
Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Баяраагийн Наранбаатарын түүхэн дурсамжийг уншигч танаа хүргэе.
Үүнийг уншсан хүн бүхэн тамирчин хүний тэвчээр хатуужил, зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзлийг мэдрэх болов уу.
Aфины олимп дуусч хэсэг амарлаа. Хичээлдээ ч явав. Бэлтгэлээ бараг гурван сар хаясан болохоор бэлтгэлээ ч хийж эхэллээ. 2005 оны нэгдүгээр сар гараад талдаа орж байв. Клубуудын бэлтгэл жигдэрч Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээнд бэлтгэлээ базааж байх зуур миний бие нэг л хачин оргиод болдоггүй. Амьсгал давчдаад нэг бүтэн амьсгаа авахаа болих шинжтэй болохоор нь гэртээ харилаа. Шөнө ч гэсэн унтсангүй. Тиймээс маргааш өглөө нь ээжид хэлсэн чинь “Эмнэлэг явж зүрхээ хянуул” гэв. Харин би “Залуу хүний зүрх яав л гэж” гээд зөрүүдэлсэн ч тусыг эс олов. Ингээд хоёрдугаар эмнэлэг рүү явж зүрх судасны тасгын их эмч Oюунцэцэгт үзүүлэн зүрхний бичлэг хийлгэлээ.
Эмч бичлэг харсанаа нэг их юм ярьсангүй гарч яваад хэсэг хугацааны дараа олуулаа болоод ороод ирэв. Тэгээд “За одоо ямар зовиур байна. Яахаараа ийм залуу хүн настай хүнийх шиг өвддөг байна аа” гээд хэдэн зүйл асууж байна. Тэгснээ эмч “Одоо шууд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлнэ” гэлээ. Тэгэхээр нь би гайхаад “Эмчээ би гэртээ харичаад ирье” гэтэл “Тийм юм байхгүй” гээд тэргэн дээр түрэн тасаг руу авч одлоо.
Зүрхний хэм алдалт нэлээн тогтворгүй хүнд шатанд иржээ. Удаан хугацаанд бэлтгэлээс хөндийрсөн болохоор зүрхэнд огцом ачаалал өгч ийм байдалд очсон юм байна. Би айж эхлэв. Биеэр дүүрэн зүрхний аппартны наалтууд. Дээд, доод цэгт хүрэхэд дуу нь хадаад л юм юм л бодогдон айдас дунд дөрөв хонолоо. Орноосоо ч босч болохгүй заалттай болохоор хүний гар дээр өнгөрүүлэв.
Эмчээсээ “Би одоо барилдах болов уу” гэж байн байн л асууна. Хариулт нь “Юун барилдах гэж” гээд урам хугалсан хариулт өгхөд нь би “Цаашид би юу хийх вэ” гэж өөрөөсөө асууна. Гэвч хариулт алга аа, юу ч санаанд орохгүй байв. Тасагт шилжүүлэн ес хонолоо. Тав дахь хоногтоо орноосоо бууж болох зөвшөөрөл аван эмнэлэгийн орноос буухад хоёр өвдөг салгалан чичирч байлаа.
Өөрийгөө өрөвдөх шиг. “25 настай залуу ийм сул дорой болох гэж. Хүнд өвчний өмнө сөхөрдөг юм байна даа” гэж өөрийгөө тайвшрууллаа.
Өдөр өдрөөр бичлэг нааштай хариу өгч эмнэлэгээс гархад эмч маань “Аажмаар яаралгүй бэлтгэлдээ ороорой. Барилдаж болох байлгүй дээ, залуу хүн аварга болно шүү, амжилт” гэж хэллээ.
Энэ үг ямар их урам зориг, хүсэл тэмүүлэл өгснийг одоог болтол мартдаггүй юм. Kлиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн зүрх судасны Oюунцэцэг эмч дотрын тасгийн Байгал эмч нартаа баярлаж явдаг шүү.
Одоог хүртэл алтан гарт эмч эгч нар маань ажилсаар л байгаа. Эмнэлэгээс гараад шууд өдрийн тэмдэглэлдээ “Би дэлхийн аваргаас медаль заавал авна” гэж зорилго тавин тодоос тод өөртөө итгэл дүүрэн бичлээ.
2005 оны наймдугаар сард дэлхийн оюутан залуусын универсиад наадмын аварга болон сар гаруй хугацааны дараа буюу есдүгээр сарын 26-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, миний бичсэн зорилго биелэлээ олсноор баярын нулимс дуслуулж байлаа.
Тамирчин хүн аливаа том бэрхшээлийг хэрхэн даван туулах сэтгэлийн хат, тэсвэр хатуужил, өмнөө тавьсан зорилго байхад амжилт гаргаж болдог юм байна гэдгийг үзлээ. Хамгийн гол нь хувийн сахилга бат, хяналт их чухал юм.
Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү ... Aмжилт залуусаа.
Хүндэтгэсэн Б.Наранбаатар
“Аажмаар яаралгүй бэлтгэлдээ ороорой” гэдэг үг надад ямар их урам, зориг өгсөн гээч | ||
Үзсэн: 2328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.