![](/uploads/201412/news/thumb/c5b4c7c3a3d2e351aac44b4e676f8cdb_x3.jpg)
Энэ намар, шивээ гандаж, дөрөө зурах хялгана саадаглаад юу юуны туханд хүрэлгүй намаршив. Хулгана хөеө овоолсон нь энд тэнд хөөрхөн өмбий цөмбий бухал. Хар жим гартал гүйлдэх тэр бяцхан амьтас нүд нээсэн цагаас олох идэх, хурааж хумихын аянд жирийлдэх юм. Хэзээ амар заяа үзэх юм бол хөөрхийс. Дүлий Доо энэ мэтийг гайхширахын сацуу ухаж төнхөж бодохоос залхсан янзтай сал сал шогшуулж явлаа. Намрын тал тэр аяараа шарлан эл хуль оргиод, тэр гэхийн аргагүй гуниг уйтгар төрүүлэх аж. Хөгжмөөрсөн бол энэ талд Моцартын гашуудлын аяз тоглож байх шиг, эцэс төгсгөлгүй, үзүүр бараа нь харагдахгүй, зовлон шаналангийн далай цэлэлзэх шиг үлшгүй ажээ. Уранхай дээлтэй, туранхай жаахан Доо гэдэг энэ хижээл эр хавчиг шувуун цээжиндээ багтарч ядсан их гунигаа мэлмэлзүүлэн уйлж явлаа.
Морины явдалд савчих хуучин муу ширэн гэртэй дуран ташаан толгойны ёрдгор ясыг нь балбаж, эрчилж эргэсэн дөрөөн сур шилбэ тахимыг нь нухавч мань эр анзаарах сөхөөгүй уулсын оройг нулимсандаа живүүлэн зангирч явлаа. Нүдээ хагас аньсан хөгшин хээр морь түмэнтээ, мянгантаа сажилсан энэ замаар сүүл хөдөлгөн шогшино. Хуучин муу гөлөм дарр дарр хийж, хөл дороос нь богширго дэрхийн нисэвч чихээ хулмагнуулахаас өөр ааш үл үзүүлэх бөгөөд эхээс унасан өдрөө л хувь заяатайгаа эвлэрсэн амьтан билээ. Амьд амьтан бүхэн л оногдсон тавилантай. Шувуу ч, хулгана ч, унаа морь ч, адгуус араатан ч тэр. Уйлж дуулах сэтгэлтэй төрсөн хүмүүний заяа бол өөр өө.
Аргаж хатсан хуурай тэнгэрт галуу ганганах сонсогдов. Доо тэр ганганааг олоод сонсчих, болж өгвөл эрх дураараа тэр шувууг олоод харчих санаатай байдгаараа өлийв. Хүзүү толгойгоо салж унатал, гөшиж хөштөл өлийж, элчилгүй их тэнгэрийн мандлыг нэгжив. Тээр дээр цэгийн төдий бүдгэрсэн хоёр галуу ганганан гунганан өмнийг зорин нисч явлаа. Амьдралын торонд орооцолдож, зовлонгийн хүлээсэнд баригдсан хөөрхий эр, эжий ааваас заяасан алаг сайхан нүдээр гомдолтой дагуулан харсаар үдэв. Тэнгэрт нисэж, эрх дураар ганганадагт нь хүмүүс шувуунд атаархаж ирсэн нь ганц Доогийн ч хэрэг биш. Цагийн цагт л тийм байсан, нэгэнт л нисэж чадахгүйгээс хойш цаашид ч ийм л байх болно. Гэтэл шувуудад бас ямархан зовлон зүдгүүр, шаналан гуниг байдаг юм билээ, хүн тэрнийг мэдэх билүү. Сэтгэл зөөллөх тэр ганганаа шувуудад бол элгээ эмтэлсэн энэлэн шаналангийн дуу ч байдаг юм уу, эгээрэл тайвширал авчрах эргэл мөргөлийн дуу ч байдаг юм билүү, хэн мэдлээ.
Нар баруунаа гудайжээ. Тэнгэрийн хаяанд өвдөл цөвдөлхөн цагаан үүл... Хөвсөргөн, намар оройн салхи...
Цонхон дээр суусан ялаа нээ болбол ай хө
Дөрөөн таваг зурж өвс ногоо урсана. Шарласан өвс ногоо. Доог бага жаахан байхад л ийм халиурсан их өвс ургадаг сан. Энэ жил юу болов гэмээр гарчээ.
Цочоод нисэх инуу амархаан байдаг даа ....
Тэртээ дээр үүлс нүүнэ. Аль хэдийн нисээд уулс даван одсон өнөөх хоёр галууны дуу зүрхнийх нь бүр энүүхэнд хадна. Өдийд холын холыг зорио буй заа. Жигүүртэй ч болосоой.
Цохлоод оо ирсэн үйлийн лаа үрийг нь болбол
Илч нь харьсан сулхан шар нар ээнэ. Ийм өдөр олонгүй биз дээ. Харьж буй, буцаж буй цаг санж. Мөдхөн л уулсын орой бууралтаж, ов товхон сэвх тогтон цас унана даа.
Цохиод буцааж болдоггүй юм аа ай ....
Эзэнгүй шар тал. Энэ талыг Тоглохын тал гэнэ. Тоглохын талд дүлий Доо дуулж, хоолой нь сааралтавч өөртөө дуулсаар явав. Хэдийвээр олон жилийн өмнө таг битүүрч, огт юм сонсохоо больсон ч дууг бас зүрхээрээ сонсож болдог аж. Доогийн зүрх хачин эмзэг мэдрэг болжээ. Өвсний дохилзон гансрах уйтан шаргал аялгууг нуурын үрчилзсэн хөх мандал өөртөө шингээн авах шиг “....цохлоод ирсэн үйлийн үрийг болбол....ай ..хө..” гэдэг халуун ханз, эрээн шанзны дундаас төрсөн сэтгэл тэмтрэм, зүрхэнд орж гарсан ээнэгшүү аялгууг тосон авч байв. Согтож халамцаад элчилгүй уужим талд дуулж явмаар хорвоо ч юмсан уу даа хөөрхий.
Ийм нэгэн өдөр ирнэ гэж зүүдлэсэнгүй явлаа. Уйтгар гунигт дарагдан шогшихын чинээ бодоо ч үгүй биз. Гэтэл ирдэг байна. Ирэх ирэхдээ хомсхон жаргалыг нь ховх сорон ирдэг байна. Доогийн өмнө гатлах аргагүй нуур далай, гэтлэх аргагүй уул даваа байх шиг санагдана. Доо бол эр ганц эр хүн. Хүүхэн шуухан энэ тэр ч гэсэнгүй, үр хүүхэд ч гэж байсангүй. Тулга тойрсон халуун бүлийн амьдрал үзсэнгүй. Цэрэг цуухад явсангүй. Юм үзэж нүд тайлсангүй. Морь унаж мал дагаж, овгор хар гэртээ утаа май тавьж, орчлонгийн тоос хөдөлгөсөөр тавь шахсан насандаа хүний ёсоор нэгэн үйлийн үр ургуулж дээ. Одоо тэр үйлийн үрийнхээ төлөөсийг өр зүрхэндээ ан цав гартал амсаад шогшиж яваа юм.
…Идэр есийн жавар тачигнасан цагаар юмсан. Ороо нь орж галзуурч ганирсан буур нь ингэнүүдээ хурааж хөөгөөд хаашаа ч юм алга болчоод дүлий Доо эрэлд хатаж явлаа. Хацар нүүр чим чим шивэх тэр өдрийн хүйтэн гэж. Цас бургаж үе үе харанхуйлж байв. Унаж яваа хүрэн атны нь ширээ бөхнөөс халуу төөнөж, азарган нэхий дээлний илчинд золтой осгочилгүй явсаар айлын бараа харав. Оорцог толгойн өвөрт өөвгөр жаахан гэр хашаа хороо ч үгүй, гаднаа малын үс ч үгүй, энэ их салхи шуурганд яажшуухан хийсчилгүй тэсдэг байна гэмээр ядруухан харагдсан юм. Орвол, Доогоос насаар арай дүүмэд хүүхэн, тэрсхэн хоёр хүүтэйгээ байв. Хүүхэн галдаа хөрзөн нэмж, тогоонд цай үйв. Түрүүхэн бургаж байсан цас улмаа ширүүсч, нүүр нүдгүй харанхуйлан цагаан шамрагаар бөөлж эхлэв. Тооноор хөвсрөгдөн унах цас, зэвүүн гачлант салхины улих исгэрээ нэн түгшүүртэй агаад энэ айлын ноорхой цоорхой эсгий туурганд нөмөргөсөн үжирч муудсан цагаан бүрээсийг хутгаар огтчих шиг салхи хүүлнэ. Эсгий туурганы цоорхой, цагаан бүрээсний тамтагны цаана цасан ороолон цамнан цовхчих нь ил шахам харагдаж, азарган нэхий дээлтэй дүлий Доо нуруунаасаа жиндэж, галын нөөлгөнд нүүрнээсээ халж суув.
Энэ айлыг бүлээцүүлж байгаа юм гэвэл гурван халуун амь болтой. Баруун зүүн талаар хоёр намхан төмөр ор, тогоо шанага, түмпэн сав тавьдаг хоолны эргэнэг, хоймортоо ис тортог зууж, хээ хуар нь тортогт даруулж баларсан модон авдар, төө хэрийн хар гуутай бурхан, бурханы өмнө зулын цөгц. Дүлий Доо цай ууж хөлсөө бурзайлган тухлахдаа гэр доторхийг тойруулан ажиж суув. Эр хүний гар дутсан л айл юм даа хөөрхий гэж яагаад ч юм бодож амжжээ.
Өрхөө хошуулдаж, зуухандаа хөрзөн нэмээд бүсгүй хоёр хүүгээ өвөрлөн хэвтэв. Хөнжлөө давхарлан азарган нэхий дээлээр хучсан хэр нь нимгэн гудастай төмөр ор дороос хайрч Доо шөнөжин эргэж хөрвөж тэлчлэв. Арайхийж өглөө боллоо. Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өрхний зайцаар цагаан гэгээ ормогц Доо босож хувцаслаад гарлаа. Нэлийсэн цагаан тал. Гадаслаж уясан унааны бүдүүн ат хэвтэж чадалгүй тойрч эргэсээр, бурантагаар гадсаа ороож эрчлээд, бахим дөрвөн хөлөө хумин, бэгцийтэл эвхэрч зогслоо. Өдрийн нар, биеийн халуунд хөөрсөн хөлс зогдорыг нь даган мөсөн унжлага болж бөмбөгнөтөл чичрэх халуун чичиргээнд шаргиж байв. Усгал зөөлөн хоёр нүдээр сэтгэл өвдтөл харах хөөрхий адгуус элчилгүй цагаан талаар халуу дүүгтэл жонжуулахсан гэж тэмүүлэх шиг ээ.
Доо цас зайлан сөхөж байж хэдэн хуурай бургас, тэс шаваг хормойлон орж гал асаахаар зэхэв. Насаараа гал хөсөө түлж, өөрөө өөрийгөө борлуулж, амиа аваад өдий хүрсэн эр тул галыг төвөггүйхэн асааж, цай чанахаар тогоо тавив. Зуухны бөөр улайж гэрт халуу дүүгээд, бүсгүй, хоёр хүүтэйгээ унтсаар байв. Хацар нь туяаран гэрэлтэх хоёр хүүг хараад Доод хачин уяхан мэдрэмж төрж, нэг л энхрийлэлтэй, хайрлалтай, дулаахан сайхан санагджээ. Цай төдхөн буцлав. Тогооны яг голоос даргилан буцалж, том том урт шилбэнүүд усны эргүүлэгт орсон саваа шиг гозойж, Доо тэрнийг урьд өмнө нь үзээгүй хюм шиг сониучирхан харж удаан суув. Бүсгүй сэрлээ. Танихгүй хоноц гал түлчээд зуухны өмнө овойж суугааг хараад ичиж нэрэлхсэн үү, сүүлдэж боссон доо санаа нь зовсон уу, эсвээс ганц өглөө ч болов гал түлсэн дулаан гэрт босохдоо жаргалтай байсан уу, бүү мэд. Шалмаглан хувцаслаад гарав.
Өвлийн цагаан нар уулын оройд дөнгөж гялтайж байлаа. Нар гарсан хойно, нэмж жаварлалаа ч тонгорогны ир шиг жаврын үзүүр эрхбиш халирч, тэмээ малын бие тавиран, хашаа хорооны нөмөрт хоргосон болжморын халуун цус буцлан шидсэн чулуу шиг энд тэндгүй хэрэн ниснэ дээ хөөрхий. Доо цай ууж аваад тэднийхээс мордов. Хоёр хүү огт даарсан, зутарсан шинжгүй инээд хөөр цолгион гарч орж гүйлдсээр үлдэв. Хаанаас нь гарав гэмээр их увидаст хүч хоёр хүүд нуугдаж байх шиг, хүүхүүдийн илч, тэр үл тайлагдах хүчинд бүсгүй энэ ээрэм талд, эцэсгүй цагаан жаварт бүлээсэж, эндээсээ холдож чадахгүй, хэн нэгний тогоо барьж, амар амгалан амьдрал зорилгүй үлдсэн шиг. Гадсаа тойрон эргэлдсээр зогсоогоор хоносон уналгын ат шиг, амьдралын гадсанд уягдаж дороо л хий эргэцнэ үү, яана.
Доо өдөржин бэдэрч байж хэдэн тэмээгээ олоод тууж явахдаа эзэнгүй цагаан талд ямар нэгэн юмаа орхисон шиг, хаяж гээсэн шиг хачин бодолтой харив. Алив юм болгон цаг хугацаатай, алив юм бүхэнд эцэс төгсгөл гэж бий. Доог эргэлзсээр байтал, Доо овгор хар гэртээ өнөө маргаашаа элээсээр байтал хавар боллоо. Цас хайлж ханзраад, горхины ус шуугин, галуу шувууд ганганах болов. Энэ өвөл их урт өвөл байлаа. Барагдаж өгдөггүй урт өвөл юм. Доод энэ өвөл шиг урт нажид, зүдэргээт өвөл байсангүй. Уул нь өвөл бол өвөл шүү дээ. Ганц бяруу, хоёр хонь төхөөрч идшээ базааж авсан Доод, хэдэн тэмээ нь ганираад алга болчихгүй бол өвөл шиг амар амгалан үе байгаагүй юм. Гэтэл энэ өвөл....
Өвөл зүтгүү орсон, малын нүд л осолдохгүй хөдөлж байв. Тамир тэнхээ нь барагдсан хонь халиа гүйсэн голын шар ус уух гэж тонгойхдоо өеөдчих гээд Доод энэ хавар ажил мундахгүй их байв. Уул нь нэг мордоод ирэхсэн, өнөө гурвыг нэг эргэж тойрохсон гэж өөриймсөг дотноор бодсон юм. Хачин юм шүү, хахь хамаагүй хүн тэгж өөриймсөг дотно санагдаж, тэдний өмнө Доо буруутай шиг, Доо тэдний дэргэд байх үүрэг хүлээж, халамжилж, хайрлаж, эр хүний нөмөр нөөлөг болох ёстой шиг бодол төрөөд байх болсон билээ.
Эр ганц хүнд их юмны хэрэг байх биш. Доо шийдлээ. Өвөл хамгийн царигтай орсон ганц ирэг байснаа төхөөрч ганзагалаад, гэр бараа, мал хуйгаа эзэнгүй орхиод мордов. Хаврын шар нар таатай ээж, горхи булаг хэл орж байх шиг шулганан урсаж, морины хөл дор шинэ нялх ногоо бултайжээ.
...Шөнийн зүүдэнд хоёулаа хө
Сэрээд харахад ганцаараа хө
Доо бол нарийн торгон ухааны хүн биш. Аливааг, тэр дундаа амьдралын учрыг олох гэж түмэн янзаар оролдож, мухарлаж, үйлээ барж барж байдаг ч хүн биш. Ганцаараа явнаа хө гэж аль залуудаа нэг бодсон, тэгээд л энэ. Чих хатуу, хүнийн сэтгэлийн үг сонсох биш, ойлголцохгүй байж хүн зовоохын нэмэр биз гэж бодсон хэрэг. Гэтэл эргээд бодохноо бас ч тийм биш шиг. Өвөл ганц шөнө хоног төөрүүлээд эртлэн мордсноос хойш янз бүрийн юм бодогддог болсон байв. Хэдийд ийм бодол орж ирэх болсон, юунаас болоод тэр вэ бэ гэдгийг Доо ялгаж салгая ч гэсэнгүй, нар сар гэрэлтэх шахсан сиймхий гэрт тэрнийг татаад байгаа нэг л дулаан сайхан юм байгаа шиг өвөлжин гэгэлзсэн билээ.
...шөнийн зүүдэнд хоёулаа хө
Хавар аа гэж. Хүний сэтгэл аргагүй л нэг нялхармаар цаг даа. Хуучин борог өвсөн дороос цухуйх шинэ ногоог харахад л амьд явахын сайхныг мэдэрмээр байдаг. Их удаан хүлээсэн юм тийм эмзэг, энхрий нандин байдаг уу, эсвэл хүн гээч үргэлж л ургаж дэлгэрч байгаа, сайн сайхныг харж баясах дуртай байдаг юм сан уу. Доо мориныхоо зөнгөөр гэлдрүүлж, хүүхдийн сэвлэг шиг нялх ногоог морины хөлөөр гишгүүлэхгүй явах юм шүү гэж жолоогоо залж явав. Толгой дээр ангир дуугарна…
...сэрээд харахад ганцаараа хө
...Алив юманд цаг бий. Зураг тавилан гэж бий. Дүлий Доо энэ замаар хичнээн ч удаа ингэж явав даа. Урьд өмнө нь анзаардаггүй байж. Нээрээ мөн л элчилгүй уудам тал юм. Гэтэл бас хүүхний сэтгэл талаас дутамгүй уужим, цаана нь туулж гарна гэхэд нөр зүтгүү байв. Дүлий Доо нарийн ширийн юм мэдэх биш. Хүнтэй сэтгэл хуваалцах таван үг аятай тавтай солиод учир зүйгээ ололцож чадахгүй. Бухимдахдаа дүлий чихэндээ хамаг бурууг чихэж, хүнээс дутуу төрсөн ямар заяагүй амьтан бэ гэж бухимдана. Хүн сонсох чихтэйгээс гадна сонсох зүрхтэй нь сайхан юм даа. Дүлий Доо нүдээрээ ярьж, Нансалмаа зүрхээрээ сонсож, тэр нандин учралыг нар гэрчлэн харж, салхи чагнаархан сонсож, ер хамаатай гэж болох бүхий л юмс толгой дохин нутласан юм.
Тоглохийн талд хавар ирж, зун улирч, намар хаяанд ирэхэд дүлий Доо энэ талд сарны дор, нарны дор, морины чих харагдахгүй түнэр харанхуйн дор бөртөн бөртөн шогшино. Намар цагийн баян бүрдэнд таана хэнзэлж, ус булаг дэлгэрэн элбэгшиж, ангир галууд хоргодон ганганан гунганахын адил Доогийн сэтгэл өнө болж, үргэлжид хөгжим эгшиглэн байх шиг болсон юм. Энэ ч бас учиртай. Ядруу дорой түүнийг орчлонд үргэлжлүүлэх учиртай үр нь яг энэхэн үест Нансалмаагийн хэвлийд бойжиж, дүлий Доо шиг аз жаргалтанг Тоглохын талаас байтугай таван тивээс хайгаад олоход бэрх тийм зол заяат цаг билээ. Эр ганц түүнд төрсөн үрийн нялх сэвлэгийг үнэрлэн, тамхи ханхлах халуун энгэртээ дэгэж дэрвүүлэн өсгөхийн жаргал бас байжээ гэж бодохоос л бахтай, эзгүй шахам Тоглохын талд дэмий нэг орь ганцаар насыг барсангүй дээ гэсэн өег цатгалан бодол төрнө. Амьд явах сайхан юм даа. Алтан нарыг өдөр бүхэн харах сайхан юм гэж Доо энэхэн үест орчлонгийн бүхий л юмсыг энхрийлэн харж, амьтай амьгүй бүхэнд талархан, өвс ногоо, хад чулууг ч хайрлан, атгахан жаахан зүрхээ хайраар цалгиан дүүргэсэн ажуу.
Тэгэвч ийм өдөр ирнэ гэж зүүдэлсэнгүй явлаа. Орчлон дэлхий хөмөрчих шиг ийм зүг чиггүй харанхуй нөмөрнө гэж, цөхрөл гээч ийм өршөөлгүй харигис хатуу, ийм сөхчин унамаар аймшигтай гэдгийг сэжиглэн санаж ч явсангүй. Одоо түүнд юу байна. Юу ч байхгүй. Өмнө нь бол хүнд хэрэгтэй юм юмтай байжээ. Овгор хар гэр, цөөн хэдэн малтай, дүлий Доо гэдэг төрд данстай, түмэнд хаягтай явж. Нэхэн санаваас Доод ерөөсөө юу ч байгаагүй шиг санагдаад явчихав. Нээрээ юу ч байгаагүй юм байна. Үхэж үрэгдээд барагдах хэдэн мал, илжирч өмхрөөд дуусах утаат хар гэрийг юм гэж үзэх нь гунигтай. Доо эр ганц, орчлонд орь ганц байсан. Доо үхээд ариалаад өгнө. Доогоос юу ч үлдэхгүй. Тэгэхээр Доо угаасаа юу ч үгүй амьтан байж. Ингэж бодон, сэтгэлийнхээ мухар бүхнийг нэгжихээр Доо шиг гуйланчин энэ орчлонд байгаагүй, цаашдаа түүн шиг гуйрамч бас байхгүй аж. Хөөрхий, хорвоо гэж. Юмтай байх, дүүрэн байх гэдэг нарийн аж. Цатгалан байх, дүүрэн байх гэдэг өөр хувь, зол заяа аж. Тэдний нутагт Нарим чавганц гэж хөгшин байлаа. Урт насалсаан, хөөрхий. Бараг зуу шахаа биз. Хэзээний л Нарим чавганц шүү дээ. Жороо голдуу хар алаг адуутай, бөөр алаг улаан үхэртэй, түүхий сүүний шахсан бяслаг бөөрөнхий цагаан хоньдтой баян чавганц байв. Насны эрт гарсан ганц хүүтэй байсан юм гэнэ лээ.
Идэр залуухан ганц хүү нь улаан бурханаар гэнэт явчихаад Нарим чавганц толиотой, тохьтой байхдаа гон бие гозон толгой үлдсэн гэдэг юм. Холын хамаатны дүйнгэ маанагдуу эр эм хоёрыг хаяандаа буулгаж мал хуйгаа нааш цааш болгоно. Ганц бие чавганцад хичнээхэн их юмны хэрэг байв гэж. Тэгэвч тэр их хөрөнгөний хүчинд Нарим чавганц үхэн үхтлээ эзэн байж, олонд хүндтэй, нутгийнхан чавганцын гарыг харах нь цөөнгүй байж. Нарим ахай мөнгө санга зээл, идэш хоол илүүчил гэж хүмүүсээр алга тосуулан гуйлгаж, олноор хүрээлүүлж байгаад өөд болсон. Харин чавганцыг нүд анихад өнөөх бараадаж, хормойдож явдаг хэдээс бараг үзэгдээгүй. Хаяанд нь олон жил болсон эр эм хоёр, нутгийн цөөн хөгшид нийлэн байж аваачиж хаясан гэдэг юм. Ийн бодохул дүүрэн байх, цатгалан байх хоёрт ялгаа байна. Юм гэдэг нарийн, учиг ээдрээ нь бүрхэг юм даа.
Нансалмаагийн ах дүүс хот хүрээнд байдаг гэдгийг Доо эрхбиш гадарлана. Энэ хэдэн жилд байтугай, тэрнээс өмнө ч тэд нь эрж сурж, амарч айлчилж явна гэж сонсоогүй. Сонсоод ч яалтай, идэр залуугийн танагаа барж, насны нар гудайж яваа тэрэнд ямар л гай тотгор болов гэж. Хүн байна даа, ах дүүс нь гээд айлчлан ирвэл байгаагаа дэлгэж, төлөг шалбалж өгөөд, амарч өнжөөгөөд явуулна гэж бас тэрхэндээ бодож явсан удаа бий.
...шөнийн зүүдэнд хоёулаа.....
Тоглохын тал бол ээрэм их тал. Хангай газар баймгүй, хоёр Тамирын хөндийг дүүргэсэн тийм талбиун уужим тал. Сар хээр хонож, шарлангатсан эцэнхий морь богшиж туулмаар их тал юм. Уул нь их талын гүн хээл рүү ороод ирэхийн цагт Нансалмаагийн өөвгөр бор гэр барааны холоос цайран, хавар эртэд талын өнчин нууранд хөвөх улдсан хун шиг байдагсан. Гэтэл энэ өдөр нүдний үзүүрт юм торсонгүй. Яваад л байдаг, дөхөөд л байдаг. Доогийн сэтгэлд тэр гэх тэмдэггүй хачин айдас хурж, уран хоёр чихээ далбагнуулан сульдаж богшсон морио давчин, гөлмөө дарр дарр хийлгэн шогшуулах цогиулахын завсар шууруулан хүрэв. Гэрийн буурь харлан онгойж, авдар ширгүүн доор дарагдсан цайвар өвс ногоо наранд тэмүүлэн толгой өргөн ядаж байх аж. Яваад өгчээ. Үгүй арай яваад нь өгнө ч гэж байхгүй. Буурь сэлгэж буусан юм бол уу. Эвий, тэднийг минь зөөгөөд тавьчих сайн санаатан энэ хавьд юусан билээ. Доо бүр алмайрч хөшиж орхив. Нэг л хар бараан совин татаж, элчилгүй холд яваад өгсөн шиг хүйтэн мэдрэмж төрнө.
...цохлоод ирсэн үйлийн үрийг болбол ай хө...
Явчихжээ. Эргэлтгүйгээр явчихаж. Ядар дорой хөөрхийг минь ах дүүс нь дүрэмдэн загнаад аваад явчихаж гэж бодохоос улаан гол нь зангиран ороолдох шиг, хэвлий дотор нь нэг гогцоо тасрах гэж байгаа шиг аймшигтай өвдөв. Нансалмаагийн гэрийн хар бууринаас хөдөлсөн машины дөрвөн дугуйны иржгэр хээг даган дэмий баахан шогшив. Тэр иржгэр хээ наран ургах тэр зүг, их хөлийн улаан замыг чиглэн хязгааргүй тийш алсран одсон байлаа...
Хэзээ ч өмнө нь ингэж энэ их талыг үзэн ядаж байсангүй. Хүний зовлон шиг яасан барагддаггүй урт тал вэ. Ямар лай ланчиг шиг барагддаггүй арвин тал вэ гэж орчлон хорвоогийн элэг, тос даасан бор талыг зүхэж явлаа. Одоо л чухам дүлий Доо шиг гуйранчин энэ хорвоод байхгүй болж, насны од атгуулан ирж яваа нялх үрийнхээ бүлээн зүсийг харах ерөөлгүй яасан заяагүй хүүр вэ би гэж дотроосоо нуран эмтэрч, хөггүй саарал хоолойгоор
...цохиод буцааж болдоггүй юм аа ай хө хө...
гэж гингинэн үглэж, дээрээс ивээх алтан нар, дэргэдээс ширтэх хөх уулс хүртэл түүнд хахь хамаагүй, өөр ертөницйн юм шиг санагдаж, “За энэ хүртэл салдирганалаа, амьдарсан амьдраагүйн завсар хорвоогийн тоос хөдөлгөлөө. Одоо цаашаа явахгүй, юуны төлөө ч цаашаа явах билээ би” гэж бодсон авай.
2014.02.11 Улаанбаатар хот
Намар оройн бороо | ||
Үзсэн: 3742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.