![](/uploads/201903/news/thumb/8ca27657cd26f951833031ab345ba907_x3.jpg)
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондох хотгор буюу Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино. Д.т.д 2277 метр өндөр эл уулын 22475 га газрыг хамруулан 1992 онд тусгай хамгаалалтанд авчээ. Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 100 орчим зүйл ургамал тархсан нь экологийн өвөрмөц бичил орчинтойг илтгэдэг. Аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтдын хоёр тийш нүүдэллэх хөндий болж байдгаараа чухал ач холбогдолтой. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий.
Ээж хайрхан уулаар бүрэн аялж хадны тогтоц байдлыг ажиглан мэдэхэд олон цаг хэрэгтэй бөгөөд авирах явцад замын турш янз бүрийн нэр өгч нэрлэхээр гайхалтай сонин байгаль эхийн бүтээлүүдээр баялаг билээ. Алдарт есөн тогоо, ламын агуй гэх онцлог тогтцуудаас гадна гүрвэл хад, бүсгүйчүүдийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад, гахайн толгой, тэврэлдэн суугаа хос залуус, түлээний сав, олон суудал хад (театр хад), ембүү хад, далайн яст мэлхий, найрын ширээ, бамбарууш, хүүхэн хэл, тагтаа, янзага хад гэх мэтээр нутгийнхан нэрлэж заншсан сонирхолтой тогтоц хаднуудыг үзэх боломжтой. Ембүү хаданд мөргөж залбирсан хүн есөн үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна хэмээн сүсэглэдэг. Эхийн хэвлий хадаар шургаж гарсан хүн ахин төрж, өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн нүгэл нь ариусна хэмээн үздэг. Эр хүний хаданд мөргөж залбирвал үр хүүхдийн заяа сайжирч, үр хүүхэдгүй хүн өнөр өтгөн гэр бүл болно хэмээн итгэж биширч иржээ.
Ээж хайрханы харуул сахиул мэт түгээмэл энд тэнд үзэгдэх амьтан бол Замба гүрвэл юм. Нутгийнхан Замба зараа ч гэж нэрлэдэг. Монголын хамгийн том гүрвэл бөгөөд өмнө харж байгаагүй хүмүүс айж цочиж мэдэхээр. Мөн шөнийн цагаар гэрэлд олноор цугладаг шар аалз бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай байх бөгөөд нутгийн иргэд 33 метр өндөр, 12 метр өргөн даланг барьж хамгаалсан байдаг. Тэрхүү хойд энгэрт төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалдаг ба энэ хэсэг газрыг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг. Нутгийн өвгөдийн яриагаар бол тэнд бөө удган нар есөн тогоо бүрээс ус авчирч угаал үйлдэн “Хатан заяаг тэгшлэх” зан үйл хийдэг байна. Эх орныхоо дархан хилийг бат бэх, бүрэн бүтэн байлгах, эр эмийн заяаг тэгшлэх, эх дэлхийн амар амгаланг бэлгэдэж тахилга үйлддэг ажээ.
Ээж хайрхан үүссэн тухай домог: Одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Бигэр сумдын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын савслагаас нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орон даяар тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулдаг байж гэнэ. Энэ нутгийн хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд ноён тус тусдаа бүсгүйг залжээ. Сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ноён хөл алдан угтаж гэнэ. Бурхан буудай ноён тэргүүндээ жаахан буурал байсанд гоо бүсгүй “уг нь сайхан ноён ажээ, одоо хөгширч буурал суусан байна” хэмээн голжээ. Тэгээд Бурхан буудай ноёныг орхиод Аж богд ноёныд очиж гэнэ. Аж богд дотроо “Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таарна” гэж бодоод Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд унтаад өгч гэнэ. Гоо бүсгүй тэгтэл “гэрлэж суухаа байя, зөвхөн төрсөн нутагтаа харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя” гээд буцаад явчихжээ. Аж богд ноён сэрээд гоо бүсгүй хаачсаныг асуутал албат нар нь буцаад явсан гэжээ. Аж богд бүсгүйг хаа байгаа газраас нь олоод ир хэмээн албат цэргүүддээ тушаав. Гоо бүсгүй буцаж явах замдаа жаахан амрахаар гэдэргээ харан хоёр хөлөө нугалан хэвтээд зүйрмэглэж байтал хоёр талын хормойг нь хүнд юм дараад байх шиг санагджээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн цэргүүд тулманд элс хийж хормой дээр нь шидэж байна гэнэ. Явж чадахгүй боллоо гэдгээ мэдсэн бүсгүй “Уул уултайгаа уулздаггүй, харин хүн хүнтэйгээ учирдаг юм. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээрэнд ингээд ганцаараа хоёр уулын хооронд үүрд үлдэхээс өөр замгүй боллоо” гэж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирчээ. Ийнхүү Ээж хайрхан уул үүссэн гэдэг.
Есөн тогоо: Есөн тогоо нь Ээж хайрханы зүүн өвөрт чулуулгийн судал дагаж хойноос урагш цуварч байрласан есөн тусдаа хадан хүнх юм. Тогоо бүр устай байх бөгөөд хоорондоо 40-50 см чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Нэгээс гурав дахь тогооны диаметр нь 1-3 метр байдаг бол дөрвөөс найм дахь тогооны диаметр 5-6 метр өргөн байдаг. Гарал үүслийн хувьд боржин чулууны ан цавыг дагаж үүссэн бөгөөд тогоонуудын гүн 2-8 метр юм. Ес дэх тогоо дээд талын тогооноос 7 метр гаруй хол оршдог. Найм дахь тогооны төгсгөлд хадан дэвсэгийн зай завсраар хэдэн том бургас ургасан байдаг ба нутгийн ардууд эрт үеэс хүндэтгэн хадаг яндар өлгөж сүсэглэн залбирч иржээ. Есөн тогооны эхэнд бяцхан баянбүрд үүссэн байх бөгөөд үүнийг нутгийнхан “Даяанч ламын зуслан” хэмээн нэрлэдэг. Харин ес дэх тогооны төгсгөл хавьд газрын гүнээс булаг маягтай шүүрдэг ус байдаг нь хур бороо элбэг жил тогоонуудаас ус халин задгайрч жижиг булаг үүсгэн хад даган урсаж хөрсөнд шингэдэг байна. Тогоонууд бүгд дүүрэн устай бөгөөд ногоон өнгөтэй, хүхэрлэг чанартай, тогоо бүрийн ус өөр өөр амттай байдаг. Эдгээр есөн тогоонд байх усыг судлаачид рашааны шинж чанартай болохыг тогтоосон байна. Нэгээс зургаа хүртэл тогоо руу төвөггүй очиж болох ба долоо, найм дахь тогоо руу очиход бага зэрэг бэрх байдаг. Хальтирч унахаар мөлгөр налуу бөгөөд гишгэдэл алдвал тэр чигээр тогоо руу өнхрөөд орчихоор ажээ. Тогоо бүрийн гүн харилцан адилгүй бөгөөд хүн живж үхсэн тохиолдол ч байдаг байна.
Агуй: Есөн тогооны ойролцоо хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. Агуйн есөн тогоо руу харсан талыг битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан байдаг. Дотроо 4 х 6 метр хэмжээ бүхий зайтай, 160-180 см өндөр ханатай, бурхан тахил ба мөргөлчин, ор дэвсгэр ба гал тогооны хэсэгтэй. Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан хэмээх лам 1923 оноос нэлээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. Равдан лам Маажинсан ууланд бүгэж байсан Дамбийжанцангийн хамсаатан байсан бөгөөд Жа лам алагдсаны дараа Ээж хайрханы агуйд орогнон амьдарч улмаар энэ нутгийн Т.Цэгмид хэмээх эмэгтэйтэй ханилан 1928 он хүртэл амьдарчээ. Нутгийнхан Ламын агуйд Ээж уулын лам ижий амьдарч байсан хэмээн домоглодог. Тус агуйд ирсэн гийчид хадаг сүү өргөж, арц хүж асааж, зул барьж мөргөдөг заншилтай.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Ээж хайрхан уул | ||
Үзсэн: 7594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.