
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл өглөө. Тус бүлэг хоёр асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналд нэгджээ. Мөн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэжээний талаар бүлгээс гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ.
Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ талаар "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл нь Засгийн газраас өргөн баригдаад нэлээн удаж байна. Манай бүлэг тус хоёр хуулийн төслийг зэрэг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт яг энэ хуулийн төслүүдээр холбогдох яамдын сайд нараас асуулга асуухтай холбогдуулаад уг асуудал хойшлогдоод байна. Энэ баасан гаригт Хууль зүй болон Сангийн сайдаас дээрх хоёр хуулийн талаар асуулга асууна. Үүний дараа хууль цаашаа явах эсэх шийдвэр гарна" гэлээ.
Дээр асуудалтай холбоотойгоор тус бүлэг ажлын хэсэг гаргажээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээр ахлуулсан тус ажлын хэсэг нь бизнес эрхлэгчидтэй уулзаж тулгамдаж буй асуудлыг нь сонсох юм байна.
Дараа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Тус ажлын хэсэг УИХ, Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хэрхэн амжилттай явуулах цаашид анхаарч ажиллах асуудлуудыг нь багцалжээ. Ингээд гурван чиглэлээр ажиллах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүний дагуу дэд ажлын хэсэг байгуулж, тодорхой хугацаанд нарийвчлан судлах зүйл байна гэж үзжээ. Ингэхдээ Хот төлөвлөлт, Ажилгүйдэл, Шинэ хөдөө гэсэн чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулжээ.
байгуулан ажиллах юм хэмээн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ.
Мэдээллийн дараа бүлгийн удирдлага сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Тавантолгойн гэрээг УИХ хэзээ хэлэлцэж эхлэх вэ? Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бүлэг дээрээ мэдээлэл өгсөн үү? Л.Эрэнэчимэг гишүүний хувьд Тавантолгойн тендерийг дахин зарлах хэрэгтэй гэсэн хувийн байр сууриа илэрхийлсэн. АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? Намын дарга болон Ерөнхий сайд, бүлгийн дарга нар хамтран мэдээлэл хийхдээ энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх цаг нь болсон гэж мэдэгдэж байсан. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө?
Б.Гарамгайбаатар: -“Тавантолгой” төөлтэй холбоотой асуудлаар сүүлийн хоёр долоо хоног манай бүлэг дээр яригдаагүй. Яагаад гэхээр ажлын хэсэг холбогдох мэдээллүүдээ нарийвчлан судлах зорилгоор холбогдох яам тамгын газарт асуулга тавьчихсан байгаа, түүний хариу ирээгүй байна гэсэн мэдээлэл өгч байгаа учраас бүлгийн хуралдаан дээр дахиж хэлэлцээгүй. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бид гурав гурвуулаа сууж байгаад мэдээлэл өгсөн. Тэгэхэд Ерөнхий сайд “14 хоногийн дотор шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн болохоос тодорхой хугацаанд шийдвэрлэнэ гэж зарлаагүй. Тийм учраас Тавантолгойн ажлын хэсэг ажлаа дуусгаад дүгнэлтээ бүлэг болон, УИХ-д оруулж ирсэн цагт Ардчилсан намын бүлэг авч хэлэлцэхэд бэлэн гэдгээ албан ёсоор хэлье.
-Энэтхэгээс манайх нэг тэрбум долларын зээл авч байгаа гэсэн мэдээлэл түгээд байна. Энэ асуудлаар бүлэг ямар мэдээлэлтэй байгаа вэ? Ер нь ингэж зээл авах эрх зүйн орчин нь байгаа юм уу?
Б.Гарамгайбаатар: -Бүтэн сайн өдрийн хүндэтгэлийн чуулган дээр Энэтхэгийн Ерөнхий сайд энэ талаар мэдээлсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Ш.Түвдэндорж: Төмөр зам болон Эрчим хүчний салбарт авах зээлийг улсын өрөнд тооцохгүй гэсэн хуулийн төсөл явж байгаа. Энэ бол эрх зүйн орчин нь бүрдэх бүрэн боломжтой. Тэгэхлээр Төмөр замын төсөлд хөрөнгө оруулах нэг тэрбум орчим ам.долларын зээлийн шугам нээж өгч байгаа гэсэн мэдээлэл хийсэн байгаа. Х.Баттулга гишүүнээр ахлуулсан “Шинэ хөдөө” ажлын хэсэг “Шинэ сум” төсөл болон хөдөө аж ахуйн биржийн хөгжлийн асуудлыг түлхүү судалж байна. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан малчид өөрсдийн бараа таваарыг борлуулах бүрэн боломжтой, үүнд тулгуурлаад 3-5 жилийн хугацаатай зээл авах нөхцөлийг бүрдүүлэх юм. Хөдөө аж ахуйн бирж дээр тулгуурлаад, малчдын малын тоо толгойд нь дүйцсэн зээлг өгөх, түүхий эдийг нь ашиглах, цаашаагаа үйл ажиллагаагаа явуулах ийм цогц бүрэн сүлжээ бий болгох зорилтуудыг тавин ажиллахаар болж байна. Хотод “Гэр хороолол”, “Майдар”, “Шинэ яармаг” гэсэн төслүүдийг түргэвчилж эхлүүлэх, ажилгүйдлийн эсрэг төмөр зам, авто зам, шинэ нисэх зэрэг томоохон төслүүдийг үйл ажиллагаанд оруулах нь зүйтэй гэсэн чиглэл гаргаад, өнөөдөр энэ гурван чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж зохион байгуулалтад орлоо. Чиглэл чиглэлийн төслүүд цаасан дээр бэлэн болчихсон. Тэдгээрийг шалгаж дүгнээд үйл ажиллагаанд нь оруулах ажлын хэсэг өнөөдөр зохион байгуулагдсан хэрэг.
-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлд нийт аж ахуй нэгжүүдийг бус хэсэг бүлэг хүмүүст хамааралтай хууль болж байна гэсэн шүүмжлэл байгаа. Татвараа төлж чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдийн талаар хуульд тусгаагүй байна ч ярьж байгаа. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай вэ?
-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл нь цагдаа, татвар, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад торгууль болон хүүгийн дарамтад орсон аж ахуйн нэгжүүдийг нэг удаа өршөөх зорилготой хуулийн төсөл байгаа. Энэ хуулийг гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Харамсалтай нь улс төрийн зорилгоор уг хуулийг мушгин гуйвуулах үйл ажиллагаанууд тодорхой түвшинд явагдаж байна. Иймд бид болгоомжтой хандаж байгаа.
Түвдэндорж: -Хичнээн компани, аж ахуй нэгж татварын дарамт болон бусад асуудалд ороод байгааг судлах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Б.Болор гишүүн ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллээр 11 мянга гаруй ААН гэж байгаа ч энэ тоог эцсийн байдлаар гарагсан мэдээллийг ажлын хэсэг бүлгийн хуралд өгөх байх.
-Энэтхэг улсаас манай улс нэг тэрбум ам.долларын зээл авах боллоо. Мөн Олон улсын валютын сангаас зээл авч магадгүй байгаа. Араб руу Ерөнхий сайд явлаа, зээл тусламж авах магадлалтай. Энэ мэт аргаар зээл аваад байвал өрийн таазад нөлөөлөх үү?
Б. Гарамгайбаатар: Энэтхэг улсаас зээл авчихсан юм биш. Тус улсын Ерөнхий сайд бүтэн сайн өдөр чуулганы хуралд зээл өгөхөөр болж байна гэсэн мэдээлэл өгсөн. Шугам нээж байна гэсэн санаагаа л хэлсэн. Монгол Улс тусгаар тогтносон улс. Эдийн засгийн өнөөгийн энэ хүндрэлийг даван туулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Энэ нь үйлдвэрлэлийн болон мөнгө санхүүгийн аль ч чиглэлэр байж болно. Энэ талаар гуйлга гуйсан гэж ярих нь сайн зүйл биш. Эдийн засгийг сайжруулах чиглэлээр ажиллах нь Засгийн газрын үүрэг.
-Солонготын даваа хүртэл зам барих ажлыг гүйцэтгэхээсээ өмнө 44 тэрбум төгрөг урьдчилаад авсан гэсэн танай компанитай холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээгээр нэлэээд цацагдсан. Та үүнд тайлбар өгөөч?
Б.Гарамгайбаатар: -Энэ асуудал дээр би хариулт өгөх нь зохимжгүй. Миний хувьд, энэ компанийг үүсгэн байгуулсан нь үнэн. Гэхдээ компанийн удирдлагыг шилжүүлээд 10 гаруй жил болж байна. Хувьцаа эзэмшдэгийн хувьд мэдээлэл байх нь байна. Үндсэндээ Солонготын давааны чиглэлд 100 км замын тендерт “Монроуд” ХХК орсон байдаг. Үүнийг холбогдох яам тамгын газар нь нотлох байх. Тэдгээрээс тодруулга авах нь зөв гэж бодож байна. Санхүүжилтийг 100 хувь авсан гэдэг нь ташаа мэдээлэл. Ямар ч аж ахуйн нэгж гүйцэтгэлээрээ санхүүждэг гэдгийг албан ёсоор хэлье.
Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэв | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.