![](/uploads/201905/news/thumb/70d93bba63bce17eba3853823cdd3647_x3.jpg)
Зөвлөлтийн бүх нутаг дэвсгэрийг германы эзлэгчдээс бүрэн чөлөөлөөд байсан 1944 оноос Зөвлөлтийн зэвсэгт хүчин булаан эзлэгчдийн боолчилсон орнуудын ард түмэнд цэргийн тусламж үзүүлж, тэдгээр орнуудын нутагт дарлагчдын эсрэг байлдаж эхэлсэн юм.
Сталинградын дэргэд германы цэргийг бут ниргэсний дараа Германы талд эзлэгдээд байсан орнуудад Эсэргүүцлийн хөдөлгөөн ихээхэн идэвхжив. Зөвлөлтийн цэргийн энэ ялалтын мэдээ хоромхон зуурт европын эзлэгдсэн улс орнуудад түгж, германы шорон гяндан, үхлийн хорих лагерьт маш түргэн хүрч, тэмцлийн галыг улам өрджээ. “Зөвлөлтийн армийн ялалтууд нь германы эсрэг дайны материаллаг болон ёс суртахууны нөхцлийг өөрчилж, үндэсний эрх чөлөөний тэмцэлд шинэ эрч далайц өгөв” гэж Францын хэвлэлд бичиж байв.
Европыг чөлөөлөхөд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хамгийн том стратегийн давшилтын дотор Яссы-Кишинев, Белоград, Будапешт, Дорнод Прусс, Берлин, Прагийн операцыг оруулж болно. Эдгээр операцуудыг амжилттай дуусгасны үр дүнд 200 сая орчим хүн ам бүхий Европын арван орныг бүрэн чөлөөлжээ.
Булаан эзлэгчдийг эсэргүүцсэн зэвсэгт тэмцэл Югославт хамгийн их далайцтай өрнөв. Германы долоо, италийн арван долоо, Болгарын тав, Унгарын гурван дивизийн салбар ангиуд, хамгаалалтын цэргийн өдий төдий анги, салбар, орон нутгийн урвагчдын цэргийн отрядууд Югославт партизаны хөдөлгөөнийг дарахыг оролдож байв. Гэвч Югославын ардын чөлөөлөх арми эхлээд 16 мянгаад хан хүнтэй байсан ч тэд мэдэгдэхүйц үр дүнд хүрээгүй юм. Зөвлөлтийн армийн цэрэг аль нэг эзлэгдсэн улсын нутагт орох үеэс фашистын булаан эзлэгчдийг эсэргүүцсэн тэмцэл ихээхэн эрчимждэг байлаа.
1944 оны гуравдугаар сарын 26-ны шөнө Зөвлөлтийн цэрэг Румыны нутагт орлоо. Үүнтэй холбогдуулж Зөвлөлт Засгийн газар мэдэгдэл гаргав. Зөвлөлтийн цэрэг Румынд гагцхүү цэрэг дайны шаардлагын үүднээс, дайсагнагч цэрэг зэвсгээ хураалгахгүй байсны улмаас дайтаж байгаа бөгөөд тус улсын нутаг дэвсгэрт огт өнгөлзөөгүй, тус улсын нийгмийн байгууллыг ч өөрчлүүлэх бодолгүй байна гэж энэ баримт бичигт өгүүлжээ.
Ерөнхий цэргийн дөрвөн армийн цэрэг, танкийн хоёр армийн нэгтгэл ангиуд Румынд дөрвөн сар гаруй цус асгаруулан байлдав. Румыныг яагаад ч болов хамсаатнаа хэвээр байлгахыг санаархан, Германы тал арван дивиз, түүний дотор танкийн дөрвөн дивизийн хүчээр сөрөг цохилт өгсөн юм.
Зөвлөлтийн дайчид дайсны улайрсан дайралтыг долоон өдөрт няцаав. Фашистууд 27 мянган цэрэг, офицер, 500 гаруй танк, дайрагч их буу, 366 нисэх онгоцоо алджээ. Гэвч зөвлөлтийн цэргийг Прут голын цаадтай ухраах гэсэн зорилгоо биелүүлж чадаагүй юм.
Болгарыг чөлөөлөхөд Украины 3 дугаар фронтын цэрэг оролцов. 1944 оны есдүгээр сарын эхээр тэд Румын-Болгарын хилийг давж, ах дүү ард түмний нийт орноор ялалтын маршаар явж өнгөрөв. Есдүгээр сарын 9-нд Болгарт бүх ард түмний зэвсэгт бослого эхэллээ. Боссон ард түмний талд хааны цэргийн офицер, генералууд нь хүртэл толгойлсон бүхэл бүтэн хороо, дивиз орж байлаа. Болгарын ардын засгийн газар Германд дайн зарлав.
Югославын дорнод нутаг, тус улсын нийслэл Белград хотыг чөлөөлөхөд Украины 2, 3 дугаар фронтын цэрэг, түүний дотор 57, 46 дугаар арми, агаарын 17 дугаар арми, гвардийн механикжуулсан тусгай 4 дүгээр корпус, Дунайн цэргийн флотили оролцов. Югославын ардын чөлөөлөх армийн том хүчин дайсанд улам хүчтэй цохилт өгч байлаа.
Балканы хойгийн байдал энэ үед үндсээрээ өөрчлөгдөв. Румын, Болгарын ардын засгийн газар Германд дайн зарлав. Зөвлөлтийн цэрэг Чехословак, Унгарт орж, Югославын хилд дөхөж очлоо. Фашистын командлал Балканы хойгт байсан бүх цэргээ алдахаас айж, Грект байлдаж байсан Вермахтын нэгтгэл ангиуддаа умард зүг нүүхээр бэлтгэх тушаал өгчээ.
Чехословакийг чөлөөлөх операцад Украины 1, 2, 4 дүгээр фронтын цэрэг оролцлоо. Ялангуяа, Прагийн операцад зөвлөлтийн цэргийн их хүч: ерөнхий цэргийн 20, танкийн 3, агаарын 3 арми, танкийн ба механикжуулсан долоон тусгай корпус, бусад нэгтгэл, анги нийтдээ 2 сая гаруй цэрэг, офицер, 30 мянган их буу, миномёт, 2 мянга орчим танк, өөрөө явагч их буу, 3 мянга гаруй нисэх онгоц оролцлоо.
Польшийг чөлөөлөхөд зөвлөлтийн асар олон цэрэг, Белорусын 1, 2, 3, Украины 1, 4 дүгээр фронт оролцжээ. Польшийг бүрэн чөлөөлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн дэлхийн хоёрдугаар дайны стратегийн томоохон давших операц нь Висла-Одерийн операц байв. Энэ операцад зөвлөлтийн 160 дивиз-2,2 сая цэрэг, офицер, 33,5 мянган их буу, 5 мянган нисэх онгоц оролцжээ.
Европын улс түмнийг чөлөөлөхийн төлөө тулалдаанд зөвлөлтийн цэрэг маш их гавьяа байгуулав. Тэр гавьяанаас зөвхөн нэгнийх нь тухай өгүүлье. 1944 оны долдугаар сард Польшийн Герасимович тосгоны төлөө байлдаанд буучийн 307 дугаар дивизийн 1021 дүгээр хорооны сумангийн намын үүрийн нарийн бичгийн дарга, ахлах байлдагч Г.П.Кунавин баатрын ёсоор амь эрсджээ. Байлдааны эгзэгтэй хоромд урал нутгийн тэр баатар эр нөхдийнхөө амь насыг аварч, байлдааны даалгаврыг биелүүлэхийн тулд дайсны мод, шороогоор хийсэн удаан хугацааны галын цэгийн амыг биеэрээ таглаж амь эрсджээ. Түүнийг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор нэхэн шагнажээ.
Григорий Кунавины дурсгалыг гүнээ хүндэтгэн Герасимович тосгоны оршин суугчид амь үрэгдсэн баатрын нэрийг тосгоныхоо хүндэт иргэний нэрсийн жагсаалтад үүрд бичих, түүний нэрийг сийлсэн гантиг хавтанг тосгоны төвд байрлуулах, тэндхийн сургуулийг Григорий Кунавины нэрэмжит болгохыг хүсэх, жил болгон сургуулийн багш нар нэгдүгээр ангид заах эхний хичээл дээрээ польш хүүхдүүдийн эрх чөлөөтэй, зол жаргалтай аж төрөх эрхийг цусаараа байлдан олж өгсөн баатар дайчин, түүний хамтран зүтгэгчдийн тухай ярьж байх шийдвэр гаргажээ. “Тийнхүү ярихад хүүхдүүд зогсож байх хэрэгтэй. Орос ах-славян хүнд тэд зүрх сэтгэлээрээ бахархаж байг. Амьдралыг тэд ойлгож эхлэхдээ польш, оросын ард түмний ах дүүгийн барилдлагааны тухай сэтгэлгээнээс эхэлж байг” гэж хурлын шийдвэрт өгүүлжээ.
Польш, Чехословак, Югослав, Итали, Франц, Бельги болон европын бусад орны нутагт Эсэргүүцлийн хөдөлгөөний тэмцэгчдийн эгнээнд, партизаны отряд, фашизмыг эсэргүүцсэн нууц бүлэгт фашизмын эсрэг амь бие хайргүй тулалдаж байсан зөвлөлтийн олон арван мянган хүн (40 мянга гаруй) эв санааны нэгдэл илэрхийлсэн билээ.
ЗХУ-д Францын эх оронч нисгэгчдээр байгуулсан “Норманди-Неман” гэдэг нисэх онгоцны хорооны байлдааны гавьяа зөвлөлт, Францын ард түмний дайчин нягт холбоог гэрчилж байв. Гойд шалгарсан нисэгчдэд зөвлөлтийн байлдааны шагнал өгч, тэднээс 83-ыг нь одонгоор шагнаж, дөрөвт нь Зөвлөлт Холбоот Улсын баатар цол хүртээсэн нь энэ хорооны гавьяаг өндөр үнэлсэн хэрэг юм.
“Зуу зуун жил өнгөрч, өнөө үеийнхний халааг шинэ шинэ үеийнхэн ававч Зөвлөлт Холбоот Улсын ард түмнүүд фашизмыг эсэргүүцсэн хүчнийг манлайлан, фашизмыг ялах үйлсэд гол хувь нэмэр оруулж, нийтээрээ лут их баатарлаг гавьяа байгуулсныг хүн төрөлхтөн мартахгүй… Зөвлөлтийн армийн чөлөөлөгч үүрэг нь эв нэгдлийн ялалт болж, энэ түүхэн баримт үеийн үед зөвхөн манай ард түмнүүдийн он дарааллын бичигт ороод зогсохгүй үүрд дурсагдана” гэж Чехословакийн ерөнхийлөгч бичиж үлдээжээ.
“Дайны хүнд бэрх жилүүдэд хамгийн их хүнд хүчрийг үүрч, фашизмын харгис харанхуй хүчнийг ялах үйлсэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлт Холбоот Улс, түүний яруу алдарт армийн хувь нэмрийг манай ард түмнүүд өндөр үнэлдэг юм” гэж Югославын ерөнхийлөгч нийтэд мэдэгдэж байв.
Фашизмаас чөлөөлөгдсөн орнуудын ард түмэн, армитай зөвлөлтийн ард түмэн, тэдний дайчдын тогтоосон найрамдал нийтийн дайсныг эсэргүүцсэн хамтарсан байлдаанд ариун цусаар гагнагдсан юм гэж хэлдэг нь зүгээр нэг гоё үг биш, харин маргашгүй үнэн баримт бичиг билээ. Европ, Азийн орнуудын ард түмнийг чөлөөлөхийн төлөө байлдаанд Зөвлөлтийн Зэвсэгт хүчний хүлээсэн нийт хохирол гэвэл алагдаж, шархдан, сураггүй болсон хүний тоо 3 саяд хүрсний нэг сая гаруй нь алагдсан байна.
Европ, Азийн олон орны ардын чөлөөлөх арми, партизаны отряд, Эсэргүүцлийн хүчинд Зөвлөлт Холбоот Улс цэрэг, эд материалын асар их тусламж үзүүлж байлаа. Дайны жилүүдэд ЗХУ-ын тусламжтайгаар 550 мянга гаруй хүнтэй бусад орны цэргийн олон арван нэгтгэл, ангийг байгуулж, байлдаанд бэлтгэжээ. Зөвхөн Болгар, Польш, Румын, Югослав, Чехословакийн ардын армийг зэвсэглэхэд Зөвлөлт Холбоот Улс 525 мянган гаруй винтов, карабин, 186 мянга гаруй автомат, 42 мянган пулемёт, 17 мянга гаруй их буу, миномёт, олон танк, нисэх онгоц, түүнчлэн 1,5 миллиард гаруй рублийн галт хэрэгсэл, хүнс үнэ төлбөргүй шилжүүлэн өгчээ.
Хүнд бэрх жилүүдэд ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжийн гараа сунгасан зөвлөлтийн ард түмэн, тэдний дайчдын эрэлхэг зориг, алдар гавьяа, амь бие хайргүй зүтгэлийн ачийг өндөр үнэлдэг бөгөөд чөлөөлөгч дайчид даа зориулан Софи, Бухарест, Прага, Вена, Будапешт, Варшав, Белград, Пхеньян болон бусад олон хот, байлдаан болсон газарт олон хөшөө дурсгал босгожээ.
Зөвлөлтийн хүмүүс, Европын сая сая хүмүүс фашизмын үнэн төрх царайг зөвхөн ном хэвлэл, баримтат киноноос мэддэг төдийгүй, өөрсдөө эмгэнэлт туршлагаас үзэж мэдсэн билээ. Зөвлөлтийн нутаг, бусад орны нутагт цөмрөн орсон гитлерчүүд энгийн номхон хүн ам, цэргийн олзлогдогсдыг аймшигтай муухайгаар хэрцгийлэн тамладаг байлаа. Тэд хот, тосгоны оршин суугчид, тэдний дотор хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшдийг олноор нь буудаж, олзлогдсон цэрэг, офицер, партизан, нууц байдалд ажиллагсад, тэднийг талархсан иргэдийг зэрлэгээр эрүүдэн шүүж, тохуурхан доромжилж, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг Германд хүнд хүчир ажилд зүтгүүлэхээр хөөн аваачиж, үндэсний соёл дурсгал, орон сууцны байшин барилга, үйлдвэрийн газрыг балмадаар эвдэн сүйтгэж, иргэдийн эд хөрөнгө, нийт үндэстний үнэт зүйлсийг хулгайлан авч явж байв.
Эзлэгдсэн орнуудын хүн амыг хөнөөн устгах техникийг гитлерчүүд бүр аймшигтай, зэрлэг балмад хэмжээнд хүргэжээ. Тэд Европыг хорих лагериар бүрхэж, “үхлийн аймшигтай фабрик” байгуулж байв. Хүмүүсийг хэдэн саяар нь, тэдний дотор зөвлөлтийн маш олон хүнийг зэрлэгээр тамлан зовоож, хөнөөн устгадаг байсан Дахау, Освенцим, Майданек, Бухенвальд, Заксенхаузен мэтийн бурангуй хорих лагерийн тухай нэрийг нь дурдахад л дотор зарсхийдэг юм. Фашистын булаан эзлэгчдийн зэрлэг ажиллагаа нь согтуу цэргүүдийн дур зоргоор авирлаж байсан зарим нэг тохиолдол биш ээ.
Энэ нь олныг хамарсан зохион байгуулалттай шинжтэй байсан бөгөөд нацистын хамгийн дээд байгууллагын албан ёсны удирдамжийн уршиг байлаа. Дорнод фронтын цэргүүдэд германы цэргийн командлалын хандаж гаргасан албан ёсны уриалга үүнийг гэрчилж байна. “Огтхон ч өрөвдөх, энэрэх сэтгэлгүй байж, замдаа тааралдсан орос, зөвлөлтийн хүн болгоныг алаад л бай, чиний өмнө хөгшид, эмэгтэйчүүд, эмэгтэй, эрэгтэй хүүхэд хэн боловч зогсох хэрэггүй, алаад л бай, тэгснээрээ чи өөрийгөө үхлээс аварч, гэр бүлийнхээ ирээдүйг хангаж, үеийн үед алдарших болно” гэж энэ баримт бичигт өгүүлсэн байдаг.
Зөвхөн ЗХУ-аас булаан эзэлсэн нутагт фашистын зандалчид зөвлөлтийн энгийн номхон 10 сая орчим хүн, тэдний дотор өдий төдий хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг тарчилган зовоож, алж хөнөөжээ. Тэд зөвлөлтийн 1710 хот, 70 мянга гаруй тосгон, суурин, 32 мянган үйлдвэрийн газар, 98 мянган хамтрал, олон арван мянган сургууль, эмнэлэг, театр, музей, соёлын ордныг эвдэн сүйтгэж, тонон дээрэмджээ. Булаан эзлэгчид газар сайгүй хүнд хүчир хөдөлмөрт хүмүүсийг боолын ёсоор зүтгүүлдэг байв.
Зөвлөлтийн эзлэгдсэн нутагт гитлерчүүд, тэдний гар хөл бологчдын үйлдэж байсан ялт хэргийг мөрдөн байцаах улсын онцгой комиссын хэвлэлд нийтлүүлсэн мэдээнд аймшигтай баримт олныг дурджээ. Энэ нь Львов, Киев, Ростов, Харьков, Минск, Смоленск, Псков, Орша, Рига, Вильнюс болон тус орны бусад олон суурин газарт энгийн номхон ард иргэд, тэдний дотор хөгшид, хүүхэд, багачуудыг олноор нь буудаж алсныг эд мөрийн баримттай нотолсон мэдээ юм.
Комиссын акт нь Европын бусад орны баримт нотолгооны адил дайны дараа Нюрнбергт болсон фашистын цэргийн гол гол гэмт хэрэгтний хэргийг шүүсэн шүүх хурлын протоколд орсон хөдөлбөргүй илчилсэн материал юм. Гитлерчүүд зөвлөлтийн хүмүүс, Европын бусад орны ард түмнийг айлгаж, хүсэл зоригийг нь мохоон, боолчилж чадаагүй юм. Тэдний зэрлэг ажиллагаа, дээрэм тонуул, эвдэн сүйтгэх ажиллагаа ард түмнүүдийн уур хилэнг зүй ёсоор бадрааж, тэд “Фашистын булаан эзлэгчид сөнөтүгэй!” гэсэн уриан дор шийдвэрлэх тэмцэлд эрслэн боссон билээ. Вермахтыг бут ниргэснээр эзлэгдсэн орнуудын ард түмнийг сөнөж устах, фашистын колоничлогчдын боол болохоос аварсан юм.
Дайны төгсгөлийн шатанд ЗСБНХУ Японы булаан эзлэгчдийн эсрэг тулалдаж байсан Хятад, Солонгосын ард түмэнд асар их тусламж үзүүлсэн юм. Эдгээр орны ард түмэн Японы колоничлогчдын дарлалыг өөрийн хүчээр устгаж чадахгүй байсан юм. Японы хуурай замын цэргийн гол хүчин-Квантуны армийг урьд үзэгдээгүй ахар богино хугацаанд Зөвлөлтийн цэрэг бут ниргэснээр тэд чөлөөлөгдсөн билээ. Европын орнуудын адил Солонгос, Умард Хятадын ард түмэн Зөвлөлтийн дайчдыг өөрсдийн сэтгэл харамгүй ах дүүс, чөлөөлөгчийн ёсоор угтсан юм.
Зөвлөлтийн дайчид аугаа их чөлөөлөх үүрэг гүйцэтгэснээрээ фашист, милитарист дарлагчдыг эсэргүүцсэн ариун тэмцлийн үйл хэрэгт чин үнэнч байсан хийгээд дарлагдсан ард түмнүүдэд тал бүрийн тусламж үзүүлэхэд ямагт бэлэн байгаагаа нотлон харуулсан юм.
Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж: www.mod.gov.mn
Гэрэл зургуудыг rosphoto.com сайтаас ашиглав.
Зөвлөлтийн арми Европыг чөлөөлсөн нь | ||
Үзсэн: 2364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.