Шууд Chart

Буйлсын цагаан цэцэг

2013-12-16 11:01:12

Үүл өтгөрч манан суугаад хаврын бүлээн бороо шивэрч байв. Үе үехэн ширүүсэх борооны ташуу хөшиг цонхны шил балбан, моддын мөчрийг зулмайтал угааж, сүрэг болжмор шиг шаагилдах навчис шуурганд уруудан хорж зогсох хоньд шиг харагдана. Бороо сэгдэж нар бултайхад эргэн тойрон угаасан шаазан шиг гялалзаж нойтон газраас дэгдсэн уур нялх өвсний шилбэнээс зууралдана.

Өөдөө сөөргөө зөрөлдөх олны урсгал дунд нэгэн залуу хүү алхаж явлаа. Ялимгүй уртадсан цувны энгэрийг задгайлж, захаа босгожээ. Зүүн гараа халаасандаа лав шургуулж, мөрөө хавчисхийн, тамхины гал улалзуулах ажээ.
Энэ бол Бархас. Оюутан, зургийн ангид сурдаг юм. Өөртөө тийм ч итгэлтэй биш, гэхдээ романтик дэврүүн сэтгэлтэй хүү билээ. Алдар нэртэй зураачдыг дуурайж үсээ шил давуулан ургуулж элдэв маяг хөөдөггүйг нь бодвол зураачийн авьяас, аяг араншин энэний цусанд лав дуслын төдий ч байхгүй байх гэмээр. Харин Бархас арван жилийн хүүхэд шиг үсээ шанаанаасаа шулуулан тожийтол хяргуулдаг, хээ шаагүй бөгөөд хувцаслах энэ тэр дээр өөртөө баахан хайнгадуу юм.
Цаг үе өдөр хоногоор хувирч охид орчин үежсэн дэгжин залууст татагддаг болсон байна шүү дээ гэж нөхөд нь хэлэвч тоох ч үгүй. Миний сэтгэл зүрх рүү нэг өнгийгөөд хардаг болоосой гэж наад хэдийнхээ амыг таглана.
Бархас хавар цагт үнэхээр дуртай. Намирсан бүлээн цэнхэр бороон дундуур ус үсчүүлэн, шалба норон алхахсан гэхээс хаврыг тэсч ядан хүлээнэ. Өвлийн дүнсгэр өдрүүд түүний хувьд хүлээлт байдаг. Хүмүүс болохоор бороо орохгүй бол бороо ороосой гэнэ. Хоёр гурав хоног бороо асгавал бороо болиосой гэнэ. Харин Бархас бороо орж байвал хөнгөн гуниглаж, бараантан сүүдэртэх тэнгэрийг цонхоор харж, бийр будгаа нийлэн аль эрт эхэлсэн зурагныхаа өмнө өнжинө. Энд тэнд нь гарч, холдож ойртож харж, тэгснээ яльгүй жаахан будаг нялж зугаацана. Зугаацах биш уран бүтээлээ туурвиж, түүндээ сэтгэл ханан жаргана.
Хаана ч гэлээ амандаа юм бувтнан, эсвэл дуу аялж явдаг болохоор мэдэхгүй хүн бол тархиндаа жаахан сааталтай байх гэж бодох нь ч бий. Намираа цэнхэр бороо шивэрсэн гээд л нэг эхэлбэл сэтгэл нь баяр жаргалаар цалгиж яваагийн шинж. Ангийнхнаа хүртэл уйтгарлан гуниглатал гэгэлзүүлнэ.
-Бархас харагдаагүй биз гэж хүн асуувал ангийн нь охид:
-Нэг л газар намирч яваа байх даа гэнэ. Намирах гэснээс уртаас урт нэлмэгэр цув өмссөн, шувтан мөртэй, туранхай түүнд охид аминчлан байж:
-Бархас аа ? Миний найз битгий юм бодоорой. Гэхдээ байна шүү …чи жаахан богино юм өмсмөөр юмаа. Нэг л урт цувны хормой ороолдуулаад, намираа цэнхэр бороо гэж намираад явах юм. Биологийн ангийн Баасанбазар гэдэг хар нүдтэй, тайрмал үстэй хөөрхөн охиныг чи таних уу:
-Тэгээд ?
- Юу тэгээд гэж дээ. Тэр охин чамд уг нь талтай юм байна лээ
-Тэгээд….?
-Тэнэг юмуу даа. Тэгээд, тэгээд л гээд байх юм
-Харин тэгээд яагаа вэ.
-Чамайг ингэж ярьсан байна лээ
-Тэгээд, юу гэж ярьсан гэж
-Өөд нь татаад авбал давгүй залуу гэж
-Тэгээд, тэрэнд би ямар хамаатай юм
-Юу хамаатай гэж. Банди нар тэрний хойноос үхэлддэг биз дээ
-Тэгээд, надад ямар хамаатай юм
-Эрваа, тэнэг толгой. Чамайг цувны гол, гонжгор годил гэж байна лээ
-Тэгвэл чи сээтэгнүүр, салхин дэвүүр гэж байна лээ гэж хэлээрэй
-Эрваа, хөлдүү толгойт. Бас өөрийгөө авьяастай, аугаа зураач болно гээд байгаа юм аа. Иймхэн юм ойлгохгүй өндгөн толгойт. Чиний уураг тархи лав тахианыхаас илүү биш дэгээ яавч.
-За боль доо. Тэртэй тэргүй миний хүслэнт амраг намайг хүлээж байгаа.
-Харах юмсан. Нурмайсан, хормойгоо чирсэн юм л чамайг тооно доо гэлцэн хорон үгээр идэж байгаад салсан билээ.
Бархасыг бас аминдаа зөвөө наад муу чинь гэж байрныхан нь илүү үзнэ. Хүнээс тамхи гуйж харагддаггүй юм. Гэхдээ хүнд тамхи өгч байхыг нь ганц удаа ч хараагүй гэлцэн хэл амаа билүүднэ. Бархасыг ойлготол эд мөн ч өдий байна даа гэж мань эр дотроо өөрийгөө ихэд дөвийлгөн бодох бөлгөө.Мань хүн хувцаслаад шат алгасан харайж явахдаа
            Хүслэнт амраг минь
            Хаана ч алга
            Хаана ч алга шүү
            Хүслэнт амраг минь гэж үглэж яваад цэвэрлэгч авгайн хувинтай усыг татаж асгаад
-Ээ ороолон чамайг…сохор уу чи. Дээдэх доодохоо харж явахад яадгийм гэж хараалгасан боловч юу ч болоогүй мэт хийсгэн өнгөрч билээ.
Хаврын сайхан өдөр билээ. Хэдэн өдөр асгасан бороо арилж, навч цэцэг наранд тэмүүлсэн тэр өдөр Бархас хөл тушсан урт цувны хормойгоо өшиглөн, гараа халаасандаа лав шургуулчихаад мөрөө хавчисхийн, тамхиа улалзуулан алхаж явлаа. Цаг үргэлж арзайж сэрзийж байдаг улаан бургас цав цагаахан цэцэгсээ дэлгэн, хуримын даашинз өмссөн сүйт бүсгүй шиг дэгжирхэн байхыг олж хараад уулга алдан баясч
-Ээ тэгэлгүй дээ. Та нар минь хуримын даашинзаа өмссөн басгад шиг юутай энхрийхэн юм бэ. Ай даа хүслэнт амраг шиг минь ямархан анхилам сайхан билээ гэж ганцаараа баахан донгосов. Хажуугаар нь зөрөх хүмүүс түүнийг тоож байгаа ч янз алга. Гэвч Бархас өчүүхэн төдий ч гомдсонгүй. Яагаад гэвэл буйлс цэцэглэсэн өдөр хүнд гомдоно гэдэг дэмий хэрэг.
Маргааш нь ахиад л бороо асгав. Ус тунаран мэлтийж, өд сөд нь норсон хэдэн бүрзгэр болжмор сүр сархийн нисэж өнгөрнө. Арслантай гүүрэн дээгүүр байдгаараа бөгтийчихөөд том том алхаж явсан Бархасын өмнө үнэхээр “хүслэнт амраг” нь бас яаруухан алхаж явлаа.
Намирсан ягаан цувтай тэр бүсгүй бороо шорооноос урьтаж бага норохыг хүсэх боловч бүсгүй хүний эрхэмсэг алхаж гишгэх донжоо алдалгүй, нарны үнэр шингэсэн болов уу гэмээр сайхан хүрэн үсээ мөрөө давуулан асгаад, үснийх нь үзүүрээс борооны ус дусалж байвч эрхэмсэг гоо сайхнаа гайхуулан гунхсаар байв.
 Хорь хүртэл ингэж догдолж үзээгүй зүрх нь хий хөөрлөөр дүүрч, цээжинд нь багтаж ядан байх шиг санагдан алмай тайван төрхөө эвдэж хар гүйхээрээ шахуу дагав. Ядаж ганц үг ч болов солихсон, ядаж нүүр царайг нь зэрвэсхэн ч болов харахсан, ядаж булбарай энхрий гарт нь шүргүүт ч болов хүрэхсэн гэж зүрх нь яаран адган догдолж байв.
 Бүсгүй салхидсан тэмээ шиг тэргүүнээ бардам өргөөд шугамдсан зураасан дээгүүр алхах гоо бүсгүйн тэмцээний оролцогч шиг бороон дундуур цахилгаан мэт зүсэн явж байв. Зам хөндлөн гарвал даган зам хөндлөн гарч, шатаар уруудвал даган уруудаж явсаар байрныхаа хаалгаар ороход нь аргагүйдэж үлдэв.
 Цонх нь аль талдаа бол, хэдэн давхарт суудаг бол гэж бодохоос дотор нь түмэн шоргоолж үймэх шиг загатнаад, аль сургуулийнх юм бол, аль нутгийнх юм бол гэхчилэн өөрийгөө тамлан, тэр тусмаа туйлын жаргалтай байв.
Мөрийтэй даалуу тавиад хамгаа алдсан тоглоомчин шиг газар царайлан явсаар байрандаа ирж, новширч хөл толгой нь алдсан өрөөндөө ороод тасхийтэл хаалгаа оньслов. Бийр будгаа гаргаж, дөрвөлжин модон хүрээнд тэлж татсан зотон даавууг гөлрөн харж баахан суув. Хаанаас яаж эхлэн зохиомжлохоо шийдэж ядан ойр ойрхон тамхи угсруулан баагиулж царай нь борооших тэнгэрийн үүл шиг барайн байв. Тэгж тэгж цахилгаан зурсхийх мэт зургар инээмсэглэл хөлдөж царцсан лааны тосон баримал шиг нүүрэн дээр нь үзэгдээд шаламгайлан зурж эхлэв ээ.
Маргааш нь жингэнэсэн тунгалаг өглөө болов. Шөнөжин орондоо хөлбөрч, илжирсэн байрныхаа муусайн бясаатай гардан тулаан хийж цурамгүй хоносон боловч царай нь гэрэлтэн, хуучин муу хувцас хунараа онгичин арай дөмгийг нь шилж өмсөөд, хааш яаш арзайсан халимгаа норгож толийтол самнаад гарч өгөв.
Арслантай гүүрэн доогуур улаан хуй оволзуулан хөөсрөх Сэлбэ гол шуугиж, хичээлдээ яарсан оюутнууд уван цуван явцгааж байлаа. Бархас хэнийг ч юм хүлээн зогссоор. Хааяахан голын урсгалд шүлсээ хаяж, доош ниссэн шүлс нь улаан урсгалд хоромхноо хамагдан алга болохыг ажиглан байлаа. Уг нь өдийд л явдаг баймаар юм даа гэж бодоод өөдөө сөөргөө урсах хүмүүсийн дундаас мөнөөх хүслэнт амрагаа харцаараа хайна.
Байрных нь хэдэн охид хэлхэлдсээр тулж ирээд
-Юу хийж зогсоо вэ ?
-Тэнэг минь хоцорлоо ш дээ.
-Манай Бархас ямар ганган болчоов
-Авгай авах нь уу?
-Хүслэнт амрагаа олоо юу гэлцэн хоргүй цагаан шуугилдсаар яваад өгөв.
-Яатуунууд. Та нарыг л хүлээж гэнэ. Авгай авах нь үү гэнэ шүү. Өндгөн толгойтууд. Эдний ярих л юм яахаараа авгай нөхөр байдаг юм. Нөхөрт гарч, хог новштой зууралдахдаа юун дуртай улс вэ. Эхлээд салж хагацаж чадахгүй нялуурч байгаад гэдсэндээ хүүхэдтэй болно. Сонь нь буураад ирэхээрээ нөгөөх хар юм нь ууж эхэлнэ, эсвэл өөр хүүхэн шууханд сээтэгнэж гарна даа. Тэгээд л салъя аа салж чадахгүй, амьдаръя гэвч амьдарсан ч юм байхгүй гасалцгаана. Хүн хүзүү сээрээр нь холбоод хаячихсан аятай 
-Ямар үйлийн үрээр энэнтэй зууралдав аа гэлцэн шогшроод өөр хэн нэгэнд өөрсдөө сэртэндэж эхэлнэ. Үр дүн нь юу болов. Зодоон цохион, хардалт сэрдэлт…ямар үлийгээ хийж яарна вэ гэж Бархас амандаа үглэнэ.
Бүсгүй гараад ирэв. Арслантай гүүрэн дээгүүр тов тов алхлах нь тэр аяараа хөгжим, тэр чигээрээ хавар цаг ажээ. Ангийн нь хэдэн халтар охины дэргэд чухам тэнгэрийн дагина газарт буув уу гэлтэй үзэсгэлэн гоо, төв ихэмсэг халдашгүй хүйтэн ер нь түүнд ямар тодотгол хэрэгтэйг ч сайн тодорхойлж боломгүй ажээ. Бархас зориглон бүсгүйг тосон очоод
-Сайн байна уу гэж тун боловсон мэндлэв. Бүсгүй хүний урманд тоож харсангүй яваад өглөө. Бархаст бол энэ нь их хэрэг бүтээсэн шиг бодогдоно. Нүүр хагараад авна аа гэдэг чинь хаалганы оньс мултлахтай адил. Оньсыг нь тайлсан хаалгаар хэзээ ч орж амжина.
Тэр өдрөөс Бархас тэнгэрийн амьтан болов. Хичээлдээ суухаа бүр больж, гутал оймсны шивэр ханхалж, тогоо шанага нь хөглөрч байдаг умгар өрөөгөө онхи мартаж нэг л их ажилтай хүн ягаан цувтай гоолиг бүсгүйн хойноос гутлынхаа зулгийг эргэтэл хөөцөлдөв.
Нэг удаа ийм явдал боллоо. Булай хэрэг. Мөнөөх “ хүслэнт амраг “ нь автобусанд суув. Бархас дагаад харайгаад орчихжээ. Мөнгө хураагч хормой хотыг нь эргүүлэх шиг харцаараа нэгжиж
- Тасалбараа аваарай гэж их л зуунги хорлонтой хэлэв. Мань эр хамаг халаасаа ёроолыг нь гартал ухсан боловч сохор зоос ч гарсангүй. Алгын чинээ улаан нүүрээ хааш нь хийе дээ гэж аргаа барж байтал бүсгүй гурван төгрөг гаргаж билет авлаа. Харин ч догь юм биш үү гэж бодоод
- Баярлалаа. Таныг хэн гэдэг вэ ? Танилцъя. Би зургийн ангийн оюутан. Намайг …гэтэл бүсгүйн нүд гурвалжлан хурцлаад
- Би автобусанд хүнтэй танилцдаггүй гэв.
- Яахав бууж байгаад танилцаж болно биз дээ.
- Хн….
Бүсгүйн хамар шулуун шонхор, арьс нь торгой шиг зөөлөн цайвар, гунхалзсан нарийнхан хүзүүтэй аж. Ийм сайхан тэгшхэн мөртэй залуу хүүхэн нарийхан хун цагаан хүзүүгээ гунхалзуулан аальгүйтэх нь юутай яруу байдаг болоо гэж бүсгүйгээс уран зургийн материал цуглуулж явлаа.
Автобуснаас буугаад бүсгүй эргэж харалгүй яваад өгөв. Өмд нь үрчийж, цамцны зах нь хиртсэн, загзгар толгойтой Бархасын дотоод ертөнцийг өнгийж харах билгийн нүд түүнд байхгүй хойно одоо яалтай билээ.
Буйлсын цагаан цэцэг хуримын даашинз шиг намирч, өд сөд нь хатсан бүрзгэр болжмор хэлээ эцтэл жиргэж, жигүүрээ цуцтал дэрвэлзэн нисэлдэнэ. Уг нь гутарч гунихыг тэвчмээргүй хаврын тунгалаг өдөр санж.
Орой болов. Бөмбөлөг шиг шар наран жаргаж, цагаан гэгээн доогуур хүмүүс хаашаа ч юм яаран адган алхана. Бархас Арслантай гүүрэн дээр зогсоод, чулуун хашлага дээгүүр нь тэгнэн тонгойж үүдэн шүднийхээ завсраар шүлсээ үсэргэн, шүлс нь хэр хол тусах нь вэ гэж зугаацна. Өдөржин, бас өчигдөр орой ч юм идээгүй хэр нь ходоод гэдэс нь өлсөхгүй нь хачин. Урьд нь хэзээ ийм байлаа. Гудамжнаас элс шажигнасан тостой хуушуур авч боломж хэрээр сайн чихсээр байхад л сэтгэл нь цаддаггүй биш билүү.
Ягаан цувныхаа хормойг намируулсаар бүсгүй ирж явлаа. Одоо л хэлдэг цаг. Юуг нь хүлээх вэ. Эргэж мунгинасаар байтал хүнийх болж орхино. Хүүхнүүдийг эс мэдэх биш гэж бодоод амдан очиж
- Би чамд нэг юм үзүүлье. Хичнээн гоё гээч гэж гараас нь шувт татаж зүг чиггүй алхлаа. Бүсгүй гараа угз татан авах гэсэн авч Бархас тавьсангүй. Хажуугаар зөрөх хүмүүсээс зовохдоо бүсгүй арай л орилж хашгирсангүй.
- Гар тавь л даа, гажигтай юм уу.
- Гажигтай байлгүй яахав. Би чамд дурлачихаад галзуурах гэж байна.
- Гажигтай залуу минь. Чи миний сонирхдог залуу биш.
-Сонирхох оо. Юун дэмий юм ярьдгийм. Чи миний дотор орсон ч болоосой. Тэгвэл сонирхох биш дурлана даа.
- Юун амархан юм . Хүн дурлалаа гэхийн сургаар дурлах хэрэг үү.
- Болохгүй нь юу байна. Чи бид хоёрын дурлал сонгодог зураг шиг үлдэх ч юм билүү.
- Сонгодог зураг шиг дурлалаа өөр хүнтэй бүтээ. Би сонгодог зураг биш.
Бүсгүй яваад өгөв. Бархас хий гиеүрэн буйлсын цагаан цэцгэн дээр очиж “ Тэр надад дурлахгүй гэнээ. Тэр сонгодог зураг биш гэнэ. Миний хувьд тэр хэн билээ. Яахын аргагүй сонгодог зураг шүү дээ, тийм ээ” гэж гомдоллосон билээ.
Бархас бүсгүйн өрөөний цонхон дор очив. Хоёр давхрын цонхны цаана бүсгүй хүний сүүдэр бөртөлзөнө. Тэр лав мөн. Аргаа бараад газраас бөөрөнхий хөх чулуу авч цонх руу нисгэж орхив. Цонхны шил бүрэнхий үдшийг зүсэх мэт тасхийн цуурав. Бүсгүйг тагтан дээрээ гараад ирнэ байх гэж хүлээсэн авч гарч ирсэнгүй. Битүү бөглүү амьсгал давчдам орой байлаа.
Маргааш нь нар ахиад л манддагаараа мандав. Мань эр Арслантай гүүрний чулуун хашлага тэгнэн шүлсээ үсэргэж бүсгүйг хүлээж зогслоо. Байрных нь охид мөн л хэлхэлдсээр хажуугаар нь өнгөрч хэл амаа билүүдэн
-Эрваа минь, ингэж байхаар хичээлдээ суугаач. Чамайг тоохгүй ээ. Бид харсан тэр хүүхнийг чинь.
- Сүрхий амьтан, дурлалын баатар гарч гэнэ.
- Өмдөө индүүдэж, толгойгоо угаачихаад хүүхэн эргүүлдэг болоосой.
- Хир үнэртүүлсэн чамайг бид нар ч тоохгүй.
Бархас туйлаас эгдүүцэн
- Намайг тоогоодох гэж та нараас гуйгаа юу. Та нар шиг юмнуудыг би ч тоохгүй. Нэг их ариун цэвэрч хүн гарч гэнэ. Та нар л усанд орсон, өндөг шиг өөгүй нөхөр шүү юм олж аваарай
- Авнаа авна. Харж байгаарай. Чамаас арай дээр юм олж авна даа.
- Тэр авсан юм чинь өдөр болгон хар ус гударч, орой болгон тоосыг чинь гөвж байх болтугай
- Энэний хэлийг ээ. Хорт могой л гэсэн үг. Юу сайхан дур сайхан. Илжиг шиг орилж л байг. Хөөгдөнө дөө чи…
- Намайг хөөчихвөл энэ сургууль тарсан нь дээр байлгүй. Ямар та нар шиг дүнхүү юмнуудыг төгсгөлтэй биш.
Охидууд яваад өгөв. Бүсгүйг хүлээсээр байлаа. Ирсэнгүй. Цонхон дор нь очив. Наалддаг цэнхэр туузаар цуурсан шилийг наасан байв. Бүсгүйд   юм уу, охидуудад ч юмуу гомдоод байв. Дотор нь хар юм бөглөрч халуу шатаад газраас үрлэн хөх чулуу аваад цонх руу нь нүүлгэж орхив. Дахиад л тасхийн цуурчээ. Тагтны цонх онгойж, хар цоохор торгон тэрлэг нөмгөн өмссөн намхан бор бүсгүй гарч ирээд 
- Ямар солиотой амьтан бэ ? Цонх шиллэж өгөөрэй. Өчигдөр бас чи хагалсан байх нь ээ.
- Битгий хашгир аа. Цонхыг чинь шиллээд өгөмз. Хэн байгаа юу, дуудчих.
- Юу хэн байгаа юу гэж, хэн ?
- Яагаав, нөгөө ягаан цувтай хүүхэн
- Солиот минь. Тэр чамд хүртээлгүй хүн. Ахиж ингэх юм бол цагдаа дуудна шүү.
- Яагаад хүртээлгүй гэж. Хэн тэгж байгаа юм.
- Би тэгж байна. Чамд хүртээлгүй л гэсэн бол хүртээлгүй мэдэв үү.
- Чи юу нь юм бэ. Ээж нь юм уу, эгч нь юм уу. Таарсан ч эгч бол доо.
- Найз нь байна мэдэв үү. Чам шиг юмнаас болоод зовж яваа юм цаадах чинь.
- Би зовоочоо юу. Харин жаргаах юмсан, хайрлах юмсан гэж байхад…
- Ямар ч байсан чамд хүртээлгүй, энүүгээр ахин ирэх явдалгүй, зүгээр цагдаа дуудаж орхино гэж мэдээрэй.
Тэр хоёр их чанга чанга хашгиралдаж байсанд хүмүүс их гайхна. Намхан бор бүсгүй тагтны хаалгыг тасхийтэл хаагаад, хөшгөө татчихав. Бархас дургүй нь хүрээд ахин нэг чулуу авч нисгэчихээд эргэж ч харалгүй яваад өглөө.
Буйлсын цагаан цэцгэн дээрээ ирэв. Эмзэгхэн арван долоотой охин шиг ямар анхилам юм бэ. Би хүнээс дорой төрсөн юм уу. Миний хүслэнт амраг яагаад тоосонгүй вэ гэж гунихран дотор хүнтэйгээ яриад баахан дэмий алхаж алхаж хариад толгойгоо салаавчлан хэвтэв. Хичнээн удаан хэвтсэнийг бүү мэд. Тэгсгээд дугхийжээ. 
Буйлсын төгөлд бороо шивэрч, бүсгүйн булбарай гарыг зөөлөн атгаж, янаг хар нүдийг нь ширтэн суув гэж зүүдэлнэ. Бархас яриад л байх юм. Бүсгүй сонсож байгаа эсэх нь бүү мэд, чимээгүй чагнаад л байх юм. Тэгж тэгж бүсгүй ам нээж,
- Хүн бүр хайраа эрж явдаг юм. Би ч мөн ялгаагүй хайсаар л байгаа. Хэзээ нэгэн цагт чиний хайсан тэр хайр чинь хүрээд ирнэ, битгий гунихар за юу.
- Би бодохдоо чамайг л миний эрж явсан бүсгүй гэж бодсон юмсан гэж гомдолтой хэлэв. Бүсгүй сайхан цагаан шүдээ яралзуулан зөөлөн инээж:
- Үгүй дээ, би биш. Би бол шархадсан хун шүү дээ. Чамайг би мэднээ. Чи бол буйлсын цэцэг шигээ ариун сэтгэлтэй хүн. Дотор сэтгэл чинь шархдаж шаналаагүй, хүний гадаад төрх яах вэ. Дотор сэтгэл нь л хамгийн нандин чухаг юм шүү дээ гэж учирлан ярьж байх юм гэнэ. Хамрын үзүүрт нь буйлсын цэцгийн хоолой хорсгом хурц үнэр сэнхийх шиг болоод найтааж орхитол сэрсэн нь тэр байжээ. Ангийн нь хүүхдүүд ирээд зүүдлэн жаргах түүний хамарт имхэрдэж хуйлсан цаас шургуулж шоглосон юм байж.
- За ханагар аа ? Юу хийгээд хичээл номоо орхих нь энэ вэ
- Чамайг чинь танихгүй хүүхний араас өлөг өвчин тустлаа гүйж байгаа гэх юм, үнэн үү.
- Хэн тэгж байгаа юм. Худлаа шааж байхгүй юу.
- Хэн хэлсэн нь яах вэ. Олны үг ортой гэдэг дээ.
- Чи тэр яатууны үгэнд итгээ юу
- Итгэхгүй яахийм. Харсаар байтал нүүрэн дээр чинь бичээстэй байхад
-Тэгээд юу гэж бичсэн байна
-Өө тэр амархан. Би хүслэнт амрагаа олсоон гэж бичсэн байна. Бархас гунигтай инээвхийлж
- Олох нь ч олсийм аа. Даанч надад хүртээлгүй гэнээ.
- Хэн тэгж байгаа юм. Бид хэлээд өгөх үү. Манай найз бол их сайн залуу. Байж байгаа нь иймэрхүү доожоогүй болохоос уг нь их авьяастай, ирээдүйтэй зураач… гэлцэн тохуурхаж харин Бархасын сэтгэлийн угт ямар нэгэн юмаар хатгаад байх шиг чим чимхийн өвдөж байв.
Гэрэл гэгээн доогуур аз жаргалын дуу аялан болжмор жиргэнэ. Уйтгарлан гуньж болмооргүй хаврын орой Бархас бүсгүйн цонхон дор очлоо. Яах вэ сүүлчийн удаа гэж бодоод үрлэн хөх чулуу авч нисгэлээ. Тэр сэтгэхдээ үрлэн хөх энэ чулуу бол хайрын шувуу юм гэж бодно. Түүний хайрын шувууд хүйтэн ихэмсэг гоо сайхныг мөргөн үхсээр, хоосон шилний цаана гэрэлтэгч гоо сайхны өмнө үхэтхийн унасан шувуудын тоогоор наалддаг цэнхэр туузаар шилний цуурхайг даруулан наасан нь аалзны тор мэт зүг бүртээ салаалж, цонх уу, зураг уу гэдгийг нь ялгахад ч бэрх болсон байнам.
Бүсгүй цонхны цаанаас ширтэн байх бөгөөд уурласан тохуурхсан аль нь ч үгүй гунигтай харцаар ширтэж байснаа салхивчийг нээн өөдөс цаас унагасан нь буудуулсан шувуу шиг агаарт алгуурхан эргэлдсээр газар унав.
….Миний зүрх аль эрт шархадсан . Намайг дахиж битгий зовоо. Хэзээ нэгэн цагт чи бас хайраа олох болно.
 Бархас бичгийг уншаад дээш харвал бүсгүй цааш далдраад цонхны хөшгөө татсан байв.
Нар жаргажээ. Гэсэн хэдий ч үдшийн цагаан гэгээ тунараад хаашаа ч юм яарсан хүмүүс, хүн амвтны хөлд тээглэн өшиглүүлж гасалж гангинах золбин ноходтой орчлонд Бархас зүрхэндээ гунигтай, сэтгэлдээ шархтай алхаж явлаа.
Буйлсын цагаан цэцэг газраар нэг нэлийж, зулсан хөвөн шиг цайраад арзгар сэрзгэр улаан бургас тэнгэрээс гуйлга гуйх эцэнхий гар мэт ёозгүй харагдана.
Маргааш нь мань эр бас л хашралгүй очсон аж. Цонхны шилийг өнөөдөр сольжээ. Тунгалагхан тэр шилний цаана жаазанд хийсэн арвандолдугаар зууны үл таних хатагтайн ялимгүй гунигтайхан зураг шиг залуу бүсгүй ширтсээр байв аа. Чулуу авч нисгэхсэн гэх хүсэл ч төрсөнгүй, нисгээд ч яалтай.
Романтик гэнэн хөөрүү сэтгэлтэй, агуу ихийг бүтээх дэврүүн цагаан мөрөөдөлтэй ядуухан зураачийн эрвээхэйн богино настай дурлалын   түүх ийнхүү төгсчээ.
                                             1996 он 1О сар
Нийтэлсэн: Б.Баярсайхан

Буйлсын цагаан цэцэг  
Үзсэн: 5962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй