Шууд Chart

Тэр жилийн цагаан сар аавыгаа хүлээсэн сэтгэл байсан

2020-02-23 09:17:40

Ер нь хүүхэд байх үеийн ямар ч баяр хамгийн гоё болж байсан юм шигээ. Өнөө цаг шиг нэг их баяр болдоггүй. Тоймтой хэд нь чанартайхан болж байсан болохоор ингэж санагдаж байж мэдэх юм. Миний хувьд цагаан сар, улсын баяр наадам л хамгийн сайхан баяр байлаа. Хөдөө өссөн болоод ч тэр байх.

Тун удахгүй сар шинэ болох гэж байгаа болохоор энэ тухай эргэн дурсмаар санагдав.  

Би хөдөөний хүүхдүүдийн адил дээрх баярыг үддэг байв. Манайх цагаан сар болохоос бараг сарын өмнө бэлтгэл ажилдаа орно. Аав маань машин барьж чаддаггүй байсан болохоор төмөр хүлгээс хөндий. Дургүй байсан болохоороо барьж сурахыг ч хүсдэггүй байсан байж мэднэ. Тиймээс айл, саахалтынд машинтай хүн ирээд буцвал кабинд нь суугаад төв рүү явж баахан юм бэлтгэж ирнэ. Аавыг явахаас өмнө мэдээж ээж цаасан дээр авах зүйлсийг нэг нэгэнгүй бичээд түрийвчинд нь хийнэ. Зарим үед хамтдаа явж байсан ч үе бий л дээ.

Харин тэр үед нь би хонь, адуунд давхих, тэжээлийн хэдэн бяруунд өвс, хивэг өгөх зэрэг хүндхэн ажлыг хүлээж авна. Гэхдээ түүртдэггүй байсаан.  

Гэртээ эгч, ахтайгаа үлддэг болохоор ганцаардана гэж ч байхгүй. Адуунд явахдаа хойд уулын орой дээр гарчихаад л аавын ирэх замыг харуулдаж, дурандана. Адуутайгаа хамт аавыгаа хариулаад ч байгаа юм шиг. Ганц нэг машин тэртээ алсаас хөр цасан дундуур ирж яваа харагдвал бөөн баяр. Гэвч манайхаас өнгөрөөд явчихвал урам хугарна гэж жигтэйхэн.

Адуундаа биш аавыг дурандаж суусаар байгаад нэлээн удаж гэртээ харивал ахдаа “Хурдан ирсэнгүй” гэж загнуулах үе бий. Гэхдээ адуугаа олоод очдог болохоор арай зөөлөн зандарна л даа.

Ингээд орой болж малын ажилдаа дарагдаж байтал өвөлжөө нөмөрлөсөн том хүрэн уулны зүүн урд хормойг ороогоод бор ногоон өнгийн УАЗ469 машин утаа, униар татуулж, дуу чимээгээ цуурайтуулан өгсөөд ирэх нь аав. Тэр машины цонхыг нэвт хараагүй ч гэсэн аав л өдийд ирэх учиртай болохоор тэгж итгэнэ.

Машин гэрийн үүдэнд зогсов. Үхрийн хашаанаас гэр далд учир чухам хэн ирж байгаа нь үл мэдэгдэнэ. Тэр үед харцага гэдэг өвгөн халтар нохой маань баргилсан хоолойгоор хэд хуцах аядсанаа сүүлээ мушилзуулан машин руу ойртох үед аав жолоочийн эсрэг талын хаалгаар буулаа. Угтаа бол хурган дотортой тод цэнхэр дээлнийх нь мөр машины хамар дээгүүр цухуйв уу үгүй юу таньж байгаа юм чинь.

Би ч хүлээж авсан ажлаа хурдан дуусгаад гэр рүү гүйхийн түүс. Харин ах, эгч хоёр хажууд байгаад байгаа болохоор шууд явж зүрхэлдэггүй байлаа.

Ингэж ингэж нэг юм улаан бухандай, нүдэн алаг, муруй халзан, оодон хүрэн гэх мэт бяруу, шүдлэнгүүд эхнээсээ “оройн хоолоо” идчихээд эргэх үед нь шилбүүрээ хаячихаад л гэр рүү чавхадчихлаа.  

Гэрт ороход адууны чанасан махны уур тооно өөд савсана. Аав хоймортоо суучихсан “Өө миний хүү ороод ирэв үү. Адуу мал нь давгүй юу” гээд хошуу цорвойно. Харцаараа намайг эрхлүүлэн үнэсэж байгаа нь тэр.

Маргааш өглөө нь намайг хониндоо явахыг даалгаж, манайхан хэвийн боовоо хийх ажилтай боллоо. Хэвийн боов хийх гойд ажилтай үед хонинд хариуцлагатай явах нь чухал гэдгийг хөдөө өссөн хүүхэд илүү ойлгох биз ээ. Тэгээд ч тухайн үед надад хэвийн боов хийхэд оролцоод байх ажил гардаггүй юм чинь.

Хонио өглөөгүүр цадтал нь хариулж байгаад нар буух үед гэр рүүгээ дөхүүлчихээр уяан дээр буухад гэрээс ээжийн хайрч байгаа амтлаг ул боовны үнэр салхинд туугдаж, хамар руу цоргино. Уяан дээр эмээлтэй олон морь байгааг ажихад нутгийн ах нар бэмбий нухахад туслахаар ирсэн нь тодорхой. Гэрийн гаднаас инээдэм, наргиан сонсогдсоор ...

Манайх өмнөх өдрүүдэд буузаа чимхчихсэн болохоор ул боовоо хийж, тавгын ууцаа чанах гол ажил үлдээд байлаа.

Гэрт ороход нутгийн ах нар хэвийн боовны бэмбий нухаж байсан бол эгч нар том хөнгөн цагаан түмпэнгээс гурил гаргаж таслаж өгнө. Харин аав өв дамжин урлаж байгаа уран Мядаг гуайгаар хийлгэсэн өлзий хээтэй урт шаргал хэвээрэй хавсарч дарна.  

Ер нь нутгийнхан аавыг цагаан сар дөхөх үед гэртээ залж, хэвийн боовоо даруулдаг нь бараг уламжлал мэт болчихсон байлаа. Аав ч тэрүүндээ дуртай. “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гээд өчүүхэн ч төвөгшөөхгүй бог бог гээд номхон хээрийгээ унаад шогшчихно. Зарим орой улаан зээрд болчихсон гэртээ ирэхдээ “Бааваа гуайн тавгын өнгө энэ жил гүй мөн сайхан болох нь ээ хө. Хөгшин нь ул боовыг нь янзтай сайхан дарж өглөө” гээд ээжид хэлэх далимдаа өврөөсөө чихэр, жимс гаргаж надад өгнө. Тийм дүр зургийг би олон жил харсан даа.

Битүүний өдөр бүр сайхан. Ээж авдраа уудлаад гялгар цаас шажигнуулна. Тэр чимээ миний чихэнд одоо ч гэсэн хоногшжээ. Ойрд харагдаагүй амттан гаргаж ирээд ширээн дээр тараахдаа надад “Их ажилтай үед миний хүү хонио сайн харж байгаа” гээд урмын үгтэйгээ хамт атгаж барина.  

Тэрхүү үг тухайн үед тэр амттанаас илүү “амттай” байсан байхаа.

Аав хоймортоо суугаад том хөнхөр саванд өрж хийсэн хэвийн боовноосоо шилж есөн үе идээ засваа. Аавыг энэ мэт зүйлд эв дүйтэй болохоор ээжийг гар хүргэх нь ховор. Тэгээд ч идээ шүүсний ажлыг гэрийн эзэн хийдэг нь ёс шүү дээ. Зүгээр ч өрөөд тавьчихгүй ихээхэн учир агуулга билэгддэг тул би энэ ажлыг ааваасаа тодорхой хэмжээгээр өвлөн авч хоцорсоон.

Шинийн нэгний өглөө нар мандаж буй үед аав, ах бид гурав өвөлжөөнийхөө хайрханы орой дээр гарч, идээ будааныхаа дээжийг өргөөд, хангай бурхандаа тухайн жилийн ажил хөдөлмөр, эрүүл мэндээ даатгана.

Ийнхүү гэртээ орж золгосны дараа ээж шинэ сарын анхны цайг ааваас эхэлж аягалж бариад бидний танил инээд, наргиантай үгээр үргэлжлүүлнэ.

Тэр үед айлын хүмүүс орж ирж золгоод сар шинэ аяндаа эхэлнэ. Өрх тусгаарласан эгч нар гэр бүлийнхэнтэйгээ мөн ирэх агшинд саахалт айлын залуус морьтой, машинтай, мотоциклтой цуварч гэр дүүргэх нь даанчиг сайхан. Хүн их газар сайн санаа цугладаг гэдэг ёстой үнэн байх аа.

Аавыг төрсөн дүү нар нь Бубаа гэж авгайлна. Олон дүүтэй айлын том нь болохоор зарим үед зөвхөн “Ах” гэж дуудах нь ч бий.

Тэд аав, ээжтэй шинийн нэгэнд заавал багтаж золгохоор хот хүрээнээс ямар ч нөхцөлд хүрч ирнэ. Аав, ээж ч бүр дасал болчихсон хүлээгээд л. Оройтчихвол орж гараад нэг л тогтворгүй.

Ээж заримдаа “Цас ихтэй байна. Яарамгүй яваад маргааш ирэх байлгүй дээ” гэхээр “Хачин юм даа. Өдийд ирчихмээр юм” гээд үгийг нь эрс зөрнө. Тэгж тэгж нэг юм ирвэл аавыгаа хүлээсэн над шиг нүүрэнд нь баярын мишээл тодроод сүйд.

Золголт дууссаны дараа хөөрөг зөрүүлэх үедээ “Хойд уулын хяр сэтэрдэг бол та нарыг ирэхийг харсаар байгаад би бараг сэтлэх шахлаа” хэмээхэд тэд хөхрөлдхэд “Ах дандаа ингэж адгадаг юм. Бид хэзээ шинийн нэгнээс хойш ирдэг байлаа даа. Нэг нэгнээ хүлээсээр байгаад жаахан орой гарчихсан юм” хэмээн залруулна.

Араас нь ээжийн дүү нар ч ирж, элэг бүтэн Монгол айл ийнхүү бүрэлдэнэ ээ.

Харин аавыг тэнгэр болсны дараа жилээс хойш манай гэрийн цагаан сар тун даруухан болсон. Орж гарах хүмүүс ч цөөрсөөр л.

Битүүнд тавгын идээ хэн засах бол, шинийн нэгний билэгдлийн үгийг хэн хэлэх бол гэсэн бодол бид бүхэнд өөрийн эрхгүй ирж байсан.   

Шинийн нэгний өглөө гэр бүлийн золголт өндөрлөсний дараа бүгд чив чимээгүй болоход аавыг гаднаас орж ирэхийг хүлээгээд ч байх шиг санагдаж билээ. Аавын суудал дээр сууж байсан би өөр газар суумаар ч юм шиг.

Гэвч хорвоогийн үнэнд ялагдсан бид ээжийнхээ сэтгэлийг хий дэмий зовоохгүйг хичээж, аавын оронд аав болж үлдсэн ахаараа идээ шүүсээ хөндүүлж, ээжээсээ ерөөлийн үг сонсов.

Гэхдээ тэр жилийн цагаан сар аавыгаа хүлээсэн сэтгэл байсаан.      

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэр жилийн цагаан сар аавыгаа хүлээсэн сэтгэл байсан   
Үзсэн: 6153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 12:24
Сайхан дурсамжаа хуваалцсанд баярлалаа...
Зочин [127.0.0.xxx] 2020-03-04 11:08
Ямар тодорхой сэтгэлд хүрсэн үнэн дүр төрхийг бичиж буулгаа вэ. баярлалаа монгол ахуй гэж сайхан шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 04:33
Uneheeriiin saihan bichjeeee
ЦО [127.0.0.xxx] 2020-02-26 10:48
Хөдөөний айлын цагаан сарыг яг нүдэнд харагдтал сайхан өгүүлжээ. Маний үед хотод цагаан сар бараг тэмдэглэдэггүй золгодог ганц нэг айлтай байлаа. Тийм болохоор гэр хороололоор явж нохой хуцаж утаа үнэрлэхээр цагаан сар санаанд ордог байлаа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-24 07:19
Dursamj saihan shuu. Hun aav eejteigee baisan saihan tsag uedee osihoor neg hesegtee l bayar hoortei, uulzaad butschihsan yum shig l boldog yum.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 19:55
Миний хувьд аав бол оргилд нь хүрэх аргагүй өндөр сүрлэг уулс лугаа адил хийморь сүлд, эр зориг, тэсвэр хатуужил, хүч тэнхээ, амьдралын ухаан гээд сайхан бүхнийг цогцлоосон нөмөр нөөлөг хүн билээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 12:25
Яг тийм байдаг даа хөдөөний цагаан сар үнэхээр гоё дурсамж аав ээж минь байхад ийм болдог доо
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 12:25
Яг тийм байдаг даа хөдөөний цагаан сар үнэхээр гоё дурсамж аав ээж минь байхад ийм болдог доо
Отгоо [127.0.0.xxx] 2020-02-23 10:36
Хамгиин бага дүүгээ алдсан цагаан сарын шиниин нэгнии өглөө золгох болоход муу дүү минь бодогдоод манаи гэриинхэн эвгүи баиж билээ.Ээж минь бид хэдиин сэтгэлииг таившруулж золголтоо хиигээд саихан цагаан сар болж билээ.Дүү маань хамгиин түрүүнд золголт эхэлдэг блаа.Дүүгээ их үгүилцггэсэн дээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 09:34
яг л миний амьдралын түүх.

Бидэнтэй нэгдээрэй