![](/uploads/201308/news/thumb/8e3e111c9c7d96e77817fd5d08db0ccd_x3.jpg)
-Хайрганы 10 компани байгаль орчинд 8,8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ -
Элс хайрганы компаниуд Туул гол дагуу олборлолт хийсээр олон цүнхээлийг үүсгэж, эдгээр цүнхээлд нь жилд 6-8 хүн алтан амиа алдаж, ийм цүнхээлийн ойр хавьд амьдарч байгаа болон хажуугаар нь явж байгаа энгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, гамшгийн байдалд нэгэнт ороод байгааг холбогдох газруудаас мэдээлсээр байна.
Туул голын арын эрэг дагуу Сонгинохайрхан уулын зүүн бэлд 10 орчим элс, хайрганы компаниуд олборлолт явуулдаг бөгөөд тэд өнгөрсөн хугацаанд олон тооны цүнхээл үүсгэж, энэ хавар дөрөвдүгээр сард гэхэд аав, охин хоёр осолдож амиа алдсан, зургаадугаар сард хоёр хүн живсэн харамсалтай хэргүүд гараад байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Мөн олборлолт явуулж байгаа компаниуд байгаль орчинд 8,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг байгаль орчны үнэлгээний компаниуд тогтоогоод байна.
Ийм учраас наймдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Тавдугаар хурал хуралдаж, дээрх компаниудад торгууль ногдуулан шалгалт хийж, шаардлагатай бол үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авах гэж байгаа юм байна. Одоогоор сүйдэж, цүнхээл үүсч, хүмүүст аюултай нөхцөл байдал бий болгосон 600 орчим га талбай байгаа бөгөөд эхний ээлжинд энэ талбайг нь улсын хамгаалалтад авч тусгай хэрэгцээний газар хэмээн зарлах шийдвэрт хүрээд байгаа аж. Харин эдэлбэр газрын зөвшөөрөлтэй хэрнээ бусад зөвшөөрөл нь хуультай зөрчилдөж байгаа элс, хайрганы компаниуд энэ ажлыг эсэргүүцэх төлөв ажиглагдаж байгаа юм байна.
Одоогоор “Найрамдал” ордыг тойрсон найман компани болоод Шар дөрөлжийн даваа, Эмээлт орчмоор элс хайрганы зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй компаниуд үйл ажиллагаа явуулж, байгаль орчин сүйтгэсээр байгаа аж. Хамгийн гол нь энэ тэмцэл үр дүнтэй байгаасай гэж иргэд хүсч байна. Учир нь, тавдугаар сард Хан-Уул дүүргээс элс, хайрганы компаниудтай тэмцэл хийсэн ч том албан тушаалтай, улс төрийн артай компаниуд арга хэмжээ авсан хүмүүсийг нь эргээд чадсан удаатай. Иймд энэ удаа СХД-т өрнөх гэж байгаа элс хайрганы компаниудтай хийх тэмцэлд иргэд ялалтыг хүлээж, байгаль орчноо аврах, тусгай хамгаалалтад авсан голын ай сав газраа хашаагаар хүрээлэн цэцэрлэгт байгууламж болгохыг хүсч байгаагаа хэлж байна.
Туул голын 600 га талбайг тусгай хэрэгцээнд авна | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.