
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд /2018.01.19/ Монгол Улсын Ерөнхий сайдын “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд уншиж, танилцууллаа. Тус дүгнэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм УИХ-ын дарга, гишүүдээ!
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхий сайдын "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо. Хийж буй аливаа ажил алдаа, оноотой байдаг ч ард түмэн Засгийн газрын мэдээллийн цагт хэлэлцэж буй асуудалтай холбогдсон бодит тоо баримт, үр дүнг сонсож мэдэхийг хүсдэг. Өнөөдөр "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн үр дүнг УИХ-ын чуулганаар тусгайлан хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэд хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хэдэн төгрөг төсвөөс зарцуулсан, түүнээс хэд хичнээн төгрөгөөр хот, хөдөөгийн хэдэн эмнэлэгт тоног, төхөөрөмж нийлүүлсэн, шинжилгээ оношлогоо, эрт илрүүлэлт болон эмч нарын сургалт, сурталчилгаа, эмийн хөнгөлөлтөд хэр зэрэг хөрөнгө зарцуулсан, ямар бодит үр дүн гарсан, 2018 онд энэ хөтөлбөрт хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн, үйл ажиллагааны хүрээнд ямар алдаа дутагдал гарсан цаашид хэрхэн зохион байгуулах талаар тодорхой мэдээлэл авахыг хүсч байлаа.
Түүнчлэн энэхүү мэдээллээр бид хөтөлбөрийн хүрээнд зорилтод бүлэг гэх ангилалд багтсан 40-65 насны иргэн манай улсад хэд байгаагаас хэд нь даатгалд хамрагдсан, шинжилгээний үр дүнгээр С вирусын халдварын эсрэг эмийг хэдэн хүн хөнгөлөлттэй үнээр авсан, тэдгээрийн хэдэн хувь нь бүрэн эмчлэгдсэн талаарх тодорхой үнэлэлт дүгнэлтийг ч сонсоно гэж хүлээж байсан. Гэтэл Ерөнхий сайдын мэдээллийг уламжлал ёсоор хэтэрхий ерөнхий, ямар ч үнэлэлт дүгнэлтгүй, зөвхөн өдөрлөг зохион байгууллаа, эрт илрүүлгийн оношлуур нийлүүллээ, гэрээ байгуулж хэрэгжилтийг ханган ажиллалаа, шийдвэр гаргагчид болон албан тушаалтныг мэдээллээр ханган ажиллаж байна гэх мэтээр хийсэн ажлаа магтан тоочих маягаар бэлтгэсэн нь учир дутагдалтай байна.
Бид өмнөх Засгийн газруудын үед хэрэгжүүлж ирсэн “Вирүст хепатиттэй тэмцэх үндэсний стратеги”-ийн нэрийг сольсон МАН-ын Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон элэгний хатуурал, хавдар, нас барж буй хүний тоог бууруулах, үүний тулд вирусийн халдварын тархалтыг хяналтад авах явдал гэж ойлгож байгаа. Ардчилсан нам Вируст хепатит болон элэгний өвчлөлөөс ард иргэдээ салгах ажлыг ямагт дэмжиж, санаачлагатай ажиллаж ирсэн. Харамсалтай нь МАН-ын дийлэнх олонхийг бүрдүүлсэн энэ Их хурал, түүний Засгийн газар Вируст хепатит болон элэгний өвчлөлийг бууруулах талаар өмнөх Засгийн газруудын хийж хэрэгжүүлж ирсэн бодлого үйл ажиллагааг үгүйсгэж, хөтөлбөрийн нэрийг солих аргаар бүхнийг өөрсдөө цоо шинээр хийж байгаа мэтээр улс төржүүлж, төрийн ажлын залгамж чанарыг алдагдуулж ард иргэдийг төөрөгдүүлж ирлээ.
Аливаа үндэсний хөтөлбөрт албан ёсны мэргэжлийн үг хэллэг хэрэглэх нь төрийн ажлын залгамж холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс “Элэг бүтэн Монгол” гэдэг үг олон жил хэрэгжиж ирсэн үндэсний стратеги, хөтөлбөрүүдийн агуулга зорилготой үл нийцсэн, иргэдийнхээ өвчин зовлон дээр улс төрийн тоглолт хийх зорилготой нэр томьёо гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг. Үнэнийг хэлэхэд Вируст хепатит болон элэгний өвчлөлийг бууруулах асуудал зөвхөн С вирустэй холбоотой мэтээр хэт туйлширч монголчуудын элэгний өвчлөл ганцхан үүнээс болж байгаа мэтээр асуудалд хандаж огт болохгүй.
Мэдээж элэгний өвчлөлд С вирусын нөлөөлөл өндөр байгаа гэдгийг үгүйсгэхгүй ч вируст хепатит болон элэгний өвчлөл олон хүчин зүйлтэй холбоотой учраас Монгол Улс 1995-2016 онд вируст хепатитыг бууруулах үндэсний стратеги, үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулан баталж үе үеийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагын хамт олон вируст хепатит болон элэгний өвчлөлийг бууруулах олон талт ажлыг хийж ирсэн гэдгийг бид мартах учиргүй.
Тухайлбал, 1991 онд В вируст хепатитийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр Монгол Улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн дэлхийн 20 дахь орон болж 1993 онд В Вируст хепатитийн вакциныг дархлаажуулалтын товлолд оруулж, анхны тунг хүүхэд төрснөөс хойш 24-48 цагийн дотор, 2 дахь тунг 2 сартайд, 3 дахь тунг 8-11 сартайд хийж эхэлсэн. 2009 онд анагаах ухааны салбарт нэвтэрсэн шинэ технологийг ашиглаж, хүүхдийн хатгалтыг бууруулах зорилгоор В Вируст хепатитийн вакцины товлолыг Эрүүл мэндийн яам дахин шинэчилж хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор гуравт вакцин буюу В Вируст хепатитийн вакциныг Сүрьеэ, Саагийн вакцинтай нэг дор хийж, давтан тунг хүүхдэд 2, 3, 4 сартайд нь тавт вакцинаар дархлаажуулах хуулийг батлуулж хэрэгжүүлсэн. Ингэж В Вируст хепатитийн эсрэг вакциныг өндөр технологийн түвшинд Монголд амжилттай нэвтрүүлснээр В вируст хепатитийн өвчлөлийн голомтыг таслан зогсоож, өнөөдөр өвчлөгсдийн дийлэнх хувийг вакцин нэвтрүүлэхээс өмнөх үеийн буюу 16-гаас дээш насны буюу нэг тариурыг олон удаа давтан хэрэглэж байх үед халдвар авсан хүмүүс эзэлж байна.
Вируст хепатит болон элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2010 оны 119 тоот тушаалаар 2010 – 2015 онд хэрэгжүүлэх “Вирүст хепатиттэй тэмцэх үндэсний стратеги”-ийг баталж хэрэгжүүлснээр олон асуудлыг шийдвэрлэж чадсан юм. Тухайлбал 2007-2011 онд улсын хэмжээнд А вируст хепатитийн өвчлөл нэмэгдэж, 10000 хүн амд 22,1 - 49,0 бүртгэгдэж, зарим аймаг суманд дэгдэлт хэлбэрээр гарч, өвчлөгсдийн 80,0 - 86,1-%-ийг 0-15 насны хүүхдийн өвчлөл үүний дотор 0-4 насны хүүхдийн өвчлөл 70%-ийг эзэлж, сургууль цэцэрлэгүүд хүртэл хаагдаж байсныг санаж байгаа байх.
Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2011 оны 357 тоот тушаалаар “Заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “А вируст гепатитын эсрэг вакциныг хэрэглэх заавар”-ыг баталж улмаар Английн “Гласко Смит Клайн” компанийн дэлхийд алдартай А гепатитын HAVRIX 720 вакциныг худалдан авч халдвар судлалын заалтаар А вируст хепатитийн өвчлөл дэгдэлт хэлбэрээр гарсан УБ хот, 12 аймгийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар шийдвэрлэж энэ ажлыг ХӨСҮТ-ийн хамт олон амжилттай хэрэгжүүлсэн юм. Вакцинжуулалтын үр дүн богино хугацааны дотор гарсан учраас А вируст хепатитийн эсрэг вакциныг үндэсний товлолд оруулж, 2012 оны 1 сараас эхлэн 1 ба 2 настай хүүхдийг дархлаажуулалтад тогтмол хамруулах болсноор бага насны хүүхдийн дунд нийтлэг бүртгэгдэж, нийт вируст хепатитийн өвчлөлийн дотор 90 хүртэлх хувийг эзэлж байсан А вируст хепатитийн өвчлөл сүүлийн 5 жилийн дунджаар 10000 хүн ам тутамд 25,0 тохиолдол бүртгэгдэж, 2016 онд 0,1 болж буурсан.
Түүнчлэн 2009 онд батлагдсан “2010–2015 онд хэрэгжүүлэх Вируст хепатиттэй тэмцэх үндэсний стратеги”-ийн хүрээнд 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдсэн төв эмнэлэгт Элэгний төв байгуулах, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах багийг бүрдүүлж мэс ажилбарыг эхлүүлэх, элэгний В вирусын эмийг хямдралтай үнээр Монгол Улсад нэвтрүүлэх, Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг хөхөнцөр вирусын вакциныг Монголын Мянганы сорилын сангийн дэмжлэгтэйгээр эхлүүлэх, ХААН банк, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНТВ-ийн санаачлагаар “Хавдрын эсрэг аян”-ыг орон даяар өрнүүлж хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн өвчтөнүүдийг эмчлэх ажлыг зохион байгуулах зэрэг олон ажил цогц ажлыг хийсэн байдаг.
Зөвхөн нэг ажлын үр дүнг жишээ болгон дурдахад 2010 онд “Хавдрын эсрэг аян”-ыг орон даяар өрнүүлснээр монголчуудын хавдрын өвчнөөс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгт орох сонирхол эрс нэмэгдэж, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал асар их нэмэгдсэн гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг барих, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг тухайн үед улсын төсвийн хөрөнгөөр хийж эхэлсэн ч харамсалтай нь 2011 онд эхлүүлсэн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад орж чадаагүйгээс 2016 оны эхэнд Австрийн Засгийн газрын зээлээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж одоо хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байна. Энэ нь шинээр байгуулагдсан Засгийн газрууд өмнөх Засгийн газрынхаа бодлогыг үгүйсгэж ирсний бодит үр дагавар бөгөөд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр ч үүний нэгэн тод жишээ болж байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бол цоо шинэ зүйл биш, өмнөх Засгийн газруудын үед 2010,2015 онд баталж хэрэгжүүлж ирсэн “Вирүст хепатиттэй тэмцэх үндэсний стратеги”, хөдөлбөрийн нэрийг нь сольсон хувилбар юм. Учир нь “2010 – 2015 онд хэрэгжүүлэх “Вирүст хепатиттэй тэмцэх үндэсний стратег”-ийн хүрээнд 2012-2016 онд ажилласан Засгийн газар С вирусыг эмчлэхэд зориулагдсан “Харвони”, “Ледвери” эмийг хөнгөлөлттөй үнээр оруулж ирснээр С вирусыг эмчлэх нөхцөлийг Монголд анх удаа бүрдүүлсэн. Түүнчлэн 2015 онд “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг шинэчлэн баталж өндөр өртөгтөй оношлогоо эмчилгээ, эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлж, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар өндөр өртөгтөй оношлогоо эмчилгээний тарифыг анх удаа баталсан. Ингэснээр элэгний С вирусын эм, Элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын зардлыг ЭМД-аас хөнгөлөх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ ажлыг эхлүүлэх боломж АН-д гараагүй ч гэсэн 2016 оны сонгуулийн үр дүнд төрийн эрх мэдлийг дангаараа авсан МАН С вирусын оношлогоо илрүүлэг, элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар, эмчилгээг төрөөс үнэ төлбөргүй хийх болсон тухай шоу хийж ард түмний толгойг эргүүлсэн хэдий ч ямар ч байсан хэл амтай энэ ажлыг хэрэгжүүлж эхэлсэнд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт бид талархах ёстой.
МАН төрийн эрх мэдлийг авч Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Элэг бүтэн Монгол” хэмээх хөтөлбөрийг улс орон даяар сүр дуулиантай эхлүүлж байсныг бид санаж байна. Эрүүл мэнд нийгмийн даатгалын сангаас зарцуулсан таван тэрбум төгрөгийн санхүүжилт хоёрхон сарын дотор дуусч, тусгай зөвшөөрөл авсан 22 шинжилгээний лаборатори 40-65 насныханд үнэ төлбөргүй шинжилгээ хийхээ зогсоосон тухай мэдээлэл гарч байсныг ч сайн санаж байна. Эцсийн эцэст яарч сандарч, ямар ч бодлого төлөвлөлтгүй улсын хэмжээнд сүр дуулиантай эхлүүлсэн энэ ажил үнэн хэрэгтээ МАН-ын Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шоу байсныг ч бид мэдэж байгаа.
Вируст хепатит болон элэгний өвчлөлийг бууруулах Үндэсний хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон элэгний хатуурал, хавдрын улмаас нас барж буй хүний тоог бууруулах, үүний тулд вирусийн халдварын тархалтыг хяналтад авах явдал гэж ойлгож байна. Ардчилсан нам Вируст хепатитын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад хамгийн анхны алхам болсон шинжилгээний үнэн зөв хариу гаргах нөхцөлийг цогцоор нь бүрдүүлэлгүй дутуу дулимаг ор нэр төдий хийх нь олон тэрбумын хөрөнгийг үрэн таран хийж, хэдэн тэрбум төгрөгөөр үнэлж баршгүй хохирлыг иргэд амсах аюултай учраас энэ ажлыг улс төрийн шоу болгож хэрхэвч болохгүй гэж үздэг.
Үнэндээ “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэтэрхий шоу болгож, хэрэгжүүлэх үйл явц, хэрэгжүүлж буй этгээдүүдийн зүй бус үйлдлүүдийн улмаас нийгэмд хардалт сэрдэлт үүсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр томоохон шүүмжлэл өрнөж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Тухайлбал, албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж элэгний В, С вирус тоолох шинжилгээг ЭМД-аар хийх лабораторийг шалгаруулж тусгай зөвшөөрөл олгохдоо вирус тоолох шинжилгээний лабораторгүй эмнэлэгт эрх олгосон тухай, ардчилсан нийгэмд сонгох эрхтэй амьдарч буй иргэдийн эрхэнд халдаж Өрсөлдөөний тухай хууль зөрчин аймаг, дүүргийн ард иргэдийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн эрх авсан лабораториудад тулган хуваариласан тухай, 45-60 насны 45 мянга орчим иргэнд элэгний С вирус илэрсэн гэх хариу гарсны 20 орчим хувийнх нь шинжилгээний хариу буруу гэсэн ноцтой зөрчил илэрсэн тухай, аймаг, сум, дүүрэг, өрхийн эмнэлгүүдээс сорьц тээвэрлэх, хадгалах явцад зарим лабораториуд цусны ийлдэсийг хасах 20-иос 70 хэм хүртэл гүн хөлдөөх тусгай зориулалтын сав хэрэглэх журмыг зөрчин ердийн вакциныг хасах хоёроос найман хэмд хадгалдаг саваар тээвэрлэж, хадагласнаас болж шинжилгээний хариу буруу гарсан тохиолдол хэдэн зуугаар тогтохгүй илэрсэн тухай шүүмжлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод гарсан.
Харамсалтай нь Ерөнхий сайдын энэ удаагийн мэдээлэлд үүний учир шалгаан бодит байдлын талаар огт дурдсангүй. Тийм учраас энэ асуудалд шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд анхаарлаа төвлөрүүлж, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан ажлын хэсэг гарган, вирусын оношлогоо, шинжилгээ, эрт илрүүлэлт, эмчилгээний үр дүн, улсын төсвийн болон ЭМД-ын хөрөнгийн зарцуулалтын байдлыг шалгаж алдаа оноог нь шүүх хэрэгтэй. Энэ бол иргэдийн эрүүл мэндийг хохироохгүйн тулд хийх ёстой ажил гэж үзэж анхаарлаа хандуулна гэдэгт УИХ дахь Ардчилсан намын бүлэг итгэж байна.
Эрхэм Ерөнхий сайдаа
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан дараах асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болохыг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Танд санал болгож байна. Зарим тодорхой бус асуудалд Та болон Эрүүл мэндийн сайд энэ хэлэлцүүлгийн явцад хариулт өгвөл сайн байна.
Нэгдүгээрт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхойлох 19 шалгуур үзүүлэлтээс 4 нь 2020 онд, бусад нь 2018, 2020 онд үнэлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд судалгаанаас үзэхэд энэ жилд үнэлэх ёстой 15 шалгуур үзүүлэлтээс дөнгөж дөрвийнх нь суурь үзүүлэлт тодорхой байгаа юм байна. Суурь үзүүлэлт байхгүй тохиолдолд цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг зөв үнэлэх боломжгүй юм. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө эдгээр суурь үзүүлэлтийг Эрүүл мэндийн яам үнэн зөв тодорхойлсон байх учиртай. Тэгээгүйгээс хүрэх ёстой үр дүн өнөөдрийн бодит байдал хоёрын хооронд ихээхэн зөрүү гарч байна. Жишээ нь С вирусын илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүний тоо 2018 онд нийт хүн амын 40% хувь буюу 1,2 саяд хүрсэн байх ёстой байтал одоогоор 4 дахин бага буюу 346.302 хүн хамрагдсан байх жишээтэй. Энэ хурдаараа явбал хөтөлбөр хугацаандаа хэрэгжих ямар ч боломжгүй юм.
Хоёрдугаарт, Хөтөлбөрийн зорилт 2-ын 2 дугаар шалгуур үзүүлэлтийн дагуу В вирусын халдвартай хүмүүст Д вирусын халдварыг илрүүлэх шинжилгээг хийх ёстой бөгөөд 2018 он гэхэд нийт хүний 30 хувь нь хамрагдсан байх ёстой атал одоогоор энэ ажил огт хийгдэж эхлээгүй байна. Энэ ажил хэзээ эхлэх юм бэ? Эсвэл огт хийхгүй зөвхөн С вирусээрээ шоу хийсээр байгаад дуусах гээд байна уу.
Гуравдугаарт, Энэ хөтөлбөрийн гол шалгуур үзүүлэлт болох элэгний вирусын архаг халдвар тээгчдийг элэгний хавдрын эрт илрүүлэгт хамруулж, хөтөлбөрийн зорилгод, элэгний хавдар, хатуурлын гаралтай нас баралтыг бууруулна гэж орсон байна. Гэтэл энэ ажил огт хийгдэхгүй өдий хүрч байна. Хорт хавдрын хяналт илрүүлэлтийг сайжруулахгүйгээр яаж нас баралтыг бууруулах болж байнаа.
Дөрөвдүгээрт, Хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 75 хувийг В вирусын дархлаажуулалтанд хамруулсан байх ёстой. Одоо хэдэн хувьтай байна вэ? Энэ талаар мэдээлэлд огт дурдагдсангүй.
Тавдугаарт, С вирус тоологдсон 17.500 хүнээс хэд нь С вирусын эмчилгээнд хамрагдсан бэ? Ерөнхий сайдын мэдээлэлд нийт хамрагдсан хүний тоо байгаа боловч вирус тоологдсон хүнээс хэдэн хувь нь орох ёстой эмчилгээндээ хамрагдсан нь тодорхой бус байна. Бидний тооцоогоор энэ тоо 40% буюу багадаа 7000 байх ёстой.
Зургаадугаарт, Эмчилгээ, оношилгоо хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэнд адилхан тусгагдсан атлаа В, Д вирусыг тоолох шинжилгээ яагаад Эрүүл мэндийн даатгалаар хийгдэхгүй байна вэ? Хөтөлбөрийн хоёрдугаар зорилтын тав, долоо дахь шалгуур үзүүлэлтээ хаячхаад С вирус гэж хэт туйлшраад байгаа юм бишүү. Энэ талаар ямар ажил хийж ямар үр дүнд хүрч байна вэ. С вирусын эмчилгээний горимыг бүрэн дуусгасан өвчтөнүүдээс хэдэн хувь нь бүрэн эмчлэгдсэн гэсэн дүн гарч байгаа вэ? Энэ бүхэн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ёстой ажил учраас энэ асуудлыг хөндөж байгаа юм.
Долоодугаарт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн дотор “Ариутгалын чанарыг биологийн индикатороор, уурын тархалтыг тестээр хянадаг болсон Эрүүл мэндийн байгууллагын эзлэх хувийг 2018 онд 50 хувьд хүргэх” зорилт байгаа ч энэ талаар өнгөрсөн хугацаанд хийж төлөвлөж эхлүүлсэн ажил огт сонсогдсонгүй. Энэ хүрээнд юу хийж байна вэ, алга байгааг юу гэж ойлгох вэ,
Эцэст нь АН ын бүлэг вируст хепатит болон элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй, зөв хэрэгжээсэй гэж хүсч байна. Нэр нь л өөр болохоос вирусын халдвартай тэмцэх ажил бидний санаачилж эхлүүлсэн ажил болохоор цаашдаа ч энэ асуудал дээр та бүхнийг дэмжиж хамтран ажиллах болно. Харин бидний дээрх саналыг бодлогын хүрээнд судалж, тодорхой арга хэмжээ авахыг хүсч байна. Эрүүл монгол хүний төлөө хийх ажлыг улс төржилтөөс хол байлгаж, Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийн зарцуулалтыг эздийнх нь эрүүл мэндийн төлөө зөв зарцуулах нь Та бидний эрхэм зорилго байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн үед УИХ-ын гишүүд ЭМД-ын сангаас хөрөнгө мөнгө хуваарилуулах санал санаачлага гаргаж хуулийн төсөл өргөн барьж зарим нь “Миний ойр дотны хүнээс хоёр ч хүн энэ өвчнөөр нас барсан учраас би энэ хуулийг санаачилсан” гэж ярьж суухыг харлаа. ЭМД-ын сан ЭМЯ-ны мэдэлд ирсэн учраас эмч сувилагчдын цалинг нэмэгдүүлэх, байшин барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах боломж бүрдэж байгаа тухай яриа ч гарах боллоо. ЭМД-ын сан хомсдолтой учраас эрх зүйн хувьд зарцуулалтыг нь хатуу хуульчилсан учраас гишүүд дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулах гэж санаархаж хэрхэвч болохгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Таныг анхаарлаа хандуулж ийм зохисгүй үйлдлийг МАН-ын УИХ дахь бүлэг, Засгийн газрын зүгээс дэмжихгүй байхыг хүсч байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлт | ||
Үзсэн: 1706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.