![](/uploads/201912/news/thumb/a60a12269a091626372a75a3842a392c_x3.jpg)
Экологийн тэнцвэр хадгалах бүс хэмээгддэг Улаагчны хар нуур Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт оршдог бөгөөд хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм.
Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км газарт оршдог. Нийт 574.8 хавтгай дөрвөлжин километр талбайтай, гүнээрээ 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур. Энд омоль, пельд загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн их, бага хоёр авгаш байдаг.
Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн, урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энэ нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг байна.
Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас ийнхүү давсгүй хужиргүй байдаг онцлогтой.
Аравдугаар сарын сүүлчээр хөлдөж мөсний зузаан 110 сантиметрт хүрэх ба үргэлж гөлөөн мөс гялалзаж байдаг. Нуурын ёроолоор жигд хар замаг ургаж, цайвар өнгөтэй лаг наанги шавар ёроолын ихэнхийг хучна. Нуурын эргэн тойрондоо зохицсон үзэсгэлэнт байдлыг нутгийнхан өргөмжилж “Хангайн сувд” ч гэж нэрлэдэг.
Нуурын мандал дээгүүр “шунх” хэмээх цэцэг ургадаг нь нуурыг улам ч үзэсгэлэн төгс харагдуулдаг ажээ. Улаагчны хар нуурыг байгалийн цогцолборт газарт багтаадаг билээ.
Шунх цэцгэн гоёлтой “Хангайн сувд” | ||
Үзсэн: 2234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.