![](/uploads/202012/news/thumb/8184547110a11ff5dea89af413f69ed9_x3.jpg)
Монгол Улсын төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн "Зүрхэн чинадаас" номонд багтсан “Цэнхэр шүхэр” өгүүллэгийг уншигч танаа хүргэе.
Цэнхэр шүхэр
Бороо шивэрнэ. Тэгснээ зүсэрнэ. Аядуухнаар намжина. Дахиад л шивэрнэ. Амралтын газрын эль хульхан модон замаар алхаж явтал замын хажуугийн модон сандал дээр нэгэн цэнхэр шүхэр харагдав. Түүнийг хэсэг зуур ширтэн зогсоод яагаад ч юм дэргэд нь суумаар санагдлаа. Тэр нойтон сандал дээр суулаа. Сэтгэлд нэгээхэн уй төрөх шиг. Өмнөх уулсыг ширтэн санаашрав. Уулс будан дундаа бодлогоширон сүүмийх ажээ. Бороо шиврэхэд ч бодлогоширон сүүмийсээр. Бороо зүсрэхэд ч бодлогоширон сүүмийсээр. Бороо татрахад ч бодлогоширон сүүмийсээр. Ай бороо...Хажуугийн модод шарласан мөчрөө аяс аясханаар ганхалзуулна. Тогтоон ажиглавал мөчрүүдийг дамжин бөмбөрөх борооны хүйтэн дуслууд хэзээ ч газар унахгүй юм шиг бас хэзээ ч сарниж одохгүй юм шиг гилтэлзэнэ. Цэцэгсийн сүнс хэдийн дэлбээ юундаа нуугдаад салхи хөлөглөн оджээ. Ирэх хавар хүртэл бясалгахаар одож буй нь тэр буюу. Норсон өвснүүд зүүрмэглэх аж. Өмсгөлөө сольсон өвсхөнүүдэд төөрсөн ганц алтан цох энүүхэн тэрүүхнээр хэсэгхэн бэдрээд тэнгэрийг өвс хэмээн эндүүрэв бололтой тэнгэрийн цээл рүү огцом нисч одлоо. Бороо шивэрнэ. Тэгснээ зүсэрнэ.
Өвс цэцэгс санааширч борооны өнгө шаргалтаад ирэхээр хүмүүний сэтгэл шинэ долгислоор хөглөгддөг байх. Энэхүү долгислыг хүлэглэн шаргалхан өнгөтэй танил, дотно дурсамжууд ар араасаа нисч ирдэгт эргэлзэмгүй. Буцаад нисчихгүй удтал дэргэд жиргэлдэж зүрх сэтгэлийн дотоод чавхдасыг улмаа хөнддөг байх гэж бодогдоно. Мөнөөх шаргалхан уулс, шаргалхан үүлс, шаргалхан бороо, шаргалхан өвс бүгдээр нийлж хүмүүний зүрх сэтгэлийн чинадын нууц аязыг тоглуулахын тулд ийн намрын бороог бүтээдэг юм биш байгаа ч гэж бодогдоно. Хүмүүн дурсамж, дурдатгал дотроосоо энэ ертөнц дээр туурвисан хамгийн нандин агшин хормуудаа, хамгаас тунгалаг цаг агшинуудаа олж авч түүнээсээ дахин шинээр сэрж амьдрах эрч хүч, дотоод цогийг хүртдэггүй гэж үү.
Үүлс гэрэлт цагаахан өнгөө салхинд алдчихаад дүнсийн санааширсаар хөхөмдөг буданд хувирч буй нь үзэгдэнэ. Зун цагийн цэлмэгэрхэн тэнгэрийн цог жавхлан нь болж байсан тэр гэрэлт цагаан үүлс орчлонгийн хувьсал хувирлыг хүмүүнд сануулах гэж хичээн байгаа ч юм шиг. Хүмүүний гэнэн барагдах биш. Байгаль дэлхий бидэнд цаг агшин бүрт гэгээн цагаахан саналга, сэрэмжийг талбисаар байдаг бус уу. Тэрхүү айлтгалыг олж сонсох сонорыг минь харин хэн халхалнам бэ. Орчлон бол мөнхийн хөдөлгөөн, мөнхийн хувиралт хэмнэл. Бороо ийн шивнэж шивэрсээр. Ай бороо... Хүмүүнд дотроосоо гэрэлтэх чөлөө учрал хайрлана гэх шивнээ нь сэтгэл хөндөх шиг. Бүр суух байх газаргүй болтол сэнсрүүлээд ч авах шиг. Догдлол тэмүүллийн завинаас буулгаж санаашрал бодлогоширлын эрэг хөвөөнөө урих мэт. Бүр бясалгал дияаны харгуй руу ч уруу татах мэт. Бороо шивэрсээр...Зүсэрсээр... Шуургалан исгэрсээр...Тэгснээ зөөлрөн салхилсаар...
Борооны дуслыг алган дээрээ тослоо. Анзааран ажиглавал болрын өнгө нь алдраагүй нь мэдэгдэнэ. Тэрхүү хэдэн дуслаас шар өнгө үл туяарна. Харин ч дөнгөж сая газрын хөрсөн дороос гаргаж ирсэн болрын талст мэт өнгөөр өмнөөс гялалзана. Өнгө гэрлийн хорвоо өнөө ч маргааш ч ийм л...гэх үгсийг зүрхнээс зүрхэнд шивнэх шиг. Дусал бүрээс нь хорвоогийн мөн чанар, хоосон чанар гэрэлтэн цацрах шиг. Зүрхэндээ ойртуулан гүн дотогш мэдрэмжээр чагнаархвал усан царцааны сүрэг гэлтэй царгих дуугаар өөдөөс дуу аялж өгөх нь тэр. Энэ усан болор царцааны сүрэгтэй нэгдэх юмсан... Хүмүүн тавилангийн гэрэл сүүдрийн догшин давалгаанаас тэсч үлддэг л юм бол усан царцаа болохсон... Тэгээд хэн нэгний алган дээр яг энэ усан дуслууд шиг дэвхрэн бууж болрын чанар гэрэлтүүлэн хоосон чанар, мөн чанарын тухай шинэхэн, гэнэхэн нэгэн дууг царгин царгин аялж өгөх юмсан... Ийн адгав. Бороо шивэрсээр... Энэ борооны дусал бүхэнд ирэх хаврын анхны борооны дотоод тиг, хэм хэмжээ бий. Тэнгэр дуугарахын төдийд л тийм мөн чанарт агшны дотор хувирч шилжих билээ. Харин одоо бол царцааны дуун тэднийг захиран хурааж орчлонгийн бас нэгэн гүн бясалгалыг хүмүүнд зааж сургахад бороог өөрийн хэрэглэгдэхүүн болгож буй нь энэ гэлтэй. Хүмүүн гэгч гэнэхэн, ганьхан амьтан хэдийнэ царцаа багшийн цорын ганц үнэнч шавь нь болсноо мэдэрдэг гэж үү. Энэ л агшинд намрын шаргал алган дээр энэхэн цэнхэр бөмбөрцгөө тавьчихаад эргэлтийг нь хуруугаараа удаашруулан удаашруулан цаг хугацааг хоргоох юмсан гэх аазгай төрнө. Бороо цайрсаар... Шанх үсийг минь норгон бүр хүзүү заамаар минь шурган шурган урсана. Үүр цайтал ийн суухсан. Гэвч би нэвт норжээ. Модон сандал дээр хэн нэгний орхиод явсан мөнөөх цэнхэр шүхэр хүйтэн бороонд ер ажрахгүй бодлогоширсоор...Түүнд сэтгэл татах нэгээхэн уярал байгааг би анх харахдаа л мэдсэн. Тийм ч учраас дэргэд нь суугаад хийсч яваа навчис шиг бодлуудыг урлаж суугаа билээ. Цэнхэрхэн шүхэр минь дээ, шүхэр минь. Чамд шөнөжин хань болоод суумаар л байна. Гэвч чамайг тайван орхих нь зөв юм шиг санагдсан учраас явлаа шүү би явлаа. Ганцаардал зарим үед утга учиртай мэт санагддагийг би ч бас сайн мэднэ ээ. Баяртай шүхэрхэн минь... Яг л чамайг орхиод одсон тэр хэн нэгэн шиг явж одлоо. Явлаа...
Ц.Бавуудорж: “Цэнхэр шүхэр” | ||
Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.