Шууд Chart

Соёлын шок

2015-02-16 07:59:46

Соёлын шок гэх холбоо үгийг бид энд тэндгүй л сонсдог, огт үзэж хараагүй шинэ содон зүйлтэй танилцахдаа шинэ гарсан техникийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг ашиглаж мэдэхгүй байх үедээ "соёлын шоконд орлоо” гэж ярьдаг. Наргиан зүйрлэл болгон хэрэглэгддэг энэ холбоо үгийг шинжлэх ухааны нэгэн нэршил, онол болохыг та мэдэх үү.

Хүн бүр харилцан адилгүй зорилготойгоор гадаад орныг зорих нь бий. Эрдэм мэдлэг өвөртлөхөөр, ажиллаж хөдөлмөрлөхөөр, аялан зугаалахаар, дэлхий ертөнцийг өөр нэгэн өнцгөөс харж, шинэ шинэ сэтгэгдэл тээхээр гээд баруунаас зүүн рүү, урдаас хойшоо гээд зорчицгоодог. Гэвч харь оронд, мэдэхгүй хэл дээр, дасал болоогүй хүмүүстэй харилцаж, суурьшина гэдэг тийм ч амар зүйл биш юм. Зорилгоо гүйцэлдүүлэхэд саад болох олон олон асуудал, хүндрэлүүд үүсдэг гэдэгтэй санал нийлэх биз ээ.

Хамгийн нэгдүгээрт тулгарах асуудал бол нийтлэлийн нэр болох өнөөх СОЁЛЫН ШОК юм. Харийн улсад удаан хугацаагаар байхаар шийдсэн л бол тэрхүү улсын соёл, зан үйлийн онцлог шинжүүдэд дасан зохицох шаардлагатай болно. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг үгийг санаж байгаа биз ээ. Гэвч дасан зохицох гэдэг нь тийм ч амар болоод өнгөрөх үйл явц бас биш байх нь ээ. Тэр тусмаа соёлын шоктой тулгарсан үед. Тэгэхээр соёлын шок гэж юуг хэлээд байна вэ?

Америкийн сэтгэл судлаач К.Оберг 1954 онд "соёлын шок” гэсэн нэршлийг анх гаргажээ. Тэрээр "бие хүн өөрт дасал болоогүй харийн соёлд орох үед олон таагүй сөрөг мэдрэмжүүд үүсдэг, тэдгээрийн нэгдлийг нэгэн төрлийн сэтгэл зүйн цочрол буюу шокын байдал гэж нэрлэж болно” гэсэн санааг үндэслэн энэхүү нэршлийг гаргажээ. Соёлын шокын үед хүн стрессийн нэг хэлбэр болох фрустрацын байдалд орно, тодруулбал энэ нь хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, хэрэгцээ хангагдахгүй байх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр, цөхрөл гэх мэт сөрөг мэдрэмжүүд байнга үүсэх сэтгэл зүйн байдал юм.

Харийн оронд очсоноос хойших ойролцоогоор 7-14 хоногийн дараагаас эхлэн дийлэнх хүмүүс сэтгэлээр унаж, сэтгэл санааны таагүй мэдрэмжүүдийг мэдэрч эхэлдэг. Зөвхөн гэрээ санасан, ганцаардсан, цаг агаар таарахгүй гэх мэт шалтгаанаас болон үүсэж байна гэж ойлгох сөрөг мэдрэмжүүдэд хэт автан энэ байдал цаашид өөрчлөгдөхгүй мэт санан шантрах тохиолдол их байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс соёлын шокын үе өөрт нь ирээд байгааг анзаардаггүй, дасан зохицох боломжтойг мэддэггүй юм. Тиймээс тэр үед өөртэй нь юу тулгараад байгааг мэдэж, ямар арга хэмжээ авбал зохих талаар бодох нь зүйтэй.

Соёлын шокын илрэл бүхий дараах шинж тэмдгүүд бий: бухимдал, бачимдал, шинэ орчин нөхцөлийг хэт шүүмжлэх, цаг агаар, хоол хүнс, хүмүүсийг байнга шүүмжлэх гомдоллох, байгаа улсынхаа хэлийг сурахаас татгалзах, өөрийгөө сул дорой мэтээр бодох, нойргүйдэх, архи, тамхинд хэт орох, психосоматик өвчлөлүүд, депресс, байнга уурлах, түрэмгий авир гаргах г. м. Эдгээр нь түр зуурын байдал бөгөөд өөрчилж болно гэдгийг байнга санах хэрэгтэй. Аливаа соёлд дасан зохицох үйл явц нь соёлын шокоор дамжин өнгөрдөг. Энэ үеийг даваад өнгөрчих л юм бол та аль нэг соёлд дасан зохицож чаджээ гэсэн үг. Ямар ч зүйл мөнхөд үргэлжилдэггүй. Соёлын шок ч мөн адил давж туулах боломжтой зүйл юм.

Соёлын шокыг даван туулах үйл явц нь тодорхой үе шатуудыг дамждаг ба тэрхүү үе шатуудыг аливаа соёлд ДАСАН ЗОХИЦОХ зам гэж нэрлэж болно. "Шинэ орчин –> соёлын шок – >дасан зохицол”. Дасан зохицох хугацаа янз бүрийн хүчин зүйлсээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэд хэдэн сар эсвэл 4- 5 жил хүртэлх хугацааг шаардаж болно.

Харийн соёлд дасан зохицох 5 шат байдаг. Үүнд:

1-р шат – "бал сар”, шинэ газар таалагдаж, шинэ бүхэнтэй танилцаж урам зориг эрч хүчтэй байна.

2-р шат – Харь хэл, амьдрах орчин, хоол хүнс, зан үйл, нийгмийн онцлог зэрэг дасал болоогүй бүхнийг таагүй хүлээж авна, бухимдал эхэлнэ.

3-р шат – Ганцаардал, хамгаалалтгүй мэт мэдрэмж, хүссэнээрээ байж чадахгүйгээс үүдэн эргэн тойрноо шүүмжилж эхэлнэ. Дашрамд дурдахад 2, 3 – р үе шат бол соёлын шокын үе гэж хэлж болно.

4-р шат – Өөртөө итгэх итгэл, сэтгэл ханамж эргэж ирснээр өөдрөгөөр сэтгэж эхлэнэ.

5-р шат – Бүрэн дасан зохицол. Орчин нөхцөлдөө тохируулан хүн өөрөө өөрчлөгдөж, аливаад уян хатан хандахад суралцана. Ингэснээр дасан зохицол бүрэн явагдаж дуусах юм.

Гэвч дан ганц эдгээр үе шатуудаар дасан зохицох явц тодорхойлогдохгүй юм. Шинэ соёлд дасах үйл явц нь олон хүчин зүйлсээс мөн хамааралтай байдаг, эдгээр хүчин зүйлсийг хувийн болон нийгмийнгэж ангилна.

Тэдгээрээс дурьдвал: Хувийн хүчин зүйлс – эдгээр нь бие хүний шинжүүд ба үүнд:

·Нас: Хүүхэд бага насандаа аливаа зүйлд дасан зохицоход амархан байдаг харин өсвөр насандаа дасан зохицох нь илүү хүндрэлтэй болдог. Өөрөөр хэлбэл нас явах тусам дасан зохицох үйл ажиллагаа улам хүндэрдэг.

·Хүйс:  Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол дасан зохицох тал дээр илүү их асуудалтай тулгардаг гэдгийг зарим судалгааны үр дүн харуулсан. Үүнээс үзэхэд эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол аливаад амархан дасан зохицдог байна.

·Боловсрол:  Боловсролын түвшин өндөр байх тусам соёлын шоконд орох магадлал бага.

·Оюун ухаан: Жишээлбэл харилцааны чадвар сайтай хүмүүс шинэ соёлд амархан дасдаг.

·Зан төлөв: Жишээлбэл хүлээцтэй, бусдыг ойлгож чаддаг, уян хатан зан чанартай хүмүүс дасан зохицох үйл явцыг амархан давж гардаг.

·Амьдралын туршлага:  Зорчих орныхоо түүх, соёл, амьдралын нөхцлийг мэддэг оршин суугчидтай нь харилцаа холбоотой байх нь дасан зохицох үйл явцыг хөнгөвчилнө.

Нийгмийн хүчин зүйлс:

- Өөрийн төрөлх эх орон болон аялах орон хоорондын соёлын ялгаат байдал бага байх тусам соёлын шоконд орох нь бага байна.

·Төрөлх эх орон болон зорчих улс орон хоорондох нийгмийн янз бүрийн хүрээг хамарсан зөрчил байхгүй байх нь дасан зохицох явцыг хөнгөвчилнө.

·Өөрийн төрөлх соёлд хэт хатуу чанга уламжлал, дэг жаяг байх нь харийн өөр бусад соёлд дасан зохицох процессыг хүндрүүлнэ.

·Шинэ танилцаж буй соёлын өв уламжал, түүний хаалттай байдал, олон хатуу ёс заншил, зан үйл зэрэг нь соёлын шокыг нэмэгдүүлдэг.

Бид "соёлын шок” болон түүнд нөлөөлөх хүчин зүйлстэй дэлгэрэнгүй танилцлаа. Тэр дундаа энэ байдлыг даван туулж, гадаад орныг зорьсон зорилгынхоо төлөө шантрахгүй явах боломж бий гэдгийг ойлгосон. Харин хэрхэн даван туулах вэ? Бас аль болох бага шок мэдрэхийн тулд яах ёстой талаар товч дурдъя. Шокыг даван туулах, урьдчилан бэлдэх үндсэн хоёр арга зам байдаг.

1. Бэлтгэл хангах – Шинэ соёл, угсаатны нийгмийн онцлогийн талаарх мэдлэг хуримтлуулах, мэдээлэл цуглуулах, хүмүүсийн харилцааны онцлогийг судлах гэх мэт зайнаас туршлага хуримтлуулж болно.

2. Чиг хандлагаа олох – Гадаад оронд очоод шинэ орчин нөхцөл, амьдралын хэв маяг, тус соёлын үнэ цэнэ, үзэл баримтлал зэрэгтэй аль болох түргэн танилцах, суралцах, өөрийн хувь хүний онцлогтоо тохируулан хэрхэн шокыг даван туулахаа ойлгох хэрэгтэй. Хамт олон, ойр хавийн оршин суугчидтай харилцаа холбоо тогтоон найрсагаар тусламж хүсэх. Мөн тус орны сэтгэл судлаачдын бэлтгэсэн танд туслах тренинг, сургалтуудад сууж болно. Сэтгэл доторх нөхцөл байдлыг дотны хүмүүстэйгээ хуваалцаж байх нь зүйтэй, та ганцаараа энэ бүгдийг даван туулах боломжгүй юм гэдгийг санаарай.

Мөн та гадагшаа явахаасаа өмнө сэтгэлийн бэлтгэлтэй байх нь маш чухал юм. Танд зориулж доорх зөвлөмжүүдийг хүргэж байна:

- Соёлын шокыг мэдрэх магадлалтай гэдэгт эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй ба энэ нь байж болох энгийн үзэгдэл гэдгийг бүү мартаарай.

- Сөрөг мэдрэмжүүд түр зуурынх гэдгийг ойлгоорой. Шинэ орчинтойгоо бага багаар танилцах явцад тэдгээр мэдрэмжүүд аяндаа алга болно.

- Таны соёл уламжлалыг сануулах төрөлх хэл дээрх дуртай ном, дууны цуглуулга,гэр бүл, найз нөхдийн зурагнуудаас биедээ авч яваарай.

- Шинэ орчин нөхцлийг хэт шүүмжлэхгүй байж, сөрөг зүйлд анхаарлаа хандуулахгүйг хичээгээрэй.

- Эргэн тойрны хүмүүстэй нөхөрсөг харилцаа тогтоож, ярилцаж байгаарай.

- Шинэ газар оронг зорьж ирсэн зорилгоо үргэлж сана! Сэтгэл санааны таагүй байдлыг давж гарах өөрт тохирсон эерэг арга замыг хайж олон, илүү их амьдралын туршлага, мэдлэг хуримтлуулж байгаагаа санах хэрэгтэй.

- Хамгийн гол нь уян хатан байж өөрийн өв соёлыг хадгалан мартахгүй байхын сацуу өөр бусад соёлд, тэрхүү соёлыг илэрхийлж буй хүмүүст хүндэтгэлтэй хандаарай.

Соёлын шокыг давж гарч болно, энэ нь үүрд үргэлжлэх нөхцөл байдал биш гэдгийг мартаж болохгүй. Танд амжилт хүсье!

Г.Мандухай


Соёлын шок  
Үзсэн: 12282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2 цаг 17 минутын өмнө
Х.Оберг шд

Бидэнтэй нэгдээрэй