Шууд Chart

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах нь чухал гэв

2015-06-30 15:11:23

Япон, Монголын төр хувийн хэвшлийн хамтарсан VII зөвлөлдөх уулзалт Токио хотноо салбар хуралдаанаар үргэлжиллээ. Монголын 50 гаруй компани, Японы 280 гаруй хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах, мэдээлэл солилцох боломжийг тус уулзалт олгож байгаа юм. Хамгийн гол нь энэ удаагийн бизнес уулзалт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих юм.

Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Ноосоо түүхийгээр нь экспортлох биш, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон Японы зах зээлд нийлүүлж болно. Тухайлбал, Монгол, Японы хамтарсан дулаалгын материал үйлдвэрлэдэг компани эхний борлуулалтаа хийж эхэлсэн. Шинэ Зеландын ижил төрлийн бүтээгдэхүүн нэг метр квадрат нь гурван мянган иенээр Японд худалдаалагддаг. Тэгвэл Монголд үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүн гурав дахин хямд өртгөөр буюу 1000 иенээр зарагдана. Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж чадаж байна. Гэхдээ хамтарсан үйлдвэрлэл эрхлэхэд цөөнгүй хүндрэл тулгардаг байсныг үйлдвэрлэгчид ярьж байв.
 
Асоу “Sky” группын ерөнхийлөгч Ёошицугу: Монголд үйлдвэр байгуулах нь Японд байгуулахаас 10 дахин илүү өртөг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын босго тавьдаг нь үйлдвэрлэлээ эхлүүлж байгаа бизнес эрхлэгчдэд багагүй дарамт учруулдаг байсан. Эдийн засгийн түншлэл хэлэлцээр байгуулагдсанаар аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаанд чухал үр дүн гарна гэж харж байна гэсэн юм.
 
Японы жижиг, дунд үйлдвэрлэлийн 300 орчим төлөөлөгч бизнес эрхлэгчдийн уулзалтад ирсэн байлаа. Тэд аж үйлдвэрийн салбарт өргөн хүрээтэй хамтарч ажиллах найдвартай түнш монголчууд мөн үү, үйлдвэр байгуулах боломж байна уу, түүхий эдийн ямар нөөц байна гээд олон асуултад хариулт олж чаджээ.

NIPPON SUNSHOW эмийн үйлдвэрийн менежер Таконори Муку: Монгол оронд ургадаг хуш модны самраар уламжлалт анагаах ухааны эм бэлдмэл үйлдвэрлэхээр хэдэн жилийн өмнөөс судалсан. Хувь хүмүүсээр дамжуулан түүхий эдээ цуглуулахаар төлөвлөсөн ч амжилт олоогүй. Харин энэ уулзалтад ирээд хуш модны самрыг цөмөөд бэлэн бүтээгдэхүүн болгон худалдаалдаг Монгол компанийн төлөөлөгчтэй уулзлаа. Хамтарч ажиллах асуудлаа ч ярьсан.
 
RIKEN MRADING менежер Хироши Такаши: Миний хувьд Хокайдогоос ирсэн. Манай хотын цаг агаар Монгол Улстай төстэй. Тиймээс барилгын салбарт хамтарч ажиллахыг хүсч байна. Манайх барилгын туслах хэрэгсэл буюу, шугам хоолойн эрэг боолт үйлдвэрлэдэг. Үнэхээр хамтарч ажиллах боломжтой компани байвал үйлдвэрээ байгуулах асуудлыг ч судлаж үзнэ гэж бодож байна.
 
Монгол Улс аж үйлдвэрийн салбараа цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй. Таван компани цамц үйлдвэрлээд бүгд зарах гэж өрсөлддөг тогтолцоогоороо аж үйлдвэрийн салбар урагшлахгүй. Харин тавуулаа  нийлээд нэг цамц оёод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалах нь чухал. Өөрөөр хэлбэл, гурван сая хүнтэй зах дээр илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаас 126 сая хүнтэй Японы захад танил болох нь чухал гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах нь чухал гэв  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй