Шууд Chart

Халхголын анхны бүрээч Бирваагийн хүү Мөнхболд

2020-12-21 13:57:07

Монголчууд “Сайн хүний үр 

Сүүт гүүний унага” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Мөнхболд тийм л хүний үр юм. Тиймээс Төрийн шагналт хөгжмийн зохиолч Мөнхболдын тухай өгүүлэхээс өмнө уугуул нутаг ус, өвөг дээдэс, аав, ээж, ах дүүсийнх нь талаар ярихгүй өнгөрөх аргагүй. Мөнхболдын өвөг дээдсийн өлгий Баянхонгор аймаг. Шаргалжуутын рашаан. Ламын гэгээний хүрээ, зуун найман өвчнийг анагаах шидтэй, өвдсөн зовсонд “алтан амь” хайрласан ид шидийн рашаант нутаг билээ. 

Гайхамшигт Гончиг өвөө 

Дондог зайсан гэж хятад, манж хэлтэй, нутаг усандаа алдартай нэгэн байж. Ламын гэгээний хойт хэсгийг хариуцдаг хүн байж. Ардын хувьсгал мандах үед 3800-аад ламтай байсан Ламын гэгээний хүрээ гурван дацан, 41 дугантай нэг дацанд 1000 лам хурдаг байсан гэж түүх сударт тэмдэглэсэн нь бий. Дондог зайсангийн хүү Гончиг хэвлүүхэн дуулчихдаг хөөрхөн хүү байж. Тэр хүү нутаг нутгаас шилэгдэж ирсэн маани хөгжөөх 16 хүүхдийн тоонд багтаж, Майдар эргэх үеэр Ламын гэгээний хүрээнд иржээ. 15, 16 настай тэдгээр хөвгүүдийг уртын дууны дэг сургуульд оруулдаг байж. Гончигийн сургуульд орсон тэр үед Шашны найман тахилын тухай “Гайхамшигт” хэмээх уртын дуу зохиогдож, түүнийг Гончиг хүүгээр дуулуулсан ажээ. Сайхан хоолой нь хол ойрд шагшигдаж, гайхамшигт Гончиг хэмээх алдартай болсон гэдэг. “Гайхамшигт” дуугаа найр наадамд дуулах хорхойдоо хөтлөгдөн Хүрээнээс оргож, хөдөө ирсэнд удалгүй баригдаж, хоригдон банздуулж шийтгүүлсэн ч дахиад оргож, Өвөрлөгч рүү зугтжээ. Хэдэн жилийн дараа буцаж ирэхдээ морин хуур тоглож, үлгэр туульс хайлаад сурчихсан байж. Мөн л мөрдөж мөшгөн амар байлгаагүй учир Архангай руу дахин оргож, Дондог орос гэгчийн морин хөтөч болжээ. Тэр үед Шаргалжуутад уран Дулам хэмээх бүсгүйтэй ханилсан гэдэг. Ааш зан, ажил үйлс, царай зүсээрээ нутаг усандаа шагшигдсан Дулам бүсгүй, гайхамшигт Гончиг хоёрын газар дээрх ганц хүү нь Бирваа гуай. Гэхдээ Бирваа гуай тэдний өргөмөл хүү нь ажээ. Харин төрсөн эцэг, эх нь арав гаруй хүүхэдтэй айл байсан гэдэг.

“Нарны дуулал” сэтгэлдээ эгшиглүүлсэн аав Бирваа

Мөнхболдын аав Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Гончигийн Бирваа гуай гэж том биетэй, нүдээрээ инээсэн, энгийн сайхан яриатай, юунаас ч айхгүй санасан бодсоноо тасхийтэл хэлж орхидог хүн байж билээ. 

1980-аад оны үед Монголын Зохиолчдын Эвлэлийн дэргэдэх Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдорж багшийн удирдсан “Яруу найргийн танхимд” сурч байх үед Г.Бирваа гуай, яруу найрагч Ш.Дулмаа нарыг дагаж, яруу найрагч Бя.Энхтуяа бид хоёр Цэргийн баяраар цэргийн ангиудаар үдэшлэг, уулзалтанд явдаг байлаа. Г.Бирваа гуай “Халх голын анхны бүрээчин” байсан тухайгаа болон “Зандан шоо”, “Намрын шөнө” дуу, “Нийслэл хүү” киноны хөгжмөө хэрхэн бичсэн зэрэг уран бүтээлийнхээ тухай ярьж, Ш.Дулмаа гуай “Хүүгийн эцэгт бичсэн захидал”, “Газар шороо” зэрэг яруу найргаа, Энхтуяа бид хоёр хайр сэтгэл, цэрэг эх орны сэдэвт анхны шүлгүүдээсээ уншдаг байв.

Энэ үед тэр агуу хөгжмийн зохиолчтой “Бүүвэйн дуу” зохиох завшаан тохиолдсон юм. Арав гаруй жилийн дараа буюу 1990-ээд онд “Засгийн газрын мэдээ” сонины дагуул “Соёл урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Г.Бирваа гуайтай ярилцсанаа сониндоо нийтэлсэн билээ. Түүнээс хойш бараг хориод жил өнгөрчээ. 
Харин өөрийнхөө гараар бичиж үлдээсэн намтар, дурсамж, тэмдэглэлийг түүний шавь С.Юндэнбат кирил үсэгт буулган, эмхэлж, 2016 онд мэндэлснийх нь 100 жилийн ойгоор гурван боть ном болгосныг үр хүүхдүүд нь хэвлүүлж олны хүртээл болгосон билээ. Тэр номонд бичсэнээр, Г.Бирваа сонсогч түмний сэтгэл оюуныг эзэмдсэн нийтийн дуунууд, дан хөгжмийн бүтээл, уран сайхны олон арван кино, дуурь, хөгжимт жүжгийн хөгжим бичсэн хөгжмийн зохиолч төдийгүй монгол уламжлал, шинэчлэл, монголчуудын өв соёл, ёс заншлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, уншигч, сонсогч олны талархал хүлээсэн уран илтгэгч, нийтлэлч хүн юм.

Нүүдэлчин Монголчуудын уламжлалт зан заншил, ардын дуу, хөгжмийн язгуур дүр төрхийг нэвтэрхий мэдэх хөгжмийн ахмад зохиолч, соёл, нийгмийн зүтгэлтэн хүн юм” хэмээн бичсэн байна. Тэрээр амжилт, алдар нэр, ариун хайр, атаа хорсол, өш хонзон дайны үнэр, дарийн утаа, шоронгийн өргөст торийг ч тойрч өнгөрөөгүй хүн билээ. 
Бирваа гуай Баянхонгор аймгийн Баянговь сумын хүн. Хүүгээ бага байхад аав нь нар мандахыг харуулах гэж Ар Жаргалантын аманд байхдаа “Ногоон нуурын хяр” гэдэг далайн төвшнөөс дээш 3300 км өндөр уулын оройд авч гарчээ. Нар мандахын гайхамшгийг тэгэхэд анх удаа харж, насан туршдаа сэтгэлдээ зураглан явсан нь 60 гаруй жилийн дараа буюу 1989 онд “Нарны дуулал” хэмээх гайхамшигт бүтээл болон мөнхөрсөн юм. Л.Дагвадоржийн шүлгээр бүтээсэн энэ дуу дуучны хоолойн цараа, ур чадварыг сорьсон, айзам хэмнэл тэгширсэн томоохон дууны нэг бөгөөд 1989 оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын тэргүүн шагнал хүртсэн билээ.

“Зохиогч уг дууг бүтээхдээ дуучин хүнд өөрийн хоолойн цар багтаамжийг илэрхийлэх, авиа эгшгийн тунгалаг, өнгөлөг талыг харуулах боломж олгож, наран мандах байгалийн сүрлэг үзэгдлийг дуучны хоолой, яруу тунгалаг найрал хөгжмийн эгшиглэлээр дүрслэн илэрхийлэх зорилго тавьж, уг зорилгодоо хүрчээ. Энэ дууг эхлэн дуулсан МУГЖ Жанчив зохиогчийн энэхүү санааг тод томруун гаргаж чадсан юм” хэмээн урамтай байсан юм. 
Бирваа гуай 1936 оны тавдугаар сарын 12-нд ардын цэрэгт татагдаж, Тамсагбулагт очжээ. Ээжийнхээ захиснаар “Төрийнхөө сүлдэнд залбирч, засгийнхаа зарлигийг дагаж” явсаар цэргийн албыг долоон жил хаасан хүн. Хичнээн дургүй байсан ч Жураа Дорж гэдэг даргын “Ирээдүйд нэр цуутай хөгжимчин болохыг хэн байг гэхэв” хэмээн загнаж, аргадсан ятгалгыг даган цэргийн хөгжимд оржээ. Жилийн дараа 25 төгрөгийн цалинтай нэгдүгээр зэргийн бүрээч болсон гэж дурсамжиндаа бичсэн байдаг. 

Халх голын дайныг зүгээр л нэг хилийн будлиан байсан мэтээр бичдэг ч Орос, Японы 1000 онгоц агаарт тулалдаж, мянга мянган цэрэг дайчид алалдан байлдсан дайн билээ. Монголын цэрэг дайчдыг, ард түмэн эх орноо хамгаалах эрэлхэг тэмцэлд дуудах анхны бүрээг татсан хүн бол Г.Бирваа. “Мянгаад цэрэг дайсны бүслэлтийг сэт цохин гарахад японы 600, Монголын талын 400 цэрэг амь үрэгдсэн..., амиа алдсан цэргүүдийн нэрсийг бичих “Хобби”-той Гомбо хэмээх цэргийн тэмдэглэлд 1000 цэргийн нэр ярайж байсан” хэмээн Бирваа гуай дурсамжиндаа өгүүлсэн байдаг. 

1950 онд үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга болж, улс хувьсгалын 30 жилийн ойгоор гадаадын төлөөлөгчдийн өмнө есөн улсын сүлд дууллыг тоглуулж, 1951 оны наймдугаар сарын 10-нд, арван таван жил алдаа дутагдалгүй явсан хэмээн “Алтангадас” одонгоор энгэрий нь мялааж, ес хоногийн дараа буюу наймдугаар сарын 19-нд улсаас өгсөн онцгой даалгаврыг гарамгай биелүүлсэн гэж хоёр дахь удаагаа “Алтан гадас” хүртээсэн гэх мэт хүний амьдралд насан туршдаа ч ховорхон тохиох үйл явдлаар баялаг амьдарч ирсэн хүн юм.

Москва хотноо П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх цэргийн хөгжмийн удирдаачийн салбарт суралцаж, Хүүхэлдэйн театрт хөгжмийн багшаар ажиллаж, нэг жилийн дараа Монгол улсын яруу тунгалаг найрал хөгжим байгуулагдахад удирдаач Ц.Намсрайжавын туслахаар томилогдсон аж. 1966 оны нэгдүгээр сарын таванд Дээд шүүхийн бүгд хурлын тогтоол гарч, түүний хэргийг цагаатган, бүх шагнал, урамшлыг нь буцаан олгосноор барахгүй, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан буй. 

Эдүгээ хүртэл Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин эгшиглэсээр буй “Намрын шөнө”, “Гоёхон чимэг ч юмуу даа”, “Зандан шоо” зэрэг 250 гаруй дуу, үе үеийн үзэгчдийн сонирхлыг татсаар буй “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү” зэрэг 20 гаруй киноны, 30-аад жүжгийн чимэг хөгжим, 10 гаруй дан хөгжмийн бүтээл, удирдаачийн бүтээл арваадыг бичсэнээс гадна хөгжим судлалын олон өгүүллүүд нь төвийн сонин хэвлэлүүдэд гарч байлаа. Тэрбээр Монголын хөгжмийн урлагт шашны хөгжим гэсэн шинэ төрөл оруулж ирсэн гавьяатай хүн юм.

Ээж, хийлч Базаргүрийн Буянтогтох 

Улсын филормонийн яруу тунгалаг найрал хөгжмийн /СИМФОНИ/ анхны хөгжимчдийн нэг, тэтгэвэртээ гартлаа ажилласан шилдэг хийлч. 

Хүүгээ Сартрын бүтээлд хөгжим бичсэнийг нь ихэд олзуурхан “Миний хүү хөгжмийн зохиолч болж” хэмээн хачин их баяртайгаар угтан үнссэн гэдэг. Зургаан сайхан хүүхдийн ээж, үр хүүхдээ зөв хүн болгохоос гадна урлагт хайртай, урлагийг хүндэлж, урлагтаа үнэнч явах хүмүүжлийг сэтгэлд нь шингээж өгсөн ховорхон эх юм.

1960-аад оноос хит болж ирсэн

“Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд

Гялалзсан шүүдэр сувдан өнгөтэй

Мэлмэрэн хүлээх миний зүрхийг

Гялайлган цайлгах хайрт чамайгаа би

Дуулан сууснаа

Дурсан саатахаа 

Зовлон биш 

Зол минь гэлтэй” хэмээх МУУГЗ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа аяы нь бичиж, МУУГЗ Ж.Бадраа үгий нь зохиосон энэ дууг сонсоогүй хүн байхгүй биз.

Мөнхболдын дурссанаар “Шар дэлгүүр”-ийн үүдэнд аав нь ээжийг нь бүтэн өдөр хүлээхдээ сэтгэлдээ эгшиглүүлсэн “Намрын шөнө” хэмээх аялгуу гэдэг юм. Хэдийгээр сэтгэлд нь хөнгөн гуниг эргэлдэж байсан ч ямар ч уй гуниггүй гэгээлэг сайхан аялгуу ингэж орж ирсэн гэдэг. Аялгуунд нь тохируулан нэрт судлаач, яруу найрагч Ж.Бадраа өөрийн гэргий Бадарчдаа зориулсан шүлгээ бичжээ. Ингэж энэ дуу, нэгэн цагт хамтран бүтээл туурвиж явсан цагийг эзэлсэн гайхамшигтай хоёр уран бүтээлчийн гэргий нартаа зориулж бичсэн хайр сэтгэлийн уянгын вальс болж, эдүгээг хүртэлх цагийн шалгуурыг даван эгшиглэсээр буй билээ. Бирваа гуайн насны хань, хөгжимчин Буянтогтохдоо зориулсан энэ дуу аялгуу зохиомжийн хувьд арга билгийн шүтэлцээтэй, хөгжмийн хэлээр “ярилцсан” хүүрнэл хэмээн урлаг судлаач тодорхойлсон байдаг. Төрийн шагналт хөгжмийн зохиолч, удирдаач Ц.Намсрайжав агсан “Дууны аялгуу эхлээд “хүүрнэж”, дараа нь “асууж”, эцэст нь “хариулсан” хайр сэтгэлт хүмүүсийн халуун дотно яриа мэт бөгөөд үүгээрээ сонсогчдын сэтгэлийн утсыг хөглөх увдис чадлыг олсон бүтээл болжээ” хэмээн үнэлсэн юм. Энэ дууг бүтээсэн түүх болон уран бүтээлчдийн тухай “Улаанбаатар” телевиз 1997 онд “Намрын шөнө” хэмээх баримтат уран сайхны нэвтрүүлэг бүтээж, үзэгч олны хүртээл болгосон билээ. 

Мөнхболдын төрж, өссөн гэр бүл бол дуу хөгжим эгшиглэж, уран бүтээл ундарсан урлагийн орчин ахуй юм. Түүний эгч Мөнхцэцэг ЦДБЭЧ-т олон жил хуучирчнаар, ах Мөнхбаяр нь “Баян Монгол” чуулгад нарийн бүрээчнээр, эгч Мөнхшүр нь СУИС, Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурч болон концертмейстерээр олон жил ажилласан бөгөөд том ах нь Монгол улсын ардын жүжигчин, УГЗ, найруулагч Бирваагийн Мөнхдорж билээ. Харин бага эгч Мөнхжаргал нь Австралид сургууль төгссөн, аялал жуулчлал, англи хэлний мэргэжилтэй, монголын соёл урлагийг дэмжих гадаадын олон төслийг Монголд хэрэгжүүлсэн билээ. Мөнхболдын гэргий Б.Энэбиш Хөгжмийн багшийн сургуулийг 1988 онд улаан дипломтой, мөн Удирдлагын академийг 2010 онд төгссөн, хөгжмийн багш, удирдан зохион байгуулагч хүн юм.

Монголын театрын урлагт шинэчлэлт хийсэн ах Бирваагийн Мөнхдорж

Монгол Улсын ардын жүжигчин, БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн. Тэрээр 1974 онд Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд А.А.Гончаровын удирдлаганд суралцаж төгсчээ. 1996 оноос Улсын драмын эрдмийн театрт найруулагч, зөвлөх найруулагч, ерөнхий найруулагчаар олон жил ажиллаж, КУДС, СУИС-ийн Театр урлагийн сургуульд хориод жил багшилж олон арван шавь нар төрүүлж, Монголын тайз дэлгэцийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан урлагийн их мастер хүн билээ. 
2003 онд “Эрлэгийн данс”, 2004 онд алдарт “Саран хөхөө”-гөөрөө 2007 онд Дундговь аймгийн хөгжимт драмын театрт “Гэгээрэхүй нигүүлсэхүйн учир” дуулалт жүжиг, 2011 онд “Хунгийн дуу” жүжгээрээ нийт дөрвөн удаа “Гэгээн муза”-гийн шилдэг найруулагчийн шагнал хүртжээ. Түүний найруулсан түүхэн болон орчин үеийн гадаад, дотоодын зохиолчдын бичсэн олон арван жүжиг хот, хөдөөгийн олон театр чуулгуудад тавигдсан юм.

Б.Мөнхдорж сонгодог жүжгийг орчин үеийн нийгмийн сэтгэлгээнд тохируулан найруулснаар, эрт үеийн гүн ухаантнуудыг өнөөдрийн амьдралд оруулан ирж, тухайн цаг үеийн үзэл санаа, хүний мөн чанар өнөө үед ч бас байгааг, өөрчлөлт шинэчлэлт хүн төрөлхтний ямарч нийгмийн үед шаардлагатай байдгийг, шинэчлэгчдэд ямагт саад бэрхшээл тулгардгийг харуулж чадсан найруулагч юм. Үүгээрээ Монголын орчин үеийн театрын урлагт шинэчлэлт хийсэн хэмээн уран бүтээлчид, судлаачид үздэг билээ. Тэрээр “Сократын сүүлчийн шөнө”, Ж.Сартрын “Оршуулагдаагүй үрэгдэгсэд” жүжгийг мөн энэ үзэл санаагаараа Армийн театрын тайзан дээр дүүтэйгээ хамтран бүтээсэн аж.

Б.Мөнхдорж:-Уран бүтээл хийхэд хөгжим дээр гацахаараа аавыгаа их үгүйлдэг. Аав яаж хийх байсан бол гэж их бодно. “Харц хатан”, “Шар тэнгисийн тарчлаан” жүжгүүдийг найруулан тавьж байхад их үгүйлэгдэж байсан санагдана. Тэр үед миний дүү Мөнхболд надад аавын эзгүй том орон зайг нөхөж өгсөн. Дүүгээ би аавын бүх зүйлийг өөртөө шингээсэн гэж хэлнэ. Б.Галааридын “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийг найруулахын өмнө “ам цангасан жүжиг хийнэ” гэж миний дүү онгирсон байгаа юм. Дүүтэйгээ хамжиж байгаад ард нь гарсан хэмээн нэгэнтээ ярьжээ. 

Ийнхүү ах дүү хоёр аавынхаа шийрийг хатааж, бие биендээ түшиг болон Монголын драмын болон хөгжмийн урлагт өөрсдийн ноён оргилыг сүндэрлүүлж яваа юм.
Энэ бүхий л хүчин зүйлүүд Мөнхболдыг төрдөө өндөр үнэлүүлэх хөгжмийн зохиолч болох нөхцлийг бүрдүүлсэн нь дамжиггүй.

Б.Мөнхболдын зөөлөн уянга буюу дотоод сэтгэлийн бадрангуй эрчим хүч

Б.Мөнхболд “төгөлдөр хуурын анхны багш минь Мөнхбаяр ах, харин хөгжмийн зохиолч болгосон анхны багш бол миний аав” хэмээн дурсаж билээ. Учир нь ах Мөнхбаярыгаа Хөгжим бүжгийн сургуулийн сурагч үед хичээлээ давтахад нь дууриаж тоглосоор 5-6 насандаа төгөлдөр хуур сурчээ. Аав нь бөөн баяр, Хөгжим бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид оруулсан гэдэг. Бирваа гуай Хүүхэлдэйн театрт хөгжмийн багш байхдаа Мөнхболдыг 16 настай, наймдугаар ангийн сурагч байхад нь А.Чойсонгийн “Мөндөн Цөндөн” хүүхэлдэйн жүжгийн “Тул хоёр жижиг загасыг идэх гээд хөөж байгаа зөрчил”-ийн хөгжмийг бичүүлжээ. Түүний хөгжмийн зохиолчийн анхны гараа энэ аж. Хөгжмөө бичиж байх үедээ урьд нь амтархан уншсан “Шадар гурван цэрэг” зохиолын үйл явдал, Аквариум дахь загас том нь багыгаа идэж байхыг харсан зэрэг нь зөрчил тэмцлийг зураглахад нь гол санааг өгчээ.

Уран зохиол, уран зураг, хөгжим гурав салшгүй холбоотой. Тийм ч учраас уран зураг үзэж, уран зохиол уншиж, сэтгэлдээ хөгжмөөр зураглана. Ардын зураач Д.Амгалангийн “Азарганы ноцолдоон” бол Мөнхболдын бишрэн харсан анхны уран зураг гэдэг. Түүнээс хойш Байгалийн сэдэвтэй уран зургийг илүү сонирхох болжээ. Багаасаа амтархан уншиж асан Ярослав Хашекийн “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал”, Эрнест Хэмингуэйн “Зэр зэвсэг минь баяртай”, Теодор Драйзерын “Кэрри эгч”, Жек Лондонгийн “Цагаан соёот”, Ж,Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн хатан”, Ч.Лодойдамбын “Солонго”, “Ёс ёмбогор төр төмбөгөр”, Б.Ринченгийн “Заан Залуудай” гээд олон арван уран зохиолын номыг сэтгэл хөдлөн уншиж, үйл явдал, баатруудад нь уусан уярч, хайрлаж, эмзэглэж, Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол”, “Говь”, Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” зэрэг олон шүлэг найраглалын амтанд орж сэтгэлдээ зураглан төсөөлж явсан нь хожим хөгжмийн уран дүрслэл бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь түүний яриа, бичсэн хөгжмүүдээс нь илт ажиглагдана. 
“Аав тэтгэвэртээ гарсны дараа 18 аймгийн театрын захиалгаар хөгжим бичдэг байлаа. Тэр үед би одоогийнхоор бол аавын хөгжмийн зохиолын фонограмм буюу арын бүтцийг нь хийдэг байсан. Дүрслэлийн хөгжим бичих арга барилд эндээс суралцсан юм. Аав, Мөнхдорж ах хоёр л намайг түшиж, дэмжиж өдий зэрэгт хүргэсэн. Сургууль төгсөөд ирэнгүүт л Армийн театр буюу Орчин үеийн театрт тавьсан С.Цанеевийн “Сократын сүүлчийн шөнө” жүжгийн хөгжмийг Мөнхдорж ах надаар бичүүлсэн. Юу ч мэдэхгүй “ногооноороо нялх” амьтныг шууд дэмжсэн хэрэг. Сургуульд сурах гэдэг нэг хэрэг, сурснаа амьдрал дээр хэрэгжүүлэх гэдэг шал өөр” хэмээн ярьсан билээ.
Барууны модернист, постмодернист бүтээлүүдтэй танилцаж, түүнд зориулсан хөгжим зохиож эхэлсэн нь бичих арга зүйд нь өөрчлөлт оруулж, ертөнцийг үзэх үзэл, аливаа ард түмний сүсэг бишрэл, оюун ухааныг хүндэтгэх сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлсэн аж.
Тухайлбал: Эрх чөлөөтэй амьдрахын тулд ямар нэгэн улс төр нийгмийн хараат болж, “өрөнд” орохоос болгоомжлон Нобелийн шагналаас татгалзсан Жан Поль Сартрын “Оршуулагдаагүй үрэгдэгсэд” жүжгийн хөгжим бичсэн юм. ХХ зууны философийг тодорхойлогчдын, Экзистенциализмыг хүмүүнлэг үзэл гэдэгтээ хатуу зогссон, гүн ухаантан Сартрын зохиолыг нь уншиж ойлгоход мэдлэг, билгийн мэлмий, мэдрэмж шаарддаг. Энэ жүжигт үзэгчдийн нүдэн дээр буугаа бариад манлайлан дуудагч жинхэнэ баатар болж харагдах “гол дүр” нь зүгээр л хэлбэр, харин жүжгийн найруулгаас жинхэнэ баатрууд ар талд байгаа, гол дүр гэж байхгүйг олж харжээ. Найруулагч ах нь зохиолыг дахин дахин үзүүлэхэд, улам задарч, шинэ санаанууд гарч ирсэн аж. Эцэст нь өнөө “гол баатар” амьд үлдэж, бусад нь үрэгдэж буй нь энэ зохиолын гол тайлал гэдгийг үзэгчдийн сэтгэл, далд ухамсарт нь мэдрүүлэхэд хөгжим гол үүрэг гүйцэтгэсэн юм. 
2500-аад жилийн тэртээ буюу МЭӨ 470-399 онд амьдарч байсан гүн ухаантан, үнэн эрт орой хэзээ нэгэн цагт ялна гэдэгт итгэж, Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор ууж тэнгэрт хальсан Сократын тухай “Сократын сүүлчийн шөнө” гүн ухааны жүжигт хөгжим бичнэ гэдэг амаргүй даваа. Хайртай бүсгүйг нь нүүрэн дээр нь хүчиндэж байгаа шавь, үүнээс үүдсэн багш шавийн хоорондын үгээр илэрхийлэх аргагүй гүнзгий зөрчил, эцэст нь шавьтайгаа эвлэрч байгаа, байж боломгүй сэтгэлгээний хямралыг гаргахад мэдээж хүнд байсан. Гүнзгий сэтгэлгээтэй атлаа үйл хөдлөл, үг яриа багатай жүжгийн утга санааг ойлгуулахад хөгжим гол үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс XY-XYII зууны үеийн өрнийн аж байдал, зан үйлийг аргон хөгжмөөр дамжуулан гаргажээ. Энэ нь Христийн шүтлэгтэй ард түмний сүсэг бишрэлд тохирсон учраас тэр үеийн хүмүүсийн сэтгэлзүйг харуулахад дөхөм болсон аж. Ингэснээр орчин цагийн сонгодог хөгжмөөс гадна XYI зууны үеийг санагдуулсан хөгжим бичихийг хичээсэн байна.

Мөнхболд Армянд хөгжмийн зохиолчийн сургуульд дэлхийн сонгодогууд, авангардизм, модернизм, импрессионизм зэрэг хөгжмийн урсгал чиглэлүүдтэй танилцаж явахдаа тухайн үеийн ЗХУ-ын хөгжмийн зохиолчдын дунд зарлагдсан авангард урсгалын том уралдаанд, нүүдэлчнээс тэс өөр сэтгэлгээний бүтээлээр оролцож гуравдугаар байр эзэлжээ. 
Тэр үед хориодхон настай залуу Бүх оросын хөгжмийн зохиолчдын том уралдаанд байр эзэлчихээд, алга ташилтын нижигнээн дунд хөл газар хүрэхгүй хөөрч л явжээ. Гэтэл авангард гэгч нь уртынхаа дуунд өлгийдүүлж өссөн нүүдэлчний соёлтой хөгжмийн зохиолчид “хөгжим мөртлөө хөгжим биш” санагдаж, тийм юм зохиосноос болж сэтгэлд нь байнга уянгалдаг үндсэн ая эгшиг нь үгүй болчихсон шиг, хөгжим бичиж чадахаа больж байгаа мэт сэтгэгдэл төгрөн үнхэлцгээ хагартал айсан гэдэг. Мөнхболд: “Хөг эгшиг минь их л аргадуулж, бас их удаж орж ирсэн. Түүнээс хойш дахин тэр урсгалыг сонирхохоо больсон, бүр сонсохыг ч хүсдэггүй” гэж хуучилсан юм. 

Армян бол ЗХУ-ын харьяан дахь Дундад Азийн улс. Эзэнт Монгол улсын үед манай өвөг дээдсийн эрхшээлд хэдэн зуун жилийг үдсэн учир Монголын соёл, зан заншлын нөлөө тусгагдаагүй гэхийн аргагүй юм. Мөнхболд Дундад Азид дэлхийн сонгодог хөгжим, өрнийн хөгжмийг судалсан. Армян ардын ахуй, армян ардын дуу хөгжим, хөгжмийн зэмсэг бүжгийн онцлогийг тусгасан Армяний симфони бүтээл аль эрт туурвигдсаныг газар дээр нь харж мэдэрсэн учраас өрнийн хөгжмийн зэмсгийг монгол ардын хөгжмийн зэмсэгтэй зөв зохицуулан хослуулсан бүтээл туурвихад нь суурь болж өгчээ. Түүний нэг жишээ нь “Дуртмал сайхан” айзам уртын дууг төгөлдөр хуурын хоёрдугаар концерт болгон бүтээхдээ симфони найрал хөгжмийг морин хуур, хөөмийтэй хослуулан эгшиглүүлсэн явдал юм. Мөн үүний бас нэг жишээ нь казак ардын аялгууг төгөлдөр хуурт зориулсан “Уран сэтгэмж” бүтээхдээ сонгодог хөгжмийн цөөхүүлтэй домбор, төмөр хуурыг хоршуулан эгшиглүүлж “Алтан намар-2018” хөгжмийн наадамд оролцсон явдал билээ. 
Мөнхболд “Миний багш Армяний хөгжмийн зохиолч Александр Арутюнян бол ЗХУ-ын хоёр удаагийн төрийн шагналт, ардын жүжигчин. Армяний ардын уламжлалт хөгжмийг дэлхийн төвшинд симфони найрал хөгжим болон бусад уран бүтээлээр гаргаж чадсан хүн. Расул Гамзатов төрөлх уулын гацаагаа “Миний Дагестан” гэдэг зохиолоороо дэлхийд хэрхэн таниулсантай адил юм. Манай багш ЗХУ-аар тогтохгүй Англи, Франц, Герман зэрэг барууны олон орноос хөгжим бичүүлэх захиалга авдаг дэлхийн хэмжээний хөгжмийн зохиолч байлаа. Тэр багшаас симфони хөгжим зохиож, бичих арга барилыг сурсан. “Намайг амралтаараа гэрээдээ буцахад 100 рубль өгөөд “аав, ээждээ бэлэг авч очоорой” гэдэг байлаа. Намайг гэртээ байнга урина. Бүтэн сайн өдөр бүр очиж хоол идэж бай гэдэг сэн. Би яаж дандаа очих билээ дээ, нэрэлхэнэ. Дэлхийн аль ч улс оронд А.Арутюня-гийн үлээвэр найрал хөгжимд зориулж бичсэн бүтээлийг оролцуулахгүй хөгжмийн урлагийн ямарч уралдаан тэмцээн, элсэлтийн шалгалт байдаггүй” гэж ярьсан юм. 
Б.Мөнхболдын хөгжмөөр дүр бүтээх гол арга нь үзэгдэх байдал, дотоод ертөнц хоёрын зөрчлийг үзүүлнэ. Хэнийг ямар хөгжмөөр илэрхийлэх вэ гэдгийг бодож олно. Жишээ нь бүсгүй хүний гоо сайхныг маш уянгалаг гоё хөгжмөөр илэрхийлэхтэй зэрэгцэн дотоод сэтгэлийн гуниг уйтгар ч юм уу, түүний мөн чанарыг түүнтэй зөрчилдөх хөгжмөөр хоршуулж өгдөг аж. “Хөгжим бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг дүрсэлж чаддаг болтлоо тийнхүү өр зүрхэнд гүн нэвтэрсэн цорын ганц урлаг мөн” гэж Стендалийн хэлснийг нотлох тийм аялгуу бол Мөнхболдын “АНУ ХАТАН” СИМФОНИ ЧУУЛБАР. Хөгжмийн зохиолч өөрөө “Монголын тусгаар тогтнолын 80 хувь нь алдагдлаа гэж л харуусан бодож бичсэн” гэдэг. Харин хүмүүс хайр сэтгэл хагацал гунигийн харуусал уянгын хөгжим гэж ойлгодог. Шархалсан зүрхний дотогшоо урсгасан нулимс-эр зоригийн дууль аялгуу эгшиг болон гадагшлахдаа сэтгэл сульдаатал уянгалахын амьд жишээ бол Мөнхболдын “Ану хатан”. Сэрэл мэдрэмжийн торгон үзүүрт санаа алдах мэт чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их хайлан, намуун тансаг дуулал юм. 

Монгол яруу тунгалаг найрал хөгжмийг өрнө дахины хөгжим гэж ярих нь бий. Хүн төрөлхтөнд ямарч орчуулгагүйгээр ойлгогдог хоёрхон урлагийн нэг нь хөгжим. Гэхдээ түүнийг хүлээж авах чадвар нь тухайн хүний туулсан амьдрал, туршлага мэдрэмж, мэдлэгтэй холбоотой нь мэдээж. Хэн ч хөгжмийг сонсож чадах хэдий ч тэр өөрийнхөө эрдэнэсийг тэр бүрт нээдэггүй. Түүнийг бүрэн ойлгоё гэвэл зөвхөн чихээрээ сонсох бус зүрх сэтгэлээрээ мэдрэхийн тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хөгжмийн сайхан бодит чанар чин сэтгэлээсээ ойлгохыг эрмэлзсэн хэн бүхний өмнө нээгддэг хэмээдэг. 
Мөнхболдын аялгуунууд зарим нь шууд сэтгэлд уянгалах ч, заримыг нь олон удаа сонсож байж мэдэрнэ. 

Жишээ нь шууд мэдрэгдэх “драмтай” хөгжим бол “ГАЛДАН БОШОГТ” СИМФОНИ. Монголын өндөр сарьдаг уулсын сүр жавхааг шингээсэн ойрадын ард түмний зориг цөсийг гаргахад цуур хөгжим онцгой үүрэг гүйцэтгэж байна. Ингэж цуур хөгжмийг анх удаа Дуурь бүжгийн эрдмийн театрын яруу тунгалаг найрал хөгжимтэй хослуулан симфони оркестрт оруулж ирсэн бөгөөд энэ нь Монголын хөгжмийн түүхэнд анхных юм.
Харин нөгөөдөх нь оны өмнөхөн нээсэн шинэ уран бүтээл “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” хэмээх моно дуурийн хөгжим. Ганц хүний монолог боловч эхийн сэтгэлд төсөөлөгдөж байсан дайны гай гамшиг, “хүүгээ алдчихлаа” хэмээн төсөөлж байсан өнчрөл хагацал романс, ариоза, ария, үггүй дуу, хор дуу, бүжиг зэрэг сонгодог дуурийн бүхий л элементийг шингээсэн өргөн цар хүрээтэй, бүхэл бүтэн дуурийн үйл явдлыг эх хүний дотоод сэтгэлийн илэрхийлэлд зураглан багтаасан бүтээл юм. Эцэст нь дайн дажин дуусч, амар мэнд байгаа хүүгийнхээ захидлыг авсан эхийн сэтгэлийг амраасан оргил хөгжмөөр дуурь дуусч, дуурийн үйл явдал тайлагддаг. 

Б.Мөнхболдын Монголын яруу тунгалаг найрал хөгжим /симфони/-д зориулагдан бичигдсэн бас нэг бүтээл бол түүний Төрийн шагнал хүртсэн Морин хуурыг төгөлдөр хууртай хамт хослуулсан бүтээсэн морин хуурын концерт юм. Суурин ахуйд бичигдсэн монгол хөгжим, нүүдэлчин ахуйд бичигдсэн монгол хөгжим хоёрыг зөв хослуулж байж монгол онцлогтой сонгодог хөгжмийг зохиож буйгаараа онцлог билээ.

Тэрбээр хөгжмийн зэмсэг төдийгүй байгалийн янз бүрийн бүтээл, хөгжмийн зэмсэг биш зүйлийг ч бүтээлдээ ашигладаг. Түүний нэг нь “Монголын их хатад” хэмээх бүжгэн жүжгийн эхний хэсэг дэх аялгууг савтай усыг цалгиулах, бүлэх, алгадах, цацах зэрэг олон үйлдлээр чимэглэн, усаар илэрхийлсэн явдал нь сонин содон үзэгдэл болсон байна. Энэ бүжгэн жүжгийн талаар судлаачийн дүгнэснийг товч толилуулья. 

“Монголын их хатад” бүжгэн жүжиг

“Урлаг хэрвээ нэг хэв загварт орвол мөхнө, харин өөр өөрийн өвөрмөц шинж байдлаар хөгжиж чадвал сая цэцэглэнэ” хэмээн Шпинглерингийн хэлсэнчлэн даяаршлын энэ эрин үед бүх нийтээр нэг л хэлээр ярьж, нэг л янзын зохиол бичиж, нэг нь нөгөөгөөсөө ялгагдахаа болих үед хүн төрөлхтний орчин үеийн соёл иргэншил дотроос Монгол үндэснийхээ язгуурын мөн чанар, эрх ашиг, оюун санааны тусгаар тогтнолоо уламжлан авч үлдэх зүйл нь гагцхүү урлагийн бүтээл юм хэлжээ.

Шинжлэх ухааны доктор, хөгжим судлаач Л.Эрдэнэчимэг “Онгод дуудсан хатдын бүжиг” судалгааны өгүүлэлдээ: “Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Баярбаатар нар нь энэхүү бүтээлийн хөгжмийн дуурьсал, бүжгийн хөдөлгөөнийг нэн өвөрмөц хэлбэрээр өрнө дорнын хөг эгшгээр холбон найруулж, зохиомж бичилт, фактурын хувьд өрнийн хөгжим зохиомжийн бичилтийн арга техник, ТSDТ гэсэн улиг замаар шогшсонгүй, Т III ҮI DТ гэсэн дуурьслын шинэ шийдлийг гаргаж бүтээн туурвисан нь урьд өмнө ардын найрал хөгжимд төдийлөн дуурьсаж байгаагүй шинэлэг дуурьсал, шинэлэг хөг эгшиглэгээн шийдлийг буй болгосон байна. Ялангуяа хөг дуурьслын өвөрмөц шийдэл бүхий аялгуунууд нь “Чимбай хатан болон туслах дүр Фатима, Самар, Дөргэнэ, Сорхугтани, Бөртө, Мандухай хатадын сэдэв аялгуунд тааралдаж байна. Энэхүү бүжгэн жүжгийн хөгжмийн дуурьслыг өрнийн зохирлын /тональ гармони/ үүднээс авч үзвэл бага гуравц буюу ивээл харш /диссонанс/ хөг ихээр зонхилж байгаа нь зохиомж фактурыг шинэлэг арга барилаар баяжуулж өгсөн нь ардын найрал хөгжмийн дуурьсалд шинэлэг зүйл болжээ. Зохиогчид энэхүү ардын туульсын бүжгэн жүжгээ “Монголын их хатдын” амьдрал түүхээс сэдэвлэн, нийт есөн хатны ахуй байдал, дүр төрх, зан чанар, оюун санааны амьдрал, уйл явдал, хөдөлгөөн болон хөгжмийн аялгууны хэмнэл хэллэгээр тод томруун дүрслэн харуулахыг зорьжээ...” Хэмээн “Энэхүү бүжгэн жүжгийн хөгжим нь урьд өмнө Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжмийн дуурьсал, найруулгад төдийлөн өргөн дэлгэр дуугарч байгаагүй шинэлэг зохирол, шинэлэг найруулга, шинэлэг дуурьслаар баяжигдан гарч ирсэн нь ил нот. Өөрөөр хэлбэл өрнө дорнын зохирол дуурьсал, бичилтийн арга барилыг орчин цагийн дуурьслаар баяжуулан холбож бичсэн нь сонирхолтой болжээ. Өрнө дорнын ая эгшгийг холбон найруулах аргаар хамтатгасныг хатан бүрийн сэдэв аялгуу, хэм хэмнэл, хэмжээ зохиомж, дүр дүрслэл, хөг эгшиглэгээ, хөгжмийн зэмсгийн дуурьсал, ая эгшиглэлийн донж маягаас болон хөгжмийн өгүүлэмжийн дүрслэмж, сэтгэлгээний онцлог, хөгжимдөх арга барилаас мэдэж болно.” хэмээн бичсэн байна.

Хөгжмийн зохиолч Буриадын Соёлын яамны захиалгаар шинэчлэн сэргээсэн 21 дацанд нь зориулан магтаал бичсэнээс эхлэн “Мял богд”-ын намтараас сэдэвлэсэн хүүхэлдэйн жүжгийн хөгжим, дараа нь Янжинлхам бурхны зүрхэн тарнид ая, эгшиг тааруулан тэрлэжээ. Үүнийг аавынх нь 6-12 насандаа Ламын гэгээний хүрээнд шавилан сууж байсан, 1998 онд “Дамдин Чойжилын дором” хэмээх анхны шашны симфони зураглалыг бичиж, Монголын хөгжмийн урлагт шашны хөгжмийн төрлийг шинээр оруулж ирсэн болон Гончиг өвөө нь маани хөгжөөж, “Гайхамшигт” хэмээх найман тахилын магтаал дууг дуулж байсан зэргээс салгаж ойлгохын аргагүй. Тэрбээр сүүлийн үед шашны хөгжмийн судалгаа хийж, том хэмжээний уран бүтээл туурвих зорилготой яваа нь ч үүнтэй холбоотой. 
Уран бүтээлээс гадна түүний бас нэг зорилго бол Монголын хөгжмийн зохиолчдын залуу халааг эх орондоо бэлтгэх явдал юм. Тэрбээр анх хөгжмийн зохиол бичих гэж оролдож байсан 1984 онд, Монгол улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийг Хөгжим бүжгийн сургуулийн багш байхад шавь орсон бөгөөд түүнээс хойш 20 жилийн дараа буюу 2004 онд Хөгжим бүжгийн сургуульд хамт багшилж байхдаа багшийнхаа хамт Хөгжмийн онолын тэнхмийн дэргэд хөгжмийн зохиолч, зохиомжийн ангийг анх нээсэн ажээ. Түүнээс хойш Мөнхболд энэ ангийг хариуцан, багштайгаа хамт эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, 10 гаруй хөгжмийн зохиолчийг бэлтгэсэн байна. Аавынхаа үеийнхнийг, ер ахмад үеийн хэнийг ч тэр эцэг, эх шигээ хүндэтгэн харилцаж, халуун дотноор дурсдаг нь түүний гэр бүлийн хүмүүжлийн толь. Тэрбээр

“Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал

Ирээдэй чамайг их буугаар буудна” гэдэг Расул Гамзатовын үгийг эрхэмлэдэг нэгэн. 
Урлаг хэмээх хүний сэтгэлийг гэгээрүүлэгч, соён гийгүүлэгч их хүчийг “эхийнхээ сүүтэй хамт амлаж” өссөн Халх голын анхны бүрээч Г.Бирваагийн хүү Мөнхболд гаднаас нь харахад дөлгөөхөн хэдий ч сэтгэл зүрх нь эрч хүчтэй аялгуугаар “шатаж” явдаг хөгжмийн зохиолч юм. Эртний Грекийн гүн ухаантан Софоклийн “Тоочин хүн тоочин л болно, физикч хүн физикч л болно, харин урлаг мэдэрч байж хүн болно” гэдэг үгийг хэлэх дуртай тэрээр эх орон, тусгаар тогтнолоо эрхэмлэх, нинжин сэтгэлийн дууллыг хүн төрөлхтөнд түгээж, гэгээрүүлэхсэн хэмээх чин хүсэл өвөрлөж, “урлагийн үнэ цэнийг мэдэрч, түүний төлөө бүх хүч, сэтгэл оюунаа зориулсан” ясны уран бүтээлч Монголын хуруу даран тоолох ховорхон авьяастны нэг билээ. 

Түүний бүтээлүүдийг сонссон хэний ч сэтгэл гэгээрч, сонсох тусам улам дурлаж, сайн үйлс бүтээх эрмэлзэл төрөх нь дамжиггүй.

Зохиолч Ц.Түмэнбаяр

Нийтэлсэн: У.Баярсайхан

Халхголын анхны бүрээч Бирваагийн хүү Мөнхболд  
Үзсэн: 4006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй