![](/uploads/201604/news/thumb/17b6cf2039d1b966bacb56f6c2315db5_x3.jpg)
-Мэдээлэлгүйгээр амьдрах нь хоолгүй хоног төөрүүлэхтэй адил-
Талх будаа, шатахууны үнэ өсөх, буурахаас эхлээд ажилдаа явах чиглэлийн унаанд хаанаас суух, бүр цаашлаад таны үйлдвэрлэсэн баялаг, хэрэглэсэн бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь татварт явах гэж байна вэ гээд мэдэх хэрэгцээ хязгааргүй. Араас нь хэн, яагаад, яах гэж гээд хөврөх асуулт бүрийн хариуг мэдээллээс л авна.
Энэ бол хүнд заяагдмал төрсөн мэдэх эрх. Мэдэх эрх нь хүний бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх үндэс, суурь болж өгдөг.
Тиймээс ч НҮБ Хүний эрхийн түгээмэл тунхаглалдаа “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” хэмээн тунхагласан.
Монгол Улс Үндсэн хуулиндаа “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” хэмээн мэдэх эрхийг иргэн бүрийн баталгаатай эдлэх эрхүүдэд оруулан заасан.
Мэдэх эрхийг хангах үүргийг төр хүлээдэг. Манайд гол зохицуулдаг хууль нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” түүнийг дагасан Засгийн газрын журам.
Тэгвэл хэрэгжиж эхлээд 5 жил болж байгаа энэ хуулийн үр дүн өнөөдөр ямар байна вэ. Хариултыг Нээлттэй нийгэм форум, “IRIM” судалгааны хүрээлэнгийн ажиглалт, судалгааны дүнгээр өгүүлье.
Олонх иргэд мэдэх эрхээ мэддэггүй
Нийслэлийн Хан Уул дүүргийн 13-р хорооны нутагт элс хайрга олборлодог болсноос хойш малчин н.Цэцэгээд амьдрахад тун хүнд болж. Дээр нь шороо тоос, дуу чимээ гээд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь олон талаар зөрчигджээ. Тиймээс н.Цэцэгээ хайрга, элс олборлох зөвшөөрлийг хэн өгсөн, хэдий хүртэл үргэлжлэхийг эхлээд жолооч нараас, дараа нь Хорооноосоо лавлажээ. Гэсэн ч Хороо нь дүүрэг мэднэ, дүүрэг нь Төв аймаг, аймаг нь Ашигт малтмалын газар гээд өөр өөрөөсөө асуултын хариуг түлхсээр нэг улирлыг барсан байна. Энэ бол Нээлттэй нийгэм форумын өнгөрсөн онд орон нутгийн иргэн дээр түшиглэн Мэдэх эрхийн хууль хэрхэн хэрэгжиж байгааг судалсан дүн.
Мөн нийслэлийн Хан Уул дүүрэг, Төв аймгийн Заамар сумын 20 иргэн нутгийнхаа байгаль орчинтой холбоотой асуудлаар мэдээлэл хүсч төрийн байгууллагуудад 38 өргөдөл гаргахад 24-т нь буюу ихэнхид нь хуулийн хугацаанд буюу 7 хоногт багтаан хариу авч чадаагүй байна. Зарим өргөдлийн хариуг бүтэн нэг жилийн хугацаа өнгөрчихөөд байхад өгөөгүй гэж Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа хэлж байлаа.
Харин одоо иргэд Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хуулиа хэрхэн мэддэгийг дахиад судалгааны дүнгээр хэлье.
Нээлттэй нийгэм форум Завхан, Дундговь аймаг, нийслэлийн 6 дүүрэгт өнгөрсөн жил судалгаа явуулахад тэдний мэдэгдснээр “төсөөлөхөөргүй муу дүн” гарчээ.
Завхан аймгийн 300 гаруй иргэнээс 91 хувь нь, нийслэлийн 480 иргэнээс 77 хувь нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар мэдэхгүй гэж хариулжээ.
Мэдээлэл авах эрхийн тухай хуульд “Иргэний хүссэн мэдээлэл тухайн байгууллагад харъяалалгүй бол иргэний хүсэлтийг хоёр хоногийн дотор холбогдох байгууллагад нь шилжүүлж, иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Мөн мэдээлэл хүсэгч нь мэдээлэл авах шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх эрхийг ч энэ хуулиар олгосон. Гэтэл шалтгаанаа тайлбарлахыг шаардаж, бүр төлбөр хүртэл нэхдэг үзэгдэл Нээттэй нийгэм хүрээлэнгийн судалгаагаар нотлогдсон байна.
Дээр нь төрийн байгууллагуудын мэдээлэл хэт ерөнхий, мэргэжлийн үг хэллэгтэй, мэдээлэл нь хуучирсан, бүрэн гүйцэд бус, ач холбогдолгүй гээд чанарын хувьд иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлтийг судалгаа хийсэн байгууллагууд хийгээд байна.
IRIM судалгааны хүрээлэн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд “Шилэн дансны хууль”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгааг өнгөрсөн оны сүүлчээр мөн судалсан байна. Судалгаанд хамрагдсан 83 байгуулллагын 33 нь цахим хуудасгүй байж. Түүнчилэн цахим хуудастай 50 байгууллагын 40 хувь нь 5 саяас дээш төгрөгийн худалдан авалт, орлого, зарлагын гүйлгээ, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт, тухайн жилийн санхүүгийн тайлангаа нийтлээгүй байжээ.
Гэтэл 2013 онд Засгийн газрын батласан Мэдээллийн ил тод байдлын тухай журамд “Төрийн байгууллага нь албан ёсны цахим хуудсыг үүсгэж хуульд заасан мэдээллийг ойлгомжтой байдлаар байршуулж, олон нийтэд түгээх, тухай бүр нь шинэчлэх үүрэгтэй” хэмээн заасан байдаг.
Мөн цахим хуудасны хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах ажилтанг томилж, үйл ажиллагааг хянаж байхыг ч журмаар зохицуулсан.
“Мэдэхгүй дээр нь тоглох улс төр газар авч байгаа юм биш биз...”
Танд хэдхэн асуулт тавъя. Бид өнөөдөр хэн, хэнд хэдий хэмжээний өртэй вэ, Оюутолгой, Таван толгойн ордоос яг хэзээнээс ямар ашиг хүртэх вэ, бид хэзээ хямрал, хүндрэлээс гарна гэж төлөвлөж, тооцох вэ, эсвэл эдгээр асуултын хариу нь өөрөө төрийн нууцад хамаарах уу?
Энэ бүхэнд нэг ижил хариутай болж чадсан эсэх нь мэдээлэл авах та бидний эрхийг төр хэрхэн хангаж байгааг илтгэж буй хэрэг. Өнөөдөр л гэхэд улсаа өрөнд бариулсан, бариулаагүй тухай хоёр нам талцан маргаж, “хаалттай” мэдээллээр урласан сумаараа буудалцан угтаа улстөр хийж сууна.
Хэрэв мэдээлэл ил тод, нээлттэй байж чадсан бол С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газар мөнгө тараахдаа хэдий хэмжээний өр тавьсан, Шинэчлэл, Шийдлийн Засгийн газар хэдийг зээлж, хэний өрийг дарж, хэнд нь өгч, хэдээр нь зам барилга бариад байгааг иргэд тойм ч гэсэн тогтсон тоогоор барагцаалах л байсан байх.
Эсвэл ийм мэдээллийн эцсийн хариу нуугдмал, бүрхэг байх тусам улс төрчдөд ашигтай ч байж мэдэх.
Английн хаан VIII Генрих хэлж байсан юм гэнэ лээ. “Би хүмүүсийг байнга ядуу дорой барьж байхыг, харин ламтан та мулгуу тэнэг бас аймхай байлгахыг даацгаая. Тэгж байж бид удаан засаглана” гэж...
Ингэж хурцатгадаггүй юм гэхэд мэдээллээр төөрөгдүүлж, эсвэл мэдэхгүй дээр нь тоглож оноо авах улс төр манайд газар авч байгаа юм биш биз.
Учир нь мэдээлэлтэй иргэд хүчтэй байдаг юм. Хүчтэй иргэд хир барагтай салхинд туугдаж, шуурганд уруудахгүй. Хүчирхэг иргэдтэй байх нь төрд л ашигтай. Эсвэл “Номхон тэмээ ноолоход амар” хэмээн хандаад байна уу...? Хардах эрх бий л байх.
Та бид, татвар төлөгч хүн бүр төрийг санхүүжүүлдэг, та бид төрд өөрсдийн төлөөллөө сонгодог. Бидний төлөөллөөр дамжсан шийдвэр бидний эрх ашигт нийцсэн байж, тэгш хүртээмжтэй үйлчлэх ёстой. Ийм байж чадаж байгаа эсэхийг бид мэдээллээр дамжуулан хянах учраас мэдээлэл надад, танд “хоол тэжээл” мэт чухал.
Харин төрд та биднийг мэдээллээр хангах нь, иргэдээ мэдээллээр хүчирхэгжүүлэх нь өөрийгөө үнэлэх, хянах, хаана алдаа, амжилт байгааг дэнслэх, улмаар төр нь иргэдээ, иргэн нь төрөө сонсдог болох чухал үүрэгтэй. Үүнийг иргэдийн төлөөх байгууллагууд ч байнга сануулдаг.
Бодитой, шуурхай, цэгцтэй, үнэн мэдээлэл нь төрд итгэх олны итгэлийг сайжруулна. Тиймээс л иргэн нь мэдэх эрхийнхээ төлөө, төр нь мэдээллээр хангах үүргийнхээ дагуу хууль журмаа сахиж, санаачлагатай байцгаая. Мэдэх эрхээ мэдэхгүй байх “өгөөш”-ийг өөрсдөө бэлдэхээ болцгооё.
Сэтгүүлч Даваажавын Даваадулам
Мэдэх эрхээ мэдэхгүй байх нь өгөөш | ||
Үзсэн: 2993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.