Хамгийн анх 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаар манай ард түмэн сар шинийн баярыг тэмдэглэж ирсэн түүхтэй. Социалист нийгмийн үед нэг хэсэг завсардсан уламжлалт баяр сүүлийн жилүүдэд сэргэж, зарим талаараа хэтийдэх шахаж байна. Хэтрэх гэсний учир нь бэл бэнчингээрээ гайхуулж, сайрхах томчуудын хөлд баяраа тэмдэглэх гэж барьцах борчуул өртдөг болчихоод байна. Энэ ч яахав, уламжлалт ганц баяраа даяаршиж, монгол ёс жаяг сарниж байгаа энэ үед утга төгөлдөр тэмдэглэн хэвшиж байгаа нь сайн хэрэг. Харин жил бүр сар шинийн баяр дөхөхөөр үүсдэг олон асуудлуудын нэг нь өнөөх үнийн хөөрөгдөл. Өнөөдөр тэрхүү үнийн хөөрөгдлийг “цогц хөтөлбөр” хэлбэрээр нь ярих цаг болж. Үүний эхэнд нэг хөгжилтэй гэх юмуу хөгийн ч гэх юмуу түүхээр эхэлье гэж бодлоо.
Миний нэг таньдаг айл байдаг юм. Одоо 50 орчим настай гэр бүлийн хоёр. Тэднийх цагаан сараар таваг засдаг ул боовоо долоон жил хэрэглэж байгаа гэнэ. Цагаан сар дуусахаар тавгаа хураагаад хэвийн боовнуудаа сайхан тэгшхэн хатаагаад хураачихна, ирэх жил түүнийгээ гаргаж ирээд л тавьчихна. Сар шинээр гэрт нь ирсэн хүмүүс лав ул боовыг сугалж аваад идэхгүй, олон жил хадгалсан гэж огт мэддэггүй юм гэсэн. Жил бүрийн хавар хамаг дансаа улайлгаж аргаа бардаг манайханд бол харин ч “зүгээр” санагдсан шүү. Харамсалтай нь цагаан сарыг ганц ул боов, ууц хоёроор тэмдэглээд өнгөрдөггүй.
Дээр дурьдсан үнийн хөөрөгдлийн цогц гэж нэрлэсэн асуудлын хамгийн эхнийх нь яах аргагүй сар шинийн идээний өнгө буюу ууцны үнэ. Энд ууц, ул боов, сүү, айраг, төрөл бүрийн цагаан идээ гээд бүгд орно. Жил бүр л энд тэндхийн зах, худалдааны төвүүдэд цагаан сар дөхөхөөр дээрх бараануудын үнэ огцом өсдөг. Энэ жил ч ялгаагүй 1 дүгээр сарын байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас 4,1 хувиар өссөн байна. Сар шинийн хамгийн чухал идээ гэгдэж баярын ширээн дээр залардаг ууц хамгийн багадаа 150 мянга, харин өнгө зүс өөх тарга гайгүйг нь сонгоё гэвэл 400 мянган төгрөг. Үнэтэй гээд яахав, жил бүрийн ганц энэ баяраар л хол ойрын ах дүүстэйгээ уулзаж, хэрхэн өнгө зүстэй амьдарч байгаагаа харуулдаг бичигдээгүй заншилтэй ард түмэн юм чинь. Ууцны хажуугаар бас нэг үнийг хөөрөгдөг зүйл нь цагаан идээ. Ааруул л гэхэд аль аймаг, сумаас ирсэн, аль үйлдвэрийнх гэдгээсээ шалтгаалж 3000-18000 төгрөгний хооронд үнэ нь хэлбэлзэж байна. Мэдээж, гурил хамгийн бага орсон брэнд ааруул хамгийн үнэтэй, цаашлаад гурилын орц нормоос нь шалтгаалаад хямд зарагдаж байна. Цагаан өнгөтэй ааруулын гол түүхий эд нь гурил голдуу байх бол бор шаргал ааруулын орцны дийлэнхийг аарц зохилох жишээтэй. Өөрөөр хэлбэл, бэнчингээсээ хамаараад чанарын баталгаатай хүнс хэрэглэх аж. За тэгээд айраг, сүү бүгд л үнийн дээдэд заларна.
Сар шинийн баяраар багагүй хөрөнгө зарцуулдаг бас нэг зүйл бол яах аргагүй гарын бэлэг. Эрт дээр үеэс монголчууд хүүхэд болоод хөгшдийн гарыг цайлгах, сар шинээр гэрт нь орж ирэхэд бэлгэ дэмбэрлээ бодож хоосон гаргахгүй гэж гарын бэлэг өгдөг байснаас бус өнөөдрийнх шиг утга учиргүй хэрэгтэй хэрэггүй хятад бараа солилцдог, бэл бэнчингийнхээ хэрээр өрсөлддөг байгаагүй юм билээ. Гэтэл гарын бэлэг гээчид баригдан дансаа улайтал “Эрээн”-ий бараанд хошуурч, үүнийг нь өмнөд хөршийнхөн андахаа байчихаад үнээ өсгөж, эцсийн дүндээ бэлэг сэлт бэлдэх ард түмний халаас хоосрох нягуур шат дараалсан үнийн өсөлтөөс бий болдог болж.
Цагаан сараар хэл ам дагуулдаг бас нэг асуудал бол өнөөх шарсан мах анддаггүй шар зурхайчид. Жил бүр л өөр хийх ажилгүй хүлээж суудаг юм шиг цагаан сар дөхөхөөр өөр өөрсдийн цагаан сар хийх өдрөө товлож орхино. Төгсбуянтын зурхай, шар зурхай, за тэгээд амбицлах дуртай Б.Арго мэт нөхдийн өөрсдийнх нь зохиосон Тэнгэрийн зурхай гээд олон төрлөөр зурлагаа гаргахаар шинийн нэгэн нь өөр өөр өдрүүдэд товлогдоно. Хошуурах дуртай манайхныг харин ч нэг “маанагтуулна” даа. Зарим жил бүр хоёр тусдаа ч хийж байсан тохиолдол бий. Улсынхаа иргэдийг ингэж төөрөгдөлд оруулж байхаар тэр хүндэт зурхайчид нь төв Гандантэгчинлэн хийдийнхээ тэргүүнтэй ярилцаад нэгтгэчих гэхээр “амбиц” нь уначих гээд болдоггүй бололтой. Жилийн жилд энэ маргааныг хэн нь төрийн тэргүүнд сууж байна, түүний шийдвэрээр дагадаг болоод байгаа. Үүнийх нь үрэ.эр Төгс буянтын зурхай голлосоор ирсэн.
Дараагийн хэсэг асуудал бол ченжүүдийн оргил үе. Сүүлийн хэдэн жилд бараг л ченж гэдэг мэргэжил бий болсон. Элдэв баяр наадам болохоор л хамаг ажил нь эхэлж орлого нь өсдөг тэдгээр хүмүүс цагаан сараар харин ч нэг цулайдаг гэж байгаа. Сар шинийн гол бүтээгдэхүүн болсон ууц, цагаан идээ, сүү айраг бүгд тэдний гараар дамжина. Зунжин хурааж хадгалсан цагаан идээгээ цагаан сараар айл саахалтын хүмүүсийн гарыг цайлгах бэлэг болгох гэж хот руу ирдэг хөдөөний иргэдээс барааг нь хямдхан үнээр гар дээрээс нь худалдаж аваад нийслэлийн иргэдэд харин ч хэд нугалсан үнээр зарна. Өөрсдөө малгүй, захиад авчруулах боломжгүй хотынхон ченжүүдийн бэлэн зууш болж байгаа нь тэр. Сар шинэ дөхөхөөр хөдөлгөөнд ордог өөр нэгэн төрлийн бизнес бол зэс мөнгөн аяга, хаш чулуун хөөрөг үйлдвэрлэж дамнуулдаг ченжүүд. Уламжлал сэргэж, хэрэглээ нэмэгдсэн энэ үед үндэснийхээ баяраар уламжлалт зүйлээ хэрэглэх гэсэн манайхныг утгаар нь “шулж” байгаа баримт олон бий. Ялангуяа хөдөөнийхөн ихээр зорьдог захуудад энэ наймаа жинхэнэ гал гаргадаг гэсэн.
Эцэст нь хөндөх бас нэг асуудал бол Цагаан сарын гоёл буюу үнэд хүрсэн дээл. Сар шинээр манайханд дээл, бүс, малгай тэргүүтэн хамгийн чухал. Багадаа л сая төгрөгний үнэтэй дээлээр хосоороо гангарч, булган малгайгаа духдуулж аваад л шинэлнэ. Энэ ч гайгүй хэрэг, хэрэглээ өндөртэй эрхмүүд бол арав, зуун саяар тоологдох хөөрөг даалингаа зүүж зэс мөнгөн аягандаа цайгаа оочлоно. Уламжлал нь юм, ёс нь юм гээд дээл хувцас өмсъе гэхээр үнэ нь дийлдэхгүй, оёулаад өмсъе гэхээр материал нь үнэд орчихно. Ингээд баярын ханш жилээс жилд өссөөр өнөө жил өмнөх жилөөс 1,5 дахин өссөн үнийн хөөрөгдөлд бид сайхан гэгч нь шинэлэх болчихоод байна.
Энэ бүгдээс дүгнэхэд бидэнд хоёр сонголт байх шиг. Нэг бол жил бүрийн энэ үед оргил цэгтээ хүрч иргэдийг хөлдөө чирдэг үнийн хөөрөгдлөөс улбаатайгаар “уламжлалт баяр”-аа ор төдий тэмдэглдэг болох, эсвэл хэдэн зуун жил уламжилж ирсэн үндэсний их баяраа өв соёлтой нь авч үлдэхийн тулд “үнэ” гээч мангастай тулалдах, эс бөгөөс нүүр тулах.
Хэдэн зуун жил өвлөж ирсэн үндэсний энэ баярын ууц тавьдаг, хэвийн боовоороо таваг засдаг, өтгөс буурлууддаа золгож, хүүхэд багачуулын гарыг цайлгадаг, айл хотлоороо уулзан золгодог өв уламжлал руугаа “нүсэр байна, гарлагатай байна” хэмээн дайрахын оронд утгаар нь тэмдэглэхэд дарамт үзүүлж буй үнийн хөөрөгдөл, хэдхэн хүний ашиг хонжоо харсан улаан нүдтнүүд, үнийн хөөрөгдлийг хазаарлаж чаддаггүй засаг төрийн хазгай бодлоготой халз үзэлцэх нь юу юунаас илүүтэй чухал болсон байна.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.