Шууд Chart

Х.Амгаланбаатар: Сонгуулийн өмнө тэтгэвэр нэмэгдэх хандлагатай байгаа

2016-04-21 15:16:45

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо өчигдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр 192 мянган төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болж өсөх юм. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжих, ойрын хугацаанд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх эсэх талаар МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхөд МҮЭХ хэзээнээс оролцдог болсон юм бэ. Өмнө нь Засгийн газар дангаараа шийддэг байсан?

-2008 оноос өмнө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар тогтоодог байсан. Харин 2008 оноос хойш Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хууль эрхзүйн орчин бий болсноос хойш Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо хамтарч тодорхой итгэлцүүрийг харгалзаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх эрхзүйн орчинтой болсон. Өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд нэмсэн. Тухайн үед 140400 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгож байсан. Энэ нь 36.7 хувиар нэмж байсан гэсэн үг. Харин энэ удаагийн зөвшилцлөөр 25 хувиар нэмж, 192 мянга байсныг 240 мянга болгох шийдвэрт хүрсэн.

-Эдийн засаг хямралтай, төсвийн алдагдал нэг их наядаар тасарч буй энэ үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх боломж бий гэж үү. Хэр судалгаатайгаар энэ шийдвэрт хүрсэн юм бэ?

-Хүн амын амьжиргааны түвшин, инфляцийн түвшин, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг хэд, хэдэн үндсэн хүчин зүйлийг харгалзаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог. Бид уг нь 2015 оны дөрөвдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ёстой байсан. Харамсалтай нь жилийн дараа бид шинэчлэн тогтоож байна. Энэ бол тодорхой шалтгаантай. Яагаад гэвэл өнгөрсөн жил нэлээн хүндрэлтэй байсан. Тооцоо судалгаа шаардлагатай байсан учраас бүтэн жил бид эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаад хүн амынхаа амьжиргааны өртөг, инфляцийн түвшин зэрэг хэд, хэдэн хүчин зүйлийг судлах ажлын хэсгийг  ажиллуулсны эцэст өчигдөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож чадлаа. Энэ удаад бол гурван талаасаа гаргасан ажлын хэсгийн саналыг эхлээд сонссон. Талууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооход  18-22 хувиар нэмэгдүүлэх бодит боломж байна гэсэн саналыг оруулж ирсэн. Энэ саналыг МҮЭХ хүлээж авах боломжгүй гэдэг утгаар асуудлыг нэлээн сайн ярилцаад 25 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүс манайд хэр олон байдаг вэ. Энэ талаарх судалгаа МҮЭХ-нд бий юу?

-Манайд байгаа судалгаагаар нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 6-8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Гэхдээ цаана нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинждаг, Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагддаггүй хүмүүсийг нэмж тооцвол их тоо гарах тооцоог манай ҮЭХ гаргасан. Ер нь хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдэд өмнөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс доогуур цалинждаг хүн их байдаг ш дээ.  

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр дээр дурдсан хүмүүсийн цалин бодитоор өсөх юм байна. Харин нийт хөдөлмөр эрхлэгчдэд ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

-Ганцхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүст хамаатай биш. Хөдөлмөр эрхлэгч бүх хүнд хамаарна гэж ойлгож болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнөөр салбарын цалинг нэмэгдүүлэх бололцоо шууд утгаараа бүрдэж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний улсын хэмжээг харгалзаад салбарууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчин бий учраас цалин нэмэгдэх бодит бололцоог бид бий болгосон гэсэн үг. Энэ утгаараа ач холбогдол өндөртэй. Ер нь бол  Монгол Улсын хөгжил, монгол хүний үнэлэмжийг дэлхий нийтэд илэрхийлдэг том үзүүлэлт  бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байдаг. Энэ хэмжээг 25 хувиар өсгөхөд хөдөлмөрийн хөлсний цагийн үнэлгээ 70 орчим цент болж байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ бол дэлхий хэмжээнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж маш муу үнэлэгдэж байгаа юм. Америкт гэхэд 15-18 доллар байх жишээтэй. Яахав, манайхтай ижил хөгжлийн түвшинтэй явж байгаа улс оронд хөдөлмөрийн хөлсний цагийн үнэлгээ 8 доллар байх жишээтэй. Үүнтэй харьцуулахад манайх асар бага. Гэхдээ бид эдийн засгийн хүнд ийм нөхцөлд бага ч гэсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа.  

-Ажил олгогчид ямар байр суурьтай байна вэ?

-Ажил олгогчдын хувьд хүнд байгаагаа учирлаж, цалин нэмэхийн эсрэг байр суурьтай байсан. Гэхдээ Засгийн газар, Хөдөлмөрийн сайдын хувьд нэлээн дэмжиж, 240 мянга гэсэн саналыг дэмжиж, бид дундын хувилбараар шийдсэн.

-Торгууль шийтгэлийг төрөөс тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг. Торгууль нэмэгдэх вий гэсэн болгоомжлол бас байна л даа?

-Ажил олгогчдын хувьд дургүйцэж байсан нэг шалтгаан нь янз бүрийн торгууль шийтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байдаг. Гэхдээ  өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс хойш буюу жишээ нь, жолоочийн торгууль зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг байсныг өөрчилж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбохгүй зөвхөн нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцдог болж байгаа. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл учрах нь бага.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянгаар тооцох хугацаа хэзээнээс вэ?

-Төсвийн тухай хуулиар тухайн жилийн цалин хөлстэй холбоотой тооцооллыг төсөв тодотгосны дараа буюу шинэ оны төсвөөс хэрэгждэг гэдэг хуулиа бид баримтлаад 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөөд явна. Тэгэхээр төсөвт дарамт учруулаад ямар нэгэн байдлаар улс эх орныхоо эдийн засагт хүндрэл үүсгэхгүй. Ажил олгогч нарт ч хүндрэл шууд учрахгүй.

-МҮЭХ-ноос авч хэрэгжүүлэх дараагийн  ажил юу вэ?

-Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрт нэмэгдүүлэх 2015-2016 оны хэлэлцээр байгаа. Бид үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр УИХ-аас гаргасан 108 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх асуудалд удахгүй орно.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмчихлээ. Дагаад тэтгэвэр нэмэгдэх үү? 

-Тэтгэврийг ярихаас өмнө хөдөлмөрийн хөлсний энэ удаагийн шинэчлэлийн талаар дахиад ярих хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгоход гол нөлөөлсөн хүчин зүйл бол тэтгэвэр.

-Тухайлбал, яаж нөлөөлсөн гэж?

-Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байна. Тэгэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байсан. Ажил хийж байгаа хүн тэтгэврийн хүнээс бага цалин авч байгаа нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээ үнэлж чадахгүй, хөдөлмөрийн үнэлэмж, цалингийн тогтолцоо уналтад орсон, сайжруулах шаардлагатай болсон гэдгийг илэрхийлж байгаа юм. Тиймээс бид бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээгүүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аваачиж тавилаа.

Энэ хүрээнд тэтгэврийн хэмжээ бас хөдөлнө. Миний баримжаагаар сонгуулийн өмнө тэтгэврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай гэж бодож байгаа. Сонгууль ойртож байна. Сонгуулийн шоу гэж бидний ярьдгаар бол тэтгэвэр нэмэгдэх байх.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: С.Өлзий

Х.Амгаланбаатар: Сонгуулийн өмнө тэтгэвэр нэмэгдэх хандлагатай байгаа   
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй