Шууд Chart

Зүрх

2014-01-15 16:05:20

...Надад нэг баримал зүрх бий. Яс шиг цагаан шохойг зуурч, халуун алгандаа бөмбөрүүлэн барьсан, хонины зүрх шиг тийм баримал зүрх. За ер нь том бага нь ч тэр, хэлбэр галбир нь ч тэр, яг хонины зүрх ээ. Магад, хонины зүрх ширээн дээр тавьж хараад дуурайлган барьсан бол уу. Зүрхний овойж төмбийсөн булчин, гялтан хальсан доторхи хялгасан цусан судал, цайвар хундан ягаан, шунхан улаан, гүн хар хүрэн... Өнгө ялган гайхалтай урласан, яаж будахаар ийм бодитой, хүн андуурам болдог хэрэг вэ гэж сонирхон таг таг хийтэл нясалж үзсэн юм. Цавуудсан юм шиг, элтэрч холтрох ч үгүй. Тийм наалдамхай будаг бас байхнээ гэж хэнэггүйхэн гайхсан билээ. Уйдахаараа хааяа гаргаж үздэг юм. Гэрэл сүүдэр дунд ч, цонхны гэрэлд харсан ч, ширээний гэрэлд шагайсан ч эгээ л амьд зүрх агшиж сулран цохилж байх шиг хачин гүн сэтгэгдэл төрүүлнэ. Ширээний шургуулганд хийгээд мартаж орхиж, хэдэн сар новшинд дунд тэгж хэвтсэн юм бэ, мартаж. Тэнд юу юу байдаг вэ гэхээр ийм. Эвдэрч хэмхэрсэн, толгойтой толгойгүй үзэг, ямар нэгэн хүний нэр, утасны дугаар, хаяг тэмдэглэсэн цаасны өөдөс, цаас цоологч, бас үдээсний машин, ойр зуурхан уух тархи толгойны эм, арц хүж, хэн нэгний хаанаас ч билээ авчирч өгсөн бохь мохьхон, эсвэл аль нэг газрын шилэн тоглоом бий. Бас түлхүүр цуглуулах донтой шиг байгаа юм. Ямар хаалганы, юун түлхүүр юм бүү мэд, нэг л мэдэхэд том жижиг, шар цагаан, дөрвөн талтай, нэг иртэй, хөрөө шиг, гөлгөр мөлгөр олон түлхүүр цугласан байна. Шургуулганаас ямар нэгэн юм хайх, тэмтрэх хэрэг гарвал өнөөх олон түлхүүр шаржигнах агаад авдар дүүрэн очир алмас дунд гараа дүрээд утгаж байх шиг хачин бодол хааяа төрдөг. Хэрэггүй байж, тийм олон, төөрчмөөр түмэн орох оронтой биш, ямар үлийгээ хийж тийм олон түлхүүр энд тэндээс түүсэн лүд вэ гэж өөрийгөө гайхна. Ингэж хутгалдсан хог новшин дунд өнөө зүрх минь хэдэн сар хэвтжээ. Санамсаргүй, хөндлөнгийн юм хайж байгаад тэр зүрхийг харж, газраас алттай илгэн хүүдий олсон шиг жигтэй их баясав.

Хөөрхий, зүрх минь. Тоос шороонд даруулж бүрзийсэн ч гэлээ элтэрч холторч сэв суугаагүй, анх ямар байсан, анх ямархан гоё өнгөлөг, хачин дулаахан, цохилж, амьсгалж байх шиг санагддаг, яг тэр хэвээрээ байлаа. Энд хийгээд онхи мартчиж л дээ. Даанч ойрын хэдэн сар шаналан гуниггүй цээж хөнгөрөн, барим тавим зүүдгүй, санагалзан гансрах шалтаггүй, баяр баясгалангүй, зүгээр л нэг зүүдэн өвчтэй ч юм шиг болсийм би.
Эрээн палаажтай нэг жаахан охин өгсийм, энэ зүрхийг. Палааж нь өгзөгөө хүрсэн огтор богино, цэцгийн шилбэ шиг турьхан бэлхүүстэй, мөрөө давж асгасан илгэн хүрэн үстэй, нүд нь гэрэлтэн очитсон жаахан охин юм сан. Төсөөлөн боддог юм, хөөрхөн жаахан охин хичнээн уйгагүй мэрийж, олон шөнийн нойроо хугаслан, хумсны лак эгнүүлэн өрж, хялгасан нарийн цусан судал гаргах гэж чармайж ахуйдаа юу хүсэж байсан бол...
Саявтархан, холоос, бүр гадаад далайн чанадаас нэгэн захидал ирэв. Амьдран суугаа газар орныхоо тухай ихийг бичжээ. Цэл ногоон модод, эрээн цэцэгс, үргэлж мөнхийн бороо хур, хүмүүс нь амар амгалан байдаг тухай. Тэгэвч модод хийгээд цэцэгсийн үнэр, борооны шаагих чимээг би олж сонссонгүй. Харин ч удтал дарагдсан чийгтэй хувцаснаас ханхалдаг шиг тийм гэхийн аргагүй уйтгар гуниг үнэртэж, үргэлжлэн орж, хэдэн өдрөөр зүсэрдэг намрын бороон дунд даарч бээрсэн амьгүй нүцгэн хөшөөний ганцаардал мэдрэгдэх юм. Захидал дунд сэтгэлд өргөс шиг хатгасан нэг үг, тэгэхдээ даанч танилхан, даанч энхрийхэн, бас гэнэн, туйлын хүслэн болсон хоёр үг байв. “.....Хавархан минь...” Энэ үг өргөс шиг шааж орчоод, тэр хөндүүр, эмзэглэл нь хүртэл надад сайхан байх юм гэж өдий хүртэл бодсонгүй юу даа би.
Зүрхээ алган дээрээ тавиад харж суув. Алганд бөмбөрөх бяцхан зүрхнээс дулаан илч түгэж, эхлээд хурууны өндөг бүлээцэв. Төдөлгүй алга хөлөрч, лугшсан судасны цохилтоор, гэрлийн утас дамжин урсах цахилгааны хэмнэлээр тэр илч зүрхэнд ирж цутгах шиг болов. Миний зүрхний ховдол бороо ус үзэлгүй хагсаж хатсан хоосон модон торх шиг болсийм уу, тэр гэрэл, илч цутгасаар байхад дүүрэхгүй байлаа. Урсаад л, урсаад л....
Хэзээ ч билээ дээ, хавар байл уу, намар байл уу мартжээ. Охин, миний энгэрийг түшиж суугаад.
-Таныг энэ орчлон дээр амьдарч байгаа гэж бодоод л сэтгэлээ зогоож явъя гэсийм.
 Юу гэж хариу тавьснаа бас л санахгүй юм. Гэв гэнэт яагаад энэ үг өнөөдөр гэнэт сэрхийтэл орж ирэв ээ. Хавар, намар алин байсныг хүртэл мартчаад байгаа тийм хүний төлөө сэтгэлээ урж, ганцаардал айдастайгаар, бороон дунд даарч бээрсэн нүцгэн, амьгүй хөшөөний мэдрэмжтэйгээр орчлонг туулахаар шийдэв гэж үү. Дэндүү хатуу сэтгэл, гэнэн хар зориг юм даа. Арван долоотой охины үг гэхэд хачин юм. Охиныг дотроо буруутгах шалтаг мөн үү, яах аргагүй мөн.
Арвандолоотой байхдаа би ямар хүүхэд байсан билээ. Бодоод бодоод тийм гэх юм олдоггүй. Юутай ч сайхан амьдрал, элбэг хангалуун амьдрал, элэг бүтэн амьдралыг хүсч байсан биз. Их тод санагддаг юм гэвэл айл гэрийн эзэн байх ямар сайхан бол, найзыгаа ирэхэд ширээн дээр лонх архи тавьчихаад маадгар сууж, хоолойгоо бүдүүнээр шахан амьдралын утга учрын тухай, амьдрал тун бэрхийн тухай ярьж хөөрцөглөнө гэж мөрөөддөг байсийм. Тэрнийг л их сайн санаж байна. Тэгээд ч тэрүүндээ хүрсэн. Энүүнээс цааш бичлэг алга. Бодвол иймхэн л юм мөрөөдөж байсан юм бол уу даа. Гэтэл, миний дайраад өнгөрсөн арвандолоон насан дээрээ, дөнгөж ургаж төлжиж байгаа тэр жаахан охин хэзээний амьдралыг олж танин, хайр гэдэг ийм дээ гэж надад сургаж байх шиг. Бид өөр цагт, хорин жилийн зөрөөтэй төрсөн ч, цаг хугацаа хүмүүсийг ийм хэрсүү болгосон юм уу, эсвэл ухаан, магадгүй хайрлах чадвар гэдэг эхээс хамт төрдөг юм бол уу. Хэрвээ тийм бол хайрлах чанар надад дутуу заяаж, харин охинд хэтийдсэн гэмээр элбэг тусчээ.
Бас нэг удаа, өвөл байл уу, зун байл уу мартжээ. Охин үсний минь үзүүрийг хуруундаа ороож, оролдож сууснаа
-Миний зүрхэнд таниас өөр хүн багтах зай алга
 -Цаг хугацаа гэдэг бүгдийг элээдэг юм даа
-Бусад хүмүүсийг бол элээх л байх. Намайг бол үгүй ээ гэж охин огт сонссон шинжгүй хэлэв.
-Элээнээ элээнэ. Би бас чам шиг арвандолоотой байсан. Нас чацуу, бас яг чам шиг жаахан охин. Тэрүүндээ би галзуу хайртай. Өмнөөс нь үхчихмээр тийм их хайртай байлаа. 
-Тэгээд элээсэн үү гэж охины нүд гялалзан асав
-Элээсэн.
-Бүр мартсан уу
-Ямаршуухан царай зүстэй байсныг нь ч мартжээ
-Аймаар юм аа...
-Аймаар байгаа биз
-Би бол хэзээ ч мартахгүй л дээ
-Мартана
-Мартахгүй. Би өөр. Танаас бол бүр өөр...
Цаг харвал дөнгөж таван минут өнгөрч. Тэгсэн хэр нь өвөл хавар зун намар ээлжлэх шиг болж, өнгөт дүрсээр ший үзэх шиг ихийн их хугацаа улирах шиг санагдав. Энэхэн хооронд би зүрхтэй яриад байв уу, өөртэйгээ яриад байв уу, эсвэл зүрх ганцаараа яриад байсан уу. Сэрүүн хийгээд зүүдэлсэн алин болохыг ялгасангүй. Яг тэрхэн агшинд охин, тээр цаанаас, үлшгүй холоос, гадаад далайн чанадаас намайг санагалзан шивнэв үү, эсбөгөөс энэ баримал зүрхэнд түүний минь хүслэн, зүрхний үг шингээстэй юу. Магадгүй, энэ зүрхийг барьж, алгандаа бөмбөрүүлэн шохой нухаж суухдаа юу бодож байсан бол. Зүрхний гүнээс хашхиран байж хэлсэн үг болгоныг нь салхинд хийсгэн алддаг анзааргагүй намайг нэгэн цагт өөрийг нь санаж шаналаасай гэсэндээ илбийн юм шиг ийм үгсээр тарнидсан юм бол уу.
 ...Намар байж билээ. Хөхөлбий даасан чийгт үдэш юм сан. Сүүлчийн навч нүцгэн мөчирт ээмэг адил санжигнан, сар эцэж туйлдсан шиг цонхигор харагдаж билээ. Би сартай адил, эцэж туйлдсан цонхигор царайтай, зүрхний хамаг цусаа шавхаж дуусаад, хэзээ мөдгүй сөхөрч унах нь уу гэмээр дөнгөн данган хөлөө зөөж явлаа. Чухам юунаас болж ингэж туйлдсан, эрчим хүчийг минь юу сорчихсон юм бол.... Ингэж бодох ч сөхөөгүй байв. Цэцэрлэгийн тээр буланд нэг модон сандал байлаа. Тэр хүрчвэл жаахан амсхийж, цаашаа алхаж дөнгөмөөр, ер цаашдаа амьдарч болмоор санагдана. Хүнд төмөр туухай зүүсэн шиг хөл хөшингө агаад арай чамай гэлдэрч байв. Яг тэгтэл... Тийм ээ яг халз өмнөөс минь гэрэл цацруулсан жаахан охин ирж явсан юм. Сэрүү орж, чийг даасан намар оройн цэцэрлэгт үлдэж хоцорсон час улаан навч шиг содон байсаан тэр охин. Ганц үгээр зурах, ганц үгээр дүрслээд хэлчих боломжгүй, зүгээр цацарсан их гэрэл санаанд ороод байдаг. Магадгүй би тэрхэн мөчид ухаан балартан унаж, завсрын гэрэлт цагаан хонгилоор явж байсан юм бол уу. Нүдэнд минь гэрэл л үзэгдсэн. Нэг сэрэхүл дулаан зөөлөн бүсгүй хүний, эвдрээгүй булцгар цагаан гар илбэж байхыг, цогтой, очитсон хар нүд ширтэж байсныг бүүр түүрхэн санаж байна. Энэ бол үйлийн үрийн зураас байсан гэж одоо хүртэл боддог юм. Тийм ээ, үйлийн үр. Зовлон шаналангийн огтлолцол байсан юм. Би тэрнийхээ, тэр маань миний зовлонгийн шалтгаан. Үйлийн үр.... жаргал... зовлон....хагацал....
Зүрх үнэхээр амьсгалж байв. Надад гэнэт маш их айдас төрж, хэн нэгний зүрхийг алган дээрээ тавьчихаад амь тавихыг нь хүлээх шиг бодол, зарсхиймээр зэвүүн мэдрэмж нуруу өөд өгсөв. Харсаар байж, алган дээрээ барьсаар байгаад тэр хөөрхий зүрх зогсохыг, улаа бутарсан цусан судлууд л нь хөхөртөн хөдөлгөөнгүй болж, аймшигт харанхуйд живэхийг хармааргүй байв. Яалтай билээ, шургуулганы нүдэнд түлхүүр цоож, үзэг цаас, хүмүүсийн нэр ус, утасны дугаар, мөнгө, үнэртэй ус, арц хүж.... Энэ шургуулганд амьгүй ч юм шиг, амьтай ч юм шиг бас нэгэн амьдрал бий. Зүрх минь, хөөрхий баримал зүрх минь, огторхон эрээн даашинзтай жаал охины зүрх минь... Өөрийнхөө энэ ертөнцөд амьдарч үлдэг дээ.
 Өвөрлөөд, цээжиндээ хоёр зүрхтэй явж болдоггүй, хаячихаж бас чаддаггүй, тийм нэг зүрх.
 
                                    2013.09.12
Нийтэлсэн: Б.Баярсайхан

Зүрх   
Үзсэн: 4058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-16 10:26
Гоё байна. нээрээ л цаг хугацаа бүгдийг элээдэг юм даа
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-16 08:55
Сайхан өгүүлэг байна шүү. Г.З

Бидэнтэй нэгдээрэй