
“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 25 дахь буюу хаврын дугаар хэвлэгдэн гарчээ. Бид тус сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, Дэлхийн урлаг соёлын академийн байнгийн гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.
-Энэ жил нэрт зохиолч Л.Ванганы 100 жилийн ой тохиож байгаа. Танай сэтгүүл ч түүний тухай өгүүлэхгүйгээр өнгөрөгүй болов уу?
-Тийм ээ, энэ жил Т.Нацагдоржийн 110, Л.Ванган, шүүмжлэгч Г.Жамсранжавын 100, Ц.Хасбаатар гуайн мэндэлсний 90 жилийн ой тохионо. 80, 70 гэвэл бас өчнөөн зохиолч бий. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхбаяр “Ламжавын Ванган-Монголын урлагийн шинэчлэгч” өгүүлэлдээ Л.Ванганы уран бүтээлийн үндсэн имиж нь “Хөнгөн инээд, шүүмжлэлт санаа, соён гэгээрүүлэл гурвын цогц нэгдэл” гэж тодорхойлсон байна лээ.
-Уран зохиолын бүх л төрөл зүйлд хуудсаа зориулдаг даа. Тухайлбал тууж, өгүүллэг, шүүмж судлал, яруу найраг гээд л...
-Зохиолч Н.Бадамжавын “Эрчүүд бас бүсгүй...” тууж, Б.Номинчимэдийн “Шинэ жилийн гацуур” өгүүллэг, Г.Батсуурийн “Домог зүйн шинжлэл хийгээд шүлгийн мөрөөр бидрэхүй...” уран зохиолын шинжлэл гээд үнэхээр авьяасын гэгээ цацарсан шинэлэг бүтээл тавигдсан даа. Тэрчлэн ардын уран зохиолч Ш.Дулмаа, яруу нйарагч Д.Мандахсан, Ч.Мягмарсүрэн, Ц. Доржсэмбэ, Н.Өлзийбат, Б.Дагвадорж нарын шинэ шүлгийг уншиж болно.
-“Тэмдэглэлийн дэвтэр”, “Захидал”, “Аян замын тэмдэглэл” гээд уншигчид хүлээж байдаг булан бий...
-Оюун:-Жүжгийг хялбарчлах муу. Хүнийг бодуулах хэрэгтэй.
Хишигмаа юунаас болж ийм байдалд хүргэв гэдгийг бодуулбал зүгээр юмсан. Хунцалын дүрээс ч гэсэн хүн нэг юм ойлгох ёстой.
Намдаг:-Үзэгчдэд, дутуу хэлж бодуулах хэрэгтэй. Бид тэдэнд бүрэн тавьж ч өгөхгүй, дэндүү хааж ч болохгүй. Инээгээд байтал сүүлд нь гунигтай санагдах алийг тэр гэхэв. Энэ зохиолыг нэмж болно.
Гэхдээ л зовлон бий. Хамгийн гол нь юу нэмж, хасах вэ гэдэгт учир бий. Жамъяндагвын ярианаас бусад хүний хэлснийг анхаарч авч болно.
Лувсанвандан:- Энэ зохиолыг бид ярилцлаа. Энэ жүжигт тавьсан асуудал нарийн төвөгтэй. Манайд хавтгай болсон зүйл бол мэдэрлийн ядаргаа юм. Зарим хүн, үүгээрээ гайхуулах ч бий. Энэ зохиолыг тавихдаа эксцентрик комедия маягаар тавина гэдэг зөв байх. Магадгүй трагедия болж ч мэднэ. Намдаг гуайн үзэгчдэд юм бодогдуулна гэдэг зөв. Гэхдээ тэр бодол таавар мэт байж болохгүй.
“Тэмдэглэлийг дэвтэр” буланд жишээ нь Д.Намдаг абугайн “Эрдэмтний яриа” жүжгийн тухай ийм нэг уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл орсон, маш сонирхолтой шүү, дахин дахин унших хүсэл төрүүлнэ гээч, харин “Захидал” буланд яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгээс зохиолч Л.Нямаад 44 жилийн тэртэээ Москвагаас бичсэн захидал орж байгаа. Захидал ингэж эхэлдэг “... “Хад бүхэн нь дуу цацсан” “Хэнтийн өндөр уулс” та хоёр бие биенээ түшиж амар амгалан сууна уу. Цаашаа бол уярам дотно шүү. “Аян замын тэмдэглэл” буланд Г.Акимийн “Зүрхэнд хоногшсон Алашаа буюу зүүдний цагаан ботгоны буйлаан” гэсэн гоёхон чиг тэмдэглэл бий дээ.
-“Нобелийн шагналтан” буланд хэн оров. Мөн “Сүүтэй дөрөө” буланд ямар залуу авьяастан морилоо бол. “Гадаадын уран зохиол” булангаас хэн гээч алдартны зохиолыг унших вэ?
-Сэтгүүлд орсон бүхнээ нэг бүрчлэн хэлнэ гэвэл, цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ дээрх булангуудын тухайд заавал хариулья. Тухайлбал, “Сүүтэй дөрөө” буланд орсон залуу орчуулагчаараа бахархмаар байна. Францад сууж уран бүтээлээ туурвидаг, Монголын уран зохиолоо франц хэлээр дамжуулж дэлхийд гаргах зорилготой орчуулагч Рэнчингийн Мөнхзултай хийсэн ярицлага энэ буланд орсон. Зорилго тэмүүлэлтэй, авьяас чадвартай, англи, орос хэлтэй, дээр нь Франц хэлээр орчуулдаг ийм л залуусаараа бид бахархах ёстой, бахархана чиг. Монгол ахуйгаа, ёс заншлаа мэддэг, монгол хэлээ бүрэн төгс эзэмшсэн ийм л залуу орчуулагч бүсгүй. Тэрбээр богинохон хугацаанд франц хэлээр Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” номыг, тэрчлэн Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Ч.Лодойдамба нарын өгүүллэгүүдийг, 2017 онд “Хөгшин чоно ульсан нь буюу бусад монгол өгүүллэгийн түүвэр”-ийг гаргажээ. Энд Ц.Доржготов, До.Цэнджав тэргүүтэй олон зохиолчын бүтээл орсон байна. Өнгөрсөн жил гэхэд л Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийн түүвэр, Монголын шилдэг 22 зохиолчийн өгүүллэгийг “Хүрэл зүрх” нэрээр Франц хэлээр хөрвүүлэн гаргажээ. “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн тусгай сурвалжлагчийн ярилцлаганд энэ тухай тун дэлгэрэнгүй өгүүлсэн. Нобелийн шагналтан булангаас 2019 оны ноцелийн шагналт Питер Хандкегийн тухай болон Нобелийн шагнал гардаад хэлсэн үгийг уншаарай. Нэртэй орчуулагч Б.Гэрлээгийн бэлтгэсэн сонирхолтой бичвэр зохиолч нөхдийн минь таашаалд нийцэх нь гарцаагүй. Харин “Гадаадын уран зохиол” булангаас Шотландын яруу найрагч Роберт Бернсийн шүлгийг яруу найрагч А.Мягмаржавын орчуулгаар унших ажааму.
-Дугаарын онцлох зохиолч, дугаарын онцлох номын тухай асууж, ярилцлагаа өндөрлөе.
-За тэгье. Гэхдээ эхлээд “Монгол туургатны яруу найраг” буланд буриадын яруу найрагч Надежда Шодоевагийн шүлгүүд орсныг дуулгая. “Фото тэмдэглэл”, “Гэрэл зураг-он цаг”, “Сондор”, “Номингийн тэмдэглэл” зэрэг уламжлалт буланд сонирхолтой материалууд бий. Энэ дугаараас эхлээд бүтэн жил дамнуулан “Бат сүзэгт, Бандида хамба Жамъянгаравын намтар, уран бүтээлийн тухай цувралууд тавигдахаар болсон. Таны асуултанд хариулахад, Дугаарын онцлох зохиолчоор дөнгөж саяхан төрийн шагнал хүртсэн яруу найрагч С.Оюун, дугаарын онцлох номоор Баянхонгор аймгийн зохиолчдын яруу найргийн цоморлог “Их Богдын эгшиглэн” хоёр ботийг тодруулан нэрлэсэн болно.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нямаа: Уншигчдынхаа хүлээсэн дугаарыг аваад “нисч” явна | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.