![](/uploads/201606/news/thumb/cad8b4eb0eed60c8c308688c5d643c23_x3.jpg)
Барилгын үйлдвэрлэл сэргэдэг, бужигнадаг энэ л цаг үед энэ салбарын ханган нийлүүлэгч, үнэ ханшийн “гол тоглогчид”-ын ажил, амьдралаас уншигчдадаа хүргэхийг зорилоо. Өнгөрсөн жилүүдэд орон сууцны үнэ өссөн шалтгааны бай нь цемент, арматур байж ирсэн. Тэгвэл энэ жил байдал хэр өөрчлөгдөх бол. Энэ тухай Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер О.Лхагвадоржтой ярилцлаа.
Цемент зөөдөг ченжүүдийн арга нарийссан
-Өнөөдөр барилгын материалын үйлдвэрлэлээс цементийн үйлдвэрлэл тэргүүлж байна уу даа. Цементийн дотоодын хэрэглээг бүрэн хангадаг болсон тухай мэдээллээс би ингэж ойлголоо
-Эхний хагас жилийн мэдээгээр манай улсад үйл ажиллагаа нь жигдэрсэн цементийн таван үйлдвэр байна. Хоёр нь бага оврын хуучин, гурав нь шинэ үйлдвэр юм. Жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөтөлийн цементийн үйлдвэрийн өргөтгөл, Дорноговь аймгийн Өргөн суманд баригдсан “Монполимэнт” компанийн цементийн үйлдвэр, Төв аймгийн Сэргэлэн суманд баригдсан “Мөнхийн Баянгол” компанийн үйлдвэр гэсэн цементийн гурван том үйлдвэр шинээр ашиглалтад орсон.
Тэгэхээр бид цементээр энэ жилийнхээ дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж ойлгож болно. Шинэ үйлдвэрүүд том учраас ашиглалтад орсон жилээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Техникийн тохируулгыг нарийн хийх шаардлагатай болдог. Монголдоо хуурай аргын технологитой, дулаан, цахилгааны эрчим хүч харьцангуй бага зарцуулдаг, ажиллах хүч цөөн, орчин үеийн автомат ажиллагаатай үйлдвэрүүд учраас жигдрэх гэж цаг нэлээн зардаг. Одоогоор тэдгээр үйлдвэрүүд 100 тонн цемент үйлдвэрлэчихлээ. Импортоор давхардсан тоогоор 60-аад мянган тонн цемент оруулж ирсэн мэдээ байна.
-Дотоодынхоо хэрэглээг энэ үйлдвэрлэлтэй харьцуулахад хэдэн хувийг нь хангаж байгаа бол?
-2015 оны байдлаар манай улс 1 сая 380 мянган тн цемент хэрэглэсэн байсан. Импортоор 800 гаруй мянган тн орж ирсэн бол үлдсэнийг нь дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн үг. Энэ жил үйлдвэрлэл өсч 1 сая 400 мянган тн-ыг үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гарч байна. Энэ сарын 1-ний байдлаар Замын-Үүдээр 70-аад мянган тонн цемент ороод ирсэн байна. Хойтон жил дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж чадна. Мөн цаашид гадаадад гаргах боломжийг бид судалж байна. ОХУ-ын зах зээлд цементээрээ чанарын болон үнийн хувьд өрсөлдөх бүрэн боломжтой.
-Монгол, хятад цемент үнэ, чанараараа хэр зэрэг ялгаатай байна вэ?
-Сүүлийн жилүүдэд манай өмнөд хөршид барилгын материал илүүдэлтэй байгаа. Тиймээс ч цемент, арматурын үнэ буусан энэ үед дотоодынхоос доогуур үнээр орж ирж байна. Нөгөө талаас олон жил цемент импортлож ирсэн ченжүүд энэ боломжийг ашиглаад урд хөршөөс хямд үнээр цемент авчирч зах зээлийг эзлэх бодлого барьж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих төр засгийн бодлогын эсрэг үйлдэл болж харагдаж байна.
Цементийн импортын татварыг 5-20 хувь болгож босгыг нь өндөрсгөсөн ч хил гаалиар янз бүрийн аргаар цемент хямд үнээр орж ирээд, өрсөлдөөд л байна. Хил гаалиар оруулж ирж байгаа цементийнхээ үнэ, жинг нь таллан хэлж татвараа төлдөг аргыг ченжүүд сэдээд байна. Үүнээс болоод дотоодын үйлдвэрлэгчид хохироод байна л даа.
-Та өөрөө цемент үйлдвэрлэлийн инженер хүн. Тиймээс энэ салбарын үйлдвэрлэлийн тэргүүн бус мэргэжлийн хүний үгийг сонсмоор байна. Хэрэглэгчдэд яг өнөөдөр Монголдоо үйлдвэрлэсэн цементийг сонгох ямар хөшүүрэг байна?
-Эхний ээлжинд эх оронч үзэл гэж хэлмээр байна. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Бид эх орондоо цементээ үйлдвэрлээд хангалттай хийгээд байхад заавал гадны цемент худалдан авч валютыг гадагш нь урсгах ямар хэрэг байна. Барилгын зарим компани өчүүхэн үнийн зөрүүг тооцож эх оронч бус хандаж байгаа нь харамсалтай. Монголд үйлдвэрлэсэн цемент, Хятадын цементийн хооронд чанарын зөрүү нэг их байхгүй. Лабораторийн шинжилгээнд яг л адилхан байдаг. Ялгарах гол үзүүлэлт нь манай цемент арай илүү экологи чанартай, хольц маш бага. Харин Хятадын цемент нь маш хямдхан үйлдвэрлэлээр бүтдэг л учир байна. 20-30 хувьд нь хольц хийчихэж байна шүү дээ. Ингээд хямдхан үйлдвэрлээд байгаа хэрэг.
-Цементийг барилгын үйлдвэрлэлийн “талх” гэж та бүгд хэлдэг. Барилгын салбарын түүхий эдийн хэдэн хувийг нь энэ материал эзэлдэг юм бэ?
-Одоогоос хоёр жилийн өмнө бидний дотооддоо үйлдвэрлэж байгаа цемент нэг хүнд 300 кг байсан бол одоо энэ хүчтэй том үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр нэг хүнд 1 тонн 400 кг цемент оногдож байна. Ингэж нэг хүн амд ногдох нийлүүлэлт өндөр болчихоор манайд цементэн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх боломж нээгдэж байна. Бетон, цементээр хийсэн бүх төрлийн хавтан, мөн бүх төрлийн барилгын хийц хэрэгслүүд гээд. Нөгөө талд цахилгаан, эрчим хүч бага хэрэглэдэг учраас цементийн үнэ хямдрах нөхцөл ч бүрдэж байна.
Угсармал, бүрэн цутгамал барилгын чанар адилхан
-Барилга угсралтын шинэ техник технологи нэвтрүүлж байгаа тухай та саяхан хуралд дээр онцолж байсан?
-Бид социализмын үед дандаа ширхэгийн материал буюу өргийн материалаар барилга барьж, маш удаан хугацааг зарцуулдаг байсан. Та бүхэн сайн мэдэж байгаа байх. Таван давхар ганц байшинг бүтэн хоёр жил барьдаг байлаа шүү дээ. Түүний дараагаар угсармал барилгын үе эхэлсэн. Та бүхэн 3, 4, 5 дугаар хорооллыг мэдэх байх. Угсармал барилгын хоёр том комбинат Дархан, Улаанбаатарт ажиллаж байлаа. Энэ үйлдвэрүүд зах зээлийн шилжилтийн үед түүхий эд, түлшний хараат байдлаас болоод зогссон. Үүнийг дагаад барилгын технологид ч өөрчлөлт гарч ирсэн.
Барилгыг өндөр барих шаардлагатай болсноор барилгууд ихэвчлэн цутгамал буюу карказын системд шилжсэн. 20 жил ийм аргаар барьж байсан бол сүүлийн таван жилд нь хурдан барихын тулд бүрэн цутгамал барилга руу шилжиж эхэлсэн. Гэтэл дэлхий даяар карказан болон бүрэн цутгамал барилгын хажуугаар буцаад угсармал барилга руу ороод эхэлчихсэн. Өндөр хөгжилтэй орнууд угсармал барилгын шинэ технологийг нэвтрүүлээд эхэлчихсэн. Үүний тод жишээ нь, Германы Вайбэр технологитой шинэ үйлдвэр нийслэлийн СХД-т, 22-ын товчоон дээр ашиглалтад орсон. Одоогоор зураг төслийн шатанд явж байна. “Эрэл” компани хуучны байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчилж байна. Дараагийн төслүүд мөн яригдаж эхэлсэн. Барилгын үйлдвэрлэлийн салбарт “Хайбрид” технологийг ашиглаж эхэллээ. Энэ технологийг дотоодод нэвтрүүлснээр бид барилгын үйлдвэрлэлийг улирлын гацаанаас гаргаж чадна. Зун нь цутгах хийцүүдээ хийгээд өвөлдөө угсармалаа хийх боломж бүрдэж байгаа юм.
-Бүтэн цутгамал л бол дулаахан гэж ойлгох нь бий. Таны яриад байгаа энэ угсармал, цутгамал барилгын чанарт ямар ялгаа байна?
-Бүрэн цутгамал барилгыг нэг хэсэг чийгтэй, хүйтэн, хүний биед сөрөг гэж ойлгодог байлаа. Гэтэл бетон хана нь нимгэн, дулаалга нь зузаан байж болно. Ингэж ч хослуулж байна. Тиймээс угсармал, бетон хоёрын хувьд аль аль нь боломжтой. Хүмүүс өөрсдөө л мэдэж сонгоно. Ер нь ямар ч барилга эрчим хүчний алдагдалгүй л байвал чанартай байдаг. Өөрөөр хэлбэл, оршин суугчид тав тухтай, дулаахан орчинд амьдрах нөхцөл бүрдсэн, дулааны алдагдалгүй барилгыг чанартай гэж ойлгох хэрэгтэй.
-Монголчууд хонины ноосоор зөвхөн гэрээ дулаалдаг байсан бол өнөөдөр байшингаа ч дулаалдаг болж байна. Энэ талаар дэлгэрүүлвэл?
-Тийм ээ. Хонины ноосны хувьд эсгий хийж монгол гэрээ л дулаалдаг байлаа. Тиймээс ч бидэнд барилгын материалын хувьд эсгий дулаалга шинэ зүйл мэт сонсогдож байна. ЕХ-ны төслийн хүрээнд сүүлийн 4 жилд 5-6 үйлдвэр байгуулагдлаа. Эрдэнэт хивсний үйлдвэр, нэхээсгүй эдлэлийн үйлдвэр, Дарханы “Эко ноос”, “Бэрэн” группын үйлдвэр, “Таван богд” инсулейшн гээд хонины ноосоор матрас маягийн дулаалгын материал үйлдвэрлэж эхэллээ. Ингээд Хөнгөн үйлдвэрийн салбар барилгын материалын салбар хооронд уялдаж эхэлж байна. Япон технологийг нэвтрүүлсэн ч амжилтад хүрч байна. Мөн шатамхай чанарыг нь багасгасан, эдэлгээг нь удаашруулсан, бат бөх чанарыг нь сайжруулсан, саарал хар хөөсөнцөр барилгын дулаалгыг үйлдвэрлэж эхлээд байна. Энэ бол бас л хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи IPS-ийн шинэ “New for” брэнд.
-Эдгээр дулаалгыг манай хэрэглэгчид хэр хэрэглэж дадаж байгаа бол?
-Гэр хороололд байгаа дулааны алдагдалтай барилгыг гадна талаас нь хонины ноосоор дулаалаад, дээр нь өнгөлсөн ийм стандартыг баталсан байгаа. Харин эсгийнд шавьж, цагаан эрвээхий үүрлэх, чийгэнд амархан ялзарч муудах сул талтай. Энэ асуудлыг бид хамтдаа шийдэж чадвал бусад дулаалгын материал эрдэс хөвөн, шилэн хөвөнтэй өрсөлдөөд гараад ирэх бүрэн боломжтой.
-Хонины ноосон дулаалга бусад материалаас үнийн хувьд ялгаатай юу?
-Сүүлийн үед ноолуур гэж хошуураад хонины ноос үнэгүйдэж эхэлсэн. Гэрийн эсгий, эсвэл нэг ноосон углааш бэлэг дурсгал төдий хийгээд л ихэнх нь хээр хаягддаг. Тэгэхээр энэ их ноосыг эргэлтэд оруулахын тулд барилга руу оруулъя гэдэг бол энэ төслийн маш зөв санал. Хамгийн гол нь чулуун хөвөнтэй өрсөлдүүлэхийн тулд чулуун хөвөнгөөс хямд байх хэрэгтэй л дээ. Чулууг хайлуулж, зулж, эсгийлэх маягаар чулуун хөвөнг хийдэг. Боловсруулалт их шаарддаг. Гэтэл хонины ноосыг цэвэрлэж, зулаад хийдэг болохоор хямдхан байх нөхцөл бий.
Ус, хий дамжуулах хоолойнуудыг бид өөрсдөө үйлдвэрлэдэг болсон
-Барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжилд томоохон төсөл, хөтөлбөр онцгой үүрэгтэй гэж та хэлж байсан. Үүнийг тодруулж асуумаар байна?
-2008 онд барилгын салбарт 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үйлдвэрлэл бие даасан автомат ажиллагаатай төхөөрөмжүүдтэй болж чадсан. Харин сөрөг тал нь Улаанбаатар хотод орон сууцны үйлдвэрлэл маш ихээр төвлөрсөн. Засгийн газраас хороолол барихаар төлөвлөж, ажиллаж байна. Үүнийг дагаад барилгын материалын хэрэглээ нэмэгдэж байна. 700 гаруй үйлдвэрийн 70 гаруй хувь нь зөвхөн нийслэлд төвлөрсөн. Тэгэхээр бусад салбар руу барилгын материалын үйлдвэрлэлийг хандуулахгүй бол зарим үйлдвэр маань илүүдэлтэй болж эхэлж байна. Цемент, хөнгөн бетон, бетон зуурмаг, тоосго, цонх хаалга гээд илүүдэлтэй болж эхэлж байна. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн барилга бус өөр салбарт хандуулах шаардлага гарч ирж байгаа юм.
Тэгэхээр дэд бүтцийн салбар руу, олон улсын шинж чанартай томоохон мега төсөл рүү үйлдвэрлэлийг чиглүүлэх, хөрөнгө оруулалтыг татах шаардлага гарч ирж байгаа юм. Барилгын материалыг зөвхөн барилгад бус төмөр замд хүртэл ашиглаж байна. Төмөр замын дэрийг модоор нь хийдэг байсан бол бетоноор хийдэг болсон. Мянган км төмөр зам тавихад нэг км-т 1800 орчим төмөр замын шпал орж байна ш дээ. Хөтөлд дэр модны нэг жижиг үйлдвэр, байшин үйлдвэрлэлийн комбинат ашиглалтад ороход бэлэн болчихсон байна. Гурав дахь нь Дорнод аймагт баригдаж байна. Тэгэхээр шинээр гарах Засгийн газрын зүгээс төмөр замын асуудлыг нэгдүгээрт тавибал манай салбарынхан бүтээгдэхүүнээ нийлүүлэх бүрэн боломжтой байна.
-Сая та төмөр замын дэр модыг бетоноор орлуулдаг боллоо гэж хэлж байна. Мөн цахилгааны шугам сүлжээний суурийг үйлдвэрлэж байгаа байх аа?
-Дараагийн нэг салбар бол эрчим хүчний салбар. Холбоо, эрчим хүчийг дамжуулахдаа саяханыг хүртэл модон шон хэрэглэдэг байлаа. Одоо бол дан бетон шон хэрэглэж байна. Дан монголчууд өөрсдөө хийж байна. 7, 12, 9 метрийн шонг монголчууд хийж байна. Ингэж эрчим хүчний салбар руу барилгын үйлдвэрлэл орж ирж байна. Салбар хоорондын уялдаа гэдэг утгаар нь нэг зүйлийг хэлэхэд эрчим хүчний шинэ цахилгаан станц, 5-р цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Шивээ-Овоо, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Тавантолгойн станц бүгд шинэ технологиор ажиллана. Дан нүүрсээр биш, нүүрсийг шохойн чулуутай хольж шатаагаад экологийн цэвэр үйлдвэрлэл явуулж байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг бохирдуулахгүй, гарсан үнс нь дан үнс биш, шохойтой хольсон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн дундаас нь гарч ирэх гэж байна. Түүгээр нь барилгын материалын үйлдвэрүүд, цементийн үйлдвэрүүд түүхий эд болгон ашиглаж болох нь. Ингээд аж үйлдвэрийн материаллаг үйлдвэрийн салбар хөгжих тусам бусад салбаруудтай маш гүнзгий уялдаад өөр том том мега төслүүд хэрэгжих юм бол бид зөвхөн орон сууцнаас хамаарахгүй. Жишээ нь, халуун, хүйтэн, бохир гээд бүх төрлийн ус, хий дамжуулах хоолойнуудыг үйлдвэрлэж эхэлж байна.
-Барилгын материалын 700 гаруй үйлдвэр бий. Эдгээрийн ажил жигдрээд ирэхээр манай дотоодын зах зээл жижиг учраас гадаад зах зээлийг хайхгүй бол хэцүүднэ гэсэн тайлбарыг зарим хүн хэлдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлийн үед байгуулагдсан үйлдвэрүүд маань дандаа олон услын стандартын шаардлага хангасан. Манай бүх л аж үйлдвэрийн салбарт евро нормыг нэвтрүүлэхэд онцгой анхаарлаа. Барилгын материалын үйлдвэрүүд евро нормыг барьж, ОУ-ын стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. 2008 онд таван ангиллын цемент ОУ-ын стандартын нормыг баталж байсан. Түүнээс хойш хөнгөн блок, цонх, хаалганы бэлдэц, эрдэс хөвөн, хуванцар хоолой гээд бүгд л чанарын стандартыг хангаж байна. Одоо харин төрийн байгууллага, яам, газрууд, холбоод хамтраад сурталчлахад анхаармаар байна. Тэгэхээр манайхтай хамгийн ойрхон гурав дахь хөрш орон бол Казахстан улс байна. Магадгүй ОХУ, Сибирь тал руугаа ирээдүйд их том бүтээн байгуулалт хийх чиг хандлагатай байна. Мөн Солонгосын хойгийг дамжсан Түмэн голын төсөл гээд сүүлийн 10 гаруй жил дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа маш сонирхолтой төсөл банйа. Гол нь улс төрийн шалтгаанаар энэ том төсөл жаахан хүлээлтийн байдалтай байгаа байх. Цааш нь Япон, Солонгосын зах зээл рүү гарах гарц байж болох юм.
-Бид ихэнх барилгын материалын бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болчихлоо гэж бодоход энэ салбарын бүтээгдэхүүний өртөг тогтвортой байх боломж бий юу. Хямдрах ямар гарц харагдаж байна?
-Шинэчлэлийн Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Барилгын салбараас цемент, арматур хоёр дээр илүү анхаарал тавьсан юм. Тэр үед цементийн үйлдвэр төдийлөн баригдаж эхлээгүй байсан үе л дээ. Чингис бондоор цементийн үйлдвэрүүд рүү хангалттай хэмжээний хөрөнгө оруулж, төслийг нь санхүүжүүлж өглөө. Мөн арматур үйлдвэрлэдэг төмөрлөгийн үйлдвэрлэлд хөрөнгийг нь хангалттай шийдэж өглөө. Тэгэхээр магадгүй цементийн дараа арматураа дотооддоо 100 хувь хангадаг болчихвол барилгын материалын үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр үнээ тогтвортой бариад, нөхцөлийг нь бүрдүүлсэн. Түүнээс хойш цемент аажмаар тогтвортой доошоо бууж байгаа. Жишээлбэл, 1 тонн цемент 180 мянган төгрөгт хүрч байсан бол одоо 145 мянган төгрөгөөс хэтрэхгүй байна ш дээ. Тэгэхээр үнэ нь 15 орчим хувь буучихсан байна. Үүнийг дагаад бусад бүтээгдэхүүнүүд нь бүрэн буух бололцоотой. Цаашдаа өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр зах зээлийн зарчмаар үнэ буух нь тодорхой.
-Сая үйлдвэрлэлээ нэлээн дэлгэрэнгүй ярилаа. Тэгвэл үйлдвэрлэл эрхэлж байгаа ажиглах хүч ямар түвшинд байна вэ?
-Ажиллах хүчний нөөцийн хувьд 25 мянга гаруй ажиллах хүч шаардлагатай гэсэн баримжаа байдаг. Одоогоор ажиллах хүч дутагдалтай байна. Ялангуяа дунд шатны ажиллах хүч их дутагддаг. Ихэнх хүмүүс инженер болчихвол боллоо гэж буруу ойлгоод байдаг. Мэргэжлийн ажиллах хүчин бэлдэхэд нэмж техникум, коллежүүд байх шаардлагатай байна. Инженерийн хувьд химийн салбарын инженерүүд их дутагдалтай байна. Сүүлийн үед химийн үйлдвэрүүд олон гарч ирж байна. Энд мэргэжилтнүүд дутагдаж байгаа. Сүүлийн хоёр жил ШУТИС-ийн хоёр тусгай анги тодорхой тоогоор мэргэжилтэн бэлтгэж байна.
-Яг гардан гүйцэтгэж байгаа ажилтан бусад салбартай харьцуулахад дунджаар хэдий хэр хэмжээний цалин авах вэ?
-Дунджаар манай салбарын ажилчид 600.000-1.200.000 төгрөгийн цалин авдаг юм байна лээ. Жижиг, том үйлдвэрийнхээ хэмжээнээс хамаараад өөр байгаа юм. Манай материаллаг үйлдвэрүүдийн барилгачдаас нэг ялгаатай нь суурин байдаг учраас ажилчдаа өвөл барилгын ажил зогсоход нийгмийн даатгалыг нь төлөөд, цалингийн доод хэмжээ буюу тэр ханшийг нь бариад өөр ажил түр хугацаанд эрхлэх боломжийг нь олгож, ажилчдаа дэмжсэн бодлого барьдаг. Барилгынхан бол өвөл зогсдог учир шууд ажилчдаа орхичихдог. Тэгээд дахиад л шинээр эхэлж хятад ажилчдаар барилгаа бариулдаг. Ийм байдал сүүлийн хэдэн жил давтагдаж байна. Материаллаг үйлдвэрүүд ингэдэггүй л дээ.
-Бид дотоодын үйлдвэрлэлийн юунд нь итгэж дэмжих вэ. Дэмжсэн тохиолдолд бидэнд ямар давуу тал бий болох вэ?
-Төр засгаас үүнд тодорхой арга хэмжээг авч байна л даа. Ижил төрлийн бүтээгдэхүүний импортын интервенцээс хамгаалахын тулд эхлээд цемент, дараа нь 20-иод нэр төрлийн барилгын материалын татварыг 6.5-20 хувь хүртэл нэмлээ. Нөгөө талаас барилгын материалын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг Худалдан авалтын хуультай зохицуулах шийдвэр гаргасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай дотоодын тендерийн барилгын ажилд дотоодын материал, түүхий эдийг хувалдан авах шийдвэр гаргасан. Энэ бол том алхам. Одоо харин тендерт орж байгаа компаниуд маань мэдээлэл сайтай байж, дотоодынхоо бүтээгдэхүүнийг ашиглах л хэрэгтэй байна. Зураг төслийнхөн гэхэд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг зураг төсөлдөө тусгах, барилгачид маань эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэх гээд ийм л эх оронч үзэлтэй байх хэрэгтэй байна.
Ер нь төрөөс өгч байгаа, нөгөө талдаа ард түмнээс босгож байгаа тэр хөрөнгө оруулалтыг эх орондоо үлдээх ийм л зорилгыг аль, аль талдаа тавибал бид хамтдаа зах зээлээ хамгаалж үлдэж чадна. Одоо “эх оронч сэтгэл”-ээр услачихвал энэ салбар цэцэглэх гээд байна.
-Танд баярлалаа.
О.Лхагвадорж: Барилгын материалын үйлдвэрлэлээ “эх оронч сэтгэлээр” услачихвал ч цэцэглэх гээд байна шүү | ||
Үзсэн: 5350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.