Манай голд хар Бадангаа, хазгар Намчин гэж будилаантай, холионы хоёр эр байх. Амьтан хүнд гэмгүй ээ, хөөрхийс. Хар Бадангаа гэж донгиодуу маанаг эр. Өөвгөр хар гэрээ зөөж дөрвөн улиралд бригадын төв тойрч нүүнэ. Хазгар Намчин дүнхгэр цагаан гэртэй, өөрийг нь өвчсөн шиг давжаа ягжгар олон хар бандитай. Хоёулангийнх нь авгайг Цэцгээ гэнэ. Хоёр Цэцгээ эгч дүүс шиг ижилхэн. Нурмайчаад, хормойгоо чирч яваа нь ч адилхан. Бадангаа, Намчин хоёр ижил нэртэй, адилхан авгайтайгаас гадна бас хоёулаа баян. Бадангаа нь зассан шагай шиг цэвэрхэн хээр голдуу адуутай, олон сайхан улаан үхэртэй. Намчин дутах юмгүй ээ. Шаазгай шиг сайхан хар алаг адуутай, арслан заан шиг сарлаг хайнаг хотлуулсан бийлэгжүү эр. Мань хоёрт бас адил төстэй юм олон бий. Найр хуриман дээр засаг тушаалтай юм шиг хоёулаа агсам тавина. Архи уумаар санагдвал хоёулаа хониор авдар архи авч уухаа юман чинээ тоохгүй. Тэглээ гээд хүний дор орноо, ёстой гонжийнжоо.
Ийм нэгэн явдал боллоо. Манай нутгийн Жаамаа гуайнх хүүгээ гэрлүүлэв. Найр хурим өтгөн. Идээ цагаа элбэг дэлбэг. Ёстой л нэг халгиж цалгиж байв. Халамцуу хүмүүс үг сөргөлдөж байвч мань хоёр энэ удаад ёстой нэг дөч гарсан эр улс шиг үнэн дүнжгэр суув. Гэнэт хар Бадангаа идээ шүүсэн дээр тавьсан хутга шүүрч аваад найрын данагар ууцыг тэс хөндлөн огтлоод гулгуулж гарав. Хүмүүс арга нь барагдан ханцуйнаас чангааж үзлээ, “алив Бадангаа ууцны өөхөөр яахна вэ, хоол ид” гэлцэв. Чихгүй толгой оргисон Бадангаа тоосонгүй, бүр хэтрээд ууцан дээр тавьсан дөрвөн өндрийг шүдгүй буйлаараа зулгааж, гялтайтал мөлжиж орхив. Аягатайгаа онолдуулж ядан согтуурхсан хазгар Намчин бачимдахдаа, хар Бадангаагийн өмнөөс ичиж улайхдаа, тогооны амсар ханхийтэл хашгирав. Хар Бадангаа бяруун бух харсан сарлагийн бух шиг духан доороо хэрж, өнөө муу Намчингаа хүн гэж тоож байгаа ч юм алга.
-Ид гэж тавьсан ууц аа хө гэж хэнэггүйтэв.
Жаамаа гуайн уур цухал хоолойдоо тулж ирсэн авч хоёр шуундаа элбэгхэн шүдлэн бухны бүлтэй, үг хүлээж авах сүв битүү, агсам тавихаараа ширээ нурааж, зуух өшиглөдөг Бадангаагаас эмээж
-Ид ид Бадангаа минь. Идэлгүй яахав. Амьтан ах дүүсээ баярлуулах гэж байгаа хүн би гэж аргадав.
-За чи муу харав уу. Жаамаа гуай намайг ид ээ. Идэх чинь зөв өө гэж байна. Чиний гэрт идэж байгаа биш.
-Би чамд хонь гаргаж өгнө. Чи бүтэн ууц идээрэй гэж Намчин царайчлав.
-Танайд бол идэхгүй. Жаамаа гуай намайг хүндлээд ид уу, ууц огтол гэж байхад би идэхгүй яах юм. Чи бид хоёр адилхан байж хэн хэнийгээ хүндлэх юм.
-Чи намайг хүндлэхгүй яах юм. Хүндлэх ёстой гэж Намчин ээрэв.
-Ха ха ха. Адилдаа адил. Годилдоо годил байж. Бас надаар хүндлүүлэх санаатай. Чи бид хоёр яг адилхан. Чи бид хоёрыг энэ хүмүүс хайрладаг гэж бодож байна уу. Мангар хар минь. Зүгээр өрөвддөг юм. Өт хорхой шиг муу хар Бадангаа гэж өрөвддөг юм. Тийм болохоор би нэг удаа ч болов хүндлүүлж ууц таллаж байгаа юм гэж Бадангаа омогдов.
-Адил биш ээ. Чи намайг хүндлэх ёстой гэж Намчин байдгаараа амаа ангалзуулан бахирав.
-Ёстой гэнэ шүү. Ёстой юм бол чи миний амыг таглах ганц шалтаг хэлээдэх дээ.
-Би чамаас баян. Дүнхгэр цагаан гэртэй. Бас олон сарлаг хайнагтай. Шаазгай шиг хар алаг адуутай гэв. Бадангаагийн хөх инээд хүрч, мөлжиж байсан хавиргаа зуухны хоолой руу шидчихээд паржигнуулан
-Миний өөвгөр хар гэр чинийхээс юугаараа дутах юм. Маргааш гэхэд л цагаан бүрээс аваад хуччихна. Миний улаан хилэн үхэр чинийхээс олон уу гэхээс цөөнгүй. Тэгээд миний адуу чинийхээс хурдан гэж онгиров.
Хазгар Намчингийн уур цухал оволзож, юу хэлж энэ муугийн амыг таглах вэ гэж өөрт заяаасан бөндгөрөө дээд цэгт нь хүртэл ажиллуулав.
-Манай авгай танай авгайгаас хөөрхөн гэчихэв. Хар Бадангаагийн ёстой нэг загатнасан газар маажих гээч болно биз дээ.
-Ах дүүс минь ээ. Энүүнийг донгосч байгааг дуулав уу. Яаж чиг бодоод эдний Цэцэгээ, манай Цэцгээг давах хөөрхөн байж чадах уу даа. Зүгээр балай юм ярих юм гэж онголзлоо.
Найр гэхэд найр биш болж хүмүүс цангаагаа тайлтал хөхрөлдөн “Үгүй нээрээ Бадангаагийн Цэцэгээ хөөрхөн, үгүй хө Намчингийн Цэцгээ хөөрхөн” гэлцэн бахаа ханатал шоолов. Намчин ер нь арай сийрэгхэн л дээ. Ээрч гацах нь зовлонтой ч ухаан нь бол мөнгөн ус шиг гүйдэг эр.
-Чи муу тэгвэл хэдэн хүүхэдтэй вэ. Над шиг арван банди чамд байна уу . Чамайг бодвол би толгойгоо түшүүлэх үртэй хүн гэж бахирав.
Хүмүүс нам жим боллоо. Хар Бадангаагийн царайг харахаас ч зүрхшээж дор дороо газар ширтэн суув. Хар Бадангаа бүлх залгиад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон хүн шиг таг болж, хазгар Намчин бүр онгирч, энгэр заамаа ярж
-Би арван бандидаа арван хар алаг морь унуулаад танай найран дээр ирсэн бол, Жаамаа чи намайг хоймор суулгаж хүндлэх үү гэж шахамдуулав. Жаамаа гуайн царай хүрлийж
-Тэгэлгүй яахав Намчин минь. Одоо тогтож үз. Ид, уу. Сайхан найрлая гэв.
Зуны пүнхийсэн халууныг хуучин даавуу цуу татах шиг найрын гэрээс уртын дууны шуранхай хадаж, зөөлөн сэрхрээ сэвэлзэнэ. Хөл хөөртэй найрын гэрээс хар Бадангаа үл ялигхан гуйвлан гарч ирэв. Олны нүүрэн дээр үр хүүхэдгүйгээ дуудуулж уй гашууд даруулсан гуниггүй монгол эрийн харц гутлынхаа хоншоорыг олж үзэх төдий газар тэмтэрч явлаа. Хөггүй сааралтсан хоолойгоор нэг дуу аялмаар болж уяаны дэргэд хэсэг суув. Зэрвэс харсан хүнд уйлж сууна уу, эсвэл согтож халамцаад дуулж байна уу, бүү мэд. Хөөрхий тэр хүн сайхан улаан хээр морины цулбуураа шувт татан мордоод жаргах нарны дор пөг пөг шогшуулан одов.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.