Шууд Chart

Б.Бямбадорж: Уртын дуу монгол хүнийг дэлхийд дахин таниулдаг

2025-02-19 09:45:14

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын Гоцлол дуучин Б.Бямбадоржийг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Уран бүтээлийн талаар яриагаа эхэлье?

-Өнгөрсөн 2024 оны уран бүтээлийн олз омог ихтэй, сайхан жил болсон. 2024 онд өөрийн уран бүтээлийн хоёр кино концерт, уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Мөн анхны цомгоо гаргасан. Цомогт нийт 14 дуу багтсан. Монгол Улсын Үндэсний урлагийн их театр буюу хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулга хэмээх 75 жилийн түүхтэй байгууллагынхаа урын сангаас албан ёсны эрхтэйгээр дээжлэн хүргэсэн. Мөн өөрийн үзэгч олонд хүргэсэн бүтээлүүд багтсан. "Мөнхөд эгшиглэх аялгуу" цомгийнхоо нээлтийг 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хийж, үзэгч түмэндээ хүргэсэн. 2024 оны гуравдугаар сард “Мөнхөд эгшиглэх аялгуу 1” нэртэй ардын хөгжмийн их найралтайгаар таван дуутай кино концертыг үзэгч түмэнд хүргэсэн. Цомгийнхоо баярын дараа 11 дүгээр сарын 24-нд анхны тоглолтоо хийж, тоглолтод Монгол Улсын Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. 

-Та Ардын болон Уртын дуу түлхүү дуулдаг уу?

-Хуучны гэгдэх 60-70-аад оны уран бүтээлийг албан ёсны эрхтэй, эрхгүйгээр тухайн үеийн хэвш шинж, агуулгыг нь өөрчлөхгүй дуулахыг зорьдог. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт ажилладаг хүний хувьд зарим дууг хэтэрхий өөрчилж дуулах нь зохимжгүй санагддаг юм. Аливаа дуу, уран бүтээлийг анхных нь хэлбэрээр дуулбал зүгээр гэж боддог. Хэтэрхий хэлбэрт оруулах зохимжгүй. Тухайн зохиогчийн оюуны бүтээлийг хүндэтгэх ёстой. Үр хүүхэд болон манай театраас зөвшөөрлийг авч дуулж болно. Гэхдээ хамгийн гол нь зохиогчийн агуу өмчийг тэр чигт нь үзэгч мүиэндээ хүргэх ёстой гэж хувьдаа бодож явдаг. Тухайн цаг үед хүрч байсан бүтээлийг өөрчилж, элдэв хэв маягт оруулахгүйгээр, эвдэхгүйгээр хүргэхийг зорьж байгаа.

 

 

-Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Би Уртын дуучин мэргэжилтэй. 2018 онд МУГЖ, Зууны манлай засуулч Б.Батболдын удирдлага дор Уртын дуучин мэргэжлээр суралцаж, төгссөн. Оюутан цагаасаа Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт Уртын дуучнаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд өөрийн уран бүтээлдээ түлхүү анхаарч байгаа. Ардын дуу, Уртын дуу монгол хүнийг дэлхийд дахин таниулдаг бүтээл шүү дээ. Бидний ганц ялгардаг зүйл нь Уртын дуу. Энэ их өв соёлыг улам түгээн дэлгэрүүлэх бодолтой байдаг. Иймээс хойч ирээдүйдээ өвлүүлж, сурталчлан таниулах хүсэлтэй мөрөөдөлтэй.

-Хамгийн анхны тайзан дээрээ ямар дуу дуулж байв?

-СУИС-ийн оюутан Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын тайзан дээр гарч, дуулна гэдэг үнэхээр сүрдмээр байсан. Хамгийн анх шалгуулахдаа Баруун Монгол ардын Уртын дуу “Харгай дүнгийн алим”, Монгол ардын богино дуу “Сүнжидмаа”-г дуулж байсан. Театрынхаа хамгийн залуу дуучнаар найм дахь жилдээ ажиллаж байна. Цаг хугацаа хурдан юм байна. Саяхан л юу ч мэдэхгүй энэ театртаа орж байсан бол одоо олон дүү нартай болжээ. Энэ хугацаанд мундаг дуучид, гавьяатуудаасаа суралцаад л явж байна. 

-Уртын дуучин Ардын дуу дуулах сонирхолтой байдаг уу?

-Тийм ээ. Ардын урлагийн гол цөм нь шүү дээ. Уртын дуучин Ардын дууг дуулахад барилын хувьд маш дөхөм байдаг. Ардын дуу, Уртын дуу дуулж байгаа хүний амьсгаа нэг байдаг гэдэг. Монгол хүний төсөөлөн бодох чадвар ардын урлагтай маш их холбоотой. Уртын дуу, Ардын дуу хүнийг байгаа орчноос нь өөр орчинд "хүргэж" байдаг агуу урлаг юм. Иймээс энэ урлагт дурлаж, дуулж явна даа.

 

 

-СУИС-ийг дуучин мэргэжлээр олон оюутан суралцаж төгсдөг. Уртын дуу гэхээс илүүтэй нийтийн дууны чиглэлээр дуулдаг?

-Нийтийн дуу, Ардын, Уртын дууг дуулж байгаа хүн дан Уртын дуу дуулж буй хүн хоёр асар их ялгаатай. Би бүх чиглэлээр дуулахыг хичээж байна. Уртын дууны агуу их соёлыг түгээн дэлгэрүүлье гэсэн бодол тээгээд л явж байна. Иймээс маш их хичээх хэрэгтэй. Уртын дуу олон дууны төрлийг нийлүүлснээс илүү их ур чадвар, амьсгаа, оюун санааны бясалгал зэргийг төгс эзэмшүүлдэг. Миний хувьд дөнгөж суралцаад явж байна. Алтан үеийнхэн болох Ж.Дорждавга, М.Норовбанзад нарын дуулж байгааг сонсохоор их өөр ертөнцөд очиж, гоё мэдрэмж төрдөг. Бид нараас "бүр хол тасарчихсан" улс л даа. 

Сүүлийн үед Уртын дуучин мэргэжлээр суралцах оюутан, сурагчид цөөхөн болсон. Мөн сургуулийн төлбөр нэлээд нэмэгдсэн. Авьяастай, хоолойны цар хүрээ сайтай, Уртын дуучин болох боломжтой хүүхэд сургалтынхаа төлбөрийг төлж чадахгүйгээр сургуулиа орхиод өөр мэргэжлийг сонгоод явж байгаа тохиолдол олон бий. Урлагийн хүн тэр дундаа дуучин хүн болно гэдэг маш олон зүйлийг золиосолж байдаг. Миний хувьд уран бүтээл хийхийн тулд гэр бүлдээ бараг цаг зав гаргаж чаддаггүй. Эхнэр маань бүх зүйлээ зохицуулдаг. Би зөвхөн уран бүтээлдээ л анхаараад явж байна.

-Гэр бүлийн хүн тань ямар мэргэжилтэй вэ?

-Эхнэр маань урлагийн сургууль төгссөн болохоор намайг маш дэмжиж, ойлгодог. Гэр бүлийн хүн маань сайн дэмждэг учраас уран бүтээлдээ түлхүү анхаардаг. Уран бүтээлээ хийгээд явахаар ар гэрийн амьдрал бүр орхигддог юм. Өглөө гараад, орой л гэртээ ордог. Би гэртээ унтах л үүрэгтэй хүн. Хүүхдүүдийнхээ бага балчир насных нь хөөрхөн үед үргэлж хамт байж чадахгүй байгаадаа жаахан харамсдаг. 

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Хүү, охин хоёртой. Том хүү нэгдүгээр ангийн сурагч.

-Аавын үүргийг хэр гүйцэтгэж байна вэ?

-Сайн аав байх гэж хичээж байна. Гэргий болон хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүй л явна. Үнэндээ гэр бүлээрээ агаар салхинд гарах ч завгүй байдаг. Миний гэргий Уртын дууны анхны гавьяат багш Дэлгэрийн отгон шавь, уртын дуучин мэргэжилтэй. Удахгүй гэргийтэй хамтарсан уран бүтээлээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Чөлөөт цаг гарвал гэр бүлийнхэнтэй сайхан амарна даа. Нэг сарын хугацаанд гэртээ нэг өдөр л амарсан. /Инээв/ 

-Театрт харьяалагдаж ажиллахаар хувийн уран бүтээл хийх цаг зав байдаг уу?

-Үндэсний урлагийн их театр төрийн том айлчлал, наадмын нээлт, хаалт, томоохон арга хэмжээнд байнга оролцдог. Иймээс хувийн уран бүтээл хийх боломж бага байдаг. Өдөр бүр бэлтгэл сургалттай байдаг. Тэр их дасгал, сургалтын хажуугаар студиэр яваад дуу бичүүлээд байх боломж үнэхээр хомсхон. Амралтын өдрийг ашиглаж, хувийн уран бүтээлээ хийдэг дээ.

-Хэзээнээс дуучин болох шийдвэр гаргасан бэ?

-Багаасаа дуучин болох сонирхолтой байсан. Миний ээж, аав хоёр сайхан дуулдаг хүмүүс байдаг. Дуучин болоход миний хоёр ах хамгийн их нөлөөлсөн. Манай том ах амьдралын их ухаантай хүн. Надад урлагийн хүн  цэвэр цэмцгэр байх хэрэгтэй гэж байнга зөвлөдөг юм. Ахынхаа зөвлөгөөг маш хэрэгжүүлж байгаа. /Инээв/

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Бид эхээс зургуулаа. Би айлын бага нь. Манай том ах зургаан хүүхдээс нэг нь ч гэсэн тосгүй гартай, цэвэр цэмцгэр хувцастай, олон түмний дунд хүндлэгдэж явах ёстой гэж байнга захидаг байсан. Харин дунд ах маань Уртын дуунд дуртай болгож өгсөн. Манай дунд ах Уртын дуу, Ардын дууг гоё дуулна. Надад Уртын дуу, Ардын дууг их зааж өгдөг байсан юм. Манайх байнга гүү барьдаг байлаа. Би багадаа гүүний саамаар байнга нүүрээ угаадаг, бас шүдээ сайн угааж, арчилдаг байсан. Хөдөөний хүн хэрнээ их цагаан царайтай байгаа биз. Энэ бол гүүний саамаар нүүрээ угаасны ач тус шүү дээ /Инээв/. Хоёр ахаасаа их үлгэр дуурайлал авдаг. Одоо ч гэсэн ах, эгч нараасаа байнга зөвлөгөө, зөвлөмж авч байдаг. Олуулаа байх маш гоё шүү дээ. 

 

 

-Аль нутагт төрж, өссөн бэ?

-Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Манайх 1999 онд Увс аймгийн Хяргас сумаас нүүж, Төв аймгийн Батсүмбэр суманд ирж суурьшсан.

-Уртын дууны ангид элсэх шийдвэрийг өөрөө гаргасан уу?

-Тийм ээ. Манай хоёр дахь ах чиглүүлсэн. Хоёр багшийнхаа хайранд энэ зэрэгт хүрсэн дээ. Манай багшийн шавь нар үе үедээ хамгийн мундаг, шилдгүүд байсан. Миний багш МУГЖ, Зууны манлай засуулч, ерөөлч магтаалч Б.Батболд. Багшаасаа үлгэр дуурайлал авч багшийгаа шүтэж явдаг. Багшийнхаа Уртын дуу дуулж, ерөөл, магтаал хэлж байгааг сонсоод үнэхээр биширдэг. Нэгдүгээр курстээ ардын урлагийг нэг их сонирхдоггүй байсан. Харин хоёрдугаар курсээсээ энэ урлагийн төлөө явах ёстой гэдгийг ухаарсан. /Инээв/

Б.Батболд багш, морин хуурч М.Алтанбат хоёрыгоо өдөр бүр дагаж явдаг байлаа. Манай багшийн гэр Бичилд байдаг байсан юм. Өглөө эрт очоод багшийгаа хүлээж байгаад л хамт сургууль руу явна. Зарим өглөө эрт очоод өглөөний цай ууж аваад явдаг байсан. Багшийнхаа хувцаслалт, дуулалт гээд бүх зүйлийг л хардаг байлаа. Багшийн маань гэргий ч гэсэн надад сайн ханддаг байсан. Сайн багшийн шавь шүү би. Багшаараа их бахархдаг.

-Үндэсний хөгжим хэр сонирхдог вэ?

-Тоглохыг боддог. Гэхдээ олон зүйлийг хоёрын хооронд "сэглэх" дэмий гэж боддог. Нэг чиглэлээр явсан нь дээр ч юм шиг. Уртын дуугаа дуулсан ч сайн, чанартайгаар үзэгчдэд хүргэхийг хүсдэг.

-Ер нь урлагийн хүн болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Төсөөлж үзээгүй юм байна. Хэрэв дуучин болоогүй бол адуучин болох байсан байх. Багадаа тоглож өссөн найзтайгаа адуунд байнга хамт явдаг байсан. Миний багын найз Улсын аварга адуучин. Багаасаа адуу малтай ноцолдож өссөн болохоор адуучин л болох байсан байх. /Инээв/

-Найз нөхөрлөлийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Нөхөрлөл үнэ цэнтэй байх ёстой. Найз нөхдөө зөв зүйл дээр дэмжиж, буруу зүйл дээр шүүмжилж байх хэрэгтэй.

-Тэмцээн, уралдаанд оролцож байсан уу. Хэр болон шагнал авч байв?

-Олон тэмцээн уралдаанд орж байсан. Тэмцээний есөн шагналтай. Хамгийн их урам авч байсан тэмцээн гэвэл Ч.Шархүүхэний нэрэмжит тэмцээнийг нэрлэнэ. Энэ тэмцээн чансаа өндөртэй, дөрвөн жилд нэг удаа болдог юм. Энэ уралдаанд оролцож Ч.Шархүүхэний нэрэмжит дуучны шагналыг авч байсан. Үүнээс хойш уралдаан, тэмцээнээс хасагдаж байгаагүй. Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрынхаа шинэ жилээр "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг хүртсэн. Үргэлж урам зоригоор хурцалж байдаг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. 

-Ямар дуу аялах дуртай вэ?

-Монгол ардын дуу "Сандуйтай мод"-ыг аялах дуртай. Гоё үгтэй дуу. Уртын дуунаас “Саарал тал” дууг дуулах дуртай.

 

 

-Танайд урлагийн хүн байдаг уу?

-Миний авга ах Ж.Лхамсүрэн гэдэг хүн Бүх ард түмний урлагийн их наадамд Уртын дуугаар хошой мөнгөн медаль хүртэж байсан. МҮОНТ-ийн архиваас нэвтрүүлгийг нь авах гээд хайж байгаа ч олдохгүй юм. Миний  ээж, аав хоёр ч бас Уртын дуу гоё дуулдаг.  

-Ойрын зорилго юу вэ?

-Энэ онд Ардын дууны чиглэлийн уран бүтээл түлхүү хийх төлөвлөгөөтэй байна. 2025 оны сүүлчээр хувийн уран бүтээл гаргахаар төлөвлөж байна. Ардын дуу, Уртын дуугаа дуулна. Анхны тоглолт маань тун сайхан болсон. Нисэж байгаа юм шиг мэдрэмж авч байсан. 

-Сошиалд хэр идэвхтэй вэ?

-Сүүлийн үед жаахан идэвхтэй болж байгаа.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Б.Бямбадорж: Уртын дуу монгол хүнийг дэлхийд дахин таниулдаг   
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй