Шууд Chart

Р.Бурмаа: Би давхар дээлтэй ч дан дээлний хуулийг хамгийн түрүүнд дэмжинэ

2016-03-04 18:02:46

Монголын Үндэсний радиогийн Улс төр, хууль зүйн редакци “Асуулт байна” ярилцлагын дугаартаа УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмааг урьж оролцууллаа. 

-Малчны зээлийн хүүг 10 хүртэл хувь болгон бууруулсан шийд яах аргагүй малчдын анхааралд байна. Яг ямар шалгуур хангасан малчдад энэ зээл хүрэх юм бэ?

-153 мянган малчин өрхийн 120 мянга нь 222 мянган төгрөгийн  зээлтэй. Энэ зээлийн хүү нь жилийн 30 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй зээлтэй байна. Малчдад тогтмол орлого байхгүй. Тиймээс малчдаа дэмжье, малчдын зээлийн хүүг бууруулъя гэсэн шат дараалсан арга хэмжээг авч байна. Цагаан сарын өмнө Төрийн банкнаас 17400 гаруй харилцагчийн 40.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 18 хувь, сарын 2.5-1.5 хувийн хүүнд шилжүүлэн бууруулж шийдвэрлэсэн. Төрийн банкин дээр байгаа бүх харилцагчийн 40.7 тэрбум төгрөгийн зээлийн хүү ингэж буурсан. Бусад арилжааны банкуудад тухайлбал, "Хаан" банкинд 180 тэрбум төгрөгийн өртэй байна. Эдгээр арилжааны банкууд Төрийн банкны жишгийг дагаад хүүгээ бууруулах байх гэж харж байгаа.

Засгийн газрын хуралдаанаар “Сайн малчин” хөтөлбөр батлагдсан. Одоогоор нийт малчдын 0.1 хувь нь сайн малчнаар  шалгараад байгаа. Нийт малчид маань сайн малчдын жишгийг дагах, сайн малчин болох, туршлагаа олон түмэнд хүргэх, төрөөс тэднийг санхүү бодлогын хэмжээнд, бусад олон талаар дэмжих хөтөлбөр юм. Энэ нь дотроо дэд хөтөлбөрүүдтэй. Нэг нь мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулсан хөнгөлөлттэй зээлийн дэд хөтөлбөр. Энэ сарын 15-наас эхэлнэ. Шинээр олгож байгаа энэ зээлд гурван шалгуур тавина. Малаа эрүүл байлгах, цаг хугацаанд нь тарилга, угаалганд хамрагдсан байх, малчид өөрсдөө болон гэр бүлийн хүмүүсээ Эрүүл мэндийн даатгалд  хамруулсан байх ёстой. Мөн “Малчин” дансаа ашигладаг байх гэсэн үндсэн гурван шалгууртай. Эдгээр шалгуурыг хангасан бол шинээр олгох зээлийн хүүг жилийн 30 хувь биш 10 хувь, сарын 2.5 хувь биш 0.8 хувийн хүүтэй олгоно. Ингэж хэрэглээний биш үйлдвэрлэл эрхэлж байгаа, аж ахуй эрхэлж байгаа гэдэг утгаар нь малчдаа дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгож байгаа хэрэг.

- Арилжааны банкууд  энэ хөтөлбөрт сайн дураараа хамрагдах байх?  

- Энэ хөтөлбөрт оролцох боломж арилжааны банкуудад нээлттэй. Бид санал тавина. Төрийн банкаар дамжуулан юуны түрүүнд энэ зээлийн хүүг бууруулах үйл ажиллагааг хийж байгаа. Төрийн банк гэдэг утгаараа төрөөсөө хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж байна.   

-Баруун таван аймгийн малчид махаа экспортод гаргах боломж бүрдэж байна. Сая гэхэд л Хятад руу мах гаргалаа. ОХУ-ын хувьд манай 10 аймгийг "эрүүл бүс" гэж зарлаад мах авах боломж нь бүрдсэн гэж байна.  Одоо  энэ ажилд малчид ямар үүрэг хүлээх вэ? 

-Юуны түрүүнд мах хүнс учраас хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс мал эрүүл байх хэрэгтэй. Тиймээс малчдын зүгээс малаа цаг хугацаанд нь тарилга туулга, угаалганд хамруулах, малын эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээнд байнга орж байх хэрэгтэй. Нөгөө талаараа бид малын эмч нараа чадавхжуулах, лаборатори, малын эм бэлдмэл бэлддэг био комбинат болон бусад лабораториудынхаа хүчин чадлыг нэмж сайжруулж байна. Ингэж л тал талдаа хичээж байж энэ асуудлыг шийдвэрлэнэ. Мөн тогтолцоогоо сайжруулах ажил хийж байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсанаар эрх зүйн орчин нь илүү сайжрах зэрэг олон талын цогц арга хэмжээнүүдийг авч байна.  

Хоёрдугаарт, малыг төхөөрөхдөө олон улсын стандартад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрүүдэд төхөөрөх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Одоогоор бид нийт хүнсэнд хэрэглэж байгаа махны дөнгөж найман хувийг л үйлдвэрийн аргаар боловсруулан хэрэглэж байна. Голдуу гар аргаар махаа эвдэж янзалдаг.  Гэтэл  гадныхан  үйлдвэрийн аргаар эвдсэн байхыг шаарддаг. Тиймээс махны үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх чиглэлээр одоо байгаа  аж ахуйн  нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байна.  

Жишээ нь, 100 тэрбум төгрөгийн махны нөөц бүрдүүлэх, мах экспортлоход нь зориулсан зээл энэ долоо хоногт шийдэгдээд гарч байна. Цаашид махны 12 үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлээр авахаар боллоо. Ингэснээрээ  хил орчимд  өндөр хүчин чадалтай махны 12 үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байна.  

-Махны экспортын ажил цаашдаа тогтворжих боломжтой гэж үзэж болох уу?

-Эхлэл нь тавигдлаа. Эрэлт, хэрэгцээ нь байна. ОХУ л гэхэд 150 мянган тонн үхрийн мах авч болно. Хонь, ямаа, адууны махан дээр квот тавихгүй. Оросын талаас мах авъя гэсэн санал тавих юм бол бүх зүйл боломжтой. Хятадын талаас эхний ээлжинд нэг тэрбум долларын мах, махан бүтээгдэхүүн  авах боломжтойг илэрхийлсэн.

-Өнөөдөр Монгол орны 130 гаруй сум зудтай, зудархуу байна гэсэн мэдээлэл байна. Та саяхан орон нутгийн хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзсан. Сүүлийн үеийн мэдээллээс бидэнд хүргээч?

-Орон нутгийн хөдөө аж ахуйн дарга нартай уулзаж байхад бэлтгэлээ сайн хийсэн газрууд дажгүй байна. Өвс, тэжээл нөөцөө бэлдсэн аймгууд боломжийн гэсэн үг л дээ. Бэрхшээлтэй байгаа орон нутагт Онцгой байдлын комиссоор дамжуулан мал эмнэлэгийн унаа, мөн Засгийн газраас тодорхой мөнгөн дүнг баталж өгсний дагуу хүндрэлтэй байгаа аймаг, суманд түлш,  мөнгө зэргийг шилжүүлж байна. Өвсийг 100 хувь үнэгүй, харин тэжээлээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгч байгаа. Манай яамны зүгээс хамтран ажилладаг НҮБ-ын болон бусад байгууллагуудад хүсэлтээ өгсөн. Малчдад малын тэжээл, гурил, эм бэлдмэл зэрэг тусламж хэрэгтэй гэсэн хүсэлтээ тавьсан.  

-Засгийн газар гадны донор байгууллагуудад хандаж тусламж хүссэн. Ингэж тусламж хүсэх зайлшгүй шаардлага байсан юм уу. Биднийг цас, зуданд  малаа хиаруулсан хэцүүхэн улс гэж бодох юм биш үү. Ялангуяа АСЕМ-ын хурал болох гэж байхад гэж зарим хүн бодож  байж  болох...?

-Бид аль болох өөрийн нөөцөөр орон нутгаа, малчдаа дэмжээд  явж  байна. Бүх яам өөр өөрийнхөө нөөцийг гаргаж байна. Жишээ нь, ЭМСЯ гэхэд л тэнд байгаа малчид, жирэмсэн эх, бага насны хүүхдийн эм, эмчилгээн дээр судалгаа хийгээд ажиллаж байна. Манай яамны хувьд малын өвс, тэжээл бэлдэх тал дээр нь Онцгой байдлын комисстой хамтраад  ажиллаж байна. Чиг үүргийнхээ дагуу л ажиллаж байна.

-Бичин жилийн зудын тухай ярьсаар байсан ч өнөөдөр малчид нэлээн хүндхэн байдалтай тулчихлаа. Зарим хүн “Малчид яагаад энэ эрсдлээ өөрсдөө урьдчилж тооцож, даатгуулж болдоггүй юм бэ” гэх юм?

-Үүнийг л бид  тодорхой бодлогоор  үйл ажиллагаандаа тусгаад байгаа хэрэг. Тухайлбал, малчдад хүүгийн хөнгөлөлттэй зээл  олгохдоо малаа индексжүүлсэн даатгалд хамруулсан байх гээд сайн малчны шалгуурыг тавьсан. Мөн давхар даатгалын асуудлыг ч бид ярьж байна. “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүх л малчид энэ сайн малчинд тавьдаг шалгуурыг биелүүлэхийн төлөө хичээх хөшүүрэг бий болж байгаа юм.

-Тоон мэдээллээс харахад нийт малын 7 хувь нь эрсдлийн  даатгалд  даатгуулсан  байсан. Бага хувь хэмжээ гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна билээ? 

-Даатгалын төрлийг нэмэх шаардлага байна. Индексжүүлсэн даатгал гэдэг нэг л төрөл байдаг. Одоо давхар даатгалын асуудлыг нэлээн анхаарч ажиллаж байна. Мөн газар тариалан дээр даатгалын үйлчилгээ нэвтрүүлэх, тэрийг нь давхар даатгалд олон улсын түвшинд даатгадаг болох тал дээр холбогдох байгууллагуудтай хамтраад ажиллаж байна. Хуульд  ч  ийм заалтууд орсон.

-Өнгөрсөн нэгдүгээр сард батлагдсан Газар тариалангийн тухай хуулийг өөрчилснөөр тухайн салбар зах зээлийнхээ зарчмаар хөгжих боломж бүрдлээ гэж та нар тодорхойлж байсан.  Яг яаж хөгжих хөшүүргийг нь энэ хуульд бий болгож өгсөн үү?

-Өмнө нь төрөөс  нэг тн үр тарианд 170 мянган төгрөг өгнө гэсэн л гол урамшуулал байсан. Зарим тариалангийн холбоо, бүлэг жагсаал цуглаан хийж, төрд нөлөөлөх замаар улаанбуудайн үнийг нэмэх гэх мэтчилэн ажил явж ирсэн байна.  Одоо бол тийм биш. Дэмжлэгийг мөнгөн, мөнгөн бус хэлбэрээр  үзүүлэхээр хуульд маш тодорхой заалт орсон. Тухайлбал, ган болж ургац алдсан тариаланчдад нөхөн олговор олгох, усалгаатай тариаланг дэмжих чиглэлээр  тариаланд хэрэглэж байгаа усыг татвараас чөлөөлнө. Мөн хөрсөндөө ээлтэй технологи ашиглах, хөрс хамгаалахдаа ашиглаж байгаа  бордоо, бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалиас чөлөөлнө. Хөрсөнд элдэв нөлөөгүй тоног төхөөрөмж  трактор, комбайн, машин механизмыг оруулж ирэхэд мөн  НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх гээд татварын бодлогоор дэмжиж байгаа.

Нөгөө талд төр тариаланчдаас технологийн дагуу газар тариалангийн үйл ажиллагаагаа явуулах, хөрсөө муутгаагүй байх гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьж байна. Мөн тариалангийн газрыг дөчин жилээс дээш хугацаагаар эзэмших, ашиглах, газраа барьцаалаад зээл авах зэрэг эрхийг нь нээж өгч байна. Өмнө нь 15 жил газар эзэмшиж, ашиглах эрхтэй байсан шүү дээ. Дээр нь "Тариалан эрхлэгчдийг дэмжих сан" зөвхөн өөрийнхөө мэдлийн өмчийн улаанбуудайг хадгалдаг, 30 хувийн ашиглалттай явж ирсэн. Тэгвэл одоо баталгаат агуулах болгоод бусад тариаланч, гурилын үйлдвэрүүдийн тариаг хадгалж болно. Энэ баталгаат агуулахад байгаа улаанбуудайгаа барьцаалаад тариаланчид зээл авч болно. Тариалангийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулдаг, хөрсөө муутгаагүй 40-өөс дээш жилийн хугацаанд газар эзэмших эрхээ авчихсан хэвийн үйл ажиллагаа явуулдаг тариаланч нь  ирээдүйд намар хурааж авах ургацаа барьцаалаад зээл авах эрх нь нээгдэнэ. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулаад арилжаа хийхэд энэ найдвартай тариаланчаас бид нар тариаг нь авна гэдэг гэрээг гурилын үйлдвэр хийчихдэг. Энэ хэлцлийг нь үндэслээд зээл авах эрхийг нь нээж өгч байна.

Тэгэхээр ийм олон аргаар энэ зах зээлийнхээ зарчмаар явах боломжуудыг нь нээлттэй болгож байна. Мөн хуулиар анх удаа тариалангийн бүс нутгийг тогтоож өглөө. Ингэснээрээ бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдсөн олон асуудлыг нь шийдвэрлэж өгч байна. Эрчимжсэн мал аж ахуйтай хоршиж ажиллах боломжийг нээж өгч байгаа. Өмнө нь  тариалангийн бүс нутагт байдаг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид  газрын зөвшөөрлөө авч болдоггүй, фермерийн аж ахуйгаа ч  бүртгүүлж болдоггүй,  газар  нутаг нь газар тариалангийнх болохоос мал аж ахуйнх биш гэсэн байдлаар хандаж байсан.  Тэгвэл Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй байж болохоор хуульчиллаа. Ингэснээр эрчимжсэн аж ахуй эрхлэгчид аж ахуйгаа  бүртгэлжүүлээд, барьцаалаад зээл авдаг, зах зээлийнхээ зарчмаар явах боломжуудыг нь нээж өгч байна. Мөн тариалангийн бүс нутаг маань эрчимжсэн мал аж ахуйтайгаа хоршиж, бие биенээ дэмнэж ажиллах боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал, таримлын нэг сэлгээнд нь малын тэжээл тарихыг дэмжиж өгч байна.

-Тариалангийн талбайд мал ороод талхалчихдаг гээд малчид, тариаланчид зөрчилдөх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд хүлээх хариуцлагыг хууль, журмаар зохицуулсан уу?

-Байгаа. Тариалангийн талбайн 500 метрийн дотор мал байхгүй. Тариалангийн бүстэй ойрхон өвөлжөө, хаваржаа байвал  нэг удаа нүүх зардлыг нь тариаланч гаргахаар хуульд заасан. Мөн тариалангийн талбай руу нь мал орж, үр тариаг нь идэж, сүйтгэсэн бол хохирлыг нь төлөх гэсэн зохицуулалт орсон. Мөн одоо орон нутаг нь өөрсдөө бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүстээ тусгайлсан газар гаргаж өгөх үүрэг хүлээж байгаа.

-Засгийн газраас хэрэгжүүлж байсан гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжээд дууссан гэж Засгийн  газар  дүгнэдэг. Тэгвэл энэ хавраас эхлээд мах, гурилын үнэ тогтвортой байх нөхцөлийг яаж  бүрдүүлж байна. Гурилын үнэ бас өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад сүүлийн саруудад нэмэгдсэн байгаа?

-Улсын инфляцийн түвшин 1.9 хувиар буурахад махны үнэ гол нөлөө үзүүлсэн. Махны үнэ өмнөх жилүүдэд 4-6 сард байнга өсч ирсэн байдаг. Тиймээс махны үнийг тогтворжуулахын тулд махны нөөц бэлдсэн аж ахуйн нэгжүүдтэйгээ хэлцэл хийж тэднийг хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж байна. Өнгөрсөн долоо хоногт  энэ зарыг үйлдвэрлэгчдэд хүргэсэн. Стандартын дагуу зоорьтой, түүндээ махаа нөөцөлсөн, нөөцлөх боломжтой, мөн мах боловсруулах, төхөөрөх үйлдвэрүүд хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломжтой. Ингэснээрээ бид малчдаас мах, махан бүтээгдэхүүнийг нь авах, малчдын бэлдсэн байгаа махыг авахад дэмжлэг үзүүлж байна.

Гурилын хувьд 128 мянган тонн улаанбуудай гаднаас импортлохоос өөр аргагүй. Мөн 40 мянган тонн гурил импортлож байж дотоодынхоо хэрэгцээг хангана. Тэгэхээр энэ импортын эрхийг авах аж ахуйн нэгж гурилын үнийг нэмэхгүй байх үүрэг хүлээх байдлаар бид зохицуулалт хийж байна.

-Та Шинэчлэлийн Засгийн газрын зарим бодлого, үйл ажиллагааг хатуухан шүүмжилдэг байсан. Өөрийн намын  эрх баригчдаа шүүмжилсэн нь шахалтад ороход хүргэсэн гэж хүртэл мэдэгдэж байсан. Одоо та Шийдлийн Засгийн газарт ажиллаж байна. Хажуугаас нь шүүмжлэх, багт нь ороод ажиллах хоёрт ялгаа их байх юм уу? 

-Шүүмжилж байгаад өөрөө давхар дээлээ тайлахгүй байна гэж шүүмжлүүлээд байгаа л даа. Би сонгуулийн  хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Нэлээд реформын шинжтэй өөрчлөлтүүдийг  хийсэн.  Тухайлбал, Сонгуулийн хандив, санхүүжилтийг ил тод хуваарилах, мөнгөнөөс хамааралтай байдлыг багасгах, сонгуулийн  маргааныг  хурдан  шуурхай  шийддэг байх гээд шударга сонгуулийн зохицуулалтыг нэлээн их оруулсан. Тэгээд энэ хуулийн  ажлын хэсгээ орхиод явна гэхэд аль, аль намын УИХ-ын гишүүд “Та УИХ-ын гишүүнээрээ бай. Хэдийгээр ХХАА-н сайд байсан ч сонгуулийн жилээр олон жил ажилласан туршлагаараа сонгуулийнхаа хуулийн ард гарах хэрэгтэй” гэж хэлж, зөвлөж байсан л даа.  

Тэгээд энэ хууль өнгөрсөн оны сүүлээр амжилттай батлагдлаа. Энэ Сонгуулийн хуульд миний олон жил  хуримтлуулсан туршлага, гадаад улс орнуудаас авч нэвтрүүлэх юм сан гэж бодож байсан заалтууд орж чадсан. Сонгуулийн  хууль өөрөө төрийг цэвэр байлгах, төрд сонгогдох гэж байгаа хүмүүс мөнгөөр биш өөрийнхөө мэдлэг чадвараар сонгогчдоосоо гарч ирэх нөхцлүүд бүрдсэн, ялангуяа шинээр орж ирж байгаа эмэгтэйчүүд, залуучуудын боломжийг нээж өгсөн Сонгуулийн хууль болсон.

Өргөдлийн байнгийн хорооны дарга байх үед надад нэлээн их өргөдөл ирж байсны дийлэнх нь орон нутгаас ирсэн. Тухайлбал, малын, маллагаатай холбоотой асуудал их ирж байсан. Малын бэлчээр алдагдаад байна, уул уурхайн компаниуд авчихлаа. Өвөг дээдсээс өвлөж ирсэн бэлчээр нутаг маань нэг мэдэхэд лицензэд орлоо гэсэн өргөдөл их ирдэг байсан. Засгийн газар руу үүний хариу болгож зөвлөмжүүдийг явуулдаг байсан. Зарим нь хариулна. Зарим нь бөөрөнхийлнө. Яг тодорхой тэр асуудлыг шийдвэрлэсэн хариулт тун ховор ирнэ. Энэ нөхцөлд УИХ-ын  гишүүний хувьд иргэдийн саналыг хүргээд энэ асуудлаа шийд гэж шаардахаас цаашгүй байлаа л даа. Гэхдээ энэ асуудлыг гаргаж тавьж асуудлыг хэлэлцдэг, шийддэг байдлыг  анх удаа Өргөдлийн байнгын хорооны түвшинд бий болгосон.  Одоо бол байнга  тогтмол хэлэлцүүлэг хийдэг, газар дээр нь очиж ажилладаг жишиг Өргөдлийн байнгын хороон дээр хэвшил боллоо.  Дараа нь энэ Засгийн газрын гишүүн, ХХАА-н  сайд болсны дараа тухайн иргэдээс, малчдаас ирдэг байсан өргөдөл, гомдлын араас  хөөцөлдөөд явж байсан нь бас хэрэг болж байна.

УИХ-ын гишүүн байх, сайд болох хоёрын ялгаа нь асуудлыг шийдэх боломжтойд байгаа юм. Зүгээр хэн нэгэн хүн рүү цаас явуулахаасаа илүүтэй газар дээр нь шийдвэрлээд явах боломжтой. Тухайлбал, малын хулгайтай тэмцэх чиглэлээр 109 гэсэн үнэ төлбөргүй лавлах утсыг бий болгосон.  Утсаа цагдаатай  холбож өгсөн. Малаа хулгайд алдчихлаа гэсэн мэдээллийг малчин өгөхөд  мэдээллийг Цагдаагийн байгууллага давхар авна. “ДИ-ДИШ” сувгийн зараар гарна.  

Мөн бэлчээрийн асуудал байна. Уул уурхайд хөрөнгө хаядаг хүмүүс энэ салбараас ихээхэн орлого олно гэсэн хүлээлт байсан бол үгүй  юм.  Хөдөө аж ахуй, тэр тусмаа мал аж ахуйгаас ихээхэн хэмжээний орлого олох боломжтой гэдгийг нотолж байгаа нэг жишээ нь махны экспортын үүд  хаалгыг  нээж  өгч байгаа явдал.  

Үүнийг бид нотолж чадсаныхаа дараа Бэлчээрийн тухай хуулиараа хөдөө аж ахуйн эдэлбэр газраа хамгаална.  Өнөөдөр энэ их эмзэг байгаа юм.  Учир нь  манай яам газрыг  ашигладаг. Тэгсэн мөртлөө бүртгэл нь Барилга, хот байгуулалтын яамд байдаг. Газрын хамгаалалт нь болохоор Байгаль орчны яамд байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай газрыг хамгаалдаг болохоос биш хөдөө аж ахуйн эдэлбэр газар дээр анхаарал тавьдаггүй. Нэг мэдэхэд энэ газрыг Уул уурхайн яам  ашиглуулж, эзэмшүүлэхээр өгөөд явчихдаг. Гэтэл энэ хөдөө аж ахуйн суурь болж байгаа бэлчээр нэгдүгээрт, эзэнгүй, хоёрдугаарт, хамгаалалтгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ сууриа бэлдэж байна. Төрөөс хүнс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг баталчихсан. Одоо Бэлчээрийн тухай хуулийн төслийн эхний хувилбарыг бэлдэж байна. Сая хөдөө аж ахуйн удирдах ажилтны семинар дээр Бэлчээрийн тухай хуулиар санал  авлаа. УИХ-ын хаврын чуулганы эхэнд төслөө  өргөн барина.

Би хүнс хөдөө аж ахуйн салбарт өмнө нь ажиллаж байгаагүй. Гэсэн ч Өргөдлийн байнгын хороонд ажиллаж байхад хөдөө аж ахуйн эдэлбэр газраа хамгаалах нь маш чухал юм байна гэдгийг иргэдээс ирсэн санал гомдол, өргөдөл дээр  үндэслэн  ойлгосон. Энэ  бол надад үлдсэн гүн бат итгэл үнэмшил.

Монгол орон хөдөө аж ахуй дээрээ хөгжинө. Хөдөө аж ахуйн хөгжлийн үндсийн үндэс нь бэлчээр, тариалангийн газар нутаг. Тариалангийн хуулиараа тариалангийн газар нутгаа хамгаалах зохицуулалтыг хийж өглөө. Бэлчээрийнхээ хуулиар бэлчээрээ хамгаалах ажлаа хийнэ. Үүний тулд би Хүнс хөдөө аж ахуйн сайдын ажлыг хийе, хийхийн төлөө явна гэсэн зорилго тавьсан.

-Та өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа давхар дээлтэй байхыг эсэргүүцдэг байсан. Тэгвэл одоо энэ  байр  суурь чинь өөрчлөгдсөн гэсэн үг үү?
- Өөрчлөгдөөгүй. Одоо давхар дээлийн асуудал орж ирвэл би хамгийн түрүүнд дэмжиж саналаа өгнө. Засгийн газрын гишүүн тусдаа байх гэсэн энэ хуулийн төсөл маань харамсалтай нь хамгийн сүүлийн мөчид уначихсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдийгээр тэр хууль нь уначихсан ч гэсэн тэр үзэл баримтлалыг дэмжээд тухайн үед Засгийн газрын гишүүдийнхээ талыг нь гаднаас, талыг нь УИХ-ын гишүүдээс оруулж ирсэн.  Тэр үзэл баримтлалыг дэмжээд Засгийн газраа бүрдүүлж байхад нь би тэр тоонд багтсан учраас энэ танхимд  ороод явж байгаа. Одоо ч гэсэн энэ дан, давхар дээлийг зохицуулсан хууль орж ирэх юм бол би хамгийн түрүүнд  л дэмжинэ.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр олон жил ажиллаж, судалсан, баг ахалж  ажиллаж  байсан  гишүүний хувьд асууя. Ардчилсан нам, Ардын нам хоёроос бусад нь энэ хуулийг шүүмжилдэг. Хоёр том намаас бусдыг нь гарч ирэх боломжийг хаасан хууль болсон гэдэг?

-Хуулиа бүрэн унших юм бол нэлээн сайн ойлголт авах  байх. Тухайлбал, сүүлийн хоёр сонгуульд зардал арав дахин  нэмэгдсэн байсан. Энэ байдлаар явуулаад байх юм бол мөнгөтэй хүн л сонгуульд орно. Ийм л байдалтай байсныг өөрчилж  мөнгөний хүчин зүйлийг нэлээн сайн багасгасан. Ингэснээрээ шинэ намууд, жижиг намууд бие даан нэр дэвших хүмүүст ч боломж бий юм. Сонгуулийн системийн хувьд бол хуучнаараа л байгаа. 2012 оноос дордсон юм байхгүй.  Яг л адилхан.

-Сонгуулиар тухайн нам 5 хувийн босго давсан ч гэсэн нэр дэвшигч тойрогт ялаагүй бол УИХ-д суудалгүй болно. Энэ бол хоёр намд л зориулагдсан заалт гэж шүүмжилж  байна.  Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Тэр бол олон улсын жишигт байдаг.  Таван хувийн босго давах ёстой. Түүн дээр тойргоос нэг суудал авах ёстой. Олон улсын жишиг ч ийм. Тэгэхгүй бол манай орон уудам газар нутагтай, нэг хэсэг нь тойргоо төлөөлдөг, гуравны нэг нь намын жагсаалтаар ордог ийм систем байна ш дээ. Гэтэл тойргийн төлөөллөө хаячихаад зөвхөн намын нэр гэдгээр гарч ирчихээд парламентад суудалтай нам гээд яваад байх нь учир дутагдалтай.  Ядаж нэг суудал ав гэдэг шалгуур тавих нь зөв зүйтэй. Зөвхөн нэг хүнээс хамааралтай, нэг хүний нэрийн дор явдаг намын бодлогод таалагдахгүй байж болно.  Бид    улс орны эрх ашгийг бодож энэ хуулийг хийж  байгаа. Нэг, хоёр хүн ч юм уу, нэг, хоёр хүн дагасан нам, нэг аж ахуйн нэгжийг тойрсон  намуудын эрх ашгийг биш нийтлэг эрх  ашгийн дагуу хуулийн зохицуулалт байдаг. Түүний дагуу л хийсэн.

-Та аль нутгийнх билээ?

-Аав, ээж маань Дорнод аймгийн Баян-Уул сумынх. Би Улаанбаатар хотод төрж, өссөн. 52 дугаар сургуулийг төгссөн.

- Тэгэхээр мал аж ахуй, хөдөөгийн амьдралаас хөндий байх нь ээ?

-Монголчууд бүгдээрээ л малч ухаанд суралцсан ард түмэн. Энд хөдөө, хотын ялгаа байхгүй. Миний өвөө Улсын сайн малчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой малчин хүн байсан. Би Дорнодын Баян-Уулдаа зуны амралтаараа өвөө, эмээ дээрээ очиж тусалж л явсан. Монголчууд бидний  өөрсдийн зөн ч байгаа. Амьдрах орчин, байгаль, ахуйтайгаа харьцдаг бүхий л ухаан бидний мах, цусанд байгаа. Хотод төрсөн гэдгээрээ ангид байх зүйл ерөөсөө биш. Бидний амьдралд хамгийн  ойр.

-Та сайд болсныхоо дараа энэ салбарын зарим хүний эсэргүүцэлтэй тулж байсан. Өнөөдөр ойлголцол ямар түвшинд байна?

-Хуучин арга барилаар ажиллахыг санагалзсан зарим хүн байсан л даа. Жишээ нь, сайддаа зөвлөх ч гэдэг юм уу, сайддаа  нөлөөлж жагсаал цуглаанаар асуудлыг шийдвэрлэх гээд л. Би бол хуулийн дагуу хэн нэгэн хүнээс үл хамаарах тэр л механизмыг бүрдүүллээ. Тэрнээс биш сайд улаанбуудайн үнийг зарлах шаардлагагүй, тэнд энд гэж асуудлыг шийдэхгүй.  Ном ёсоороо найдвартай технологийнх нь дагуу газар тариалангаа эрхлээд явж байгаа аж ахуйн нэгжүүдэд боломж бололцоо бүгдэд нь тэгш бөгөөд нээлттэй байна. Энэ л боломжийг бүрдүүлж өгсөн.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Р.Бурмаа: Би давхар дээлтэй ч дан дээлний хуулийг хамгийн түрүүнд дэмжинэ  
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-07 12:05
хятадын буриад халх голыг зарсан
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-03-07 09:34
ХУДАЛЧ ХҮН.ЯАХ ГЭЖ САЙД БОЛСИЙН?

Бидэнтэй нэгдээрэй