Яагаа ч үгүй эрт гэгээ оров. Шувуу жиргэнэ. Ай ер эдний жиргээгүйсэн бол өглөө гэж ямар юм байх бол. Арчсан цонх шиг мэл хоосон байх биз. Хэн ч үгүйлэхгүй, тийм нэг сайхан юм байдаг гэж хэн ч төсөөлөхгүй биз. Хурдхан өглөө болоосой энэ тэр гэж яарахгүй байсан даа. Шувуугүй бол өглөө гэж юусан билээ. Шувуу жиргэж байхаар л өглөө яах аргагүй өглөө мөн. Өөрөө үзэгдэхгүй хэр нь жиргэж дуулдаад, хаа нэгтээ мөнгөн утас цувиж байх шиг санагддаг. Шувууны жиргээгээр цувисан мөнгөн утас ямаршуу юм байдаг бол. Барьж үзэхсэн. Хээ болгон нь жиргээ дуугаар бүтсэн байх вий. Хөөрхийс өдөржин хоол хош эргүүлж цөхнө. Эднүүс хэдий завандаа ч жиргэх билээ. Өдийд ангаахай нь дуг нойрондоо дугжирч байгаа вий. Дулаан хөнжлөө тийрч хаяад шалдан унтаж байгаа хүүхэд шиг. Гэдэс цатгалан бол тэднүүс юунд санаа зовохов. Энэ хооронд л завчлаад жаал жиргээд авъя гэж эх нь боддогоос зайлахгүй. Тэгэхгүй бол хэдийд нь жиргэж амжих билээ. Нар дээшилж зовхин дээр нь гэрэл тусахаар өнөөх гайхлууд сэрнэ. Сэрээд л хоол нэхэж таарна. Цөхрөлтгүй нэхнэ. Жив жив жив, бас дахиад л жив жив жив гэж... Хүүхдийнхээр бол боов боорцог, аягүйтвэл чихэр жимс нэхэх шиг юм аа даа янз нь. Эх шувуу юун жиргэх манатай. Өмх талхны үртэс хаанаас олъё доо гэж тархиа гашилгаж байгаа амьтан жиргэх энэ тэрээ таг мартана. Тэгээд л баадуутай юм шиг нисэж гарна. Нисээд л байна, нисээд л байна. Хэсээд л байна, хэсээд л байна. Айл амьтны ойр байж, талхны үртэс мүртэсхэн түүнэ. Ад болж чулуудуулна. Чулуунд оногдвол ч дүүрлээ л дээ. Яахав мажийх биз. Үлдэж байгаа нялх амьтасаа яалтай. Чулуунд цохиулж болохгүй. Хоосон харьж болохгүй. Үхэж бүр болохгүй. Шувууны хууль юм. Тэгсээр байтал өдөр өнгөрнө. Гэдэс гарсан нялх амьтас дулаан үүрэндээ шургаад дугжирна. Ай даа энэ л хамгийн аятай үе юм. Жаал жиргээд авъя гэж бодохоос яахав. Эдний жиргээгүйсэн бол өглөө гэж ямар юм байх сан билээ. Арчсан цонх шиг мэл хоосон оргиод нэг тиймэрхүү хөггүй юм байх биз.
Дарам өндийж суугаад дэрэн доогуур тэмтчин тамхи шүдэнзээ эрэв. Олдоггүй ээ. Хаачдаг золиг вэ. Энүүхэнд л байдаггүй билүү. Нойр хулжаад нааш цааш хөрвөөж байгаад орны урд руу унагасан юм болов уу. Үнэхээр ч тэгсэн байв. Яаж авъя даа. Уначихгүй юм сан. Орныхоо урд руу уначихвал эргээд дээш гарна гэж санадаггүй хэрэг. Цэрмааг дуудах болно. Өнөөх чинь нүд нь гурвалжлаад уурлана даа.
- Юун хэрэгтэй гэж доноголзож байж ойчно вэ. Намайг байхгүй бол яахийм. Ингээд л сэтгэл амар байж болдоггүй. Ямар үйлийн үр вэ. Хэзээ барагдах зовлон бэ ? Ажил дээрээ ч сэтгэл амар байж дөнгөхгүй юм. Үргэлж л яарч...өнөөх чинь юу хийж байгаа бол...цайгаа аягалаад ууж чадаа бол уу яагаа бол...гэж. Дарам Цэрмааг үглэхэд зүрх нь чим чим өвддөг билээ. Аль болох уурлуулахгүй юмсан. Хувь заяандаа гомдоллохыг нь сонсохгүй юмсан. Хүн хартай инээж хөхөрч аятай байгаасай. Гэрээс гараад зовлонгоо түр боловч мартагнаасай гэж хүсдэг билээ. Өөр яалтай. Хувь тавилан иймд хүрснээс хойш.
Ядахнаа хоёр таяг юунд тийм хол тавина вэ. Ядаж энэ чинь амьд хүн байна даа, шөнө босож шээж болно. Гадаа гарч болно. Энэ таяг ямар тайлаад орхидог дээл хунар биш. Яаж тэгж болохов дээ. Цэрмаа арай дэндүү юм. Таягтаа хүрэх гэж их л хүчлэв
–Ишш..шшү ...гэсээр арай гэж таягаа авав. Одоо айлтгүй. Цэрмааг дуудалтгүй боллоо. Хоёр өрөөнд тусдаа байх болсоор уджээ. Өдийд сэрээгүй байлгүй дээ. Унтаг унтаг. Нойрондоо хүүхэд тэвэрч сэтгэлээ дэвтээдэг ч байж болох шүү дээ. Тамхиндаа ч хүрэв. Ер нь гадаа гаръя байз. Тог тог тог...
Өглөө эртээ гэж. Ийм л байдаг даа. Дарам насаараа өглөө эрт гэрээс гардаг байв. Даан ялангуяа өвөл. Малгайгаа хулгавчлаад бага зэрэг бөгтийсхийн автобусны зогсоол руу явдаг байв. Уурхайн ажилчдын автобус яг долоод ирнэ. Шувуу жиргээд л. Аль завандаа унтаж амардаг золигнууд вэ гэж боддог сон. Одоо бодохнээ жаал зав гарсан дээр жиргэж авъя гэдэг байсан хэрэг. Ингэж бодоод Дарам суга таягаа зөөж тавин мэдээгүй болсон хоёр хөлөө чирсээр хашаанаас гарав. Хүний хөл хөдөлгөөн эхлээгүй байлаа. Өдийд ч арай бужигнаж эхлэх болоогүй л дээ. Тэгтэл гудамны нөгөө булангаас боодолтой бөндгөр юм барьсан нэг хүн ирж явав. Дарамтай уурхайн гүнд мөр зэрэгцэн явсан нөхөр байв. Мань эр өдрийнхөө хоолыг барьсан явна. Нээрээ л тийм үе байдаг л даа. Ажил ихтэй, төлөвлөгөө тасрах гээд бачимдаж байх үед доор орчихоор хааяа ажилдаа улайраад дээш гарч хоолондоо орж амжихгүй үе ч бий. Нөгөөд гэвэл энүүнийг өрөмдөж дуусгаад нэг мөр дээшлэе дээ гэж бодох ч байдаг. Эдний үеийнхний зан юм. Одооны залуучууд бол заяа нь тэгэхгүй . Цаг руугаа хялам хялам харж байгаад цаг болонгуут хамаг юмаа хаяад хоолондоо яарах юм.
- Сайхан өглөө еө хө...тамхиа улалзуулан сэтгэл ханагар асуув.
- Хэлээд яахав. Сайхан өглөө. Бие тэнхээ данги уу даа Дарам минь.
- Сайн хө..Сайнаар барах уу. Хааяа өрмөө тачигнуулаад оволзуулж өгөх юмсан гэж бодох юм. Манай залуус ч үзүүлж өгч байгаа биз дээ.
- Тэд ч гялалзуур улс юм. Хэтэрхий гялалзчих гээд байх юм. Үг авахгүй. Их л юм мэддэг улс.
- Яахав ээ хө. Бид бас тийм байсан юм чинь.
- Тийм нь ч тийм. Гэхдээ бид хайрладаг байсан. Нөхрөө ч , амиа ч , өрмөө ч....хайрладаг байсан.
- Ай тэгэлгүй яахав. Хайрлахгүй бол яаж болохов. Уурхай гэдэг ямар хүүхдийн тоглоом уу. Бие биенээ хайрлахгүй бол хэн хайрлана гэж биднийг. Ёолж шархирч байгаа хад чулуу биднийг хайрлах уу. Үгүй. Тийм юм байгаагүй. Чи намайг... би чамайг, бид хоёр, Гончигийг... Гончиг, чи бид хоёрыг хайрладаг. Тийм болохоор л бид зоригтой байсан даа. Тийм ээ хө. Нуралт болж гарц хаагдчихаад байхад таван зуун метрийн дор харанхуйд эндээс гарна, маргааш муу золигийг нураагаад өгнө гэж боддог байсан. Тийм үү хөе...
Дарам нэг амьсгаагаар урсгаж гарав.
- Ай даа хэлээд яахав гэснээ цаадах нь цагаа хяламхийн харав. Нөхөр нь яарч байна. Цаг нарыг ч бас хайрладаг улс. Дарам нөхрөө ойлгож байв. Цаадах бас шуудхан орхиод явчиж чадахгүй дүлэгнэнэ. Дарам сая сэхээ орсон шиг
- Хүүе чи минь хоцорлоо гэм. Унаа ирчихсэн. Аягүй бол улс үглэж байгаа. Цаг болчихоод байхад. Авгайнхаа халуун өврөөс босож чадахгүй энэ тэр гэлцэнэ . Чи минь яв. Завтай бол орой манайхаар дайраарай. Жаал ярьж суухсан.
Нөхөр нь гэмшингүй яваад өгөв. Дарам нөхрөө араас нь харж зогсоод
-Орой жаал “жиргэе” байз” гэж бодов.
Шувуу энд ч, тэнд ч жиргэсээр л...Муу юм бодохын аргагүй өглөө...
Үүдний довжоогоод чардайж байж гарав Дарам хөлөө чирсээр. Таяг нь тог тог тог хийсээр өөрийнхөө өрөөнд оров. Ингээд нэг суугаад авна аа хө. Биеэ хөнгөлчихсөн. Одоо өөр юу хийхэв. Одоо хаашаа ч салдирганах билээ, яая гэхэв...
Цэрмаа босчихсон тольдож суув. Хүний урманд эргэж харсангүй. Таягны ийм чимээг бүтэн гурван жил сонсож байгаа хүн юунд нь гайхах билээ. Цагийн зүүний цохилт шиг хэн ч анзаарамгүй юм чинь. Цаг явж л байдаг. Тэрний дууг хэн анзаардаг билээ. Өө ийм орой болчихсон хэрэг үү гэж хайнгат хардаг шиг юм. Дарам орж гарч, өрөөн дотроо тог тогхийн хөлөө чирч явах нь Цэрмаад зүгээр л цагны зүү цохих шиг юм. Одоохондоо халтиргаа гулгаагүйдээ л болж байна. Хаймар олж хадахгүй бол энэ муу таягны үзүүр бүр мөлийж гөлийгөөд нэг биш. Улаан нүцгэн болж гэм. Нэг л өдөр савж унагаж ахиад л гай дуудна даа. Ахиж гай дуудаж гаргүй болж гэмээнэ амьд арзайж суугаад ч яахав. Хүнд улмаа тээр болохын нэмэр. Тэгсэнд орох нь ээ...
Цэрмаа цай талх дөхүүлж тавиад үгийн солиогүй эргэв.Ажилдаа яарч байгаа нь илт. Уурхайчдын соёлын ордонд ажилладаг. Олон жил болж байна даа. Цэрмаа тэнд ажилладаг болоод ч тэр билүү, хоёул бүжиг алгасадаггүй байж билээ. Нөхөд нь хааяа өдөржин хүнд төмөр үүрч, өрөмний чичиргээнд талхиулсандаа шалчийтал ядраад харихын мөн болдог байв. Дарам бол үгүй. Тэртэй тэргүй бүжиг таанц дуусахаар Цэрмаа ажил нь дуусах юм чинь гээд гэр лүүгээ ганцаараа явахаас дургүйцэн нөхдөөс үлддэг байсан юм. Хоёулхан болохоор хүүхэд шуухад гэж ар тийшээ яарах хэрэггүй. Шогшоо бүжгийн сэнсэрсэн хөгжимд ядраагаа сэгсэрч орхидог. Залуу ч байж дээ.
Төд удалгүй хаалга хап хийтэл хаагдаж хөлийн чимээ далдрав. Цонхоор хальт харвал хашааны хаалган цаагуур Цэрмаагийн банзлын хормой цухас хийгээд гарч явлаа. Гай түйрэнгээс зугтаж байгаа шиг юундаа яарнэв дээ. Дөч гарлаа даа. Нас ч тогтож байна. Намба галбир сууж болдоггүй л юм байх даа. Хаалгаа зөөлөн хаагаад намбайтал алхаж байвал сайхан л байж таарна. Хүмүүс ч юу гэх билээ. Хуухуйд хөөгдсөн шиг гулав шулав хийн амь тэмцэж явах юм гэж муу хэлнэ дээ. Цэрмааг орой ирэхээр нь хэлье байз гэж бодов. Аль эсгүүл гудманд гарсан хойноо биеэ цэхлээд ихэмсэг донжтой тайван алхдаг бол уу. Аргагүйн эрхэнд л энэ гэрт орж ирдэг, гарахын мөн болдог юм бол уу. Өглөө болохыг тэсэж ядан хүлээж байгаад, ашгүй өглөө боллоо жаал”жиргээд” авъя гэж ум хумгүй яардаг юм бол уу.
Дарам яаралгүй сууж цайгаа ууж талх идэв. Өглөө болгон л ийм байдаг. Одоо ингээд цонхоор хараад суучихна даа. Зугаатай байдаг юм. Хэвтэхээс л дээр. Цонхон дор нь хэдэн жилийн өмнө тарьсан нялх улиас бий. Зун болохоор сайхан л даа. Нов ногоон нахиа бултайгаад. Хаанаас ч юм болжмор ирээд суусан харагддаг юм. Шарангуй хушуу ангалзан, өд сөдөө засаж байдаг билээ.
Тэдний цонхны яг харалдаа эсрэг талд ноднин шинэ айл нүүж ирсийм. Дарам тэднийхтэй танилцаж амжаагүй. Уг нь хүсвэл хөлөө чирээд ч болов тэднийх хүрчих л дээ. Хүсээгүй ч гэхүү, сонирхоогүй ч гэхүү. Олон хүүхэдтэй зайлуул. Гадуур нь хүүхэд гүйлдээд. Өвөл зун ялгаагүй. За даан ялангуяа зун бол. Цүрдийсэн хэдэн шалдан хөх юм гадаа өнжинө. Өхөөрдмөөр. Эцэг нь бас өглөө эртээ гарч харагддаг юм. Орой нэлээд ядарсан болтой хөл нь туйвсан амьтан ирж явна. Хааяа ч яахав бүр туйвах биш гуйвсан, гуйвах гуйвахдаа бүр тэнтэр тунтар дээрээ тулсан ч байх бий. Хөлчүү болтой байдаг юм. Андашгүй. Ганцаар чанга чанга ярьсаар ирнэ. Хүүхдүүд нь бужигналдаад тосож гүйснээ бут үсэрч буцаад гэр рүүгээ харайлдаж харагддаг . Эцгээ согтуу ирэхээр айдаг болтой юм. Нээрээ ч төд удалгүй тэднийхээс уйлаан чарлаан сонсогдож цонхны цаагуур сандал нисэж хуйларсан зээр шиг хэдэн хүүхэд нь эхийгээ хормойдон цонхны цаагуур урагшаа хойшоо гүйлдэж үзэгдэнэ. Тэг тэгсээр чимээгүй болно. Бодвол хэдүүлээ дарж байгаад унтуулдаг байх. Ийм үед Дарам их цухалдана. Хэнд нь олдоггүй байж хэнд илүүддэг юм. Үргүй байх нь цээжинд зэв шааснаас ч дор гэдгийг Дарам мэднэ, гэвч Цэрмаад ил гаргадаггүй.
- Өнөө чинь бас л балгалттай иржээ янз нь. Хүүхдүүд нь хуйларч гүйлдээд. Чааваас муу эхнэр нь өнөө хэдээ ардаа нэг хийхүү, өмнөө нэг хийхүү, улаан гараараа л тулж байна. Цаадах нь ч гэж цаадах. Юу тааралдсанаа шидэх юм. Сандал л лав харагдана лээ. Мод залтас, данх гутал...юу эсийг нүүлгэв ээ. Хутга заазуур л нүүлгээгүй байгаа ер нь. Аягүйтвэл зайлуул эхнэр нь зангий нь мэдэх болохоор хутга шөвгөө далд хийдэг байх л даа гэж нэг удаа ярьсан юм.
Цэрмаа ер сонссон шинжгүй мэлийж суув.Аргаа бараад гайхаш тасарсан янзтай. Өдөржин ажилд талхиулж талхиулж хамаг хүчээ барсан аятай. Эсгүүл тэдний авгайд атаархдаг юм бол уу. Зодож нүддэг ч болов хүн шиг бүрэн бүтэн нөхөр, нүцгэн шалдан олон хүүхэд, тэднийгээ согтуу эцгээс нь өмгөөлж урд хойноо хийхийг хүсдэг юм бол уу. Гэнэт зүрх рүү нь ширхийтэл бодогдоод явчив.Ганц охинтой байсан бол..Цэрмаад .ханьтай байхсан даа. Цэрмаа ингэж уйлан алдаж суухгүй дээ. Олон жил хүлээсэн юм. Арга чарга юу эсийг хийлээ. Эмнэлэг домнолгоор ч мөн их явсан даа. Олдоггүй. Тэнгэрээс хур гуйх шиг л гуйсан юм. Сүүлдээ Дарам өөртөө буруу байгаа шиг бодох болжээ. Цэрмаатай учрахаас өмнө юу эсийг хийж явлаа. Залуу халуун ч байж. Зоргоор тэнэгдүү ч байж. Мөн л эмнэлгээр явж үзэв. Эмч нар “ Та хоёр хүүхэдтэй болно оо. Ийм сайхан залуу улс...Бололгүй яахав” гэлцэнэ. Тэгэхэд бух шиг эрүүл чийрэг явсан юм чинь итгэлгүй яахав. Сайн гэсэн рашаан усанд хүртэл хамт явж байж билээ. Олдоггүй. Гэтэл дараахнаас энэ...
Маргааш нь тийм гай ирэх юм шиг, нэг л тийм ёртой байсан юм одоо бодоход. Урд шөнө нь хагацаж салах гэж байгаа шиг янагласан билээ. Одоо л ёстой нэг олдмоор бол олдмоор доо. Дарам ч итгэлтэй байсан. Тэр өдөр Цэрмаа ажилдаа явмааргүй байна гээд үлдсэн билээ. Уян налархай ч болсон шиг, нэг тийм энхрий тунирхуу...бүх юм таарч тохирсон шөнө байсан болоод тэр биз.
Дөрөвдүгээр мөргөцөгт өрөмдөлт хийж байсан юм, хоёулхнаа. Дарам үл мэдэг инээмсэглэн, ирж яваа үрээ төсөөлөн бодож, Цэрмаатай адилхан байх болуу, надтай адилхан байх болуу...охин хүүхэд цаанаа л нэг адтай хөөрхөн юм. Сээмийгээд эгдүүтэй...гэж бодож байтал
...ну..ррж бай..на гэж нөхөр нь ганцхан удаа л хашхирч амжсан. Дарамд ч сөхөө байгаагүй. Араас нь доошоо ниссэн. Нэг мэдэхэд л энэ. Нөхөр нь амь гарч чадаагүй. Гучин метрээс унасан хүн яаж тэсэхэв. Тэгээд ч арсайсан хад чулуун дээр унаж байгаа хүн. Дарам бүхнийг сүүлд мэдэж билээ. Харин хэн ч Дарамд хэлдэггүй болохоос, Дарам нөхрийнхөө яг дээрээс унасан тулдаа энэ зэрэгтэй амь голтой үлдсэн байх. Хотоос нисдэг тэрэг дуудсан юм билээ. “Гомдлын мөр юм даа, ер нь бол тэсэхгүй дээ” гэж улс ярьцгааж байжээ. Тэгтэл тэсдэг байна шүү. Бүтэн жил эмнэлгийн орноос босоогүй. Хүн болох нь болсон. Одоо харин эргээд санахад хэрэггүй ч юм болжуу гэж санагддаг юм. Хүн боллоо гээд юуны тус байхав. Даахийг нь үнэрлэх ганц охин байх биш. Улс бүгд мэдсээр байхад Цэрмааг жирэмсэн боллоо гэвэл Дарамын хүүхэд гэж хэн итгэх вэ. Дарам энэ тухай бодож явсангүй. Харин өнөө Цэрмааг нэг л тийм гайхаш тасарсан, гөлгөр байхаар нь сэхээ авсан хэрэг. Эм амьтан юм чинь үр хүүхэд тээж, эхийн зөнгөөр түүнийгээ хайрлахыг хүсэж байгаа. Бүр нэг арга нь барагдсан янзтай байсан юм. Хүүхэд өргөж авч болох юм даа...Өргөж авсан хүүхэд бол өргөж авсан л хүүхэд шүү дээ. Элгээ дэвтээх гэж.Аргаа барсан хэрэг дээ. Эм амьтан чинь хүүхдээ хөхүүлж, нойтон даавууг нь үнэрлэж суухыг хүсэлгүй яахав. Өт шиг аравгар жаахан хуруугаа амандаа хийсэн нялх амьтны шээсний үнэрийн хурцыг яана. Нялх ногооны үнэр л гэсэн үг.
Дарам энэ мэтийг бодон суусаар, сүүлдээ бодол нь тээр холд одсныг анзаарсангүй. Зурагтаа асаав. Сурвалжлагч охин ярьж байна. Өөрөө үзсэн юм шиг, тийм итгэлтэй. Хаанахын ч гэнэв нэртэй баян хүүхэн хүүхдээ өөр хүнээр тээлгэж байна гэнэ. Өнөө гоё бие хаа нь эвдэрнэ гэж тэр. Цэрмаа сонсвол тэр хүүхний өмнөөс боож үхэх байх даа. Хүнээр хүүхдээ тээлгэхдээ яахав дээ гэнэ. Итгэмээргүй юм. Яадаг хэрэг вэ.Олдонгуут нь шилжүүлж суулгадаг юм болуу. Ногоо тарьчихаад ургаж гүйцэхийг нь хүлээж байгаад ухаад авчихдаг шиг. Арван сар болонгуут нь гаргаад авчихдаг байх нь. Өргөмөл хүүхэд шиг л юм даа. Ялгаа алга. Улмаа урам хугарах шиг болов. Цэрмааг ирэхээр ярих нь зөв үү буруу юу. Буруу ч юмуу даа. Сэтгэлийг нь дэмий үймүүлэхийн нэмэр байх.
Цонхоор харвал хөрш эр ажилдаа явж байх болтой. Эхнэр нь, хүүхдүүд нь тойрч шавсан харагдав. Өчигдөрхөн л сандал нүүлгэж цамнаж байсан. Дэргэд нь хүн амьтан тогтмооргүй. Эхнэр нь гомдохдоо бараг л боож үхмээр, багадаа л хэдэн хүүхдээ чирээд эцэг эхийнх рүүгээ гүймээр юм. Гэтэл..хүүхдийн элэг гэж өөр юм. Өчигдөрхөн л эхийнхээ ар өвөрт орон хуйларч байсан хүүхдүүд нь эцгээ хүзүүдэн зүүгдэж харагдав. Өргөмөл байсан бол заяа нь ингэж хүзүүдэж чадахгүй дээ. Чадъя гээд ч яадахгүй. Цаанаа л нэг гомдолтой байх биз. Яаж ийгээд хүчлэвч нэг л хүнийрхүү байх биз. Төрүүлсэн хүүхдийн элэг гэж өөр юм. Эх нь ч гэж эх. Нэг л жаргалтай амьтан. Дундуур дүүрэн ийм амьдралдаа л жаргалтай сурсан юм. Эсгүүл эм амьтан гэдэг ийм ууч зөөлөн байдаг байх даа. Энэ эхнэр өнөөдөр өдөржин гэр орноо угааж зүлгэж, нөхрөө цонхоор байн байн харан хүлээнэ шүү дээ. Эмтэрч цав гарсан сэтгэлээ аль хэдийн бутарсан шаазангийн хагархайтай хамт шүүрдээд хогийн тантанд хийж орхисон хэрэг. Цэрмаа бид хоёр ингэж гал гартал зад хэрэлдээд, маргааш нь бороо хур хөллөх шиг эвлэдэг болоосой. “Чамаас болж би үнэрлэх үргүй хатаж байна” гэж Цэрмаа над руу хашгирч...би мөчөөгөө өгөлгүй “Хүсээд байгаа бол чи дуртай хүнийхээ хүүхдийг гарга... Би яахав. Хүний оронцог болсон амьтан. Мөрөөрөө үхэж далдарвал таарна” гэж сүүлчийн гомдлоо тайлан хашгирах юм сан.
Орой болов. Орой ирж жаал хөөрөлдөе гэсэн нөхөр нь алга. Цэрмаа ч алга. Хуралтай юм бол уу. Төлөвлөгөө тасарлаа гэж баахан хүнийг донгодоо бол уу. Тийм болж таарлаа. Сар дуусаж байгаа юм байна. Төлөвлөгөө тасарлаа...биелэлээ...арай дутуу...дараа сард гүйцээнэ. Уурхай ер нь тиймэрхүү юмыг байнга хийж байдаг билээ. Хүний амьдрал үйлдвэрийн төлөвлөгөө шиг байдаг бол яах уу. Энэ сард амжсангүй. Дараа сард л гүйцээе гэж. Яаж ийгээд л дараа нь гүйцээнэ дээ. Мундаг том эмч нар авчирч байгаад ч болов. Дарам Цэрмаа хоёрыг хүүхэдтэй болгоно оо гэвэл тэгээд л гүйцээ. Хүнээр тээлгэдэг сан уу. Эсгүүл Дарамыг хөл дээр нь явуулж чадахгүй ч яаж ийгээд эхнэртэй нь хавьтуулж дөнгөнө дөө. Тэгвэл болох нь тэр. Цэрмаа бөөн баяр болно. Царай гэрэлтэн, ирж байгаа хүүхдээ наанаас нь аяархан илж хэвлийдээ бүүвэйлэх биз. Төрсөн хүүхэд бол элэг нь өөр. Дарамыг өрөөл татуу амьтан гэж хэзээ ч бодохгүй. Миний аав...миний эцэг гэж хайрлана шүү дээ. Дарамд одоо тэрнээс илүү хүсэх юм юу байна. Ямар хөдөлмөрийн баатар болъё гэж бодох цаг биш. Уг нь тэгж бодож байсан цаг бий нь бий л дээ. Одоо бол өөр хэрэг.
Бүрэнхий ч болов. Цэрмаа алга. Яасан барагдаж дуусдаггүй хурал вэ. Завсар зайгаар нь гүйж ирээд аяга цай чанаад өгдөг болоосой...Харин хөрш нь томоос том уут савтай юм барьсаар ирж явлаа. Хүүхдүүд тосоод гүйлдчихсэн, эхнэр нь үүдэн дээрээ хүлээж харагдав.
Орой ирж жаал хуучлая гэсэн бригадын нь нөхөр ороод ирэв. Нэг л гэмшилтэй, Дарамын өмнө бурууг хийсэн шиг байв.
-Хурал хуй болоо юу. Эсгүүл төлөвлөгөө тасарлаа гэж жаал донгодуулав уу ? Цэрмаа алга л байна.
- Төлөвлөгөө яахав. Тасарлаа л гэнэ, мачийж байж биелүүлэхчээ болно. Төлөвлөгөө ямар хүний амьдрал биш.
- Тийм нь ч тийм. Цэрмааг алга байхаар л...хурал хуй болоо юм болуу, бүжиг таанц болоо юм болуу гэж бодоо л...
Нөхөр нь тамхи баагиулж баахан суув. Олигтой чих сортоймоор ч юм ярьсангүй. Бул хар чулуу шиг овойн сууж сууж босохдоо нэг л анзаатай Дарамыг харж
- Цэрмаа оройтох юм байлгүй дээ. Тэгж хэлүүлнэ л лээ. Яамаар ч юм бэ дээ Дарам минь. Цаадах чинь бас хүн шү дээ. Ядаж гараас хөтлөх ганц хүүхэдтэй бол...
Найз нь тэгсгээд яваад өгөв. Тэрний цухуйлгаад орхисон яриаг Дарам зүрхнийхээ гүнд ёолж сонсов. Ойлгохын цаагуур ойлголоо. Тэгэхэд л нэг мөр...одоо яая гэхэв, оройтсон хэрэг.
Дарам гэрэл ч асаасангүй. Суусаар байв. Цонхны цаана хөршийн нь гэрэл асаалттай. Оройн хоолоо идэцгээж байв. Цээж нүцгэн эр ширээ голлон, хүүхдүүд нь тойрчээ. Эхнэр нь цонхоор харагдсангүй, бодвол пийшингийн өмнө бас хоолоо идэж суугаа вий.
Олон шөнө нойр хоолгүй ажиллаж байсан. Тэхэд ингэж ядарч байгаагүй. Энэ шөнө Дарам цурамхийсэнгүй. Сандлаасаа ч боссонгүй. Нэг мэдэхнээ өглөө болчихсон, Цэрмаа орж ирж байв. Санаа дагаад ч тэрүү хацар гэрэлтэх ч шиг. Яав ийв, хаачаад, хаагуур хоноод ирэв чиг гэж Дарам асуусангүй. Цэрмаа ажилдаа явахгүй юм байлгүй дээ. Хувцас хунараа сольж өмсөөд галын өрөөнд орон түжигнүүлж эхлэв. Өчигдөр, бүр өглөөнөөс хойш галлаагүй пийшинд хар модны гишүү тас няс хугачин асаж, гашуун хар утаа саагиж байв. Хоолой хорсгох утаанд юугаа ч хийж суугаад байх билээ. Дарам хоёр муу таягаа ойртуулж хөлөө чирсээр гарав. Тог тог тог тог гэх таягны дуу голомты нь тонших хар хэрээний эвэр хушуу шиг ямар ёрын муухай сонсогдов оо. Цэрмаа араас нь дуудсан ч үгүй, юу ч хэлсэнгүй.
Гадаа жаал суув. Бас л сайхан өглөө юм. Шувуу жиргэнэ. Ид жиргэж байдаг цаг хойно доо. Өдийд л амжиж жиргэдэг цаг, ийм үе бол тэдний эрх чөлөөний зурвас юм. Дарам бодов. “Яая гэхэв дээ, Цэрмаа ч бас хүн шүү дээ. Хатаж хагссан бие сэтгэл нь дэвтээ биз. Үрийн гуйлга ч гуйсан юм уу. Санаан зоргоор ямар үхэж болох биш, аминдаа хүрчилтэй биш. Хаяад явчилгүй эргээд ирсэн нь болоо доо”. Халаасаа тэмтэрвэл тамхи шүдэнзээ орхижээ янз нь.
- Цэрмаа, тамхи шүдэнз дөхүүлээд өгөөч ? Хариу алга. Сонсоогүй юм байлгүй дээ. Жаал суугаад оръё доо байз...Тэгтэл Цэрмаа гарч ирэв. Ямар юмных нь хацар гэрэлтэх. Бүр нэг цөхөрсөн янзтай, уйтгарт дарагджээ.
- Ор доо, гадаа сэрүүн байна. Цай чаначихлаа.
Дарам гэртээ оров. Урдаас халуу дүүгээд сайхан гэж. Цэрмаа өрөөнд нь цай оруулж дөхүүлээд тавьчихдаг юм. Хоёр өрөөндөө бараг тусдаа шахуу байх болсон юм, сүүлийн бүтэн хоёр жил. Одоо бол галын өрөөндөө хоёул өөд өөдөөсөө харж суугаад цайгаа уув. Цэрмаа нэг юм хэлэх гээд чадахгүй байх болтой. Тэгж тэгж дүүрсэн хэрэг гэж бодов уу яав, ам нээв.
- Дарам минь. Ганц л удаа...тэвчсэнгүй. Бас ч горьдоод. Эмэгтэй хүн шүү дээ би...гэж сулхан хэлээд үг сүггүй уйлж гарлаа.
Дарам паривгар хоёр гараа алдлан Цэрмаагийн толгойг тэвэрсээр суув. Юу ч хэлэлтэй билээ. Нэгэнт иймдээ хүрсэн хойно яалтай ч билээ.
Өглөөний сэрүүн тунгалагт шувууд одоо л амжиж “жиргэж”авъя гэсэн шиг жив жив гэлдэн жиргэлдсээр л байлаа.
2ОО9.О5.13
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.