![](/uploads/201510/news/thumb/1f2111b1fbecf14a161bb3d057bb9b06_x3.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 оны Төсвийн тодотголын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд, Су.Батболд, Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан, А.Бакей нар Засгийн газрын гишүүн С.Баярцогт болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Засгийн газрын гишүүн С.Баярцогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Төсвийн тухай хуульд “урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдпын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлнэ” гэж, мөн “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх", “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасны дагуу Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл бий болсон. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд орчим төгрөгөөр тасрахаар байгаа учраас 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгасан гэлээ.
Түүнчлэн төсөвт тодотгол хийхдээ Монгол Улсын 2015 оны эдийн засгийн төлөв байдал, төсвийн орлогын гүйцэтгэл зэрэгт үндэслэн 2015 оны төсвийн орлогыг бууруулан дахин төлөвлөх; төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хуулийн өөрчлөлтийг боловсруулж, орлогын өөрчлөлтийг тусгах зарчим баримталсан. Харин төсвийн зарлагын төлөвлөгөөнд тодотгол хийхдээ төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл буурч байгаатай уялдуулан Засгийн газрын шийдвэрээр санхүүжилтийг нь хойшлуулсан зардлыг хэмнэж, бууруулах; оны эхний 8 сарын төсвийн гүйцэтгэлээр зарцуулагдаагүй зарим урсгал зардлыг бууруулах, зайлшгүй шаардлагатай бол 2016 оны төсөвт тусгаж санхүүжүүлэх; төрийн улс төрийн болон өндөр албан тушаалтны цалинг 30 хувь бууруулах, харин бусад төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх; шинээр батлагдсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хамрах хүрээний өргөжилтөөс үүдэлтэй урсгал зардлыг төсөвт нэмж тусгах зарчмыг гол үндэслэл болгож байгаа гэдгийг тодотгосон юм.
Мөн Сангийн дэд сайд С.Пүрэв өрийн удирдлагын тухай хуулиар өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр тооцдог, гэхдээ манай яамнаас нэрлэсэн үнээр нь тооцох аргачлалыг давхар хийж байгаа. Энэ оны тухайд өрийн тааз өнөөгийн үнэ цэнээр тооцоход 58.3 хувь, нэрлэсэн үнээр нь тооцоход 62.5 хувьтай байхаар байна гэв. Харин төрийн албан хаагчдын цалинг бууруулах эсэх талаарх асуултад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт өгсөн хариултдаа, энэ оны төсвийн тодотголоор зөвхөн төрийн улс төрийн болон өндөр албан тушаалтнууд буюу Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд дарга, бүх шатны Засаг дарга зэрэг нийтдээ 2900 хүний оны сүүлийн гурван сарын цалинг 30 хувь бууруулахаар тусгасан. Энэ арга хэмжээний үр дүнд 1.8 тэрбум төгрөгийн төсөв хэмнэгдэх тооцоо гарсан. Төрийн бусад албан хаагчдын цалинг бууруулах тухай асуудал байхгүй гэсэн хариулт өгсөн юм.
Энэ үеэр Х.Тэмүүжин гишүүн төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Гэтэл Засгийн газар хуулийн өөрчлөлтийн талаарх төслөө өргөн бариагүй байж төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудал оруулж ирж байгаа нь хууль зөрчигдөхөд хүргэж байна гэдгийг хэлээд Засгийн газар ямар байр суурьтай байгааг сайдаас тодруулсан. Энэ талаар Засгийн газрын гишүүн С.Баярцогт асуудлыг судалж үзээд шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж өргөн барина гэсэн хариулт өгсөн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.