
Дэлхий дахинаа жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэл гутралын тухай хамтдаа ярилцъя” уриан дор тэмдэглэсэн ба дэлхий нийтээрээ сэтгэл гутрах эмгэгт анхаарал хандуулах зорилготой байлаа. Энэ сэдвийн хүрээнд ЭМЯ, ДЭМБ, НЭМГ, НЭМҮТ, СЭМҮТ зэрэг байгууллага хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас барж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ мэдээлсэн. ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол Улс нь 7-рт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали ба Шинэ Зеланд улсын дараа 3-рт, 100000 хүн амд амиа егүүтгэн нас барах тохиолдлын тоогоор 6-рт тус тус жагсаж байна. Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3% хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.
Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм.
Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг нь харагдсан юм.
Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна.
Дээрхээс харахад сэтгэл гутрал ихсэж даяаршиж байна. Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чадахгүй л байна. Нөгөө талаас сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна. Энэ нь тусламж үйлчилгээ үзүүлж буй бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавх болон нийгмийн гадуурхалтай холбоотой байна.
Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.