
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, XX зууны манлай хүлэгч, гавъяат малчин, тод манлай уяач, морин спортын ууган мастер, аймгийн арслан, шагайн харвааны хүндэт харваач Данзаннямын Даваахүүгийн бичсэн “Хүлэгчийн нууц” ном дахин хэвлэгдэж, уншигчдад хүрэхээр болжээ.
Уг номоо тэрбээр Монгол Улсад азарга уралдсаны 100 жилийн ойд зориулан бүтээж байсан юм.
Энэ дашрамд түүний талаар товч өгүүлье.
Уяачын эрдэм удам дагадаг гэдэг. Д.Даваахүүгийн өвөг Мөнх гэж Монгол Улсын уугуул Цэцэн хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууны нэртэй уяач байжээ. 1944 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын “Анхдугаар сайн малчдын зөвлөгөө”-ний төлөөлөгчөөр сонгогдож, 1950 онд ерөнхий сайд Маршал Чойбалсанаас “Хамгийн сайн малчин” цол хүртэж байсан гэдэг. Түүний аав Данзанням малчин хүний дээд эрдэм болох хурдны чиглэлийн адуу үржүүлэн бойжуулах, унаж сургах, уяж уралдуулах зэрэг эрдэм ухаанд нэвтэрч, улсын наадмаас дээд гурван насны таван тэргүүнийг авч байлаа. Арвыг айрагдуулж Монгол наадмын түүхэнд түүхт амжилт үзүүлснээр 1988 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны алдарт уяач цол хүртсэн. 2002 онд Монгол Улсын манлай уяач цолыг мөнгөн судартай хамт хүртсэн алдар цуутай уяач байв.
Д.Даваахүү 1956 онд таван настайгаасаа эхлэн аавынхаа уяаны морийг уралдаанд унадаг байлаа. Тиймдээ ч эрдэм ухааныг нь өвлөж, хорьдугаар зууны сүүл үеэр бусдын цагаан атааг хөдөлтөл тэргүүлсэн манлай уяач болов. Тэрээр уртын дууг сайхан дуулчихдаг, басхүү барилдвал ч барилддаг.
1970 онд анх аймгийн начин болоод түүнээс цааш явж чадаагүй болохоор зүгээр л уяач болох замыг сонгосон юм. Тэрбээр “Бага сургуулийн дөрөвдүгээр ангиа төгсөөд тавдугаар ангид нэг долоо хоноод л гарчихсан. Хожим нь Орос хэлний сургуульд орсон боловч хэлээ хугалчих гээд байхаар нь бас яваагүй” гэж байв.
Д.Даваахүүгийн нутаг, одоогийн төв аймгийн Баянцагаан сум гэж хурдан адуу олон төрдөг нэртэй сайхан сум.
Хурдан морь бас удам дагадаг гэдэг ч түүнийг олж танина гэдэг бас амаргүй. Тэрбээр азарга ба гүүнээс нь эхэлж шинждэг гэнэ. Хурдан морь гүүний удмыг илүү дагадаг болохоор 7-12 насны гүү байх хэрэгтэй. Том тунгалаг, хонин бор нүдтэй, хэл цагаан, хамрын нүх нь том байвал хурдан морины шинжтэй гэж, түүнээс гарсан унагыг эхийнх нь сүүнд сайн цатгахад анхаарч, дааганаас нь эхэлж сургах шаардлагатай хэмээн хэлж байв.
Хөдөлмөрийн баатар Д.Даваахүүгийн бичсэн “Хүлэгчийн нууц” ном дахин хэвлэгдэнэ | ||
Үзсэн: 4183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.