![](/uploads/201403/news/thumb/6b01900854905cfbaa012b8181018ef7_x3.jpg)
Эрдэс баялаг бүхий орнуудад ихээр тохиолддог “Голланд өвчин” гэдэг нь 1970-аад оны үед Хойд тэнгист байгалийн хий олдсоноос хойш Голланд улсад тохиолдсон эдийн засгийн хямралт нөхцөлөөс үүдэлтэй нэршил юм. Аливаа улс ашигт малтмалаа олборлож эхэлснээр байгалийн баялгийн экспортын үнэ нь огцом өсч, улмаар валютын ханш нэмэгдэж, эрдэс баялгаас олсон гадаад валютыг олон улсын зах зээлээс бараа бүтээгдэхүүн импортлоход зарцуулснаас үүдэн дотоодын үйлдвэрлэгчид хүнд байдалд орно.
Нөхцөл байдал нэгэнт ийн эргэхэд дотоодын чадварлаг ажиллах хүчин хийгээд бараа материал, үйлдвэрлэл ашигт малтмалын салбар руу шилжиж эхэлдэг. Ийнхүү бусад салбарт ажиллаж буй чадварлаг мэргэжилтнүүд өндөр цалин хөлсний төлөө уул уурхай руу шилжин ажиллах замаар эдийн засаг зөвхөн эрдэс баялгаас хамааралтай болж хувирна. Улмаар тухайн орны байгалийн баялаг шавхагдах цагт бусад салбарууд нөхөн сэргэх гэж чамгүй бэрхшээл, хугацаа шаардах нь түгээмэл байх эл үзэгдлийг “Голланд өвчин” гэж нэрийддэг аж.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Евроазийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн захирал Анионио Соммаг хүлээн авч уулзах үеэрээ энэ талаар санал солилцсон байна.
Салбарын сайд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс манай улстай хамтран хэрэгжүүлэх боломж бүхий “Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төсөл”, “Эдийн засгийн төрөлжилтийн төсөл”, “Авлигатай тэмцэх төсөл”-үүдийг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж буйгаа илэрхийлээд эрдэс баялаг бүхий орнуудад “Голланд өвчин” хэмээн тархсан эдийн засгийн хямралт үзэгдлийг тойрон өнгөрөхөд Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс хамтран ажиллаж, мэдээлэл, практикийн туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Ноён А.Сомма эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Евроазийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн мэргэжилтнүүдийнхээ хамт энэ асуудлаар судалгаа хийж, бусад орны туршлагыг үндэслэн Монгол Улсад тохирох шийдэл боловсруулан, Эдийн засгийн хөгжлийн сайдад эргэн танилцуулахаа мэдэгдсэн байна.
“Голланд өвчин” манай улсад тусах уу? | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.