![](/uploads/201308/news/thumb/bdc34097bc732331eea059bd5b0f6e7d_x3.jpg)
Монголын морин спорт, уяачдын холбооныхны хэнээрхлээр Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх зорилгоор зохион байгуулдагдсан “Монгол морь-3000” уралдаан хүүхдийн алтан амь авч одлоо.
Сүүлийн жилүүдэд Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх явдал манайхны нэг төрлийн хобби, бусдаас дээгүүр харагдах гэсэн оролдлого, өвчин эмгэгтэй адил болоод байна гэхэд хилсдэхгүй.
Товчоор хэлбэл Геннис гэдэг нь Дэлхий нийтийн сонин хачин бүхнийг бүртгэж авдаг ном. Энэхүү номонд дэлхийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой бүхэн бичигддэг бөгөөд тэдгээр амжилтуудыг эвдэснээр, дахин шинэчлэгдэн бичигддэг. Ердөө ийм л замаар Геннисийн ном бүтээгдсээр ирсэн. Хүний амь хүртэл золин байж дэлхийн хамгийн хамгийнд бүртгүүлэхээр зүтгэх хэрэг байна уу гэсэн асуултыг Монголын морин спорт уяачдын холбооныхонд тавьмаар санагдана.
Харин ЮНЕСКО бол арай өөр. Улс үндэстэн бүр өөрийн гэсэн соёлын үнэт зүйлсээ ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлснээр тэр нь тухайн улсын соёлын өв хэмээн баталгааждаг. Үнэ цэнэ, утга агуулгын хувьд тэс өөр хэлбэрээр бүтдэг эдгээр хоёр ойлголтыг манайхан бүрэн ухаж мэддэг үү гэсэн асуулт эдүгээ ч гарч ирсээр байна. ЮНЕСКО-д соёлын өвөө бүртгүүлэхийн тулд манай цөөн хэдэн эрдэмтэн судлаач, холбогдох албаныхан л зүтгэж байж бүтээдэг.
Энэ бүхнээс харахад хурдан морь унаач хүүхдүүдийг хамгаалсан журам, амь насны даатгалын зөв тогтолцоо хийгээд дуртай үедээ уралдаан зохион байгуулж, хүний аминд хүрдэг замбараагүй байдлыг хуульчилж өгөх цаг нь болсон.
Одоогийн байдлаар монгол улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа хурдан морины уралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны уралдааны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа. Гэвч эдгээр сүржин нэртэй даржин дүрэм журмуудад хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүйн улмаас унаач хүүхдийн эрх ашиг зөрчигдсөөр байгааг хэн хүнгүй мэднэ. Үнэн хэрэгтээ хуулийн цоорхой ашиглаж, хүний амиар тоглосон уяачид хийгээд монголын толгой баячуудын толгойг монголын төр илсээр байгаа гэхэд болно.
Энэ байдал үргэлжилсээр өнгөрсөн 2-р сарын 20-нд буюу цас хүүрэгтсэн хүйтэн цагаар Төв аймгийн Лүн сумын нутаг Энхийн ам нэртэй газар болсон хурдан морины уралдааны үеэр есөн настай хүү мориноос унаж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарснаар УИХ-ын эмэгтэй гишүүд нэлээд хатуухан байр сууринаас хандах болсон.
Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт эл асуудлын талаар хүргүүлсэн шаардлагадаа “бүх төрлийн морин уралдааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах аюулгүй байдлын шаардлага, үндэсний стандартыг тодорхой болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих хариуцлагын тогтолцоог тодорхой хуульчлах, хууль зөрчиж, хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хариуцлагыг хатуу тогтоох, унаач хүүхдийн амь нас, болзошгүй ослын даатгалыг бий болгох, бүх унаач хүүхэд уг даатгалд хамрагдах шаардлага, нөхцлийг хуулиар бүрдүүлэх, хэт бага настай хүүхдээр морь унуулахгүй байх, унаач хүүхдийн насны доод хязгаарыг шинэчлэн тогтоох” зэрэг маш олон чухал асуудлыг тусгаж, өөрсдийн баталсан хуулийг хаврын чуулганаар УИХ-д өргөн барих хүсэлтэйгээ илэрхийлсэн байсан. Харамсалтай нь энэ хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болон хойшилсон билээ.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн санаачилсан хуулийн төсөлд тусгалаа олохоор зэхэж байсан зарим асуудал хэн хүнд таалагдаагүйг энд бас дурдах хэрэгтэй. Тухайлбал, Улсын их баяр наадмаас бусад үед Засгийн газрын тогтоолоор элдэв морин уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг зогсоож, морин спортын холбогдох төрийн бус байгууллага нь спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох гэсэн шаардах бичгийн хатуу хэсэг.
УИХ-д сууж буй морины хорхойтнууд, хурдан морины эздийн байр суурь, асуудалд хандах хандлага дээрх асуудлыг илт дургүйцан хүлээж аваагүй ч “Хүүхэд унаж уралддагтаа л уралдааны үнэ цэнэ нь байгаа юм”, “Эмэгтэй гишүүдийг дагуулаад уяан дээр очвол арай өөр зүйл ойлгох байх, өөрсдөө морь ч унаж чаддаггүй байж хууль санаачилна гэхээр их сонин санагдаад байгаа” гэх мэтээр битүү үг шидэлсээр байсан. Ямартай ч энэ хуулийн төсөл намрын чуулганыг хүлээхээр болсон.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулиудаас ганцад нь л унаач хүүхдийн эрхийг хамгаалсан заалт бий. Энэ нь 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12-р зүйлийн “Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослыг даатгуулсан байна” гэсэн ганц өгүүлбэр юм. Энэхүү заалтаас өөр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдлээс хамгаалсан хууль тогтоомж одоогийн байдлаар манай улсад алга. Мэдээж энэ хуульд хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдэхээс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, хэрвээ хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тусгаагүй. Энд маш том хуулийн цоорхой байгааг та анзаарч байна уу?
Өөрөөр хэлбэл хүүхэд бэртэж гэмтлээ гэхэд морины эзэд, уяачид ямар ч хариуцлага хүлээдэггүй байх нь. Алдсан хүн арван тамтай гэгчээр эцэг эх нь бэртэж гэмтсэн хүүхдээ дагуулаад эмнэлгийн үүд сахихдаа морины эздийн гар нь гялтайж хэдэн бор төгрөг өгчихгүй юм байх даа хэмээн дэмий л горьдон хүлээдэг болж таарлаа. Ийм л хууль эрхзүйн орчин байна.
Мөн Засгийн газрын 2005 оны 119-р тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын дүрэм” гэж бий. Тус дүрэмд хурдан морины уралдааны бэлчээр, худаг ус, морьтой холбоотой асуудлыг зохицуулж өгөхөөс гадна унаач хүүхдүүдийг ослын даатгалд заавал даатгуулах ёстой, тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, түүн дотроо малгай, цээживч, өвдөг тохойны болон гуталд таарсан хамгаалалт зэргийг хангасан эсэхийг шалгах зэрэг заалтууд багтсан. Одоогоор энэхүү дүрмийг дагаж мөрддөг ч дугуйт тэшүүрийн дуулга, өвдгөвч, тохойвчоор аргацаан, бүхэл бүтэн хүний амийг 20-100 мянган төгрөгөөр даатгуулж, хурдан хүлгүүдийг 100 ба түүнээс дээш бүр 800 сая төгрөгөөр даатгуулдаг байна. Эжий аавынхаа өврөөс ч гараагүй шахам хүний бяцхан үрийн амь насыг адгуустай харьцуулахад үнэхээр хэлэх ч үггүй болгом эл аймшигтай тоо баримт дэлгэгдээд удаагүй байгаа ч сонссон олон хүн өөрийн эрхгүй цочролд орж байсан.
Хуулиараа бол 7-оос дээш насны хүүхдийг морь унуулна гэсэн заалттай. Гэхдээ энэ заалт зөвхөн баяр наадмын тухай хуульд л байдаг. Зөвхөн улсын баяр наадмаар үйлчилнэ гэсэн үг. Түүнээс биш аймаг, сумын шигшмэл хурд, бүсийн хурд, хөрөнгөтэй мөнгөтэй компанийн эздийн нэрэмжит найр наадамд зориулан үйлчилдэг хууль бол биш. Аймаг, сум, бүсэд болж байгаа хурдан морины уралдаануудад “хурдан морины комисс” гэж гардаг. Морины комисс нь маш сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа. Тэд тухайн уралдаанд орох гэж буй морины нас шүдийг тодорхойлох ажил хийдэг байна. Адгуус амьтныг тэгж нарийн шалгадаг атлаа, тухайн адгуусыг унаж уралдаанд оролцох унаач хүүхдийн нас, гэрчилгээ, эцэг эхийн зөвшөөрөл, хамгаалалтын хувцасны стандартыг ерөөс шалгадаггүй. Бид хүүхдийг мал адгуус амьтнаас доор үнэлж үзэж байгаагийн нэг тодорхой жишээ энэ.
Хүний нялх үрсийг хар үүрээр нойрноос нь дугтчин сэрээн, моринд тэжээл өгөх, услах мэт маш олон ажлаар дарж, уралдааны өдөр чихэр ундаагаар гэдсийг нь дүүргээд хэдэн хуушуур авч өгдөг уяач эздийн дүр зураг. Олон уралдааны хүлэгтэй баячууд уяачдаа морь унах хүүхэд олохыг даатгаад, тухайн хүүхдэд сарын хугацаагаар бодон цалин тогтоодог байна. Янз бүрийн тоо баримт байх ч ойролцоогоор 150 мянган төгрөгийн цалин амладаг ба орлого багатай хөдөөгийн малчдад энэ мөнгө маш чухал тул хүүхдээ морь унуулахаар өгдөг аж. Хүүхэд зуны хоёр, гурван сарын хугацаанд гэртээ ч үл харин энэ тэнд очин морь унах ажил хийдэг. Одоогийн хууль эрхзүйн орчин яг ийм.
Энэ бүхнээс харахад 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль батлан гаргах үеэр яригдаж байсанчлан “Бидэнд морин уралдааны тухай хууль хэрэгтэй юу” гэсэн асуудал нэгэнт шийдлээ олжээ. Бидэнд хууль хэрэгтэй. Тэр тусмаа хурдан морь унаач хүүхэд бүрт хүрч үйлчилж чаддаг, тийм хууль хэрэгтэй. Монгол орны өнцөг булан бүрт эргэх дөрвөн улирлын хэзээд ч зохион байгуулагдаж буй уралдаан бүрт хэрэгждэг, хүүхэд хамгааллын асуудал маш сайн боловсруулагдан тусгагдсан хуулийг батлах цаг нь ирсэн байна.
Өөрөөр хэлбэл монголчууд бид морь унаач хүүхдийн насыг шалгахгүй хэрнээ морины шүд тоолон зогсдог хийрхсэн хүмүүсийн ажлын тогтолцоо хийгээд хэдэн зуун саяар аргамаг хүлгээ даатгуулчихаад, унаач хүүхдээ хэдхэн мянган төгрөгөөр даатгуулсан болж нэр хаадаг, бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хойно нь зүгээр л өнгөрчихдөг морьдын эзэдтэй нүүр тулан, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх нийгмийн шаардлагатай тулгараад байна.
Эрхэм гишүүд ээ, унаач хүүхдийн амь насыг хамгаалсан хуулиа хэзээ батлах гэж байна вэ? | ||
Үзсэн: 6012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.