Шууд Chart

Агуйд амьдрагчдын талаарх сонирхолтой баримтууд...

2019-04-15 11:52:22

Түүхийн хэмжүүрээр бол балар эрт, геологийн хэмжүүрээр бол дөнгөж саяхан хүн төрөлхтөн агуйд амьдарч байв. Халуун нар, хүйтэн жавраас хоргодох, араатан амьтдаас нуугдах газар нь эртний хүмүүсийн хувьд агуй байж. Техник технологи хөгжин, аж үйлдвэржсэн орчин үед ч агуйд амьдрагчид байсаар.

Далайн давлагааны улмаас үүссэн эргийг нүхлэн өөртөө “ордон” барьж, түүнийгээ улам сайжруулан тохижуулсан хүний тухай Ж.ВернийнНууцат арал” романд өгүүлдэг. Эртний хүмүүс шавар, элс, шохойн чулуун эрэг, уулыг нүхлэн дотор нь амьдардаг байжээ. Хүмүүс иргэншиж, хот, тосгод бий болсон ч агуйд амьдрагчид орон гэрээ ямар ч хана хэрмээс илүү бат бэх, найдвартай хэмээн үздэг.

АРИУН АГУЙ

Газар доорх ертөнц, тэнд амьдардаг бурхдын тухай домог олон бий. Нөгөө ертөнцтэй ойрхон байх, даяанчлахыг хүссэн хүмүүс эрт цагт газар доогуур сүм байгуулдаг байж. Дэлхийн хамгийн том агуйн сүм Этиопын умард хэсэгт оршдог. Далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших уг сүмийг XII зуунд Лалибела хаан байгуулсан түүхтэй. Ягаавтар өнгийн хадан цохиог сийлэн барьсан 11 сүмийн хамгийн өндөр нь 12 метр. Украины Крымийн хойгт хадан хавцлыг нүхлэн байгуулсан Гэгээн Климентийн сүм байдаг.

Байгалийн орон сууц хэмээн нэрлэж болох агуйд амьдрахад тавилга бараг хэрэггүй. Шаардлагатай ор, ширээ, тавиур зэргийг агуйн хана, шалыг нүхлэн гаргаж болно. Агуйн сүмийн хананд харин хээ угалз сийлэх нь бий. Агуй, хадан хавцлыг ашиглан байгуулсан сүмийг дагаад мөргөлчдийн, номлогчдын амьдрах сууц байдаг. Энэ мөн л хавцал, уул нүхэлсэн агуйнууд. Энэтхэгийн Махараштра мужид орших Ажанта хэмээх чулуун сүм 29 агуйгаас бүрд дэг. Хятадын Дуньхуаны баянбүрдээс холгүй орших Мянган Буддагийн агуй Цяньфодун нь өвөрмөц хийцтэй, алдартай чулуун сүмүүдийн нэг юм. АНУ-ын баруун өмнөд мужуудад байдаг чулуу, агуйн сууцууд бол пуэблоиндиануудын гэр орон байжээ.

НҮХЭН ТОСГОД

Туркийн Каппадоки, Тунисийн Матмата хотод газар доогуур орших, эсвэл уул нүхлэн амьдардаг хүмүүсийн бүхэл бүтэн тосгон бий. Хоёр хаалгатай, голдоо зочны өрөөтэй агуйнуудад Каппадокийн иргэд амьдардаг бол матматачууд хадан хавцлыг нүхлэн шат тавьсан байдаг аж. Матматачуудын зочдын өрөө голдуу 10x12 метрийн хэмжээтэй байдаг бол, унтлага, гал тогооны өрөө нь арай жижиг гэнэ. Хар тивийн Бандиагарын нуруунд оршин суудаг хүмүүс ч агуйд амьдардаг. Мали улсын газар нутагт 200 км орчим үргэлжлэх энэ нурууны агуйд хүмүүс МЭӨ үеэс амьдарч эхэлжээ. Нүүдэлчин омгууд эхлээд талийгаачдыг бунхлах зорилгоор уул нүхэлж, агуй гаргасан бөгөөд аажмаар орон сууц болгосон гэдэг.

Манай дэлхийн хамгийн хөгшин тивд ч агуйд амьдрагчид буй. Барилга барихад зориулагдсан боржин чулуу олборлогчид өндөр, сэрвээ хад, агуйд гэр бүлээрээ байрладаг. Францын Луара голын эрэг дагуу иймэрхүү тосгон олон байдгаас хамгийн алдартай нь Брезегийн цайз юм. Эртний хүмүүсийн амьдарч байсан агуйг XI зуунд цайз болгон өөрчилсөн түүхтэй. Газрын хөрснөөс доош 20 метр гүн орших энэ цайзад цэргийн хуаран ч бий. Европын хамгийн алдартай агуйн хот бол Италийн өмнөд хэсэгт орших Матера билээ. 9000 жилийн турш агуйд амьдарч буй матерачууд олон зуун жилийн өмнөх шигээ амьдардаг. Библийн сэдэвтэй киноны зураг авахаар тийш очсон нэгэн найруулагч “Матерт амьд хүмүүсийн дээр үхэг сэд нь оршдог” хэмээн бичжээ. 1950-иад онд хотын оршин суугчдын дийлэнхийг байшинд оруулсан ч агуйд амьдрахыг илүүд үзсэн хүн цөөнгүй үлдсэн аж.

ТӨГСГӨЛД НЬ

Агуйн оршин суугчдын амьдралын хэв маяг сүүлийн 50 жилд нэлээд өөрчлөгдөж буй. Дэлхийн II дайны дараа тэд өөрсдийн амьдралыг хотынхонтой харьцуулах нь нэмэгджээ. Хэдийгээр халуун ус, цахилгаан байхгүй гэхчлэн тав тух муутай ч агуйд амьдрахын давуу тал олон байдаг гэнэ. Дэлбэрэлт, бөмбөгдөлт боллоо гэхэд их хотын өндөр барилгуудаас илүү найдвартай. Мөн даяаршсан ертөнцөд устаж үгүй болох дээрээ тулаад буй агуйн амьдралын хэв маяг жуулчдыг их татдаг. Каппадоки, Матера, Матматаг зорьсон мянга мянган жуулчны ачаар агуйд амьдрагсад хоол, хувцас гээд хамгийн наад захын хэрэглээгээ хангах мөнгө олно. Их хотын хүмүүстэй харьцуулбал тэдний хэрэглээ бага, түүндээ ч сэтгэл хангалуун.


Агуйд амьдрагчдын талаарх сонирхолтой баримтууд...  
Үзсэн: 3243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-15 22:16
Манай траншейныхан чинь агуйчид шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-15 19:46
za manaid tog tasarval soeltoi aguu boloh horoolol zöndöö ....

Бидэнтэй нэгдээрэй