Шууд Chart

Г.Түмэннаст: Төр эсвэл гэр бүл компанийн эзэн байгаа цагт баялгийг зохистой хуваарилах боломжгүй

2016-03-30 16:35:41

Америкт хүн амынх  нь нэг хувь болох  хэт  баячууд үндэсний нийт баялгийн 40 хувийг  дангаараа хүртдэг бол хүн амын 80 хувь нь бүх баялгийн ердөө долоон  хувийг  эзэмшдэг дүн гарсан байдаг. Ийм  дүнг  төсөөлөх нь байтугай зүүдлээ ч үгүй Америкчууд алмайрсан тухай нэг хэсэгтээ л хэвлэлүүд шуугисан. Харвардын их сургуулийн судалгааны энэ дүн   олны  анхаарлыг  нийгмийн баялгийн хуваарилалт  руу  ч  эрхгүй  татсан.  

Баялгийн хуваарилалт,  хүртээмжийг  “байгалийн  баялаг”-аар төлөөлж,  ярьж,  хэлэлцэх  нь бидний хувьд энэ нэр томьёог   өргөн хүрээнд  улс төрийн  бус  өнцгөөс  харах хэрэгцээ  байгааг зарим тоо баримт сануулж байж  болох юм. Ингэж  бодоод нийгмийн баялгийн хуваарилалт, тэгш бус байдал, засаглалын чиглэлээр судалгаа хийдэг МУИС-ийн багш, социологич  Гэлэнхүүгийн Түмэннасттай ярилцлаа.

-Нийгмийн  баялаг гэж  юуг хэлж байна. Түүний хуваарилалтыг хэрхэн хэмждэг вэ?

-Нийгмийн баялгийн хуваарилалтын талаар үндэсний  хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг олж  тогтооход  төвөгтэй.  Гэхдээ Олон улсын болон дотоодын байгууллагууд тодорхой хэмжээгээр дүр зургийг нь  гаргаж  тавьж байна.  

Нийгмийн  баялаг  гэхээр энгийнээр  тухайн улс оронд нэг  өрхийн  өөрсдийнх нь хяналтад байгаа захиран зарцуулах эрхтэй, өмчилж байгаа  өмчлөл, орлого гэж  ойлгож  болно.   Жишээлбэл, тухайн улс үндэстэн бүр дээр баялгийн асуудал яригддаг  шиг  өрхийн түвшинд ч бас яг  адилхан зарчимтай. Тухайн улс үндэстэн хэр зэрэг баялагтай байна,  хэр зэрэг өртэй байна гэдэгтэй л  адил.

Тэгэхээр тухайн өрхийн өөрийнх нь захиран зарцуулах, бодит орлого нь юу байна. Хувьцаа эзэмшиж байна уу,  хадгаламжтай эсэх, зээл төлбөр юу байна. Энэ  бүгдээс  зарлагаа  хасаад  эцсийн бүлэгт  тэр  өрхөд юу  үлдэж байна  гэдгийг ярина.   

Ингэж л тухайн улс үндэстний хэмжээнд баялаг яаж хуваарилагдаж байгааг судлаачид  гаргаж ирдэг. Нийгмийн баялгийн хуваарилалтыг   бодит өмч хөрөнгө  гэдэг утгаар нь судлахад их төвөгтэй. Яагаад гэвэл тэтгэвэр тэтгэмж, цалин хангамж,  дээр нь  хамаатан садангаас  мөнгөн тусламж, дэмжлэг гэх зэргээр янз бүрийн хэлбэрээр тухайн өрхөд орлого орж ирдэг. Дээр  нь  янз  бүрийн хэлбэрээр өр зээл тавьдаг  гээд  цэвэр баялгийг тооцоход төвөгтэй байдаг.

Харин зарим байгууллага орлого, хэрэглээ, зарлагын үзүүлэлтээр дамжуулаад баялгийн хуваарилалтыг авч үзээд  байгаа   юм.  

-Та Хөгжлийн чуулган дээр тавьсан илтгэлдээ Монголын Үндэсний  хөгжлийн хүрээлэнгийн  2015 оны  судалгааны  дүнг  гол  болгож байсан. Энэ судалгаагаар Монголын нийт өрхийн 0.28 хувь нь чинээлэг, 14.13 хувь нь өндөр орлоготой,  20 орчим нь дунд,  40 гаруй хувь нь бага орлоготой,  таван өрх тутмын нэг нь нэн ядуу гэж тодорхойлсон байсан?

-Энэ бол Монголын  төрийн судалгааны институци болох Монголын үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгааны    дүн.  Монголын бодит байдал руу харьцангуй ойртсон  дүн  гэж үзэж  болно.   

-Эдгээр тоо баялгийн хуваарилалтыг харуулж байгаа нэг хэлбэр мөн үү?

- Тийм. Энэ  судалгааны дүнг   нэг үзүүлэлт гэж үзэж болно.  Тухайлбал, Олон улсын байгууллагууд, Дэлхийн банк энэ  чиглэлээр судлаад Монголын нийт өрхийн 10 хувьд,  өөрөөр  хэлбэл, 70 гаруй мянган өрхөд Монголын үндэсний нийт  орлого, хэрэглээний 20 гаруй хувь,  мөн  амьжиргааны  түвшин өндөр байгаа  20 хувьд нь нийт орлого, хэрэглээний 40 гаруй хувь  нь  оногдож байна гэсэн дүн гаргасан байдаг. Энэ  бол баялаг хуваарилалтын нэг үзүүлэлт  мөн л дөө.

-Энэ дүнгээс харахад баялгийн хуваарилалт нь яаж  явагдаж  байна.  Нэг тал руугаа  хэлбийгээд байна  уу. Аль эсвэл манайх шиг хөгжиж байгаа  улс оронд  дамждаг л шат уу?

-Нэг талаас дэлхийн аль ч улс оронд, хөгжилтэй улс оронд ч гэсэн  эдийн засгийн байдлаараа иргэд нь  тэгш бус  байгаа.  Тэгш бус байдлаараа харилцан адилгүй түвшинд байна уу, үгүй юу гэж үзэхээс баялаг тэгш бус хуваагдаагүй улс орон гэж байхгүй.  Гэхдээ  гол асуудал нь   тодорхой хэмжээнээс  илүү хуваарилагдах,  хуваарилалт   гажиг байдлаар  явагдах,   тэр нь эргээд нийгмийн байдал, нийгмийн хөгжил,  нийгмийн сайн сайханд  олон талаар сөрөг  нөлөө  үзүүлэх  хандлагатай  байна уу  гэдэгт  анхаарах  ёстой.

Түрүүний ярьсан судалгааны  дүнгүүдийг манайхан  няцаадаг. Энэ бол төрийн байгууллагын албан ёсны статистик баримтанд тулгуурласан учраас бодит үнэнээс зөрсөн. Бодит байдал дээр  нийт өрхийн нийгмийн дээгүүр түвшний  чинээлэг 10 хувь  нь  нийгмийн баялгийн 40 хувийг хүртэж  байгаа гэсэн тоог ч хэлдэг. 

Гэхдээ  энэ  бол хүмүүсийн ярьдаг “хар тоо” биш  шүү.  “Хар цифр”  гэсэн ойлголт байдаг л даа. Тухайлбал, тухайн  улс  оронд гарсан  гэмт  хэрэг бол бодит хэргийн тоотой дүйхгүй, бүрэн илэрхийлж чадахгүй гэсэн үзэл санаа. Авлига,  албан тушаалын буюу  “цагаан захтан”-ы  гэмт хэргийн  тоо бол  “Мөсөн уулын зөвхөн орой юм шүү” гэдэгтэй адилхан. Гэсэн  ч  бид  албан ёсны статистикт  тургуурлаж  хэлэлцэх шаардлагатай.    

-Тэгвэл өөрийн тань яриад байгаа судалгааны дүн нийгмийн баялгийн хуваарилалтын  байх  ёстой  хэм хэмжээ  мөн  үү?   

-Бидний яриад байдаг өндөр хөгжилтэй, өндөр технологитой  АНУ-ын тухайд яръя л даа. Томоохон судлаач,  бодлого боловсруулагчдын дундах  халуун мэтгэлцээнд  АНУ-ын  тэгш бус хуваарилалтын тухай асуудал ч ордог. Тиймээс  дээрх үзүүлэлт дэлхийн хаана ч байхгүй дүн гэж цочирдох хэрэггүй. Ялангуяа чөлөөт зах зээлийн дэглэмийг гол болгоод төрийн бодлогын дахин  хуваарилалтыг харьцангуй бага хэрэгжүүлдэг улс орнуудад тэгш бус байдлын ийм үзүүлэлтүүд   гарч ирэх магадлалтай. Харин умардын, Скандинавын хойгийн орнууд, баруун Европын эх газрын орнуудад   нийгмийн баялгийг дахин хуваарилах бодлогыг төрөөс хүчтэй явуулдаг учраас тэгш бус байдлын индекс нь харьцангуй бага гардаг.  Ядуурлын үзүүлэлт цочирдоод байх түвшинд  хүрдэггүй. Тэртээ тэргүй зах зээл өөрөө орлогыг   тэгш бус хуваарилдаг.  Яагаад гэвэл авьяас чадвартай хүмүүс нь  зах зээлээс илүү орлого олох, бизнесээ эрхэлж  ашгаа олох бололцоотой тийм л нийгэм шүү дээ.  Тогтолцооны онцлог  нь  ийм. 

-Таны тайлбар дээр үндэслээд төрөөс явуулж байгаа бодлого, бидний эдийн засгийн харилцаанд оролцож байгаа оролцоо  болоод байна гэж ойлгож болох  уу?

-Энд  хоёр зүйлийн дүгнэлт гарч  ирнэ.  Ийм  байдлаараа явж болохгүй гэдгийг  судлаачид хэлж  байгаа.  Үр дагавар нь ч гараад эхэлсэн. Жишээлбэл, манайд зах зээл хөгжөөд 20 жил болж байна. Ямар ч нийгэмд олонхийг  сайн сайхан байдалд хүргэе  гэвэл  эцсийн дүндээ эдийн засгийн системээс л хамаарна.  Аж үйлдвэржилт сайн хөгжих ёстой.  Илүү олон хүмүүс ажилтай, орлоготой, цалинтай байх ёстой. Энэ утгаараа манайхан энэ процесс рүүгээ явж байна. Дан ганц уул уурхайгаас  хамааралтай   байдлыг  өөрчлөхийг  хичээж,  зорьж  байна. Хоёр дахь нь 1990 оноос хойш манайх гэнэтийн ядуурал руу  орсон.  Тэр үед гадны судлаачид  “хэдийгээр дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ нь бага, ядуу  боловч  хөгжсөн орнуудын жишгээр үзэхэд ядуу хүн байгаагүй” гэж дүгнэсэн байдаг.  Тэр үед ядуу хүн байгаагүй нь өмнөх тогтолцооны онцлог  байсан. Тэгтэл 90 оны дараа гэнэт ядуурлын цөм рүү орсон.  36 хувь нь ядуу болсон.  Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд  ядуурлын  30 хувь  нь  дорвитой бууж өгөөгүй.  Өнөөдөр хорин хэдэн хувьтай явж  байна.  Энэ нь ядуурлыг бууруулах  төрийн  бодлогын  үр нөлөө хангалттай  байж  чадаагүй  гэдгийг  харуулж  байгаа  хэлбэр.

-Дахиад тоо баримтанд тулгуурлаж яръя л даа. Банкны нийт хадгаламжийн  80 хувь  нь нийт хүн амын 3 хувьд  төвлөрч байна.  Бас санхүүгийн зах зээлийн хөрөнгийн  95 хувь нь  зөвхөн арилжааны банкинд,  гэтэл банкны  хөрөнгийн 80 орчим хувь нь гурван банкинд төвлөрч байна  гэсэн дүнг та  илтгэлдээ ашигласан. Энэ тухайд?

- Монголбанкны өөрийнх нь экспертийн хийсэн судалгааны дүн.  Эдийн засгийн салбарт байгаа  хөрөнгийн төвлөрөл нь өөрөө   нийгмийн баялгийн хүртээмжийг  хязгаарлаж байгааг хэлж байгаа хэрэг. Жишээлбэл, банкинд байгаа мөнгө нь цөөхөн хэдэн хүнд төвлөрч, хадгаламж  нь цөөхөн  гэр бүлийнх байгааг хэлээд  байна л  даа. Ингээд харахаар зөвхөн дан ганц  банк биш, зах зээл дээр сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, бензин шатахуун  гээд  цөөхөн хэдэн салбарт  хөрөнгийн төвлөрөл мөн л өндөр байдаг. Энэ нь  зах зээлийг илүү олон хүнд хүртээмжтэй байлгах  боломжийг   хумиж  байна  гэсэн  үг. Нөгөө талдаа  эрсдэл өндөртэй.

-Тэгвэл  нийгмийн баялгаас олон нийтийн хүртэх  хувь хэмжээг  нэмэгдүүлж, тэлэхийн тулд  төр нь,  иргэд нь юу хийх ёстой юм  бэ? 

-Монголд нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт бий болчихлоо гэдэг дүгнэлт   хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байгаа.   Зөвхөн бизнес хийж, баялаг бүтээж байгаа цөөхөн компанийг буруутгаж болохгүй. Энэ бол сүүлийн 20 жилийн  өөрийнх   нь  процессын  үр  дүн. Энд  нөлөөлсөн хүчин зүйлсийг багцлаад үзэх юм бол улс төрийн хүчин зүйлүүд байгаа. Сүүлийн хорин жилийн засаглалын бодлого шийдвэр,  бодлого нь хэрэгжихгүй байгаа байдал,  ашиг сонирхол, авлига, хээл хахуул гээд олон  зүйл орно.  Үүнийг судлаачид бүтцийн хүчин зүйл гэж нэрлэдэг. Жам ёсоороо тэлэх ёстой, хөгжих, оролцох ёстой зүйлсийг  нь хааж  боогдуулж  байсны   үр  дагавар. Хоёр дахь нөхцөл нь манайд өнөөдрийн түвшинд  том хэмжээний компаниудад  л  хөрөнгө  нь  илүү төвлөрөх хандлагатай байна.   Энэ бол зах зээлийн өөрийнх нь бий болгож байгаа зүйл. Зах зээл хөгжсөн  орнууд бүгд л энэ замыг туулаад явсан.  Америкт  л гэхэд  19-р зууны сүүл  20 зууны эхэнд  хэдэн том магнат нийт зах зээл дээр  үнэмлэхүй хэмжээний баялгийг төвлөрүүлсэн байдаг. Нэг ёсондоо хөгжих ёстой зам.  Гэхдээ  улс орнууд үүнийг  задлах бодлого авч хэрэгжүүлсэн  байдаг. Жишээлбэл, хөрөнгийн биржээрээ дамжуулаад хувьчлах, хувьцаа арилжаалах журмандаа хязгаарлалт  хийх, илүү их нийтийн байх, нийтэд хүртээмжтэй  байхыг  уриалах,  хамтарч ажиллах гээд олон туршлага  бий.

Нөгөө талд манайхан хоршоолсон эдийн засгийн тогтолцоог сайн ойлгох хэрэгтэй.  Манайд энэ нь  гажуудсан,  ээдрээтэй замыг туулсан учраас  магадгүй бид энэ үгнээс жийрхэж  байна. Угтаа түрүүний миний хэлээд байгаа тэр корпорациудын баялгийн төвлөрлийг бууруулахын тулд  нэг  том өрсөлдөх  институци  болж гарч ирдэг  бүтэц нь   хоршоолол. Хоршооллын  өмчлөгчид нь хөрөнгө оруулагч жирийн иргэд. Тэд  хамтарч зохион байгуулалтад орж ардчилсан байдлаар хоршоогоо  удирддаг.

Өнөөдөр барууны орнуудад 100 гаруй жилийн өмнө үүссэн хоршоод тодорхой  төрлийн  зах зээлийн 30-40 хувийг эзэлчихсэн тохиолдол олон.  Хэрэглэгчид, жижиг худалдаачид хоршооллоороо дамжуулаад дэлгүүрийн асар том сүлжээг  эзэмшчихсэн,  жирийн иргэд нийлээд аюулгүй байдлаа хамгаалахын тулд хамтын даатгал бий болгоод тэр даатгал нь тухайн улсынхаа  зах зээл дээр  маш том хөрөнгө оруулах боломжтой сан болчихсон,  хоршоолсон  банк  байгуулчихсан жишээ маш олон байна. Манайд хоршооллын  бүтцийг  төрөөс  маш  ухаалгаар,  тодорхой түвшинд засаглалын баталгааг өөрөө хангах,  тогтворжих хүртэл нь  дэмжих  нөхцөлүүд  ч байж болно.  Энэ үед  жирийн иргэд  жинхэнэ  эдийн засгийн хүчтэй болж  ирж  байна.

-Манайд компаниудын өмчлөгч нь төр, гэр бүл гэсэн хоёрхон л хэлбэр бий  гэж судлаач, ажиглагчид шүүмжилдэг. Та ч бас ярьж л байсан. Уг нь бусад улс орон өмчлөлийн  ийм  хэлбэрээс татгалзаад байгаа биз  дээ? 

-Манайд олон нийтийн гэж яриад байгаа компаниудын өмчлөлийн бүтцийг аваад үзэхээр нэг талдаа төр, нөгөө талдаа гэр бүл л байгаа  юм. Манайд хамтын өмчлөлийн, хамтаараа өмчлөгч байх тогтолцоо үгүйлэгдэж байна. Энэ бол баялаг хуваарилах бололцоог хязгаарлаад  байгаа  гол хүчин зүйл. Ямар өмчийн хэлбэр манайд  ноёлох шинжтэй байгааг судалгаагаар  лавлахад   дийлэнх  нь   гэр бүлийн өмч  илүү хүчтэй байна  гэсэн  байдаг.

Өөрөөр хэлбэл, Монголд гэр бүлд  илүү их өмч  төвлөрсөн байна гэсэн үг. Нөгөө талд төрд мөн төвлөрч байна.  Манай топ 100 аж ахуйн нэгжийн  18 хувь нь  л нийтийн компани байдаг. 82  хувь нь нийтэд ч гараагүй, зөвхөн гэр бүлдээ байгаа гэсэн үг. Гэтэл  нийтийнх  гээд байгаа тэр  18 хувийн   компанийн зөвхөн тавхан хувь нь нийтэд хувьцаагаа арилжаалдаг байх  жишээтэй. Гэр бүл өмчтэй байна гэдэг нь  муу, муухай  зүйл  биш л дээ. Харин гадаадын улс орнуудын жишээнээс харвал янз бүр. Топ 100 аж ахуйн нэгжийн 30 хувь  нь  нийтийн компани болчихсон.  Зарим улс оронд 60-70 хувьтай байдаг.  Үлдсэн  20-30  нь   хувийн  өмчийн хэлбэртэй  байдаг ч  зөвхөн манайх шиг хэдхэн гэр бүлийнх байдаггүй. Тэдний 40-50 хувь нь  бас  дахиад  хамтын өмчлөгчтэй, хөрөнгө оруулагчийн институци  өмчилсөн  байдаг. Тэгэхээр энэ  нь зах зээл  хөгжсөн орнуудад нийгмийн баялгийг хуваарилах тогтолцоо эдийн засгийн салбартаа ийм сайн хөгжсөн байдаг  гэдгийг үзүүлж байгаа хэлбэр. Харин манайд хамтаараа байх,  хамтын хөрөнгө гэдэг ойлголт бага байдаг  учраас “хамтын хариуцлага”  гэсэн ойлголт  сул байдаг  болов  уу.

-Үндэсний хэмжээний уул уурхайн компаниудын хувьцааг иргэд  эзэмших  эрхийг  нээсэн  төрийн  шийдвэрүүд   таны хэлээд  байгаа энэ салбарт томоохон дэвшил авчрах байсан  болов уу. Олон нийт ч бас баяртай хүлээж авсан. Одоо харин таг болчихлоо? 

-Нэг арга зам нь энэ мөн. Жишээ нь, тэтгэврийн сан,  даатгалын хамтын сан гээд иргэд хамтаараа эзэмшдэг сангууд  корпорацийн  баялаг өмчийг   хэдий хэмжээгээр   эзэмшинэ,  төдий чинээ хамтын өмчлөлийн  эрх  ашиг  бий болно. Энэ  эрүүл зөв тогтолцоо. Зөв  голдирол.  

-Сая  төрөөс  Тэтгэврийн сан байгуулж  орон сууцны ипотекийн зах зээлд хөрөнгө оруулахаар  боллоо.  Ер нь манайд сонирхол бий болж,   суурь  нь тавигдаж  байна  гэж  үзэж  болох  уу?

-Анхны хөдөлгөөнүүд бий болж байна. Тэтгэврийн сангийн хууль батлагдаад тэтгэврийн сан  ипотекийг санхүүжүүлж байна гэдэг нь хамтын хөрөнгө оруулалтын анхны маш том дэвшил гарлаа гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, гадаадын улс орнуудад  жишээ нь,  Америкт  жирийн нэг багш нарын тэтгэврийн сан гэж байдаг. Тэр сан нь  өөр орны том, том корпорациудад  хөрөнгө оруулаад   өмчлөгч болоод  хөрөнгөө өсгөж  байдаг.   Манайх одоогоор   өөрийн салбартаа хөрөнгө оруулж байна. Ингэж барилгын салбарыг санхүүжүүлснээр дахиад  өөр хэд хэдэн  салбарыг ажилтай, орлоготой  болгож  байна.  Эдийн засагт   их том хөшүүрэг  болно.

-Тэгэхээр та бидний ирээдүйд авах  тэтгэврийн хэмжээ  өсөөд  байгаа   гэж  ойлгож   болох  уу?

-Уг нь тэтгэврийн сангийн гол зорилго нь тэр шүү дээ. Баялгийн хуримтлалыг бий болгох л сан.  Ирээдүйд тэтгэвэр авагчдаа найдвартай эх үүсвэртэй болгох,  найдвартайгаар  барахгүй  өсгөж өгөх ийм бодлого шүү дээ.  Дээрээс  нь  баялгийн сан гэж тусдаа ойлголт байдаг. Тэр том, том орд газрууддаа иргэд бодитой хувьцаа эзэмшдэг.  Тэр хувьцаа нь  хөрөнгийн зах зээлд бодитой  үнэ өртөгтэйгээ байж байдаг.  Ийм систем рүү  явах тэр шаардлага  чинь одоо нийгмийн баялгийг хуваарилах том хөшүүрэг гэж ойлгож болно.

- Танд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Г.Түмэннаст: Төр эсвэл гэр бүл компанийн эзэн байгаа цагт баялгийг зохистой хуваарилах боломжгүй  
Үзсэн: 3281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй