Шууд Chart

Нутаг

2013-12-20 14:28:52

 / туурь/

            Балтийн тэнгисээс хөөрсөн уур төдхөн будантан нүүгэлтэж, Эйфелийн цамхаг лугаа нэн төстэй тэнгэрт цоройлсон протестант сүмийн ганжирт хүрмэгцээ зөөлөн бургидас болон эргэж шивэрнэ. Нар үзэгдэхгүй боловч цаг талийж өгсөн агаад үүр дөнгөж тэмдгэрч байх аятай дүнсгэр хөх саарал өнгөөр хөшиглөж цул чулуугаар өрсөн байшин, эл хуль гудамж, гудамжны дан чулуун шал бүгд чийг дааж жихүүцэн байна уу гэлтэй. Орон болих, болин орох зуны шиврэгдэст дан тэрлэг норж хатан, хатаж норсоор үдшийн бүрийгээр бие жихүүцүүлэн агзайлгах үе бий. Өдөржин шөнөжин савирах зөөлөн бургидаст норж, зэвий даасан байшин сэлтийг харахул тийм бодол эрхгүй төрж бие зарайна. Нартай өдөр хүмүүний сэтгэл тэнүүн баясгалантай, үүлс доошилж суугаад бороо шавшаад эхлэхээр тухгүйтэн холхидог адил хүйтэн дүнсгэр ийм өглөөгүүр бодол хүндэрч аягүйцнэ. Гэрлэн дэн асаасан цонхнууд намайг энд хөл тавихад л ийм байсан, өнөө ч янзаараа. Хүүхдийн элэг сугалж иддэг махчинг хөөн зайлуулах гэж Шведүүд дэн асаадаг. Үр хүүхдээ айдасгүй, амгалан нойрсуулах гэсэн дом юм. 
            Стокольм бол нүсэр хүнд жаазанд хийсэн арвандолоодугаар зууны сонгодог зураг шиг аж. Нэр үл мэдэгдэх авьяаслаг зураач бээр далай зурдаг Айвазовскийн хамаг л хөх, саарал өнгийг бүгдийг нь уусган, эртний уран барилгуудыг алслалттайгаар манан дунд сүүмэлзүүлэн зураад, ганц нэгээхэн газар, байшингийн дээвэр сэлтийг Шишкиний час улаан, шав шар, нов ногоон навчсыг энд тэнд нь нялж орхисон мэт харагдана. Эсвээс тэр аяараа эртний чулуун музей дунд зогсох шиг сэтгэгдэл зууралдаастай.
            Цасанд дарагдсан өвлийн ойг гурвалсан морин тэрэгний мөнгөн хонх жингэнэн сэрээсэн тийм агшин оросын уламжлалт уран зурагт их бий. Харин энд, Стокольмд арай өөр. Уйтгарт чулуун гудмыг хөгжүүн инээд, харь хэлийн торжигнуулсан хурдан яриагаар зүсэж хорь эргэм насны өнгөт арьст хоёр бүсгүй тог тог алхсаар өнгөрөв. Үсээ олон салаалж гөрсөн, зүлгэж өнгөлсөн хүрэл шиг гялтганасан бор арьстай цолгиун бүсгүйг явуулын байтугай ямар ч эр хүн эргэж харан эрхгүй шүүрс алдах буй заа. Сайхан, соньхоныг хүсэмжлэх байгалийн зөнгөөр нүгэлт бодлын дөл сөрвөлзөвч эх нутгийн тэндээс сэвэгнэх орон гэрийн минь үнэрт салхинд төдхөн цохигдон бөхнө.
            Явуулын хүн бол явуулын хүн. Ирнэ, үзэж харна, тэгээд л яваад өгнө. Эрх чөлөө хийгээд эх нутгийн гоо сайхан, салж хагацаж эгнэгт болшгүйг цэгнэж чадах хамгийн сайхан мэдрэмж бол энэ юм. Унасан газрын шорооноос илүүтэй хүний нутаг сайхан гээд цагаачилсан хүмүүст үнэ цэнийн тухайд ч, гоо сайхны мэдрэмжийн хувьд ч ямархан байдгийг мэдэхгүй, миний хувьд өглөө эрт энд зогсохдоо шилбүүрийн сур шиг нарийхан Улаанчулуутын гол, голоо дагасан бүлэг цагаан дэрс, адуу малын үнэр, Хан-Өндөрийн шил дээгүүр мэлтэсхийн манддаг нарны сайхныг ахин дахин санах, магад үхэн үхтлээ санах мэдрэмжийг төрүүлэн байв. Гуравхан унтаад боссон, цагийн зөрүүгээс солигдсон нойр жигдрээгүй атал бүлээн дулаан орон гэр, ус нутгаа санадаг байна. Насаараа мал дагасан өвгөн ахад минь намхан бор толгод нь шагшин гайхмаар юмгүй хэрнээ дош дов, жалга судаг, горхи харз нь хүртэл гэрийн доторхи ор дэр, ширээ сандал, дээл хувцас шиг нь гарын ойр. Өвдөж зовиурлахад Асгатын харзнаасаа уухад илааршиж, Үнэгдэйн энгэрийн цохион дээр гарч малаа дуранддаг. Үүний адил надад ч бас тийм холдож, салж боломгүй юм гэвэл ус нутаг минь билээ. Тэрүүнгүйгээр би хэн ч биш, ертөнцийн диваажинд очлоо ч намаржаанд, дан бүрээстэй айлд тух алдсан хоноц шиг байх нь тодоос тод ажуу. Боос гүү нутаг дамнан арилжигдахад унага нь буцан гүйж ирдэг гэдэг дэмий сул үг биш буй заа.
            Нутаг....Энэ үг ямархан орон зайг хүмүүний сэтгэлд эзэлнэ вэ ?
            Үг гэдэг шидэт лимбийн эгшиг юм. Хун цэнгийн дуутай ус нутаг минь. Хуурын эгшиг, тэмээдийн буйлаатай нутаг минь гэхүйд нургисан зөөлөн аялгуу түрж, горхины, гижиг хүргэсэн эгшиг судсаар жирэлзэн гүйнэм. Эрх багын гэгээн дурсамж сүүдэр шийний зураг шиг амилан хөдөлж цагаан цамцаа дэрвүүлсэн тэр жаал хүүг өхөөрдөн хармаар... Дэлэм шилбүүр унаж, сөөм ташуур барьсан жаал хүү мартагдахуйн мананг ярсаар өөдөөс минь чавхдаж, гэнэн инээмсэглэл аль эрт зохихгүй болж, лут хиймэл төрх суусан оворжуу би вээр улирсан цагийн манаг сөхөж саравчлан догдолном оо.
            Үг гэдэг шидэт лимбийн эгшиг юм. Хөхөөрөө даллан хурайлах эжий шиг минь зүүдэнд дуудах нутаг минь. Бодох минь, санах минь, хайрлах минь гагц чи байдаг. Таван хошуу малын тавиал дүүрэн өлгий, таван өнгийн тарианы эх газар, есөн хэлийн шувуудын чуулган монгол нутаг минь, газар шороо минь...ай.
            Алс хол явж үзсэн би. Стокольмын хөглөгөр саарал манан дунд бэдчиж, аль эрт арвангуравдугаар зуунд босгосон протестант шашны асар том сүмийн оройг харан “ Ай бас... тэр үед энийг яаж босгосон бол” гэж амаа ангайн гайхширсан “нүгэлтэй” хүн би. Орчуулагч бүсгүй миний ухааны сүвийг нээж өгсөн “буянтан” билээ.
-Танай монголчууд арвангуравдугаар зуунд дэлхийн талыг түймэрдэж байхад бид ийм сүм барьж байсан юм гэв ээ. Ингэхүй дор омогшил огшиж ухааны луужин зөв зааж эхэлсэн билээ.
-Тэгж яривал миний өвөг дээдэс ганц сүм яаж барих вэ гэж тархиа гашилгаж зүдэрсэнгүй. Дэлхийг яаж төвхнүүлэх вэ? Хаана нь соёлын ямар үр тарьж, ямар хот сууринг барьж байгуулах тухай, лалын шажинтны аюулаас католикуудыг, католик шажинтнаас протестантуудыг өмгөөлж энх тайвнаар зэрэгцэн орших үндэс суурийг нь тавьж байсан юм. Ватиканы элч Марко Поло “Нэгэн удаагийн Их хурилдайд сууж үзэв. Тэнд дэлхийг тохинуулах тухай асар их хүрээтэй дайны төлөвлөгөө хэлэлцэж байв. Урьд хожид ийм том асуудлыг хааны эсгий өргөөнд тийм итгэлтэйгээр хэлэлцэж байхыг үзээгүй гэж нэн тодорхой бичиж үлдээжээ.” хэмээн хариу барив.
Өндөр хөх өвгөдөө өрөө өмөртөл санаж явсан эрдэнэт хүмүүн бол Хувилай сэцэн байжухуй. Эзэн Чингисийн ач, Толуй ноёны хүү тэрбээр Бурхан Халдун, буурал Орхоны гурван үеийн өвөлжөөгөө орхин Шаньдугийн шар талд Монголын их Юань гүрнийг үүсгэн хаанчилж суусан билээ. Хувилай эзэн бээр эх монгол газраас айраг цэгээ зөөлгөн ууж байсан нь үнэн юм билээ. Халуун газрын чийг харих насны нь танагийг барж байхад монгол гүүний сүү, монгол газрын шим өтөл эзнийг тэжээн тэнхрүүлж байсан нь тэр биз. Өвөлжөө хаваржаа шиг орхигдсон, өрцөн цаадах үнхэлцэг зүрх шиг монгол газар Хувилай эзнийг тэтгэх эрчим хүч, их энерги байсан ажуу.
Үг гэдэг шидэт лимбийн эгшиг ажуу. Гүйж яваа адуу урсгал усанд нь тогтож, гүймэгхэн ч болов хэд хазаж түр саатдаг. Улдсан галуу жигүүр амрааж бүрд цөөрөмд нь амирладаг нутаг минь гэж сүслэн залбирахуйд буй биеэр эрч хүч түгэнэм.
Ай нутаг минь....Амьд явахын шалтаг, сансарын эргэлдэгч хүчний хуйларсан долгионд хөвхөртөн цэнхэртэх нутаг минь уу. Хүмүүн төрлийг олж хөрст алтан дэлхийд унаж босон тэнцсэн цагаас эс мэдрэхүйд өвс ногоо чимээгүй ургах, цав цагаан, нил ягаан далан түрүү цацаглах хаврын урин, ялаархсан адуу тургилж, дүнгэнэсэн шар хэдгэнэ ээрч хоргоох сэвхийх салхигүй зуны бүгчим, үхэр хээр хонож, гол ус тунгалагшин, шувууд үймэлдэн ганганах намрын уйтан, цасан туйлаадас хаялж, утасны мод жигтэй сонин дүнгэнэх өвлийн анир цөм шингэсэн. Дөрвөн цагийн энэхүү хувьсал хөөрч баярлах, уйтгарлан гуних, бодлогоширон дүнсийх, холч тайвуу бодох дөрвөн талтай араншинг сэтгэлийн гүнд суулгажээ. Эх нутаг минь надад дөрвөн өнгө, дөрвөн зүг, дөрвөн бие махбодь хайрласных юу билээ, эх болсон гол мөрний дөлгөөн, эрмэг уулсынхаа омголон, өвс ногооны дуугүй хүлцэл, бодь мөрийн зам хөөсөн ядуу ламын илүү дутуугүй энгийн борог амьдрал шиг тийм хэмнэлийг дууриажээ би. Тэглээ гээд алдаж асгасан, адлагдаж боорлогдсон нь үгүй. Сэтгэл хананам би. Үүнээс илүүгээр юу хийх билээ. Байсан, байхгүй болно, эргээд бий болно. Хорвоогийн хоосон чанарыг эрт таниваас хот суурин газар харш шилтгээнд тарвалзах хийгээд адсага хөм дэвссэн утаат бор гэртээ дураар хөрвөөхийн хооронд ялгаа үгүй. Магад сэтгэлд дотно, эх болсон дэлхийтэй ойр утаат бор гэртээ бол илүү дутуу шуналгүй, амар амгаланг олох буй заа. Тиймийн тул хөдөө минь, хөв хөх чулууд, нутгийн бор толгод минь гэх билээ. Нутаг ус гэдэг ийм л ид шидийн хутгийг заяадаг байна.
 
                                    2009.01.25   Швед Штокольм
Нийтэлсэн: Б.Баярсайхан

Нутаг  
Үзсэн: 6088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
121.127.137.xxx [121.127.137.xxx] 2013-12-21 07:49
Б.Баярсайхан сайн бичжээ. Бичлэгийн чадвар нь их өссөн байна. С.Эрдэнийн уламжлал, Б.Баярсайханы гэх шинэчлэл, онцлог, монгол ахуй дүрслэл, би авьяастай шүү гэсэн шиг нуугисан, онож дүрсэлсэн, чамбай бичлэг болжээ. Өгүүллэг, эссэ, дурсамж, нутгаа санахын их хүсэл, бодрол гээд олон төрлийн шинж, сэдэв, өгүүлэмж уулзвар дээр сэтгэлд хүртэл бичжээ. Баярлалаа. Нэгэн цагт ангийн багш нь хэмээгдэж явсан хүн сэтгэгдэл бичин үлдээлээ.

Бидэнтэй нэгдээрэй