![](/uploads/201403/news/thumb/b8bc6a62943af87b1dfc77e23af7d9da_x3.jpg)
Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 50 хувиар буурсан. 2012 онд манай улсад дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол, 2013 онд үүний тал буюу хоёр тэрбум доллар орж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор дотоодын зах зээлд долларын ханш өсч байгаа таагүй дүр зураг ажиглагдаж байгаа.
Өнөөдөр эхэлсэн “Монголын эдийн засгийн чуулган”-ы үеэр Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягтай гадаадын хөрөнгө оруулалт болон бусад асуудлаар ярилцсан юм.
-Манай улс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжье гэж олон жил ярьж байгаа. Гэтэл та илтгэлдээ бид хүрэн эдийн засгаасаа ч гараагүй байгаа шүү гэж тодотгосон?
-Бид хэдэн жилийн өмнөөс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжье гэж ярьж байна. Гэхдээ бодит байдал дээр зүгээр л хэт туйлшраад асуудлыг өрөөсгөл байдлаар улстөржүүлээд байна. Үүнийгээ зогсоохгүй бол бий болгох гэж байгаа уул уурхайн үйлдвэрлэлээ боогдуулаад байгаа тал ажиглагдаж байна. Тиймээс цаашдаа илүү бодитой, илүү прагматик байдлаар асуудалд хандах хэрэгтэй байна. Бидэнд юу байна. Уул уурхайн түүхий эд л өнөөдөр байна. Үүнийгээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, зах зээлд өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй байгаад байгаа юм. Харин орж ирэх орлогыг нь хуримтлуулаад бусад салбараа хөгжүүлж болно. Тухайлбал, илүү нарийн, илүү өрсөлдөх чадвартэй брэнд үйлдвэрлэж орлогыг хуримтлалын сангууддаа төвлөрүүлж болно. Хуримтлалын сангаасаа үр ашигтай хөрөнгө оруулалт хийгээд явах ч бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
-Тэгэхээр уул уурхайн орлогодоо л найдах хэрэгтэй болох нь ээ?
-Бид нийслэлийнхээ дэд бүтцийн асуудал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал, орон байрны асуудал гээд их зүйл шийдэх хэрэгтэй байна. Мөн үйлдвэрлэлээ илүү эрчтэй хөгжүүлье гэвэл заавал дэд бүтэц, зам барилга, төмөр замын асуудлаа бүрэн дүүрэн шийдсэн байх ёстой. Хойноос оруулж ирдэг нефть болон газрын тосны асуудлыг ч мөн л шийдэх хэрэгтэй байна. Амьдрал үргэлжилж байгаа учраас эрүүл мэнд болон боловсролын асуудлаа давхар шийдээд явах хэрэгтэй. Энэ олон асуудлыг нэгэн зэрэг шийдэхэд бидэнд мөнгө хэрэгтэй. Тиймээс бид асуудлуудаа зөв эрэмбэлээд дэс дараатай шийдэх ёстой болж байна л даа. Миний бодлоор бол эхлээд уул уурхайн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлээд үүнээс орж ирэх мөнгөөрөө дээр дурдсан асуудлуудаа шийдээд явах нь оновчтой. Үүний дараа бид мөнгөө хуримтлуулаад, үүнийгээ үр ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулж болно шүү дээ. Тухайлбал, Майкрасофтийн хувьцааг яагаад худалдан авч болохгүй гэж.
-Бид уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй л гээд байдаг. Гэтэл уул уурхайн салбар уналтад орчихоод байгаа шүү дээ. Хайгуулын шатандаа ч, үйлдвэрлэлийн шатандаа ч тэр. Өнгөрсөн ашиглалтад оруулсан Оюутолгойн ил уурхайн ажил хэвийн явагдаж байгаа ч, далд уурхайн ажил гацчихсан байгаа?
-Бид өөрийн эдийн засгаа өөрсдөө дэгээдээд унагачихсан шүү дээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө гээд ер нь хэлэлцээр явж байгаа. Харин хэлэлцээрийн үр дүн гарахгүй нэг жил болж байна. Хэлэлцээр удааширч, ойлгомжгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэж байна. Мэдээж энэ нь гадаадын хөрөнгө оруулалт буурахад нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг. Нөгөө талаас Оюутолгойн хэлэлцээр удааширч, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлоод байгаатай холбоотойгоор Монгол руу орж ирэх валютын урсгалыг царцааж байна... гэх мэтчилсэн Оюутолгойгоор оролдож байгаад, бид өөрийн эдийн засгийг дэгээдээд унагачихлаа. Тиймээс үүнийг улстөржүүлээд байх хэрэггүй гэж бодож байна. Манай улсын хөгжлийг хойш татсан л асуудал болно. Бид Оюутолгойн өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг түргэн шийдэхгүй бол, гадны хөрөнгө оруулалтыг татах боломж байхгүй болно.
-Үүнээс гадна, Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани “Соут гоби ресурс” дэх эзэмшлээ Хятадын төрийн өмчийн Чалко компанид худалдах гэрээ байгуулахад, манайхан үүнийг таслан зогсоохын тулд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулах тухай хууль батласан шүү дээ. Энэ хөрөнгө оруулагчдыг үргэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж яригддаг?
-Тийм зүйл болсон. “Туркойз хилл” компани “Соут гоби ресурс” дэх эзэмшлээ Чалко компанид худалдах гэрээ байгуулахад, манайхан хадны мангаа орж ирэх нь гээд, улстөрчид нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батласан нь хожим гай тарьсан. Энэ хуулиас болоод хөрөнгө оруулагчид мөн л үргэсэн шүү дээ. Тиймээс энэ хуулийг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын тухай хуультай болсон. Гэсэн ч хөрөнгө оруулагчид эргэж ирсэнгүй... Оюутолгойн асуудлыг шийдээгүй байгаа цагт, шинэ хууль гаргалаа гээд юу ч шийдэхгүй. Оюутолгойн дийлэнх хувийг эзэмшиж байгаа компанийн хувьцааг дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагчид худалдаад авчихсан байгаа. Бид нар асуудлаа гацаанд оруулчихаар, Монголыг ажиглаж байсан хувьцаа эзэмшигчид бүгд айлтын байдалтай, Монгол хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихаад хэлснээсээ буцдаг юм байна гээд итгэл нь буурна аа даа. Үүнээс болоод л бусад салбарууд руу хөрөнгө оруулалт хийж байсан хүмүүс манайхаас үргэхэд хүрч байгаа юм. Бид нар өөрсдийгөө дэгээдээд унагачихсан гэж би хэлээд байгаа нь энэ шүү дээ.
-Хөрөнгө оруулалт үргэхэд нөлөөлж буй өөр хүчин зүйл бий юу?
-Одоогоор тогтоогдоод байгаа газар доорх байгалийн баялаг маань гурван их наяд долларын үнэ цэнэтэй. Бидэнд тэрбумтан байх боломж байна, зөв ухаалгаар ажиллаж чадвал шүү дээ. Үүнд хамгийн гол нь юу саад болоод байна гэхээр жишээлбэл нөгөө Дорноговийн ураны асуудал байна. Хэн ч уранаар цөмийн зэвсэг хийгээд биднийг дэлбэлээд алчихна гээгүй. Шар нунтгаа гаргаж үзье, боловсон хүчнээ одооноос эхлэж бэлдье гэсэн асуудал байгаа. Магадгүй 20 жилийн дараа цөмийн физикч хүмүүс бидэнд хэрэгтэй байж магадгүй. Дэлхий нийтээрээ цөмийн эрчим хүчийг хэрэглэж байна. Гэтэл улстөржөөд байх нь боломжийг хаагаад байгаа хэрэг. Ер нь цариг нарийн байх уу, өргөн байх уу, нефтиэ ОХУ-аас авах уу, Хятадаас авах уу гэдэг нь чухал биш. Энэ жижиг асуудлууд дээр ач холбогдол өгдгөө хойш тавьж, асуудалд бизнес сэтгэлгээ гүйлгээ ухаанаар хандаж шийдэх ёстой. Үүнд ямар ч улстөр хэрэггүй.
-Оюутолгойн ордын 34 хувийг зарах яриа байдаг. Бизнесмэн хүний хувьд таны бодлоор энэ хэр зөв шийдэл мөн үү?
-Зарж болно. Төр заавал хувьцаа эзэмших шаардлагагүй. Төр өөрөө татвар болон бусад үүсвэрээс төсвөө бүрдүүлээд, үүнийгээ улс эх орондоо зарцуулах ёстой. Оюутолгойг бид хэтэрхий томоор бодоод байдаг. Зүгээр л нэг компани шүү дээ. Дэлхий дээр ийм уурхайтай, ийм лицензтэй компаниуд хэдэн мянгаараа л байна. Заавал төр тэдэн хувийг эзэмших ёстой гэсэн хууль байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн жишээ хүртэл байна шүү дээ. Төр хэтэрхий их оролцохоороо бүх зүйл болохоо байдаг. Төр муу менежер байдаг гэж үг байдаг шүү дээ. Ер нь ил тод байдлыг хангаж засаглалыг нэвтрүүлж, хувьцаа эзэмшигчид өөрсдөө хянадаг тийм байдлаар бизнесийг явуулахад буруудах зүйлгүй.
-Бид баялгийн сангийн хуримтлалаар хөрөнгө оруулалт хийж болно гэж та түрүүн хэллээ. Тухайлбал, Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компанийн хувьцааг авч болох нь байна. Ингэвэл, шууд биш замаар бид Оюутолгойгоос хүртэх хувиа нэмэгдүүлж болох гарц байгаа юм шиг харагддаг?
-Тэгэх боломж байгаа. Нью-Йоркийн болон Тронтогийн хөрөнгийн биржэд энэ компанийн хувьцаа арилжигддаг. Хувьцаа нь зах зээл дээр чөлөөтэй эргэлдэж байна. Иргэд ч гэсэн Оюутолгойн 66 хувийг эзэмшигч компанийн хувьцааг авч болох шүү дээ. Өнгөрсөн баасан гарагт гэхэд тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржэд 3.36 ам. долларын ханшаар хаагдсан байсан. Харин Тронтогийн хөрөнгийн бирж дээр 3.78 канад долларын ханшаар хаагдсан. Өмнө нь 20-30 доллар хүрдэг байсан хувьцаа өнөөдөр хямд байна шүү дээ. Иргэд яагаад авч болохгүй гэж. Банкинд хадгалуулж байснаас бага зэрэг эрсдэл хүлээгээд брокерийн компаниар дамжуулаад, захиалгаа өгөөд олон улсын хөрөнгийн биржээс хувьцаа авч болно шүү дээ. Гэх мэтчилэн олон улсын биржээс Монголтой холбоотой компаниудын хувьцааг авч, төрөөр дамжуулахгүйгээр хувьцаа эзэмшигч болж болох гарц нээлттэй л байдаг шүү дээ.
-Та иргэд Оюутолгойгоос хувь хүртэж болох талаар ярилаа. Төр худалдан авч, шууд бус замаар Оюутолгойгоос нэмж хувь хүртэх боломжийн талаар би уг нь асуусан юм?
-Төрийн тухайд, баялгийн сангуудаа бий болгоогүй байгаа учраас хараахан боломжгүй. Төрийн өмчийн хороог баялгийн сангийн хэлбэр лүү оруулъя гэж байгаа. Төрийн өмчтэй компаниудыг тэр сан руу шилжүүлээд, компанийн засаглалтай, хувийн компаниудын ажилладаг тэр зарчмаар нээлттэйгээр явуулья, улс төрөөс ангижруулья гэдэг тэр санаа л явж байгаа. Хэрэв баялгийн сантай болчихвол, бид Оюутолгойн хувьцааг авч болно. Тэр ч байтугай Рио Тинтогийн хувьцааг ч авч болно. Рио Тинтогийн хувьцааг эзэмшдэг дэлхийн томоохон банкуудынх нь ч хувьцаа авч, өөрсдөө хөрөнгө оруулагч болох боломжтой. Тэднээс ялгараад байх зүйл юу байна.
Ч.Ганхуяг: Бид өөрсдөө эдийн засгаа дэгээдээд унагачихсан шүү дээ | ||
Үзсэн: 2543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.