нар өөрсдөө судлах юм бол ямар намын хүмүүс ямар намдаа хэдэн тэрбум төгрөг өгсөн гэдгээ хэвлэл мэдээллээр ний нуугүй зарлачихсан байгаа. Тэрбум төгрөг гэдэг чинь өнөөдрийн ханшаар таван зуун мянган доллар. Тэр Г.Шийлэгдамбатай холбоотой мөнгийг арав дахин нугалж байна гэсэн үг. Яг тэр ярилцлага өгч байсан үетэй нь харьцуулах юм бол тэр үед долларын ханш арай бага байсан байх. Төгрөг арай чанга байсан гээд бодоход долоон зуун тавиас найман зуун мянган доллар. Гэтэл энэ Г.Шийлэгдамбатай холбоотой мөнгийг арван тав зургаа дахин нугалчихсан их мөнгө ярьж байна шүү дээ. Нэг л хүний асуудлаар яриад байна. Энэ мэтээр хэд хэдэн хүн ярилцлага өгөөд мэдээлчихсэн  байгаа. Тийм учраас би зүйрлэх юм бол “тэмээ, ямаа хоёр” гэж хэлээд байгаа хэрэг. Гэтэл  яагаад ганцхан МАХН руу, Н.Энхбаяр руу дайраад байгаа юм бэ. Энэ бол их ойлгомжтой зүйл. Сонгууль эхэлж байна. Удахгүй сонгууль боллоо шүү дээ. 2012 онд юу боллоо. Н.Энхбаярыг л баривчилж сонгуульд оруулахгүй юм  сан гэсэн үйл ажиллагаа явагдсан. Дөрвөн жилийн дараа яг энэ хэрэг давтагдаж байна. Гэхдээ ард түмэн одоо хууртахгүй ээ. 2012 онд магадгүй олон нийт  Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд яасан юм бол доо гэх зэргээр эргэлзэж байсан байж магадгүй. Тэрийг би хүндэтгэн үзэж байгаа. Шүүх хурал хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод шууд явсан учраас үнэхээр Н.Энхбаяртай холбоотой хэрэг нь  инээдтэй, хэрэг биш юм байна гэдгийг ард түмэн ойлгосон.

Дараа нь Л.Гансүхийн хэрэг гэж гарч ирсэн. Бас хэрэг биш юм байна аа гэдгийг ойлгосон. Хоёр зуун мянган төгрөгөөр зардаг байсан нүүрсийг наян мянган төгрөгөөр, бараг 2.5 дахин буулгаж зараад тэрнээсээ тав, арван төгрөгийн ашиг унагаана гэдэг бол бүх л нийгэмд, ялангуяа зах зээлийн эдийн засаг хөгжсөн нийгэмд хийдэг л ажил шүү дээ. Харин тэр хоёр зуун мянган төгрөг байсан нүүрсний үнийг дөрвөн зуун мянга болгоод зөрүү хоёр зуун мянган төгрөгийг нь өөрсдөө авч байсан бол тэр гэмт хэрэг. Харин үнийг нь 2.5 дахин буулгачихаад тэндээсээ хэдэн төгрөгийн ашиг олж байсныг гэмт хэрэг болгож, нэг хүнийг буруутгаж, шоронгийн хаалга татуулж байгааг би буруу гэж бодож байгаа. Энэ бол Ардчилсан намын дотоодын тэмцэл ийм маягаар илэрч байна. Гадаад тэмцэл нь намайг хэлмэгдүүлэх маягаар илэрч байна. Монголд өнөөдөр шударгаар сонгууль болохоо больсон байна.

Ард түмнээ мэхэлж, хуурч байна. Гол өрсөлдөгчдөө орон шоронд хийж байна. Дахин өөрсдөө ноёлж суух замаа засах гэж улайран тэмцэж байна шүү дээ. Санхүүжилтийн хувьд эрс өөр зарчмаар шийдэх ёстой. Үүнийг би анх удаа ч ярьж байгаа юм биш.  Би Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа Цагаан сараар УИХ-д суудалтай намуудын дарга нарыг урьж нийгэмд тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцдог байсан. Нэг удаа бүр зориуд тэр уулзалтаа зөвхөн намуудын санхүүжилтийн асуудлаар ярьж “Төсвөөс санхүүждэг болгоё” гэсэн асуудал дэвшүүлж байсан. Харамсалтай нь намууд хүлээж аваагүй. Зарим хүн яагаад заавал төсвөөс авах гээд байгаа юм гэж шүүмжилдэг л дээ.

Ардчилсан оронд  намууд байхаас өөр арга байхгүй. Намгүй ажил байдаггүй. Нам нь үйл ажиллагаа явуулах ёстой, сонгуульд оролцох ёстой юм чинь тэр намд мөнгө хэрэгтэй. Бид бие биенээ хуураад яах юм бэ. Хурал зохион байгуулна мөнгө хэрэгтэй. Намын гишүүд хандив өгдөг, татвар төлдөг. Хүрэлцэх ч  юм байна, хүрэлцэхгүй ч юм байна. Тиймээс л  намууд сүүлийн хорь гаруй жил бизнесмэнүүдээс их хэмжээний мөнгө татаж амьдарч байгаа. МАН ч тэр, АН ч тэр. Ялангуяа энэ хоёр том нам. Яагаад гэвэл засгийн эрхэнд гарч байгаа, гарах магадлалтай намуудад бизнесмэнүүд их хэмжээний мөнгө өгөх сонирхолтой байдаг. Яагаад мөнгө авсан нам засгийн эрхэнд гарахаараа  хандивлагчиддаа  ашигтай шийдвэр гаргадаг. Ингээд бизнес, улс төрийн ойр дотно холбоо сүлбээ үүсдэг. Үүнийг олигарх нийгэм гэдэг. Олигархууд намуудын буруу санхүүжилтийн системээс төрсөн байхгүй юу.

-Үүнийг засч залруулах арга байхгүй юу?

-Үүнийг засъя л даа.  “Хэн мөнгө өгч байна, тэр хөгжмийн аяыг захиална” гэж ярьдаг.  Жишээлбэл, Тавантолгойн ордыг ярихад тав арван хүн их хэмжээний мөнгийг хоёр том намд өгөөд сүүлд нь Тавантолгой гэсэн маш том ордыг өөрсддөө авч байна, үгүй бол авах гэж оролдож байна. Гэтэл юун нэг хүн битгий хэл гурван сая хүнийг тарган цатгалан амьдруулах тийм их хэмжээний баялаг байхгүй юу. Тэгэхээр намуудад тодорхой хэмжээний санхүүжилт өгөөд ард түмний өмчийг бас булааж байгаа байхгүй юу.  

Намуудын санхүүжилт өнөөдрийнх шиг  байгаа цагт Тавантолгой ард түмний гарт хэзээ ч очихгүй. Олигархуудын гарт л очно. Тэгэхээр төсвөөс санхүүжиж байж намууд хариуцлагатай болно. Ард түмнээсээ шалтгаалдаг болно. Ард түмэндээ эргээд Тавантолгойг өгдөг болно. Ийм л зарчмыг хэрэгжүүлье. Манай “Шударга ёс” бүлгийн гишүүд ярьж байгаад санхүүжилтийн яг ийм хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ төслийг хэлэлцэх ажлыг хийхгүй байна. Үүний цаана мэдээжийн хэрэг З.Энхболд гэдэг хүн өөрөө хийхгүй байгаа гэж би бодохгүй байна. Тэгж таамаглаж байна. Харин нөгөө Ардчилсан намд, үгүй бол Ардын намд мөнгө өгөөд сурчихсан том, том компанийн эзэд “Битгий хийгээч ээ, төсвөөс битгий санхүүжүүлээч, ард түмний хараанд битгий орооч, бид өгье” гээд өнөөдрийн хуулийн системийг хадгалж үлдээх гэж ямар нэгэн байдлаар далдуур нөлөөлж байна. 

Тэр нөлөөнд нь автаж байна. Тэр нөлөөнийх нь дагуу З.Энхболд дарга одоогийн системийг нь хадгалж үлдээгээд, эргээд тэр баячуудын захиалгаар сонгуулийн дараа ямар нэгэн юм хийх гэж байна. Дээр нь МАХН ядуу юм чинь, МАХН-д битгий мөнгө олдоосой, мөнгөгүй хатаах юм сан, сонгуульд оруулахгүй байх юм сан гэсэн далд санаа явагдаж байгаа байхгүй.  Г.Шийлэгдамба баригдсанаас хойш ийм муухай балмад ажиллагаа ил болчихлоо.

-Зарим улс төр судлаач, ажиглагчид Сонгуулийн хуулийг АН, МАН гээд томоохон намд ашигтай батлагдсан.  Тиймээс  намууд хоорондоо эвсэж нэгдвэл Сонгуульд оноо авна гэж үзэж байгаа. Энэ нөхцөлд танай нам яг ямар сонголт хийхээр төлөвлөж байна. МАН-ын дарга танай намтай нэгдэх байр сууриа ч хэвлэлээр илэрхийлсэн байгаа шүү дээ? 

-Би хоёр том намын дарга нарт хэлсэн. Сонгуулийн хууль туйлын хариуцлагагүй хууль болсон. Энэ бол цэвэр АН, МАН хоёрын хуйвалдаж гаргасан хууль. Жижиг намуудыг шахна гэсэн хууль. Жишээлбэл, мажоритар тойрог дээр нэг ч гишүүн сонгогдоогүй бол пропорциональ байдлаар авсан саналыг нь хүчингүйд тооцно гэж. Тэгэхээр ерөөсөө энэ Сонгуулийн хууль утгагүй хууль байхгүй юу. Ганцхан энэ заалт нь Сонгуулийн хуулийг бүхэлд нь утгагүй болгож байгаа. Эрх зүйн хувьд хоёулаа адилхан “легитм” шинж чанартай сонгууль болж байна ш дээ. Тэгэхээр тал сонгууль нь хүчингүй, тал сонгууль нь хүчинтэй юм шиг байж болохгүй. Энэ хоёр зарчим нэг, нэгнээсээ шалтгаалах ёсгүй. Хоёулаа хүчин төгөлдөр байх ёстой. Мажоритар тойрогт нэг хүнийг сонгож чадаагүй ч гэсэн хувь тэнцүүлсэн системээр авсан саналаараа нам УИХ-д суудал авах хэмжээний оролцсон бол орох л ёстой. Тэгэхээр энэ хоёр нам бол их эрдэж, дахиад МАНАН-г үүсгэе гэсэн тохироо явсан л гэж би ойлгодог. Харамсалтай нь манай “Шударга ёс” эвслээс тодорхой хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан ч гэсэн энэ бүх байдлыг анзаарч чадаагүй.   

Би  З.Энхболд дарга, Ардын намынханд хэлсэн. Шал утгагүй хууль юм байна. Хуучин хуулиараа явах байсан юм аа гэж.  Өөрсдөө ч энэ дотор маапаантай саналууд олон орсон байна гэж хэлж байна лээ. 2012 оны сонгуулиар намайг мэдлэг боловсрол нь дутуу, ёс зүйгүй гэсэн байдлаар сонгуулиас  хассан ш дээ.  Гэтэл би одоо бодоход энэ УИХ-д сонгогдсон гишүүдийн хэнээс нь миний мэдлэг боловсрол дутуу,  хэн нь надаас илүү ёс зүйтэй вэ гээд бодохоор би илүү биш юм аа гэхэд хэнээс нь ч дутуу биш гэдэг нь ойлгомжтой байгаа юм.
Одоо бас энэ сонгуулийн хуульд бүр хорин хэдэн заалт орчихсон байгаа. Хүнийг сонгуульд өрсөлдөх эрхийг үзэмжээр нь хасах, Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг нь хасах заалтууд орчихсон байгаа. Ёс зүйгүй л гэнэ, муу хүн л гэнэ, нэр төргүй л гэнэ. Тэрийг ард түмэн мэдэж сонгодог байхгүй юу. Тэгэхээр нэр дэвшигчийн сонгогдох эрхээс гадна ард түмний сонгох эрхийг нь мөн хязгаарлаад байгаа юм. Н.Энхбаярыг ард түмэн сонгоё гэж байхад нь хасаад хаячихаж. Энэ луйврын сонгууль чинь хичнээн удаан үргэлжлэх юм бэ. Энэ ард түмний амьдрал хичнээн удаан ингэж доошоо орох ёстой юм бэ. Үүнийг л эсэргүүцээд байгаа юм. Тийм учраас би энэ тэмцлээ тууштай явуулна.

-Тэгэхээр “Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн” гэдэг шиг Сонгуулийн хууль батлагдчихсан учраас нэгдэх, эвсэх  урьдчилсан  төлөв  гарсан  болов уу?

-Ийм муу нөхцөлд ч гэсэн бид чадах ядахаараа сайн ажиллах ёстой. Ард түмэндээ үүнийг ойлгуулах ёстой. Бид тэр утгаараа нээлттэй байгаа. Ардчилсан намтай, Ардын намтай бусад намуудтай ч эвсээд хамтран ажиллах бололцоо байгаа. Бид тэднийг судалж байна. Яг эцсийн шийдвэр өнөөдөр гараагүй. Үүд хаалгыг ерөөсөө цоожилж, түгжиж болохгүй. Бидний хувьд одоохондоо бүх юм нээлттэй байгаа. Яахав би “Ногоон нам”-тай хамтран ажиллах санамж бичигт Цагаан сарын шинийн нэгэнд гарын үсэг зурсан. "Ногоон нам"-ын хувьд их олон санал аваагүй ч гэсэн өнөөгийн хуулийн нөхцөлд эхний гуравт бүртгэлээрээ бичигддэг нам. Тийм учраас бид олон түмний дэмжлэгтэй нам гэж өөсрдийгөө үзэж байгаа. Дэмжигчдийн тоог нэмэхээр төлөвлөж байна. "Ногоон нам"-ын хувьд бидэнтэй хамтраад УИХ-д өөрийн гэсэн төлөөллийг бий болгоод ногоон хөгжлийн бодлогыг төр засгийн бодлогын нэг хэсэг болгож явъя гэсэн сонирхол байгаа.

-Сүүлийн үед МАХН-ыг зарим нам шиг ганц хүний өмч нам гэх өнгө аяс ажиглагдаж байна. Та үүнтэй санал нийлэх үү. МАХН-ын бусад намаасаа ялгарах онцлог нь яг юу юм бэ?

-Манай нам үзэл баримтлалын хувьд “социал демократ” үзэлтэй. Энэ нь тодорхой хэмжээний төрийн зохицуулалттайгаар улс төр, нийгэм эдийн засгийн асуудлыг шийднэ. Сүүлийн үед  нэг хүний нам гэх зэргээр ярьж байна. Манай намын онцлог бол “Лизертэй” нам гэж манайхан ярьдаг. Бусад намын хувьд лизергүй. Тэгэхээр лизертэй намыг хүмүүс андуураад нэг хүний нам гээд яриад байгаа юм. Үнэхээр “Н.Энхбаяр”, “МАХН” гэсэн хоёр брэнд байна. Үүнийг нөгөө өрсөлдөгчид маань ярихдаа нэг хүний нам, нэг хүн бүхнийг шийднэ гэж ойлгодог. Бидний хувьд бол ардчилсан зарчмаар бүх юмаа дотроо шийддэг, ярилцдаг. Гэхдээ би өөрийгөө намынхаа гишүүдийн өмнө хүлээсэн үүрэг, ард түмнийхээ итгэлээр илүү их хичээж зүтгэх ёстой л гэж боддог юм. Ажиллах ёстой, намын ажил бол 24 цаг хийдэг ажил. Төрийн ажил шиг өглөө долоо, наймд ирээд орой тав, зургаа гээд явчихдаг ажил биш. Шөнө ч гэсэн ард түмэн хаана зовж байна  тэнд очиж ажиллах ёстой гэж үздэг. Би өөрөө тэр утгаараа үлгэр жишээ байхыг хичээдэг.  Энэ утгаараа нэг хүний нам шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ би үүнээс айж ичихгүй, манай намын гишүүд ч айж ичээд байсан зүйлгүй. МАХН зохион байгуулалттай нам, лизертэй нам.

- Тэгэхээр өнөөдрийн цаг үетэй холбоотой асуудлаар таны байр суурийг сонсъё.  УИХ, Үндсэн хуулийн цэцийн хооронд чамгүй хугацаанд маргаан өрнөсөн.  Хэн нь хэнийгээ  хууль зөрчсөн гэдэг байдлаар бие биенээ буруутгасаар байна. УИХ, ҮХЦ-ийн даргыг ч эргүүлэн татсан. Болж  байгаа  үйл  явдалд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ, ҮХЦ хоорондоо хуулийн маргаан гэхээсээ илүү улс төрийн  тэмцэлд орчихлоо. Ялангуяа энэ УИХ-ыг,  цэцийг толгойлж байгаа хувь хүмүүсийн хооронд эвлэршгүй хурц тэмцлийн хэлбэрт орчихлоо л доо. Бид тэрэнд нь татагдаж орж байгаад их харамсаж байна. УИХ бол уг нь хууль тогтоох байгууллага. Хууль тогтоох ажлаа л хийх ёстой. Их хурлын дарга гэдэг хүн ганцаараа дур мэддэг байж болохгүй. Их хурлын дарга бол Их хурлыг хэвийн ажиллахад нь тусалдаг л хүн. Би өөрөө УИХ-ын  дарга байж үзсэн. Байж үзсэн хүний хувьд хэлэхэд ерөөсөө эрх мэдлээ хэтрүүлэх хэрэггүй. Эрх мэдэл гэх ч юм тэнд байхгүй л дээ. УИХ-ын дарга гэдэг чинь эрх мэдэлтэй ч хүн биш. Ерөнхий сайд нь илүү эрх мэдэлтэй. Мөнгө захиран зарцуулахаас авахуулаад хамгийн их эрх мэдэлтэй хүн нь Ерөнхий сайд.  Харамсалтай нь өнөөдөр тэр байдал алдагдаад УИХ-ын дарга гэж Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй, Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдэлтэй, бүх юмнаас илүү эрх мэдэлтэй хүн болж байгаа нь буруу. Энэ талаар би З.Энхболд даргад өөрт нь хүртэл зөвлөсөн.  Сайн санаж л  зөвлөж байгаа ш дээ.  

Энэ байдлаа засаад хамт ажиллаж байгаа намуудтайгаа зөвшилцөөд, бий болоод байгаа зөрчлийг хамтран  хэлэлцээд, тохиролцоод явбал  энэ хямралыг амархаан  давах байх гэж бодож байна.  Яг одоогийнх шиг гүжүүдлээд, хамт ажиллаж байгаа нэг нэгэн рүүгээ дайраад л би түрүүн хэлсэн ш дээ. Шадар сайд бол гуйгаад байх ажил ч биш. Манай намын  квот байхгүй юу. Энэ квотоо авъя гэхээр л янз янзаар хэлээд,  янз янзын  тодотгол зүүгээд, доромжлоод  байгаа нь улс төрийн соёл  байхгүйн л шинж. УИХ-ын дарга Их хурлын танхимыг эвдрэл хагарлын үйл ажиллагаанд ашиглаж байгаа  нь  харамсалтай л юм болж байна.  

-Монгол Улс ирэх 15 жилд баримтлах хөгжлийн урт хугацааны бодлогоо Сар шинийн өмнөхөн баталсан.  Түүнийгээ яаж төлөвлөж бий болгох тал дээр ч  хуультай  боллоо. Энэ хэр чамбай болсон гэж харж байна. Яагаад энэ асуултыг тавьж байна вэ гэхээр Үндэсний хөгжлийн анхны цогц бодлогыг таны удирдаж байсан МАХН  хэлэлцэж байсан. Батлах үед та төрийн тэргүүн ч байсан?  

-Тэгэхээр би Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа санаачилга гаргаад Үндэсний хөгжлий цогц бодлого гэсэн бодлогын төслийг эрдэмтэдтэй хамт боловсруулаад эрдэмтдийн багийг уралдуулаад, сайн багийн бодлогыг суурь болгож аваад дээрээс нь бусад багуудаас боловсруулсан саналыг нэмээд цогц бодлого гаргаж байсныг тод санаж байна. Сая УИХ Үндэсний хөгжлийн тодорхой урт хугацааны бодлого боловсруулж баталлаа. Аль, аль нь манай эрдэмтэн судлаачдын санаа бодлыг шингээсэн, чадах ядахаараа л боловсруулсан бодлого гэж бодож байна. Гэхдээ нэг зүйлийг би анзаараад байгаа юм. Тэр үед ч, одоо ч энэ бодлогыг боловсруулж байгаа гишүүд маань их зориггүй байна. Би тэр үед ч гэсэн “Гурван тавын бодлого” гэж малчид, оюутнууд, ард түмэндээ хэлж тайлбарлаж байсан. Жил бүр эдийн засгаа 15 хувиар өсгөе. 15 жилийн дараа нэг хүнд 15 мянган доллар ноогддог улс орон болж хөгжье гэсэн бодлого барьж байсан. Тухайн үед Өмнөд Солонгостой ойрхон очихоор тооцоолж байсан.

Одоо Солонгосын нэг хүнд ногдох ДНБ 30 гаруй мянган доллар болчихсон. Манайх 4500 орчим л байна. Тэгэхээр энэ бодлого сайн хэрэгжсэнгүй. Сайн хэрэгжүүлэхийн тулд УИХ дахь  намууд сайн ажилласангүй. Одоо эргээд харахад тэр бол их зориг муутай бодлого байж. Илүү том зорилт дэвшүүлж болох байсан байна лээ. Зориг муутай бодлого бол өөрөө үр дүн авчирдаггүй юм байна. Монголын бүтээн байгуулалт сүүлийн тавь, жар, далан онуудад хүчтэй явсан. Тэр үед их том зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээнэ, Монголын бүх ард түмнийг боловсролтой болгоно. Эрүүл мэндийн үйлчилгээнд бүгдийг нь хамруулна гэх зэрэг их том зорилтыг зоригтой дэвшүүлсэн байж. Тэр үед ЗХУ гэсэн том орон манайд тусалж байсан болохоор тэр том орны зүгээр л жирийн бодлого нь манайд асар том бодлого мэт харагдаж байсан ч байж магад. Тэгээд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр хийж байсан учраас тэр үед их зоригтой хөдөлж байжээ. Одоо бид нарт зориг их дутаж байна. Саяын бодлого ч их зориг муутай болж гэж бодож байна. Тавьж байгаа зорилтууд нь их зориг муутай байна. Тэгэхээр энэ бас л зорилгодоо хүрэхгүй  байх аа гэж санаа зовж байна.

- Таныг  Монгол Улсын өрийг бууруулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн  гэж хардаг. Өнөөдөр манай Засгийн газрын өр даацаасаа хэтрээд байна л даа. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ийм их өр тавилгүйгээр байгалийн баялгаа ашиглаад хөгжих маш их бололцоо байгаа. Харамсалтай нь үүнийг харж чадахгүй байна. Харсан ч хийж чадахгүй байна. Үгүй бол ард түмэндээ байгалийн баялгаа өгөхийн оронд цөөн хэдэн хүн хуйвалдаж аваад өөрсөддөө мөнгө босгох хэрэгсэл гэж бодоод байгаа учраас энэ өр тавьж улсаа хөгжүүлэх гэсэн бодлого нь давамгайлаад байна л даа.

Тэгээд өр тавихдаа их өндөр хүүтэй өр тавьж байна. Эргээд энэ өрийг ард түмэн төлөх шаардлагатай болж байна. Өнөөдөр монгол хүүхэд төрөөд л  арван мянган долларын өртэй болж байна ш дээ.  Ингэж дааж давшгүй их өрөнд орох юм бол Монгол Улс дампуурлаа зарлана. Тийм учраас өр нэмэгдүүлэх бодлогоо  болих хэрэгтэй. Тэр байгалийн баялгаа нийт ард түмний ашиг сонирхолд нийцүүлж зарцуулах бодлого руу шилжих юм бол энэ асуудлыг шийдэж болно.  Бусад орон харин бидэнд өртэй болно. Бид бусад оронд зээл өгдөг, бусад орныг өртэй болгодог энэ бодлого руу бидний боловсруулсан “Арав, гуч, жар” гэсэн бодлого хөтлөн оруулна. 2016 оны сонгуульд ард түмэн хариуцлагатай хандах юм бол ийм цаг ирнэ гэж би хэлэх байна.

- Та 1990 оноос хойш 20 гаруй жил улс төрд зүтгэхдээ Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж явсан хүн. Тэгвэл өнөөдөр ингэж янз бүрээр хэлүүлэн, хэлүүлэн  улс төр рүү “улайрах”-ын  учир юу байна вэ?

- Ард түмэн өнөөдөр ийм ядуу зүдүү байгаа цагт бол Н.Энхбаяр нь байна уу, хэн ч бай улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэх үүрэгтэй. Би ард түмнээс сонгогдож байсан Ерөнхийлөгч. Ард түмний Ерөнхийлөгч гэж намайг тодотгодог  байсан. Тэр утгаараа би ард түмэндээ насан туршдаа  өртэй. Өрөө төлөх ёстой. Өрөө төлөхийн тулд ийм идэвхтэй байр суурь барих ёстой. Амиа бодоод гэртээ унтаад л, хооллож ундлаад, гадаадаар тэнэж зугаалаад явах нь  хамгийн амархан. Тэгсэн бол орон шоронд ч орохгүй, хэлмэгдэхгүй, өмч хөрөнгөө ч булаалгахгүй янз янзаар хэлүүлэхгүй. Тэр бол их амиа бодсон хүний л ажил. Ард түмэнд өргүй гэж бодсон хүний ажил.

Би бол ард түмэнд өртэй учраас хийж чадна гэж мэдэж байгаа. Намайг ард түмэн бүгдээрээ биш юмаа гэхэд олонх нь яагаад дэмжээд байгаа вэ гэхээр би сайндаа биш. Би тийм мундаг ч хүн биш байх. Хамгийн гол нь өнөөдөр төрийн өндөрлөгт гарчихсан гэх юм уу, төр засгийн өндөр албан тушаалд гарсан хүмүүс ард түмний сэтгэлд хүрч ажиллаж чадахгүй байна. Тэд өөрсдөө муу ажиллаж байгаадаа дүгнэлт хийхийн оронд яагаад ч юм Н.Энхбаяр буруутай, Н.Энхбаяр ямар нэгэн аргаар ард түмний толгойг эргүүлээд өндөр нэр хүндтэй байгаад байна, Н.Энхбаярын л буруу гээд над руу дайраад байдаг. Надтай "ноцолдох" тусам миний нэр хүнд улам л өсөөд байгаа байхгүй юу.  Надад ямар буруу байхав дээ. Энэ нь болж байна, энэ нь болохгүй гээд ялгаад хэлэхээр ард түмэн намайг дэмжиж байна.

Тиймээс би ард түмэндээ өртэй. Энэ өрөө төлөхийн тулд ажиллаж байгаа. Цаашдаа ч ажиллах болно.

- Танд баярлалаа.

Сэтгүүлч Д.Даваадулам. Ж.Мөнхөө

Нийтэлсэн: Д.Даваадулам

Н.Энхбаяр: Надтай "ноцолдох" тусам миний нэр хүнд өсдөг   
Үзсэн: 1745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-02-29 22:20
Мундаг
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2016-02-29 17:28
энэ хүний тухай юу ч бичмээргүй байна огиудас хүрч байна

Бидэнтэй нэгдээрэй