Шууд Chart

Эцэг

2013-08-14 11:15:11

Улаан цурав тохойн чинээ амьтан эцгийнхээ өвөр дээр годгодуулж, эцэг чинь сахалтай хошуу өмөлзүүлэн хүү чиний шээсийг их л бэлэгшээн духандаа хүргэж байж билээ. Хөөрхий минь, эр хүн хойно доо, хүүтэй болохын мөрөөсөлд хатаж явсан нь тэр байлгүй. Сэтгэл нь нэг цадах шиг болоод, тэгээд л мордоод явсан юмсан. Эжий нь сүү өргөж үдсээн. Эцэгтэй төрөөд, эцэггүй өссөн ч миний үр гомдох эрхгүй хүн. Чамайг хэвлийдээ олсон тэр шөнө дүүрэн тэргэл сартай байж билээ. Эр хүний хөлсний мансуурам үнэр, ааглуу их эзэрхийлэл дунд тарчлан жаргасан эжий нь хорвоогийн олны дунд хормойдож өсөөд, гараас минь хөтлөж явах үр гуйсан юм. Миний хүү эжийдээ бурхнаас хайрласан хишиг юм шүү... гэж хэлээд хөөрхий нь эх нь сүүдэрт орчлонгоос буцсан билээ.

            Тэр цагаас хүү “Эцэг минь намайг хажуухнаас харж явдаг байх даа” гэж сэм гэтүүр бодолдоо өөрийгөө чагнаж явах болжээ. Энэ бодолдоо үнэмшин орж гардаг, ойр дотно байдаг эр хүн болгоныг “Энэ хүн биш байгаа” гэж сэм тандсан ч удаа бий. Тэгэвч өсөж томроод байдаг. Энэ олон жилд эцгийн сураг гарсангүй...
            Ойрмогхон доо, нэг довон дээр тоглож өссөн багын нь анд эцгийн сургийг дуулгав. Тэгэвч бат нут итгэсэн нь үгүй. Энэ олон жилд тийм ойрхон байсан бол ямар нэгэн шинж байдал үзүүүлмээр юм. Үгүй ээ, биш байх гэсэн бодолд зовоосоор байв. Хүү олон хоног үнэмших, эс үнэмшихийн завсар эргэлзэж, баярлах гунихын хоёр туйлд сэрж санаж явав. Тэгж тэгж шийдэв. Юу ч болов очоод үздэг хэрэг. Биш баймааж гомдох хэрэг юун. Тэр хүн ил гарахыг хүсэхгүй байхад би яалтай. Хорвоод би эцэгтэй хүн шүү гэж тамхи ханхлах халуун энгэрт нь асаж тайтгарахыг л хүсэж байв.
            Намар оройн шар талын өвс бөхөлзөж, буцах мөхөхийн тухай симфони тоглож байна уу гэлтэй. Ийм л уйтай шар талаар хүү эцгийн сураг гарсан тэр зүг давхиж явлаа. Хөтөл өгсөж, хоолой уруудаж, муруйж тахиралдан сунайх энэ их замын үзүүрт эцэг нь суугаа гэж бодохоор нэг л бахтай, биш байвал яана гэсэн айдас хургаастай.
Хүү бодов. Яваад ордог оо. За байз, мэнд ус мэдэлцээд шууд л хадаг бариад золгох уу, эсвэл... Хөөрхий минь. Тэр хүнд чинь бас эхнэр хүүхэд бий. Эхнэр нь лав баярлан хашгирахгүй нь лав. Цайгаа самарч зогсоод балмагдсандаа хөшчих болов уу. Насанд хүрч яваа охид хүүхнүүд нь “пээх паах” болон эцгээ ширэв татах болов уу. Нэг л болж өгөхгүй оргиод байх чинь, яая даа байз.
-За даа, бид хүрээд ирлээ дээ. Тэр ганц модтой булгийн тархины хойхно байгаа ганц гэр шүү дээ гэж нөхөр нь ам нээхэд л сая үймэрсэн элдэв бодлоос салав. Өөвгөрхөн ганц бор гэр аж. Эжийнх нь аав, өвөг эцгийнх нь бор гэр алс холоос зорин ирэхүйд яг л ингэж харагддаг сан. Морины уяа болох ацтай ганц шон, шонд уяатай хонины цүдгэр хээр морь, тугалын зэл, зэлнээс үргэлжлэх үхэр малын баас хөглөрөн бараантаж, барааны холоос даахь хонгорцогоо чирэн нэвсийтэл давхиж ирдэг, завьж нь дарвайтал сунасан хөгшин халтар нохой.... Хүү эгээтэй л уйлсангүй. Хорь гарсан эр хүн эцгээ зорьж ирээд уйлж яахин болох билээ. Уйллаа гэвч энэ бол уярал, зол баярын нулимс юм даа уул нь.
Хоймрын авдар дээр ис тортог зуусан жижигхэн гуунд бурхан багш заларч байв. Урд нь том мөнгөн цөгц, цөгцний зэрэгцээ шар багварт идээ ундны дээж тавьжээ. Хажууд нь зургийн жааз. Жаазан дотор хоёр хөгшний охидтойгоо авахуулсан шинэхэн зураг. Шинэхэн, бараг л өчигдөрхөн даруулсан батиар бололтой тэр зураг дээр эхийгээ өвчсөн мэт нүд хөмсөг сайтай таван бүдүүн хүүхэн инээвхийлж байв. Сондгойгоос сондгой, хар модны үндсээр сийлсэн шиг үрчлээ сархиа болсон янхигар өвгөн хөдөө хээр хүлгийн нуруунд яваа шиг их тавиун дүүрэн суудлаар тухалж, цог гэрэлтсэн хоёр нүдний харцанд баяр бахдалт гэгээ асаж байх шиг донжтой.
Зураг дээрх өвгөн хоймортоо дүүрэн завилгаагаар ханхайж суув. Мах мариа нь шуугдсан ч чацархаг ясархаг өвгөний гарын судас эрчилсэн дээс шиг гүвэлзэн, хоолой төвөнх нь гүдэлзэж, цан цохих шиг ханхийсэн царгил хоолойгоор мэнд ус тавихад хүү хөшиж орхих шиг болов. Насны хярд гарсан ч бүсгүй хүний мэдрэмж өтөлдөггүй хойно эмгэн хүүг байн байн сониучирхан, бас чиг сэжигтэй ажиглаж, жижигхэн модон ширээг боов боорцог идээ цагаагаар хотойтол дүүргэв. Зүүн талын ортой залгаа хөлийн бор авдраа уудлан цондгор хар ваартай архи гаргаж данханд тасалж халаагаад бага гарын мөнгөн аяга арчиж зүлгэж өвгөнд барив. Өвгөн хоолойгоо засаж суудлаа засан их л ёс төртэй архийг гардан аваад, дээжийг нь тооно өөд өргөөд, мөнгөн аяганы амсар мэлтэлзүүлэн хүүд барив. Барьц алдсан хүүгийн чих хүртэл улайх шиг болж “Дүүрсэн хэрэг, явуулчих уу. Хөөрхий эх минь харсан бол яах байсан бол” гэж хоромхон бодлоо. Яг энэ агшинд эхийнхээ алтан ясыг өндөлзүүлэх гэм нүгэл хийх дээрээ тулж ирснээ сая л ухаарав. Баруун гарын ядам хурууг архинд дүрж сэржим өргөөд, аяга дүүрэн сархдад уруул хүргэн буцаав. Өвгөний нүүрний түмэн үрчлээ тэнийн гэгээ татаад, архийг өөрөө дуустал хөнтрөв. Өвгөний яриа хөөрөө элбэгшиж, эмгэн “алив хүү минь ид уу, цэрвэж зэнзийгээд яахав. Холын улс аяншиж цангасан байлгүй” гэж хөл алдана. Эмгэн тэгсгээд “Хэдэн үнээгээ шувтаръя” гэж хувин тохойвчлон гарч одов. Хүү юу ч ярьсангүй богцоо ухаж хадаг гарган, архины хамт өвгөнд шуудхан барьчихав. Өвгөн хоолой засаж нэг юм хэлэх гэсэн үү яав, тэгснээ мөн л эргэлзэж тээнэгэлзэлгүй хадаг архийг авлаа. Хадгийг бурхан дээрээ тавиад, архины бөглөөг дор нь мулт татав. Мөнгөн аяга дүүртэл тонгойлгосноо таатай үнэр ханхийх сархданд ядам хуруугаа дүрж сэржимдээд, архи үзээгүй хүн шиг аягатайгаа хэсэг харж суув. Баярлаж хөөрсөн алин болох нь бүү мэд, тэгснээ уур нь хүрсэн хүн шиг архийг хөнтөрч орхив. Тэгээд архиа бөглөж хойш тавиад, явган модон сандал дэрлэн хэсэг дугхийв. Хүү элдэв бодолд үймэрч манантаад гадагш гарлаа. Нар жаргаж байв. Жаргаж байгаа нарны доогуур эмгэн хувинтай сүүгээ бариад майрганан алхаж яваа нь хөөрхий эжий шиг нь дотнохон, дулаахан, эгэлхэн сайхан санагдаж гэнэт уйлмаар боллоо.
Шинэ цагаан даавуу гарган хүүд ор засаж өгчихөөд эмгэн хэвтэхээр хажуулж төдөлгүй “пүхх пүхх” гэж зөөлөн хурхирах дуулдав. Лааны шаргал дөл бадамлан, өвгөний сүүдэр аймшигтай том харагдана. Өвгөн суусаар л байв. Архинаас мөнгөн аягаар нэг дүүргэн хүртээд дээлээ нөмрөн босож ирлээ. Янхигар том сүүдэр хүүд дөхөж ирээд зогсов. Хүү нүдээ анин хөдлөлгүй хэвтсээр. Тэгтэл өвгөн их урт санаа алдаад, хүүгийн духыг архи тамхи ханхалсан сахалтай хошуугаар халуу оргитол үнэрлэв.
 Хүүгийн нүднээс уярлын халуун нулимс горхилон ундарч хацар шанаагаа даган чих рүү нь урсан орсоор байлаа. Энэ л агшинд “Эцэгтэй төрөөд, эцэгүй өссөн ч миний үр гомдох эрхгүй хүн” гэж хэлсэн эхийн нь үг элэг зүрхийг нь өмөртөл санагдаж, зогсолтгүй гоожих нулимсаа эрээ цээргүй сул тавилаа.                    
 
 
 
            2012.12.15 Улаанбаатар хот
 
 
 

 

Нийтэлсэн: Б.Баярсайхан

Эцэг  
Үзсэн: 5765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.89.xxx [103.9.89.xxx] 2013-11-07 15:25
Багшаа гоё шөө
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-16 13:33
“Эцэгтэй төрөөд, эцэгүй өссөн ч миний үр гомдох эрхгүй хүн” хүмүүний хувь тавилан гэж..............

Бидэнтэй нэгдээрэй