Шууд Chart

Д.Ганхуяг: Аж үйлдвэржсэнээр эдийн засгийн өсөлт тогтворжино

2015-05-14 16:18:20

"Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны А танхимд болж өндөрлөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас цөөн асуултаар тодруулга авсан юм.

- Энэ бодлогыг баталснаар ямар бодит үр дүн гарах вэ?

-Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж бий. Энэ бодлогод өндөр технологи болон мэдлэгт суурилсан мэдээлэл, харилцаа холбоо, био, нано технологи, транзит тээвэр, ложистик сүлжээ, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт зэрэг эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах салбаруудыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байдаг.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч мөн үйлдвэржүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаанууд тусгагдсан байгаа. Тухайлбал, ашигт малтмалыг түүхий хэлбэрээр гаргахыг үе шаттайгаар багасгаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлах, малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур, арьс ширийг боловсруулж,  зах зээлд нийлүүлдэг болох зэрэг зорилтууд бий.

-Өнөөдөр салбар бүр бодлоготой боллоо. Гэвч цаасан дээр буусан бодлого бодит амьдрал дээр хэрэгждэггүй гэсэн шүүмжлэл бий?

-Тийм ээ, тантай санал нэг байна. Цаасан дээр үлдэх тунхаг төдий болгохгүйн тулд, эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд өнгөрөгч оны эцсээр батлагдсан Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдаж, энэ яамны эрхлэх асуудлын хүрээнд хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бодлого, үйлдвэрлэл, технологийн парк, чөлөөт бүсийн хөгжил, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, экспорт, импортын асуудлуудыг хамрах болсон.

Үүнтэй уялдуулж Засгийн газар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төслийн өнгөрөгч хоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү бодлогын баримт бичгээр аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахыг зорьж байгаа юм.

Бодлого хэрэгжсэнээр боловсруулах  аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлэх юм.

-Манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар ямар хэмжээнд байгаа гэж  та дүгнэж байна вэ?

-Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байдаг. Экспортын бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлж байна. Үүний 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологи ашигласан бүтээгдэхүүний эзлэх хувь ердөө 1.5 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд нилээд доогуур, хангалтгүй үзүүлэлт юм. Энэ бүхэн нь манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна.

Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдаж байсан ч хэрэгжилт нь хангалтгүй байдаг. Энэ нь  хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгоогүй, бодлогын асуудал олон байгуулагад хуваагдаж хүч тарамдсан байдалтай, хоорондын уялдаа холбоо муу, дээр нь суурь судалгаагүй явж  ирсэнтэй холбоотой гэж үзэж байна.

-Экспортын дийлэнх хувийг  уул уурхайн салбарын боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлж байгаа гэлээ. Энэ  бүтцийг хэрхэн өөрчилж болох вэ?

-Түүх, судалгаанаас харахад Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн мөчлөгтэй маш нарийн уялдаатай байдаг. Хөгжилтэй орнууд хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлээс боловсруулах үйлдвэрт чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг хийж чадсанаар эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгосон байдаг. Бүтээмжийн өсөлт өндөртэй аж үйлдвэрийн салбар руу хүн хүч болон хөрөнгөө шилжүүлэх нь улс орны нийт бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгох боломжийг бүрдүүлдэг гэсэн үг.

Түүнчлэн хөгжилтэй орнуудад Эдийн засгийн бодит өсөлтөд капитал, ажиллах хүчин, өргөн утгыг агуулсан технологийн дэвшил гэсэн "бүтээмжийн бүх хүчин зүйл"-ээс хамааруулсан судалгааг тогтмол хийж эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байдаг юм байна.

Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого гаргахдаа тэргүүлэх салбарын хөгжлийг хурдасгах, зарим салбарыг хамгаалан хөгжүүлэхэд анхаарч байгаа. Гэхдээ  нийт аж үйлдвэрийн салбарын хөгжих нөхцлийг хангахын тулд өрсөлдөөнийг хязгаарлах, боомилох арга хэмжээ явуулахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй.

- Цаашид авах арга хэмжээний талаар?

-Монгол улсын тухайд өнөөгийн тулгамдсан асуудал нь томоохон төслүүдийг зөв явуулах хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Гэхдээ "буруу" явуулчихаад, дараа нь гэрээнээсээ буцах гэсэн үйлдэл нь хөрөнгө оруулагчийн итгэлийг бууруулах гэх мэтчилэн илүү хохирол амсахад хүргэж байгаа, энэ алдааг цаашид давтахгүй байх хэрэгтэй.

Мөн хүний хөгжилд суурилсан аж үйлдвэрийн салбарыг судалгаагүйгээр хөгжүүлэх боломж хомс гэдгийг онцгойлон анхаарах хэрэгтэй байгаа юм. Бусад орны туршлагаас харахад эдийн засаг, аж үйлдвэрийн болон аж үйлдвэрийн технологийн нэгдсэн судалгааны хүрээлэнтэй,  дээр нь аж үйлдвэржсэн ихэнх оронд эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого нь нягт уялдаатай, Засгийн газрын нэг л байгууллага энэ ажлыг хариуцдаг, урт хугацаанд бодлого нь тогтвортой  явж ирсэн байдаг. Энэ туршлагаас суралцах шаардлагатай байна.

Гэхдээ Монгол улс баялгийн нөөц ихтэй учраас баялгийг өндөр үр өгөөжтэй ашиглах замаар аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө. Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж нь капитал, түүний хуримтлал, ажиллах хүчний ур чадвар, мэргэшил, технологийн хөгжлийн түвшин бөгөөд эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах цаг нь болсон.

-Танд баярлалаа.


Д.Ганхуяг: Аж үйлдвэржсэнээр эдийн засгийн өсөлт тогтворжино  
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй