Шууд Chart

Төсвийн орлогын таван төгрөг тутмын нэг нь импортын татвараас хамааралтай

2015-09-21 19:09:14

Манай улсыг гадаадын шууд хөрөнгө оруулалт дээр суурилсан хэврэг эдийн засагтай гэж шүүмжилдэг. Дээр нь уул уурхайгаас орж ирж байгаа татварын орлогоос ихэнх хэсгээ бүрдүүлдэг төсөвтэй. Ийм загварыг бид олон жил авч явж чадахгүй гэж эдийн засагчид хэлж байна. Тиймээс боловсруулах салбарыг дэмжсэнбодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

2011, 12 онуудад  манай экспортын голлох түүхий эд болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 110 доллартай тэнцэж байсан бол өнгөрсөн  оны сүүл гэхэд 36 орчим доллар болж 70 хувиар буурсан. Ер нь түүхий эдийн үнийн өсөлт бууралт 4-5 жилдээ хэлбэлзэж байдаг. Гэхдээ энэ өсөлт бууралтыг дагаж хэлбэлздэг биш тогтвортой эдийн засагтай байх нь л бидэнд чухал байна. Жилдээ бид Тэрбум 400 сая долларын нүүрс экспортлож байсан үе бий. Одоо энэ тоо 200 сая болоход бидний орлого 1 тэрбум 200 саяаар багасан байна гэсэн үг. Гэхдээ энэ зөвхөн борлуулалт. Хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгө 4 тэрбум доллар байсан.

2008 оноос хойш гаргасан тоон үзүүлэлтээр манай улсын төсвийн орлогын 90 орчим хувь нь татвараас бүрдэж байна. Үүн дотроо импортын бараанд ногдуулдаг гааль, НӨАТ л гэхэд манай нэгдсэн төсвийн 20 орчим хувийг эзэлж байжээ. Гадаад валютын орох урсгалаас хэт хамааралтай татварын орлогыг дагаж бид жил бүр төсвөө тэлсэн. Харин эргээд буурах үед нь бид хүнд байдалд орж эхэлсэн.

Гадна зах зээл бидэнд ашиггүй болж ирэхэд дотоодод эдийн засаг хямардаг. Ийм мөчлөгтэй эдийн засгийн загварыг бид олон жилээр авч явж чадахгүй. Түүхий эдийн өсөлт бууралтыг дааж гарах хэмжээний валютын нөөцтэй болъё гэвэл дор хаяж 10 тэрбумын нөөц бүрдүүлэх шаардлагатай. Мэдээж ийм хэмжээний нөөцийг бидбүрдүүлж чадахгүй учраас төсвийн орлогын бүтэцтээ өөрчлөх хэрэгтэй байна. Уул уурхайн татварын орлогоо бид 20 орчим хувь гэж ярьдаг ч импортын татвар, ААН-ийн орлогын татвар, иргэдийн орлогын татвар гээд олон сувгаар төсвийн орлогод нөлөөлдөг. Уул уурхайгаас ийм их хамааралтай байдлыг бууруулах хэрэгтэй гэж хүн бүр ярьдаг. Энэ нь ч үнэн. Гэхдээ яг яаж бууруулах талаар Монгол улсын сангийн сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан Бямбажав зөвлөж байна. Тэрээр манай улс боловсруулах салбараа дэмжих сан байгуулах хэрэгтэй гэж үздэг нэгэн.

Байгалын баялгаа зүгээр л ухаж гаргаад экспорт хийдэг биш эхний ээлжинд бид ядахдаа боловсруулалт хийж нэмүү өртөг шингээгээд экспорт хийдэг болох хэрэгтэй. Ер нь бол манай улс алсдаа хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспорт хийх чиглэлдээ хөгжих ёстой. Ингэж нэг салбараас хамааралтай эдийн засаг, төсвийн орлогоо ч нэг л салбараас бүрдүүлдэг байдлаа өөрчилж чадвал түүхий эдийн ханшын өсөлт бууралтын мөчлөг бүрт хүнд байдалд орохгүй байх бололцоотой гэж сангийн сайд асан Бямбажав хэлж байсан юм.


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төсвийн орлогын таван төгрөг тутмын нэг нь импортын татвараас хамааралтай  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй