Нэг үе Монгол улс архинд живж, архины хэрэглээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буйг анхааруулдаг байсан. Харин өнөөдөр энэ сэрэмжлүүлэг, анхааруулга намжсан юм шиг санагдлаа. Магадгүй найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аливаа баяр ёслол, амралт зугаалгыг архигүйгээр тэмдэглэх чиг хандлага бий болж байгаатай ч холбоотой байж болох юм. Зун цагт аялал, зугаалга, найр наадам ихсдэг энэ үед сэрэмжлүүлэх үүднээс Наркологийн төв эмнэлгийн Тусламж үйлчилгээний албаны дарга, эмч Д.Чулуунболортой ярилцлаа.
- Таны ажигласнаар өнөөдөр архи, согтууруулах ундааны хэрэглээ, дадал хэвшил хэрхэн яаж өөрчлөгдөж байна вэ?
- Өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Үүнийгээ дагаад хүн амьдрах гэж, эрүүл байх гэж их хүсч, тэмүүлдэг болсон байна. Мөн хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй дээшилж. Өөрт хортой зүйлийг худалдан авах сонголт буурч, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байна. Ялангуяа залуучуудын дунд архи, тамхинаас татгалзах хандлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн юм болов уу гэж би харж байгаа. Энэ бол сайшаалтай мэдээ. Харин манай эмнэлэгт хорт зуршилд донтох өвчтэй хүмүүс ирж хэвтэн эмчлүүлж үйлчлүүлдэг болохоор одоогийн байдлаар бол эмгэг өвчтэй хүмүүсийн тоо тасрахгүй, буурахгүй байна.
- Танай эмнэлэгт гурван жилийн өмнө хичнээн өвчтөн хэвтэн эмчлүүлдэг байв. Өнөөдөр энэ тоо буурав уу?
- 2013, 2014 оныг яг өнөөдрийн байдалтай харьцуулахад өмнө нь зуны амралтын цагаар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо харьцангуй цөөрдөг байлаа. Манай эмнэлэг нийт 50 ортой. Зарим тохиолдолд 50 орноосоо давж ажиллана. Гэтэл яг өнөөдөр, энэ баасан гаригт 23 хүн ирснээс 20 хүнийг нь хэвтэн эмчлүүлж, гурван хүнийг нь буцааж байх жишээтэй. Миний анзаарснаар хордлогод орчихсон, түүнээсээ болоод сэтгэцийн өөрчлөлт өгчихсөн, архины шалтгаантай солиорол, хий үзэгдэл дэмийрлийн шинж тэмдэгтэй ирж байгаа хүмүүс нэлээд их байна. Эдгээр хүмүүс нэлээд хүндэрч ирж байна. Одоогоор манай Наркологийн эмнэлгийн тасаг дүүрэн байна. Тавин ортой ч тавин нэгэн өвчтөнтэй ажиллаж байна. Гэтэл урьд жилүүдэд зуны цагаар 30-40 хүнтэй, хөнгөн байдаг байлаа.
- Архинд донтсон өвчтнүүд олон байгаа нь юутай холбоотой бол?
- Би үүнийг хувьцааны мөнгөтэй холбоотой гэж хэлмээр байна. Гэхдээ энэ нь нийтээрээ гэсэн үг биш. Үнэхээр архинд донтох эмгэгтэй, донтох өвчтэй хүмүүст энэ асуудал гарч ирээд байна. Түүнээс биш ажилтай, орлоготой амьдралтай хүмүүс тэр бүр уугаад явахгүй. Яг манай эмнэлэгт ханддаг, донтох эмгэгтэй хүмүүс үнэхээр хүндэрч ирж байна.
- Ер нь архинд донтох өвчин хэдий хугацааны давтамжтай илэрдэг юм бэ?
- Хуучин цагт манай багшийн номонд “архисах өвчин” гэсэн нэр томьёотой байлаа. Тухайн номонд хүн архи, согтууруулах ундааг 10-15 жил тогтмол хэрэглэснээр архидах өвчнөөр өвдөнө гэж бичсэн байдаг. Харин сүүлийн үед хугацаа нь богиносоод байна. Архинд донтох өвчин нь сэтгэцийн эмгэгт багтдаг учир хүмүүсийн эрүүл мэнд, бие эрхтний байдал харьцангуй тааруу болсон байна. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол архи согтууруулах ундааг хоёр дахин бага хугацаанд тогтмол хэрэглэснээр архинд донтох өвчтэй болдог. Тэгвэл зургаан сараас нэг жил архи тогтмол хэрэглэж донтох өвчтэй болж байгаа хүмүүс ч их байна. Тэгэхээр 10, 15 жил гэдэг нь өнөөдөр өөрчлөгдөөд байна. Архийг зургаан сар юмуу нэг жил л эрчимтэйгээр хэрэглэхэд донтох эмгэгт хүрчихээд байгаа шүү.
- Энэ байдлыг бусад улс оронтой харьцуулахад архинд донтолт манайд өндөр байна гэсэн үг үү?
- Архины хэрэглээний талаар хийсэн олон судалгаа байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дүүргүүдийн ЭМТ-ийн наркологийн эмч нарын судалгаагаар манай орны насанд хүрсэн хүний 51,2% нь буюу хоёр хүн тутмын нэг нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Хуучин ч тийм байсан. Одоо ч хэвээрээ л байна. Мөн эмэгтэйчүүдийн 8 хувь нь архинд донтох эмгэгтэй. Эрэгтэйчүүдийн 21,8 хувь нь энэ эмгэгээр өвдчихсөн судалгаа гарч байна. Энэ бол бусад улс орнуудтай харьцуулахад их өндөр үзүүлэлт. Үүнд нэг хүнд ногдох архи согтууруулах ундааны хэмжээ ч бас нөлөөлж байгаа байх. ДЭМБ-ын зөвлөснөөр нэг хүнд жилдээ 8-9 литр архи, согтууруулах ундаа оногдох юм бол тухайн улс орны үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрлээ гэж анхааруулдаг. Гэтэл манайд өнөөдөр 23 литрт хүрчихээд байна. Нөгөөтэйгүүр монголчууд удамшил, генийн бүтцээсээ шалтгаалан архинд донтох эмгэгт өртөх нь их байна. Элгэнд байдаг архийг задалдаг, хоргүйжүүлдэг задлах перментийн хэмжээ монгол хүмүүст европынхноос 4-5 дахин бага байдаг.
- Залуучууд архинд донтох нь нэмэгдэж байгааг мөн мэргэжлийн хүмүүс анхааруулдаг..?
- Манай эмнэлэгт 20-70 насны хүмүүс эмчилгээнд хамрагддаг шүү. Гэхдээ ид хөдөлмөрийн насны буюу 20-45 насны хүмүүс дийлэнх нь байдаг. Энэ бол бас их залуу нас. Эд хийж бүтээх, хөдөлмөрлөх насан дээрээ архинд орчихсон залуучууд маш их байдаг. Өвчний түүхийг нь судлаад үзэхэд бүр 15 настайгаасаа эхлээд архи амсаад арван найман насандаа идэвхтэй хэрэглэгч болчихсон, донтох эмгэгт хүрчихсэн байдаг.
- Үүнд яг юу нөлөөлөөд байна та хэлэх вэ?
- Ажилгүйдэл, амьдралын нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн байдалтай л их холбоотой. Ер нь архинд донтоход, архины хамааралтай болоход нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Нийгмийн, бие махбодийн, удамшлын, мөн сэтгэл санааны байдал ч нөлөөлнө. Нөгөө талаар хүчирхийлэл ч байдаг юмуу, янз бүрийн сөрөг үзэгдлүүд маань архинд донтоход нөлөөлдөг. Угаасаа бид архинд өртөмтгий бүлгийн хүмүүс. Нөгөө талаар нийгмийн байдал гэдэг дээр гэр бүлийн гишүүд дотор хэн нэг нь архины хамааралтай байх юм бол нэг нэгийн харьцаатай л байна. Нөхөр нь архинд донтсон бол эхнэр нь хамааралтай болох тохиолдол ч олон. Эцгээс уламжилсан архины хамаарал 40 хувь, найз нөхдийн нөлөө 70 хувьтай байдаг. Мөн тухайн хүний сэтгэл зүйн онцлог их нөлөөлнө. Зарим хүмүүс их нээлттэй. Өөрийгөө илэн далангуй илэрхийлдэг. Зарим хүмүүс нь үүнийхээ эсрэг дуугүй юу хэлэх гэж байгаа нь тодорхой бус дотогшоо хандлагатай хүмүүс байна. Ийм хүмүүс архи согтууруулах ундааг харилцааны хэрэгсэл болгох гэж хэрэглэж байгаа байдал ажиглагддаг.
-“Нэгийг харьцах нь нэг” гэдгээ тодруулбал?
- ОУ-д ихрүүд дээр хийсэн судалгаа байдаг. Архинд донтох эмгэгтэй гэр бүлд төрсөн хоёр ихэр хүүхэд хоёр өөр газар үрчлүүлснийг цөөнгүй судалсан байдаг. Эрүүл гэр бүлд өсч байгаа хүүхэд орчны нөлөөллөөс шалтгаалан эрүүл байсан. Нөгөө асуудалтай гэр бүлд үрчлүүлсэн хүүхэд гэр бүлээсээ болоод архины хамааралтай болчихсон байдаг. Энэ судалгааг хийхээс өмнө ОУ-д мөн удамшил яаж нөлөөлдгийг хулганууд дээр анагаахын сорил, туршилт хийсэн тохиолдол олон. Мөн удамшил нөлөөлдгийг илрүүлсэн байдаг.
- Архинд орсон хүмүүс өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхөд их цаг хугацаа ордог гэж эмч нар хэлдэг. Чухам архинд донтох өвчин ямар арга замаар, хэдий хугацаанд явагддаг вэ?
- Энэ үнэн л дээ. Хүмүүсийг архинд хандаж байгаа хандлагаар нь таван бүлэг болгодог. Огт архи хэрэглэдэггүй хүн, ёс гүйцэтгэгчид буюу амтлагчид, гуравт хэрэглэгчид, дөрөвт хэтрүүлэн хэрэглэгчид, сүүлд нь донтох эмгэгтэй гэж ангилдаг. Бид амьдралынхаа туршид эдгээр таван үе шатыг дамждаг. Эхээс төрөхдөө бид огт амсдаггүй хүмүүсийн бүлэгт байж байгаад ёс гүйцэтгэгчид болно. Зарим нь явсаар байгаад хэрэглэгч, хэтрүүлэн хэрэглэгч, зарим нь донтогчид болдог. Бидний бие эрхтний байдал их доройтсноос их богино хугацаанд донтох эмгэг үүсч байна. Архинд донтогчдын оношилгооны хамгийн чухал шинж тэмдэг бол “үгүйсгэл”. Ийм хүмүүс нь архинд донтох эмгэгт орчихсон байна л гэсэн үг. “Би Дорж шиг биш, Би амьдралаа аваад явдаг. Та нарыг юугаар ч дутаагаагүй. Би хаяа л уудаг биз дээ. Яадгаа алдсан архичин биш” гэх байдлаар архинд донтож буйгаа хүлээн зөвшөөрч чаддаггүй.
- Нэг хэсэг архинаас татгалзаж, шар айраг ууцгаая гэсэн уриалга газар авч байлаа. Бараг л шар айраг бол согтууруулах ундааны төрөл биш гэх байдлаар. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бол буруу ойлголт. Шар айраг бол угаасаа л согтууруулах ундааны төрөлд багтдаг. Архи гэдэг үгэн дотор бүх төрлийн согтууруулах ундаа, дарс шар айраг бүгдийг хэлж байгаа юм. Шар айрагт согтууруулах нөлөө нь цагаан архийг бодвол бага байдаг.
- Шар айраг уудаг эрэгтэй хүмүүсийн эрэгтэйлэг шинж чанар нь алдагдаж “эмэгтэйлэг” болдог. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн дуу хоолой бүдүүрч “эрэгтэйлэг” болдог гэсэн судалгааны дүн байсан. Энэ үнэн болов уу?
- Энэ чиглэлээр ОХУ 2012, 2013 онд судалгаа хийсэн байсан. Тэр судалгаагаар саяны жишээг баталсан л даа. Ер нь шар айраг уудаг эрчүүдийн гүзээ нь шолбойгоод унжчихсан байдаг шүү дээ. Дуу хоолойны өнгө өөрчлөгддөг. Тухайн шар айрганд ордог өвөрмөц үнэр амт үүсгэдэг ургамал гармоны ялгаралтыг ихэсгэдэг учраас ийм өөрчлөлт гардаг. Эмэгтэйчүүдийн хувьд мөн төвийн гаралтай таргалалт бий болно. Эрэгтэйлэг шинж рүү ордог. Бид ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу согтууруулах ундааг зохистой хэрэглэх ёстой. 38 процентын 30 мл архи нэг стандарт хэмжээ. 5-7 процентын 280 мл шар айраг нэг уулт буюу стандарт. 11 процентын 120 мл хэмжээтэй дарс нэг стандарт. Өдөрт хоёр стандартаас дээш хэрэглэх нь зохимжгүй. Хэрэглэж, нэмэх тусам л архи, согтууруулах ундаанд агуулагддаг бодис хүнийг улам донтуулна. Тиймээс л богино хугацаанд донтох эмгэг тусах хандлага их байна.
- Яг донтож эхэлж байгаа, байнгын хэрэглэгч болсон хүмүүст гэр бүлийнх нь, хамт олон нь яаж хандах ёстой юм бол?
- Архинд донтолт бол өвчин гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Түүнийг ойлгож нэн түрүүнд мэргэжлийн эмч, сэтгэлзүйч нарт хандах хэрэгтэй. Ингэж байж л тусламж авна. Хүмүүс зөвхөн уухгүй байх юм бол эдгэрчихлээ гэж ойлгодог. Энэ бол зөвхөн нэг талын үзүүлэлт. Уухгүй байх төдийгүй сэтгэл санаа, бие махбодь, зан үйлийн хувьд өвчтөн өөрчлөгдөх, эмчлэгдэх ёстой. Энэ бүхнийг хангаж байж бүрэн эдгэрдэг.
- Хугацаа, тэвчээр их шаардагдах нь..?
- Маш их тэвчээр шаардагдана. Тийм ч учраас өдөр тутамдаа гаргадаг авир, зан үйл, араншин дээрээ өвчтөн өөрөө, мөн хөндлөнгөөс хяналт тавьна. Эрүүл мэндийн байдлаа хянана. Архинаас үүдэлтэй эрхтний системд гарсан өөрчлөлтүүдээ эмчлүүлэх хэрэгтэй. Зан үйлээ хянах ёстой. Сэтгэл санааныхаа байдал дээр анхаарах хэрэгтэй.
- Ойролцоогоор хэдэн жилийн хугацаа шаардагдах бол?
- Ер нь бол гурван сарын хугацаанд гам сайн барьвал эрт үеийн эдгэрэлтэд орж байна гэж бид мэргэжлийн хэлээр ярьдаг. 3-6 сар болох юм бол дунд үеийн эдгэрэлт. 6 сараас нэг жил болох юм бол хожуу үеийн эдгэрэлтэд орлоо гэж үздэг. Энэ тоог өнөөдөр хэлэхэд амархан боловч тухайн өвчтөн архигүйгээр нэг сарыг өнгөрөөнө гэдэг маш хэцүү. Нэг сар бүү хэл 10 хоноход ч хэцүү.
- Архи согтууруулах ундааг удаан хугацаагаар хэрэглэсэн хүн тэнэгрэлд ордог гэсэн. Архины тэнэгрэл эдгэдэг үү?
- Нэгэнт тэнэгрэл үүсчихсэн бол эргэж засрахгүй. Энэ бол их хүндэрсэн үед үүсдэг. Ухаан сулрал явагдсан байна гэсэн үг. Эргэж сэргэхэд хэцүү. Тэнэгрэлийг бид засаж чадахгүй. Харин архинаас үүдэлтэй солиорол, хий үзэгдэл, дэмийрлийг буюу сэтгэл зүйн өөрчлөлтийг засаж болно. Ер нь архи согтууруулах ундаа уусан хэн ч байсан аажим аажмаар сэтгэн бодох чадваруудаа алдсаар л байдаг. Даамжирсаар мартаж санах, ухаан санаа орох гарах гээд хүндэрсээр тэнэгрэл үүсдэг.
- Таныхаар бол архинд орж байгаа нэгнийг мэргэжлийн эмчид хандахыг л зөвлөж байна уу?
- Тийм. Мөн мэргэжлийн эмч гэхээс гадна дэмжин туслах төвүүд манайд өнөөдөр цөөнгүй байна. Үүнээс гадна зөндөө олон төрийн болон төрийн бус байгууллагууд байна. Ийм газруудад бас хандаж болно.
- Ямар шинж тэмдэг, ямар авир гаргаад байгаа үед нь хэлэх ёстой вэ?
- Тухайн хүн өөрийнхөө биеэ авч яваа байдалд хяналт тавих чадвар буугаад эхэлнэ. Ер нь бол хоног илүү хэрэглээ нь ихсэх юм бол эмчид мэргэжлийн байгууллагад хандах ёстой.
- Энэ хүмүүсийг эмчилж байгаа эмч мэргэжилтнүүдийн хувьд нөхцөл байдал ямар байна. Хичнээн хүнд хандаж эмчилгээ үйлчилгээ хийх ёстой байдаг юм?
- Ер нь бол асуудал хүнд ш дээ. Манай СХД дэх Наркологийн эмнэлгийн хувьд гэхэд эмнэлгийн орчин нөхцөл маш хүнд. Бид өнөөдөр 1963 онд баригдсан эмнэлгийн бус зориулалттай цэцэрлэгийн барилга дотор үйл ажиллагаа явуулж байна. Бид нэг хүнийг 2-3 цагийн хугацаанд үзэх стандарттай. Гэтэл өнөөдөр манайх үзлэгийн дөрвөн эмчтэй. Нийтдээ 51 эмчлүүлэгчтэй. Дөрвөн эмчээс хоёр нь амраад явчихсан. Тэгэхээр нэг эмчид 25 өвчтөн ногдож байна. Маш их ачаалалтай ажиллаж байна. Дан ганц эмчээс гадна нэг сувилагчид л гэхэд 51 үйлчлүүлэгч ногдож байна. Стандарт нормоор бол 5-6 хүн л байх ёстой.
- Ямар шалтгаанаар байр гаргаж өгдөггүй юм бэ?
- Шинэ байрны зураг төсөл гээд гурван жилийн өмнөөс л ярьлаа. Эрүүл мэндийн газар уул нь удахгүй шийдэгдэнэ гэсэн хариу бидэнд саяхан өгсөн. Манай эмнэлэг нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байдаг ч улсын хэмжээнд нийт хүн амд хүрч үйлчилдэг.
- Ярилцсанд баярлалаа.
Д.Чулуунболор: “Архинд донтсоноос болж нэгэнт тэнэгрэл үүсчихсэн бол эргэж засрахгүй” | ||
Үзсэн: 61474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.